| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал/ цахимаар /
Шинжээч Ц.Т*******
Шүүгдэгч Н.Ч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ч******* холбогдох эрүүгийн 2331002360218 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны 1* дугаар сарын 1*-ны өдөр Да** аймгийн Д** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, Д аймгийн Төмөрлөгийн үйлдвэрт хүнд машин механизм оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт С** аймгийн Х** сумын 2 дугаар баг, 0* дугаар хэсэг 0* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, М** овгийн Н******* Ч*******, Регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ч******* мэдүүлэхдээ: ...Өмнө нь мэдүүлэг өгсөн, одоо мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Т*******ээс ...Шинжээч нь дээрх техникт өөрийн биеэр очиж мэдээллийн сан, зах зээл дэх нээлттэй мэдээлэл зэрэгт харьцуулан дүгнэлт хийж шинжээчийн дүгнэлтээ гаргасан. Мөрдөгчөөс надад хууль сануулсан, шинжээчийн дүгнэлт яаж гаргах ёстой түүний дагуу хуулийн хүрээнд дүгнэлт гаргасан болно. Уг техник нь арлын дугааргүй, ямар нэг гэрчилгээгүй байсан. Тухайн үед биднийг очиход техникээ нууж, бид араас явж хөөцөлдөж дүгнэлтийг гаргасан. Арлын дугааргүй, ямар нэг гэрчилгээгүй байснаар үнэ ханшид өөрчлөлт орохгүй, үйлдвэрлэсэн он үнэлгээнд бас нөлөөлдөг гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэний нэхэмжлэгч А.Ц******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С**** аймгийн Х сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг, Монгол алт гэх газарт нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлыг үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Гэрч Б.Э******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Энэ оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Х суманд байрлах гэртээ Улаанбаатар хотоос ирсэн тэгтэл 16-ны өдөр Ч******* гэх хуурай ах надтай утсаар холбогдоод Монгол алт руу хүрээд ирээч экскаватор засварлах ажил байна гэж надад хэлсэн. Би маргааш өдөр нь буюу 17-нд тухайн газарт явж очсон нэг хоноод 18-ны өдөр Ч******* ахтай хамт Хьюндай 2900 Эл си маркийн экскаваторыг янзлаад маргааш нь буюу 19-ний өдөр Ч******* ах экскаватор ажиллуулаад бид нар байрлаж байсан вагончигноос зүүн хойно 100 орчим метр зайд байрлах газрыг ухсан. Ухсан шороогоо алт угаах төхөөрөмж ашиглан 1 удаа ялган авсан ба тухайн үед 20 орчим грамм алт 1 удаа ялган авсан. Тэгээд тухайн газраас дахин алт ялган авах зорилгоор газар ухаж ухсан ашигт малтмалаа боловсруулж байх үед цагдаа нар ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч Л.Б******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Монгол алт гэх газарт найз Ч*******ийн хүсэлтээр түүний экскаваторыг янзлах зорилготой энэ оны 07 дугаар сарын 17-ны өдөр очсон. 07 дугаар сарын 18-нд бүтэн өдөржингөө техник янзалж өнжсөн. Тэгээд бид нар байрлаж байсан вагончигноос зүүн хойно 100 орчим метр зайд байрлах газрыг ухсан. Ухсан шороогоо алт угаах төхөөрөмж ашиглан 1 удаа ялган авсан ба тухайн газраас хэд орчим грамм алт угаасан талаар мэдэхгүй байна. Би алт угаах тэр үйл ажиллагааг сайн мэддэггүй. Тэгээд тухайн газраас дахин алт ялгах зорилгоор газар ухаж ухсан ашигт малтмалаа боловсруулж байх үед цагдаа нар ирсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад 2 ширхэг китаран буу байдаг ба Х сумын хүмүүс надаас заримдаа гуйдаг юм. Тэр болгонд нь би үгүй гэж хэлэхгүй боломжоороо тусалдаг юм. Китаран усан бууны хувьд гэвэл Ч******* нь Болдоо гэх миний танилаар дамжуулж надаас гуйсан ба би зөвшөөрч байсан. Тэгээд намайг байхгүй үед 07 дугаар сард манай кемпийн гаднаас очиж аваад хэрэглэчихсэн юм байна лээ. Өөрөөр бол би түрээсэлж мөнгө төгрөг авсан юм байхгүй ээ. Манай суманд энэ оны 05 сард бичил уурхайгаар ашигт малтмал олборлох сургалт зохион байгуулагдаад удалгүй зөвшөөрч батлагдана гэж яриа ихээр гарсан тул хүмүүс техник хэрэгсэл цуглуулж нэгнээсээ гуйх нь элбэг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч******* гэх залууг танина ямар нэгэн дотно харилцаа хамааралгүй. Би Ч******* 2023 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийн эзэмшлийн Hyundai Robex 2900LC-3 маркийн экскаваторыг худалдаж борлуулсан би Бугант тосгоны нэгдсэн зарын группэд экскаватор зарна гээд зар оруулсан байсан тухайн үед над руу Ч******* нь залгаад үзэж хармаар байна би Х сумаас очно гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Гэрч Х.Э "...Н.Ч******* гэх хүнийг огт танихгүй. 2022 оны 09 дүгээр сарын эхээр фейсбүүкээр Зил-131 шарна гэсэн утгатай зар тавьсны дагуу Н.Ч******* гэх хүн 2 хүнтэй хамт Түнхэлд ирж уулзаад миний эзэмшлийн 10-31 УБК улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан. Би Н.Ч******* гэх хүнд Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг 31 саяар зарж байсан. Тухайн үед гэрээ байгуулаагүй. Бичиг баримт, арлын дугаар аль нь ч байхгүй." гэх мэдүүлэг, /хх-ийн 69-70-р хуудас/
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №3357 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл гол элементийн найрлагад алт 104%/, цахиур /Si-0.775%/, титан /Т-0.537% опагад элементийн агууламжтай байна Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь 18,9825 грамм жинтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-79-р хуудас/
Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11/3702 дугаартай 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар уул уурхайн кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай Давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна." гэх албан бичиг /хх-ийн 142-р хуудас/
Damno ХХК-ийн “Хьюндэй 2900 ЛС-3 үнэлгээ 64,125.000 төгрөг, Зил-131 13,500.000 төгрөг” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-130-р хуудас/
1** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэл, /хх-ийн 138-139-р хуудас/
2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн алтны зах зээлийн үнийг бичсэн мөрдөгчийн тэмдэглэл, "2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 18,9825 грамм алтыг 218,151 төгрөгөөр үржүүлэхэд 4,141,058 төгрөг болж байв гэх мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 143-144-р хуудас/
Н** ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/136 дугаартай "Н.Ч******* нь 1003 м2 талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр эдэлбэр газарт 793 төгрөг, газрын хэвлийд 290,792 төгрөг, хөрсөн бүрхэвчид 0 төгрөг, ургамлын нөмрөгт 0 төгрөг, усан орчинд 1,847,193 нийт 2,138,778 төгрөгийн хохирол учруулсан байна. Нөхөн сэргээлт хийх ажлын зардал 828,2665 төгрөг байна." гэх дүгнэлт /хх-ийн 221-243-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 12 дугаар сарны 20-ны өдрийн 01/29-01/068/41 тоот "...6,125,542 төгрөг/ гэх улсын байцаагчийн акт, /2-р хх-ийн 11-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 943 дугаартай "Тус компанийн гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн shapefile- уудыг ARCGIS 10.8 программд оруулан давхцуулан зураглах аргаар тооцоолон үзэхэд Н** ХХК-с 2023 оны 08 дугаар сарны 04-ний өдөр гаргасан 1/72 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх талбайн хэмжээ нь эвдэгдээгүй талбай хэмжээний нийт 0,17 га байгаа нь үнэн зөв байна. Н** ХХК-с 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлтээр гаргасан 1/136 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх талбайн хэмжээ нь эвдэгдсэн талбай нь хасагдаад 0,1 га шинээр ухагдсан талбайн хэмжээтэй тохирч байна. Нуман-Алтай ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэмэлтээр гаргасан 1/136 дугаартай дүгнэлт дэх 0,1 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь үндэслэлтэй байна." гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 63- 65-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145 хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 146 хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 147 хуудас/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 148-149 хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 150 хуудас/
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 151 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Ч******* нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн Хюндай робекс 2900ЛС-3 экскаватор, гитаран буу буюу алт угаах төхөөрөмж зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших "Монгол алт" гэх нэршилтэй гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 1003 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 2,138,778 төгрөгийн шууд хохирол, учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Ч******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
Гэрч Б.Э******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч Л.Б******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №3357 дугаартай алтны талаарх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 74-79-р хуудас/
Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 27-ны 11/3702 дугаартай 07 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг /хх-ийн 1-р 142-р хуудас/
“Д**” ХХК-ийн техникийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 119-130-р хуудас/
1** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэл /1-р хх-ийн 138-139-р хуудас/
2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн алтны зах зээлийн үнийг бичсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-рхх-ийн 143-144-р хуудас/
“Н**” ХХК-ний 2023 оны 12 дугаар 12-ны өдрийн 1/136 дугаартай дүгнэлт / 1-р хх-ийн 221-243-р хуудас/
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/27-01/068/41 дугаартай улсын байцаагчийн акт, / 2-р хх-ийн 11-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн тухай баримт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ч*******ийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Ч******* нь үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно, мөн хуулийн 7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч Н.Ч******* нь тус тус зөрчсөн байна.
Иймд шүүгдэгч Н.Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ч******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Н.Ч******* нь байгаль орчинд нийт 6,125,542 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 828,265 төгрөгийн хохирол, хор уршгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нь “Хыюндай 2900 LC маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, усны нассос буюу ус сорох хөдөлгүүр 2 ширхэг зэргийг ашигласан, 4.141.058 төгрөгөөр үнэлэгдсэн 18.9825 грамм жинтэй алтыг олборлосон болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Ч******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Хыюндай 2900 LC маркийн экскаватор хэний өмчлөлийн болохыг хэрэгт нотлон тогтоогоогүй, гэрч Ж.Баярсайхан нь шүүгдэгч Н.Ч*******ийг худалдаж авсан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт уг техникийг худалдан авсан, худалдах худалдан авах гэрээ хэлцэл огт тусгагдаагүй, арлын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хыюндай 2900 LC маркийн 64.125.000 төгрөгөөр үнэлэгдсэн, шар өнгийн экскаваторыг, мөн 3.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, 440.000 төгрөгөөр үнэлэгдсэн 80 дм хэмжээтэй усны нассос буюу ус сорох хөдөлгүүр 2 ширхэг зэргийг, энэ гэмт хэргийг үйлдэж олсон 4.141.058 төгрөгөөр үнэлэгдсэн 18.9825 грамм жинтэй алтыг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Харин Зил 131 маркийн 1** У** улсын дугаартай авто машиныг энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байх тул эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Ч*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” -ын дагуу, шүүгдэгч Н.Ч*******ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Н.Ч******* эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзсэн боловч тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд учруулсан хохирол нь байгаль орчинд нөхөгдөшгүй хохирол, хор уршиг гэж дүгнэсэн учир хөнгөрүүлэх нөхцөлд тооцоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал учруулсан хохирол, хор уршгийг төлсөн зэргийг харгалзан Н.Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө хураахтай холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Ч*******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт “ Хыюндай 2900 LC маркийн шар өнгийн экскаваторыг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, усны нассос буюу ус сорох хөдөлгүүр 2 ширхэг, Зил 131 маркийн 10-31 УБК улсын дугаартай авто машиныг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овогт Н******* Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н******* Ч******* 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 / долоон сая/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Ч*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 12 сар буюу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Ч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харьяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Н.Ч*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хыюндай 2900 LC маркийн 64.125.000 төгрөгөөр үнэлэгдсэн, шар өнгийн экскаваторыг, мөн 3.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, 440.000 төгрөгөөр үнэлэгдсэн 80 дм хэмжээтэй усны нассос буюу ус сорох хөдөлгүүр 2 ширхэг, энэ гэмт хэргийг үйлдэж олсон 4.141.058 төгрөгөөр үнэлэгдсэн 18.9825 грамм жинтэй алт зэргийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн Зил 131 маркийн 1** У** улсын дугаартай авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
7.Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хыюндай 2900 LC маркийн шар өнгийн экскаваторыг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу, усны насос буюу ус сорох хөдөлгүүр 2 ширхэг, Зил 131 маркийн 1** **улсын дугаартай авто машиныг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч Н.Ч*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө хураахтай холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Ч*******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ