| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/1375/и |
| Дугаар | 155/ШШ2017/00061 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2017/00061
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2017/00061 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1975 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийнхээ хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 27-18 тоотод оршин суух Халиугчин овогт Цэрэвийн Э /РБ-............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 11-07 тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо ажилчдын гудамж нийтийн байранд түр оршин суух Тангад овогтМын Б /РБ.............../-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр М.Бтай 1993 онд танилцаад үерхэж байгаад 1995 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд охин О 1995 оны 8 дугаар сарын 03-ны өдөр , хүү Э2002 оны 4 дүгээр сарын 28-нд төрсөн. Нөхөр Баас салах болсон шалтгаан нь архи ууж агсам согтуу тавьж, зоддог явдал нь миний амь нас болон хүүхдүүдэд минь муугаар нөлөөлдөг явдал юм.
Иймд гэр бүлээ цуцлуулж насанд хүрээгүй хүү Энхманлайг өөрийн асрамжид авч эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б нь эхнэр Ц.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж хүүхдээ эх Ц.Эын асрамжид үлдээж хуульд зааснаар тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч М.Бт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч М.Бт нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.О, хүү Б.Этөрсөн болох нь.
Тухайлбал; Гэрлэгчдийг гэр бүл болсныг 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын улсын бүртгэлийн ажилтан бүртгэж № 0002 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Тэдний дундаас 1995 оны 8 дугаар сарын 03-ны өдөр охин Тангад овогт Б О /РБ-............./, 2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүү Тангад Бын Э/РБ-....................../ нарыг тус тус төрүүлсэн ба тэдэнд олгосон төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Ц.Э, М.Б нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй хүү Б.Энхманлай, эх Ц.Эын асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин охин Б.Оын хувьд насанд хүрсэн буюу 22 настай байх тул түүнд асрамж тогтоох шаардлагагүй байна гэж үзлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 88813206 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн болон нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөг, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгох, нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэсэг нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч М.Баас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг байгаагаас 2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн 14 настай хүү М.Э/РБ-02242850/-д 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 1 хүүхдэд жилд тооцоход жилд 2.006.400 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 47.052 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Тангад овогтМын Б /РБ-73011313/, Халиугчин овогт Цэрэвийн Э /РБ-.............../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Тангад Бын Э/РБ-................/-г эх Ц.Эын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хүү Б.Э 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч М.Баас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 47.052 /дөчин долоон мянга тавин хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ