| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2024/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
2025 01 13 2025/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б /цахимаар/
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан Хаймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Оовогт А-н А холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны 6 дугаар сарын 04-ний өдөр ХаймгийнГ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй /3 дугаар анги төгссөн/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хаймгийн Х сумын Б багийн Шинэ Бийн 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
-Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Оовогт А-н А. /РД:СИ0000/
Шүүгдэгч А.А нь ХаймгийнГ сумын 3 дугаар баг Баруун адаг гэх газраас 2024 оны 7 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчимд хохирогч Т.Э-ийнн өмчлөлийн адуунаас олон тооны буюу 2 тооны адууг хулгайлж, улмаар махалж зарж борлуулан түүнд 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 00000 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-16 дугаар хуудас/
2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/
3.Хохирогч Т.Э-ийнн “...Би 2024 оны 07 дугаар сарын 06-ны орой ХаймгийнГ сумын 3 дугаар баг “Улаан толгой” гэх газарт өөрийн 5 тооны адуу буюу хамар цагаан сартай хээр морь, шарга халзан морь, зээрд гүү, хүрэн халзан гүү, хүрэн буурал гүүнүүд бүгд таван нүдний буйл тамгатай, зөв талын чих ганзага сүйх имтэй байсан юм. Тэгээд би өөрийн адуугаа 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай адуу усанд орохгүй болохоор би тэр хавиар хайсан боловч манай адуу олдохгүй болохоор адуугаа ууланд байгаа байх гэж бодоод тоохгүй үлдээсэн юм. Харин 2024 оны 07 дугаар сарын 08-ны өглөө манай 5 тооны адуунаас 3 тооны гүү нь усанд орж ирэхээр нь очиж хартал манай зээрд гүүний хүзүүнд ногтон бугуйл зүүгдээстэй байсан. Тэгээд би өөрийн 2 тооны бүдүүн адуугаа хулгайд алдсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Манай алга болсон хоёр тооны бүдүүн адууны зүс нь хамар цагаан сартай хээр морь, шарга халзан морь юм. Манай хоёр морь бүдүүн морьд байгаа юм...Манай адуу хамар цагаан сартай хээр морь, шарга халзан морь таван нүдний буйл тамгатай, зөв талын чих ганзага сүйх имтэй. Өөр содон шинж тэмдэг байхгүй...Би өөрийн адуугаа одоогийн зах зээлийн үнээр үнэлнэ. Миний сартай хээр морь 200 кг, шарга халзан морь 200 кг татахаар морьд байгаа юм. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/
4.Гэрч Н.М-ын “...Би 2004 оноос хойш Х сумын 5 дугаар баг Нараагийн бойнд мал мах түүхий эд худалдан авч эхэлсэн юм...Би Хаймгийн Х сумын 2 дугаар баг Булгийн 2-9 тоот гэртээ байж байхад 08 цагийн үед зүс мэдэх нэрийг нь мэдэхгүй нэг залуу цэнхэр өнгийн Портер маркийн машинтай ирээд намайг хашаан дотор байхад мах авах уу гэсэн. Тэгээд би мax авна гэж хэлэхэд адууны мах Нараагийн бойн дээр өлгөсөн байгаа гэж хэлэхээр нь малын гарал үүслийн бичиг гэхэд нөгөө залуу гарал үүслийн бичиг аваад ирнэ гэж хэлээд явсан юм. Харин орой 18 цаг өнгөрч байхад 5626338 дугаартай 2 тооны адууны гарал үүслийн бичиг ирэхээр нь би тухайн 2 тооны адууг авсан юм...Би тухайн махыг өөрөө бол аваагүй, харин махыг нь Улаанбаатар хот руу өөрийн нэр дээр ачуулсан байгаа юм. Би хиллэж үзээгүй явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
5.Гэрч А.Д-н “...Би 2024 оны 03 дугаар сард буюу цагаан сараас хойш яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна, өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн 68-20 ХЭҮ гэсэн улсын дугаартай Портер маркийн машинаа янзлуулах зорилгоор Хаймгийн төвд аваачиж Тамирбаатар гэх залууд өгсөн юм. Түүнээс хойш би машинаа эргэж очиж аваагүй, надад машинаа хэрэглэх ямар нэгэн ажил гараагүй учраас би машинаа эргэж очиж аваагүй юм. Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн орчим Тамирбаатарынд очиж машинаа авахад Тамирбаатар машиныг чинь янзалчихсан одоо дажгүй болсон шүү гэж байсан. Тэгээд би машинаа аваад хөдөө гэр лүүгээ явж малынхаа хашаа хороог зөөгөөд тэр оройдоо Хаймгийн төв орж машинаа Х сумын 3 дугаар багт Б хорооллын 7-28 тоотод өөрийнхөө хашаанд үлдээсэн...Тамирбаатар нь манай хүргэн ах байгаа юм. Миний төрсөн эгчтэй суусан манай хүргэн болоод 20-оод жил болж байна. Түүнээс хойш таньдаг болсон...Би А, Батзориг гэх хүмүүсийг танина. А нь манай төрсөн ах байгаа юм. Батзориг бол нэг нутгийн залуу одоо аймгийн төвд манайхтай нэг хашаанд ээж дүүгийн хамт байдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
6.Гэрч Г.Т-ын “...Би А, Батзориг нарыг танина. А нь Хаймгийн төвд манай хашаанд эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг манай хадам ах байгаа юм. Батзориг нь нэг нутгийн зүс таньдаг залуу байгаа юм...Манай хадам ах А нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш 16 цагийн орчимд над руу утсаар яриад ахыгаа хөдөөнөөс ирээд авчих, ах нь адуутай аймгийн төв орох гэсэн юм гэхээр нь би хариуд нь ажилтай завгүй байна гэж хэлсэн. Тэгтэл А ах чи тэгвэл нэг жолооч олоод Портер явуулчих гэсэн. Тэгээд би зүс таних Батзориг ахынд очиж Батзориг ахад та машин бариад хөдөө явж өгөөч би ажилтай амжихгүй байна манай хадам ах А ах хөдөөнөөс адуу ачиж аймгийн төвд оруулах гэсэн юм, ирээд авчих гээд утсаар яриад байна гэж хэлэхэд Батзориг ах ойрхон юм бол яваад өгье гэж хэлээд манай хашаанд байсан хадам дүү Даваахүүгийн хөх өнгийн Портерыг аваад ганцаараа явсан юм.Тухайн үед манай хадам дүү Даваахүүгийн Портер манай хашаанд байсан юм. Днь 2024 оны 03 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, ачааны машинаа тос масло гоожоод байна гээд янзлуулах гэсэн юм гэж хэлээд манай хашаанд орхиод явсан. Түүнээс хойш би янзалж чадахгүй байсаар байгаад 2024 оны 07 дугаар сарын эхээр машиныг нь Хаймгийн төвд засварын газар янзлуулж ойр зуурын жижиг эд ангиудыг нь би өөрөө янзлаад Дманай хашаанаас машинаа аваагүй байсан юм...Би ямар нэгэн хүнд малын гарал үүслийн бичиг авч өгөөгүй учраас энэ талаар надад өөр хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/
7.Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №ХЭ24-20 дугаартай: шинжээчийн “...Шинжилгээний объектын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээ 2,400,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 52-55 дугаар хуудас/
8. Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШД-272 дугаартай: “...68-20 ХЭҮ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 07 сарын байдлаар 3,900,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 101-103 дугаар хуудас/
9.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 110 дугаар хуудас/
10.Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын “...Тухайн 68-20 ХЭҮ улсын дугаартай Хюьндай Портер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2017 онд тухайн тээврийн хэрэгслээ Улаанбаатар хотоос танихгүй хүнээс 4 сая 500 төгрөгөөр худалдаж авч байсан. 2019 он хавьцаа би тухайн тээврийн хэрэгслээ мөнгөний хэрэг гараад З дээр 1,500,000 төгрөгөөр тавьж зээл авч байсан. Тэрнээс хойш 1 жил зээлээ төлөөд дууссан боловч одоог хүртэл нэрээ Заас өөрийнхөө нэр дээр буцаан шилжүүлж авч чадаагүй байна. Гэхдээ одоо Зд ямар нэг өр зээлний асуудал байхгүй учраас энэхүү тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/
11.З ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 04792 дугаартай албан бичиг /хх-ийн 170 дугаар хуудас/
12.Хохирогчийн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 145 дугаар хуудас/
13. 373 кг адууны махны үнэ 1,705,000 төгрөгийг хохирогчийн Төрийн банкин дахь дансанд шилжүүлсэн баримт /хх-ийн 170 дугаар хуудас/
14. Эхнэр Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа талаар яллагдагч А.Атэй утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 205 дугаар хуудас/
15.Эхнэр О.Э-ийн өвчний карт /хх-ийн 207-210 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүгдэгч А.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь ХаймгийнГ сумын 3 дугаар баг Баруун адаг гэх газраас 2024 оны 7 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчимд хохирогч Т.Э-ийнн өмчлөлийн адуунаас олон тооны буюу 2 тооны адууг хулгайлж, улмаар махалж зарж борлуулан түүнд 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах ба “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарласан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь “Мал хулгайлах” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “...бусдын малыг хулгайлсан бол...” гэж тодорхойлж, энэ гэмт хэргийг бүлэглэн, олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч А.А нь хохирогч Т.Э-ийнн 2 тооны адууг хулгайлж, улмаар махалж зарж борлуулан түүнд 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж, уг үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн олон тооны мал гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн хувийн байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох, амьдрах гэсэн байдал зэрэг шалтгаан, нөхцөл нөлөөлсөн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Эвэрт овогт Төмөрийн Эрдэнэбилэгт 2,400,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол төлсөн баримтыг шүүхэд ирүүлэхээр ажлын 5 өдрийн завсарлага авч, хохирогч Т.Э-с “...2,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн тул гомдолгүй болохоо тодорхойлж байна. Охин Э.А-ийнТөрийн банкны дансанд 1,705,000 төгрөгийг махны ченж хийсэн...” гэж нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгт 2 дахь удаагаа гэм буруутайд тооцогдож байгааг түүний хувийн байдалд хамааруулан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих...” дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бээс “...Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээсээр ирсэн, хохирол төлсөн, эхнэр нь хүнд ажил хийж чаддаггүй, удаан зогсож чаддаггүй, 3 настай хүүхэдтэй зэрэг ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч А.А нь 45 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр болон 3-18 насны хүүхдүүдийн хамт Хаймгийн Х сумын Шинэ Бийн 03-21 тоотод оршин суудаг, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдсон.
Шүүгдэгч А.А нь Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэрэгт 2 дахь удаагаа гэм буруутайд тооцогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчид хохирол төлсөнөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан суран бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт А-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О овогт А-н А 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт А-н А оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан суран бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
6.Шүүгдэгч А.Ад урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ