Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

  2024       12        26                                          2025/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******ын Б*******д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2024 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “****” гэх газраас иргэн Б.Н********ын 3 тооны адууг завшиж 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************** нь 2024 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “****” гэх газраас иргэн Б.Н********ын 3 тооны адууг завшиж 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн **********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч **************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 20-д хавьцаа шиг санагдаж байна. Манай адуу Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутгаар бэлчиж байсан юм. Тухайн үед манай адуу гэртээ гүйгээд ирэхээр нь адуугаа бүртгэсэн чинь гурван тооны өөр адуу манай адуутай нийлсэн байсан. Тэр гурван адууг харахад хүрэн, хээр, хар халтар зүсмийн адуу байсан. Тухайн үед усны халиа их гүйсэн байсан юм. Тэгээд манай адуутай нийлж ус гарах гэж байгаад халтар, хүрэн зүсмийн хоёр морь нь усанд живээд үхсэн. Хээр морь үлдэхээр нь би Н********ж гэдэг хүнд 700,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед манай эхнэр төрөх гээд мөнгөний хэрэг гараад байж байсан чинь Н********ж гэдэг нутгийн хүн зарах адуу байна уу гэхээр нь байна гэж хэлээд хээр зүсмийн адууг зарсан...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Н********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2024 оны 05 сарын сүүлээр Ренчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг **** гэх газраас 3 тооны морь алдсан. Би тухайн үед тэр хавьдаа 3-н тооны адуугаа хайсан боловч олдоогүй, 08 сарын эхээр Ренчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг Тэнгисийн голын баг өл гэх газраас миний сартай хээр зүсмийн нум суман тамгатай хязаалан насны байдсан гүү байна гэж Цагааннуур сумын иргэн Б.С****** гэдэг хүн надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь би Тэнгисийн голоос өөрийн морио бариулахаар З********* гэх хүнийг явуулсан. З*********ыг явуулахад азарганд хураалгасан байна гэж хэлсэн. Би өөрийн хүү И********ыг З*********тай хамжаад морио олоод ир гэж явуулсан боловч тэр шөнөө морь хаашаа явсныг мэдэгдэхгүй алга болсон байсан. Миний алдсан адуу гэвэл духан дээрээ сартай, хээр зүсмийн хязаалан байдсан гүү, Духан дээрээ сартай хамар цагаан хязаалан байдсан гүү, хээр зүсмийн соёолон үрээ морь алдсан. ...миний алдсан гүүгээ хайж байгаад хулгайлж авсан хүн нь Өвөө гэдэг хүний хүүхэд Б************ гэдэг авсан гэж нутгийн хүмүүс ярьсан...Надад 3,200,000 төгрөгийг өгсөн байгаа, надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 13-р хуудас),

Гэрч Б.С******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2024 оны 08 сарын 03-ны өдөр Цагааннуур сумын төвөөс Ренчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг “Баг өл” гэх газарт өвс хадахаар уруудаж явахад зөв талын гуяндаа нум суман тамгатай буруу талын гуя хаандаа загсан тамгатай сартай хээр зүсмийн байдас явж байхаар нь ц******гэдэг хүний адуу гэдгийг таниад таны нум суман тамгатай хээр зүсмийн байдсан гүү байна гэж хэлсэн. Маргааш нь буюу 08 сарын 04-ний өдөр З********* гэдэг хүн ирээд ц******ах явууллаа М*******а бид хоёрыг дагуулаад хээр зүсмийн байдсан гүү байгаа газарт очоод З*********, Ц****ахын алдсан морь мөн байна гээд барьж авахаар болсон боловч чадаагүй. ...Б************ гэдэг айлын тамга, мөн Б************н аавын тамга тэдний адуу загсан тамгатай...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),

Гэрч Г.М*****ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Цагааннуур сумын иргэн С******тай таараад нум суман тамгатай зөв талын гуяндаа хээр байдас байна. Нум суман тамгатай адуу ц******ахынхаас өөр адуу байхгүй гээд залгаж хэлсэн...Байдсан гүүг бугуйлдахад хашаа дайрч гараад алга болсон…” гэх мэдүүлэг (хх-ийн 20-23-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

“Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн “2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-924/11201 дугаартай “...Үнэлэгдэж буй 3 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 10 дугаар сарын байдлаар 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга)-н төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (хх-ийн 29-31-р хуудас),

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3526 дугаар эвлэрлийн гэрээ (хх-ийн 47-48-р хуудас),

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар (хх-ийн 53-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 44-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 42-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн **********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч ************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.   

Шүүгдэгч ************** нь 2024 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “****” гэх газраас иргэн Б.Н********ын 3 тооны адууг завшиж 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Н********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 10-11, 13-р хуудас), гэрч Б.С******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас), гэрч Г.М*****ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 20-23-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн “2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-924/11201 дугаартай дүгнэлт (хх-ийн 29-31-р хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3526 дугаар эвлэрлийн гэрээ (хх-ийн 47-48-р хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар (хх-ийн 53-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малдаа хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Алдуул мал завшсан гэмт хэргийг шүүгдэгч ************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч ************** нь хохирогч Б.Н********од 3,200,000 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд шүүгдэгч ************** нь 3,200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй байна...” гэв.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45-р хуудас)-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч **************д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь 3, эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн **********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У************** овогт Б**************ын Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******ын Б*******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн **********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР