Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2021/00821

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2021/00821

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Г.Б,

хариуцагч: О.М нарт холбогдох,

барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 155/2021/00667/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч О.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банкны нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч О.М нар нь 2014 оны 10 дугаар сард 15,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй байсан тул манай байгууллагын зүгээс зээлийн үлдэгдэл төлбөр 10,900,368 төгрөгийг гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шийдвэрлэх явцад О.М нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 онд шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид заасан төлбөрийг О.М сайн дураар төлөхгүй байсан учир гүйцэтгэх хуудас бичүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлсэн.

Ажиллагаа хийгдэж байх явцад нэг удаа 202,000 төгрөг хийсэн. Түүнээс өөр төлбөр хийлгүй 2 жил гаран хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгээд барьцаа хөрөнгөөр зээлийг барагдуулах гэсэн боловч нас барсан М.Гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө нь бүртгэлтэй байгаа учраас албадан гүйцэтгэл хийлгэж болохгүй болоод байгаа юм.

Тиймээс манай байгууллагын зүгээс уг хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулъя. Яагаад гэвэл тухайн өмчлөгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан хүмүүс нь 3 сарын дотор өвөөс татгалзах хүсэлтээ сум дүүргийнхээ нотариат болон багийн засаг даргадаа өгөөгүй бол уг хөрөнгийг хүлээн авсанд тооцно гэх хуулийн заалт байгаа учир үүнийхээ дагуу Г.Б уг өвийг хүлээж авсан байна гэж үзээд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байгаа.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү1723001935 дугаартай, 42 метр квадрат талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 210701292 дугаартай, 640 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 10,422,038 төгрөгийг хангуулж өгнө үү. ...Үл хөдлөх эд хөрөнгө нь 100 хувь нас барсан хүний өмчлөлийнх учраас ямар нэгэн хүн өвлөж авах ёстой байдаг бөгөөд хөрөнгийг заавал хэн нэгэн өвлөж авч байж тухайн хүнд зарах эрх нь нээгддэг гэж хэлсэн.

...Олон удаа хэлж байсан. Нотариатад өгсөн байгаа гэж байснаа сүүлдээ өмгөөлөгч авчихсан яваад байсан. Сүүлдээ би шүүх дээр өөрөө дагуулж ирээд мэдээлэл лавлагааны ажилтантай уулзуулж байсан. Мөн өмгөөлөгчтэй уулзуулаад хүртэл асууж зөвлөгөө авч байсан. Би бодохдоо өвөөс татгалзах дургүй авъя гэхээр авч чадахгүй өгье гэхээр өгчихөж чадахгүй яваад байсан гэж ойлгож байгаа...гэв.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч О.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 4 тоотод байрлах хашаа байшинг 2014 онд зээлийн барьцаанд тавьсан нь үнэн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай гэр бүлийн хүн нас барж түүнээс хойш би ганцаараа тасралтгүй 2017 оны 12 дугаар сар хүртэл зээлийг хэвийн байдлаар төлж байсан. Гэтэл хадам талаас хашаа байшин булаацалдаж орж ирэхээр нь би зээлээ төлөхөө больсон. Хадмууд надад тэр хашаа байшинг өгөхгүйгээс хойш би зээл төлөөд яахын өөрсдөө зээл төлөөд ав гэхэд өөрөө төлж байгаад энэ хашаа байшинг өг гэсэн асуудал ярьсан учраас зээл одоог хүртэл төлөгдөхгүй явж байгаа. Чи энэ хашаа байшинг өөрийн болгоод ав, бид нар энэ хашаа байшингийн асуудалд оролцохгүй гэсэн бол ямар нэгэн аргаар өөрийн болгож авах байсан. ...5-6 жил өртэй явж байхаар би өвөөс нь татгалзаад өгье гэх шийдвэрийг гаргаад 13 настай хүүгийнхээ өмнөөс татгалзах хүсэлтийг нотариатад гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өвөөсөө татгалзаж байгаа тул надад хамаагүй. ...М.Г нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан.

...Манай хадам ээж н.Н, хүү Г.Б хоёр хууль ёсны өвлөгч нь байгаа. Өвийн асуудлыг шийдэх гэхээр шийдээд өгч болж байна. Гэхдээ н.Н гэх хүний татгалзсан бичиг байх ёстой гээд хийлгэх гэхээр хийж өгдөггүй. Г.Б дээр гаргуулъя гэхээр 18 нас хүртэл зарж үрэгдүүлэх эрхгүй байдаг юм байна. ...Манай хадам ээж хоёр хүүхдээ алдаад зөнөх шинж тэмдэгтэй болсон. Хүүхдүүд дээрээ байдаг тул хүүхдүүдтэй нь яриад учраа олж чаддаггүй. ...Хадам ээж өв хүлээн авах болон татгалзах хүсэлт алийг нь ч гаргаж өгч байгаагүй. Г.Б, хадам ээж, би Г.Бийн асран хамгаалагч тул бид гурав хамт байж өвийн асуудал шийдэгдэх ёстой гэж хэлсэнгэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны нь Г.Б, О.М нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа ....Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү0000000 дугаартай, 42 метр квадрат талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 210700000 дугаартай, 640 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 10,422,038 төгрөгийг хангуулах.... гэж тодруулав.

2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-314 дугаартай Хас банкны гүйцэтгэх захирлын тушаалаар салбарын захиралд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгож, төлөөлөх эрхийг шилжүүлэх эрх олгосон байх тул Хас банк ХХК-ийг төлөөлж Х банкныын захирал нь нэхэмжлэл гаргах, шүүхэд төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Г.Бид өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар нь 18 наснаас бий болох ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Г.Б нь иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд тул түүний хууль ёсны төлөөлөгч болох эх О.М нь эрх, үүргийг нь хэрэгжүүлэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаар О.Мг тодорхойлжээ.

Хариуцагч О.М нь шүүх хуралдаанд ...Зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах гэхээр М.Гийн хууль ёсны төлөөлөгч болох ээж нь өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтээ өгдөггүй. Хүүхдүүд нь хашаа, байшинг бүгдийг нь авна гэдэг. Саяхан хүү Г.Бийн асран хамгаалагчийн хувьд М.Гийн өвийг хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг нотариатад гаргасан.... гэж тайлбарлав.

О.М, талийгаач М.Г нар нь Хас банк ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1170015626 дугаартай зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгө зориулалтаар 15,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авч, уг зээлийн барьцаанд М.Гийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 4 тоотод байрлах 42 метр квадрат талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001935 дугаартай, 000084129 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн орон сууц, М.Гийн эзэмшлийн 210701292 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 640 метр квадрат газар зэргийг барьцаалсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1170015626 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №302 дугаартай барьцаалбарын нотатиатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 13-19 дүгээр тал)

Нэхэмжлэгч нь О.Мд холбогдуулан шүүхэд зээлийн үлдэгдэл төлбөр 10,909,368.05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.М нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь Хөвсгөл аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 617 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 57 дугаартай гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. (хх-ийн 20-23 дугаар тал)

Одоо дээрх зээлийн гэрээний үүргээс 10,422,038 төгрөг төлөгдөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагын үндэслэлээ ....Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгээд барьцаа хөрөнгөөр зээлийг барагдуулах гэсэн боловч нас барсан М.Гийн өмчлөлийнх учраас ямар нэгэн хүн өвлөж авах ёстой байдаг бөгөөд хөрөнгийг заавал хэн нэгэн өвлөж авч байж тухайн хүнд зарах эрх нь нээгддэг. Өвийн асуудлаа шийдвэрлээгүй....Хөрөнгийн хууль ёсны өвлөгч гэдэг утгаар нь Г.Бийг хариуцагчаар татсанХууль ёсны өвлөгчийн хууль ёсны төлөөлөгч асран хамгаалагч нь О.М байгаа гэж тайлбарлалаа.

Зээлдэгч М.Г нь 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 115/004533 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болно. (хх-ийн 51 дүгээр тал)

Хариуцагч О.Мгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд М.Гийн хууль ёсны өвлөгч Г.Б, н.Н нарын хооронд өвийн асуудлаар маргаантай, энэ маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаагүй байна.

Г.Бийн асран хамгаалагч О.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 4 тоотод байрлах 42 метр квадрат талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001935 дугаартай, 000084129 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн орон сууцыг өвлөн авахаас татгалзсан болох нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийн 0232 дугаартай Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээр нотлогдлоо. (хх-ийн 52 дугаар тал)

М.Гийн өвийг хэн хүлээн авсан нь буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 4 тоотод байрлах 42 метр квадрат талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001935 дугаартай, 000084129 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн орон сууц, 210701292 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 640 метр квадрат газар зэргийг хэн өвлөн авах талаар өвлөгчийн асуудал шийдвэрлэгдээгүй, өвлөгчид хоорондоо маргаантай, уг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлээгүй байхад Г.Бийг өвлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь өвлөгч нараас өвийг хүлээн авсан хэмжээнд өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгэлийн талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахын тулд нас барагчийн үүргийг хариуцах этгээдийг тодорхой болгох шаардлага байхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х банкныын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б, О.М нарт холбогдох, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү1723001935 дугаартай, 42 метр квадрат талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 210701292 дугаартай, 640 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 10,422,038 төгрөгийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин эд хөрөнгийн барьцаа нь эд хөрөнгийн эрх ба тухайн эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх өвийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэнээс үл хамааран хөндөгдөхгүй болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 10,422,038 төгрөгийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба нэхэмжлэгч Х банкныын 10,422,038 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х банкныын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б, О.М нарт холбогдох, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17 дугаар гудамжны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү0000000 дугаартай, 42 метр квадрат талбайтай хувийн орон сууц, нэгж талбарын 210700000 дугаартай, 640 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 10,422,038 төгрөгийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкныын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,703 (нэг зуун наян нэгэн мянга долоон зуун гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЖАРГАЛ