| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б. ургийн овогт Э. Н. холбогдох эрүүгийн 24.....3 дугаартай, 316/2025/0005/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 0. дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг ... суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн .. сумын ..... тоотод оршин суух, урьд
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 321 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дүгээр зүйлийн 239. 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаар чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай, ... ургийн овогт Э.Н., Регистрийн дугаар: ...,
Хэргийн товч утга:
Яллагдагч Э.Н. нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед согтуурсан үедээ тус аймгийн .... тоот өөрийн хашаандаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Л.Б. рүү төмөр сүх шидэж түүний нуруунд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Н. нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед согтуурсан үедээ тус аймгийн Хүдэр сумын Баянцагаан 02 дугаар баг 2-1 тоот өөрийн хашаандаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Л.Б. рүү төмөр сүх шидэж түүний нуруунд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төв явчихаад гэртээ ирэхэд Б, О. хоёр манай гадаа суугаад архи ууж байсан. Тэгэхээр нь би яагаад манай гадаа архи ууж байгаа юм гэсэн чинь маргалдаад би хоёр цохиход доошоо гүйгээд явчхаар нь би айлгах санаатай хойноос нь сүх шидсэн чинь очоод оночихсон. Тэгээд 2 цаг орчмын дараа цагдаатай ирсэн. Бид нар бүгдээрээ хамт эмнэлэг ороод Б. 3 оёдол тавиулсан. Цагдаа нар тухайн үед согтолтын зэрэг тогтоосон...” гэжээ.
Хохирогч Л.Б. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд".. Би Багануур дүүрэгт одоогоор барилга дээр барилгын ажил хийж байгаа. Би 2024 оны 08 сарын 29-ний өдөр өмнө хамт самарт явдаг байсан танил Н. ахын гэрт буюу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд гэрийн хаягыг нь сайн мэдэхгүй байна тэдний гэрт очиход тэнд ******* ах эхнэртэйгээ. О. гэх ах, 2 танихгүй ахын хамт архи уучихсан сууж байсан. Би болохоор өөрийн найз О. хамт очсон. Би О. хамт замдаа 1 шил архи хувааж уусан байсан. Тэдний гэрт 19-20 цагийн үед байх гэж санаж байна очоод унтаж амрахаар болсон. Н ахынх хашаандаа 2 байшинтай байсан Би О., О. ах нарын хамт том байшинд орж амрахаар болсон. О. бид хоёрыг ирэхэд байсан үл таних 2 хүн явчихсан байсан. Унтахаар болоод гадаа гарч байшингийнх нь шатан дээр О. ахтай хамт бид 2 тамхи татаад сууж байхад Н.й ах эхнэртэйгээ муудалцаад байх шиг сонсогдсон. Тэгээд О. ах бид хоёр руу ирээд намайг шууд нүүр рүү гараараа цохихоор нь та яагаад байгаан бэ гээд хашаан дотор нь зугтаасан чинь Н. ах чамайг алнаа гэж хашхираад ардаас сүх нуруу руу шидчихсэн. Тэгэхээр нь би тэр чигээрээ гарч зугтаагаад цагдаа дуудаад, эмнэлэг дуудаад би нуруундаа 3 оёдол тавиулсан. Тэр өдрөө би эмнэлэгт хоноод маргааш нь Сэлэнгэ аймгийн төв рүү явсан. Тэр үед намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон. Ямар нэгэн хэрүүл маргаан бид хоёрын дунд болоогүй. Намайг цохиход нь би эсэргүүцэж буцааж цохиж зодоогүй, шууд л зугтахад араас сүх шидээд миний нуруу хэсэгт гэмтсэн. Тухайн үед Э.Н. ахын хашаанд Н. ах эхнэртэйгээ, Отгоо гэх ах, манай найз О. бид хэд л байсан. Хашаан дотор бол ******* ах, Отгоо гэх ах бид 3 байсан. О., ******* ахын эхнэр бол байшиндаа байсан. Тухайн үед миний нүүр рүү цохиход хамраас цус гарсан, гэхдээ хамар бол ямар нэгэн байдлаар гэмтээгүй, харин миний нуруу сүхээр цохиулаад 3 оёдол тавиулсан. Өөр гэмтэл учраагүй. Би Н. ахынд очихоосоо өмнө О.й хамт 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад очсон. Тэгээд би ер нь нэлээд согсолттой байсан. Гэхдээ болсон үйл явдлыг бол тод санаж байна. Асуулт: Таныг хэн гэдэг хүн ямар байдлаар цохиж гэмтэл учруулсан бэ? Хариулт: Н. ах миний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохиод намайг зугтах үед араас сүх шидээд нуруунд онож нуруундаа 3 оёдол тавиулсан. Миний нуруу руу сүх шидсэнээс гадна нүүр рүү 1 удаа гараараа цохьсон. Тухайн үед хамраас цус гарсан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй. Би шүүх хуралд оролцохгүй. ******* ах надтай дараа нь утсаар ярихдаа эмчилгээний зардал болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг өгье гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй байгаа. Би энэ мөнгийг ******* ахаас гаргуулж авбал өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би нуруундаа эмчилгээ хийлгэсэн, мөн ажилгүй 1 сар гаран Н. ахынд байсан. Тэр хугацаандаа өөрөө ажил хийж байсан бол энэ хэмжээний мөнгө олох байсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч Б.Т. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр их эмчээр томилогдон ажиллаж бйагаа юмаа. Би 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ээлжийн эмчийн үүрэг гүйцэтгээд байж байхад эмнэлгийн утасруу 19 цаг өнгөрч байхад утсаар нэг залуу яриад би сүхдүүлчихлээ гэхээр нь цагдаагийн алба хаагчийн хамтаар тухайн хаяг дээр нь очход Л.Б нэртэй залуу хамарнаас нь цус гарсан байдалтай зүүн бөөрний дээр зүсэгдсэн шархтай архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу хүн байсан тухайн хүнийг эмнэлэг дээр авчраад нарийн үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд хэвийн хамар нь улайсан бага зэргийн хавдсан байдалтай зүүн бөөрний дээр зүсэгдсэн шарх нь цус нь гараад хатсан бага зэргийн цус гарч байсан тэгээд эмнэлгийн зүгээс анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн юмаа. Тухайн Л.Б зүүн бөөрний дээр зүсэгдсэн шарханд 3 очдол тавьсан байгаа. Ер нь бол хөөрлийн байдалтай согтуу байсан. Анх эмнэлгийн утасруу дуудлага өгөхдөө хүнд сүхдүүлсэн гэж хэлж байсан, харин эмнэлэг дээр ирээд хэлэхдээ хүнтэй муудалцаад тэгээд араас сүх шидчихсэн гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р хуудас/
Гэрч Ч.О 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024оны 08 дугаар сараас эхлээд Н буюу М-ид найзындаа байин саванд нт кюм хийж өгч байсан юмаа. Тэгээд самрын хугацаан болвол самранд явна гэсэн бодолтой байсан тэгээд 2024 оны 08 дугаар сарын 29. ны вдер Наргүйгийн гарт ганц нэг шил архи уусан байсан юм тэгээд байж байхад гаднаас 2 залуу ирсэн нэг залуу нь урд емне самарт ирж байсан залуу шиг байсан Би дотроо самранд Н дээр ирж байгаа юм байна гэж бодсон тэр 2 залуу архи уусан согтуу байсан тэгээд байж байхад М ирээд нэг азлуутай нь маргалдаад байх шиг байсан би гарт нь би гадаа нь байсан болхоор харж байсан тэгтэл негов залуу хашаа нь дотор гүйсэн тэр үед ******* сүх аваад араас нь чидсэн удалгүй негее залуу цагдаа дагуулаад ирсэн нэргүйгийн шидсэн сүх нь ар нуруу юм уу хаана нь юм оносон гээд ирээд Нг аваад явсан ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарны 04- ний өдрийн 320 дугаартай "...Л.Б биед бүсэлхийн нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 37-38-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Согтуурал шалгасан илтгэх хуудас /хх-ийн 06-07-р хуудас/,
Эд мөрийн баримтаар сүх хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08-10-р хуудас/,
Хохирогчоор Л.Б тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р хуудас/,
Хохирогч Л.Б Эрүүл мэндийн даатгалын сангаас 116,022 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/,
Шүүгдэгч Э.НЭрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн талаарх баримт /хх-ийн 26-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-66-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 68-р хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 69-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Н нь хохирогч Л.Б эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хуний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд Э.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй буюу тухайн зүйл заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас Л.Б биед гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй. Хохирогчийн зүгээс 1.000.000 төгрөгийг өгвөл гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлагагүй гэж мэдүүлсэн. /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 116.022 төгрөгийг төлсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Б нь энэ гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг нэхэмжлэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /сүхашигласан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг устгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ... ургийн овогт Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Б нь энэ гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг нэхэмжлэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ