Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

  

 

 

 

 

 

  2024       12        26                                          2025/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,   

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,  

Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н******н Э*********ад холбогдох эрүүгийн ***************дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч **************** нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, улсын дугааргүй пад пад трактор тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын *******т байрлах өвөлжөөний хашаа хүртэл тээвэрлэн ойн санд 1,156,593 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **************** нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1,62 м.куб хуурай, 2,6 м.куб нойтон шинэс мод бэлтгэж, улсын дугааргүй пад пад трактор тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын *******т байрлах өвөлжөөний хашаа хүртэл тээвэрлэн ойн санд 1,156,593 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ***************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би бэлтгэсэн модоо өвөлжөөний хашаан дээрээ авчирсан байгаа. 5 ширхэг нойтон модоо уртаар нь чирээд өвөлжөөн дээрээ буулгасан. Бусад 11 ширхэг модоо 4 метр 40 сантиметрээр тайраад пад трактораар чирээд өвөлжөөн дээрээ авч ирсэн.  Мод бэлтгэж унагахдаа өөрөө бэлтгэсэн. Тэгээд пад трактораар ачсан. Би хашаа барих зорилгоор 11 сарын 12-ны өдөр 10 куб метр хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. Тэр эрхийн бичгээрээ унанги мод бэлтгэсэн байгаа. Тэр доороо хашаа барих гээд хашааны дам нуруу тавих гээд урт мод хэрэгтэй болохоор 5 ширхэг босоо нойтон мод мөн 11 ширхэг босоо хуурай мод унагаж авсан. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Б********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тариалан сумын Давааны ар 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтаар явж байтал тус багийн иргэн **************** зохих зөвшөөрөлгүй 16 ширхэг босоо шинэс мод бэлтгэсэн байсныг илрүүлсэн. **************** нь 5 ширхэг  босоо нойтон мод бэлтгэсэн байсан 11 ширхэг босоо хуурай мод бэлтгэсэн байсан. **************** нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ унасан унанги болон байгалийн давтагдашгүй хүчин зүйлс болох үндсээрээ булгарч унасан болон хугарсан таруу байрлах цөөн модыг урьдчилан зургаар баталгаажуулж байгаль хамгаалагчид үзүүлсний дараагаар зохих нөхөн төлбөрийг төлж мод бэлтгэх эрхийн бичгийг авч ой мод бэлтгэлийн ажлыг явуулна. Тариалан сумын Давааны ар 6 дугаар багийн нутаг ******* гэх газар бөгөөд хус мод болон шинэс мод холилдсон холимог ойтой газар юм. Би байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

Гэрч Б.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүргэн хүү **************** нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны үед миний эзэмшлийн ногоон өнгийн пад пад нэртэй жижиг тракторыг гуйж авч мод бэлтгэж малын хашаа хороогоо янзалж өвлийн бэлтгэл хийхээр авсан юм. Би пад падыг 2012 онд 5,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тухайн үед төслөөр ирж байсан мөнгийг хувааж хийж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-13-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-18-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 20-21-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 22-р хуудас),

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн “...Иргэн ****************ын бэлтгэсэн гэх мод нь шинэс 1.62 м.куб, шинэс /хуурай/ 2.6 м.куб хэмжээтэй түлшний зориулалтаар бэлтгэгдсэн хуурай шинэс байв. ...Экологи эдийн засгийн үнэлгээ 1,156,593 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас),

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 38-39-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн: “...Нойтон шинэс төрлийн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 1,156,593  төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр 3,469,779 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 46-р хуудас),

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Жамъянгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-924/11388 дугаартай “Мон Урал нэртэй цахилгаан хөрөө болон пад пад тракторын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 3,130,000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт (хх-ийн 51-59-р хуудас),

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:  

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 78-р хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 80-р хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 79-р хуудас),

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого (хх-ийн 83-84-р хуудас),

Иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 85-р хуудас),

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81-р хуудас),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт (хх-ийн 82-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ***************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **************** нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, улсын дугааргүй пад пад трактор тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын *******т байрлах өвөлжөөний хашаа хүртэл тээвэрлэн ойн санд 1,156,593 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч **************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч **************** нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, улсын дугааргүй пад пад трактор тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын *******т байрлах өвөлжөөний хашаа хүртэл тээвэрлэн ойн санд 1,156,593 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Б********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас), гэрч Б.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-13-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-18-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 20-21-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 22-р хуудас), Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас), бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 38-39-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Жамъянгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-924/11388 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-59-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч **************** нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ****************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.  Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч **************** нь экологи эдийн засагт 1,156,593 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч **************** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 3,469,779 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 3,469,779 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****************аас 3,469,779 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан пад пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг шүүгдэгч ****************аас гаргуулж улсын орлогод, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 1,62 м.куб хуурай, 2,6 м.куб нойтон шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулах саналтай байна. Шүүгдэгч ****************ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч **************** нь  Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар баг Давааны ар гэх газарт ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг хувийн байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь 5, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий пад пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б***********ын Б*********ынх мөн болох гэрч Б.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ***************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч ****************ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан пад пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг шүүгдэгч ****************аас гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 1,62 м.куб хуурай шинэс мод, 2,6 м.куб нойтон шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн ***************дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мон Урал нэртэй цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Н******н Э*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н******н Э*********ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ****************аас 3,469,779 (гурван сая дөрвөн зуун жаран есөн мянга долоон зуун далан ес) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ****************ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан пад пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 (гурван сая) төгрөгийг шүүгдэгч ****************аас гаргуулж улсын орлогод оруулахыг, эрүүгийн ***************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 1,62 м.куб хуурай шинэс модыг, 2,6 м.куб нойтон шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн ***************дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мон Урал нэртэй цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР