Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2017/00721

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                         

 

Хэргийн индекс: 135/2017/00357/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Баянгол дүүрэг ...., И....ХХК-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ..... байрлах К- ХХК-д холбогдох 

 

6 930 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч К- ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Ү-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И....ХХК-ны захирал Кim Seokkyun шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч И....ХХК нь хариуцагч К- ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Бараа нийлүүлэх 15/03 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч И....ХХК нь гэрээгээр тохиролцсон бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч К- ХХК-д нийлүүлэх, хариуцагч К- ХХК нь нэхэмжлэгч талаас авсан бүтээгдэхүүний төлбөрийг тус гэрээний 5.2-т заасны дагуу сар бүрийн 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэлх нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 1-нд тооцоо нийлж, 7 хоногийн дотор Нийлүүлэгч талд бүрэн барагдуулж байхаар хоёр тал харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч И....ХХК нь хариуцагч К- ХХК-д нийт 4 620 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн нэмэлт нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч К- ХХК нь нэхэмжлэгч И....ХХК-аас авсан бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүний төлбөр болох 4 620 000 төгрөгнөөс нэг ч төгрөг төлөлгүй хоёр талын байгуулсан гэрээний 4.4, 5.2 дах заалтыг зөрчиж байна.

Нэхэмжлэгч И....ХХК, хариуцагч К- ХХК-ийн эрх бүхий хүмүүс өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг бөгөөд тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 4 620 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.

Хариуцагч К- ХХК нь нэхэмжлэгч талаас авсан бүтээгдэхүүний төлбөрийг хоёр талын байгуулсан 15/03 тоот гэрээний 5.2-т заасны дагуу сар бүрийн 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэлх нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 1-нд тооцоо нийлж, 7 хоногийн дотор нийлүүлэгч талд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 15/03 тоот гэрээний 7.2-т заасны дагуу хариуцагч К- ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл өдрийн 23100 төгрөг 592 хоногийн нийт 13675200 төгрөгийн алданги болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алданги 2 310 000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч И....ХХК-ийн зүгээс удаа дараа хариуцагч К- ХХК-д хандан төлбөр тооцоогоо төлж барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байсан боловч хариуцагч нь төлбөр тооцоогоо төлж дуусгах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Бараа нийлүүлэх 15/03 тоот гэрээний 2.1, 3.1, 4.4, 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч И....ХХК-аас худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 4620 000 төгрөг, алданги 2 310 000 төгрөг нийт 6 930 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч К- ХХК-ны гүйцэтгэх захиралБ.Ү- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай К- ХХК нь Баянгол дүүрэг 20-р хороонд байрлах И....ХХК-с 4 620 000 төгрөгийн үнэ бүхий нэмэлтийг 2015 оны 3  дугаар сарын 27-ны өдөр гэрээ хийж авсан нь үнэн. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан төлбөрийг өдийг хүртэл төлөөгүй ирсэн. Тухайн үед бетон зуурмагийн нэмэлтийн үнэ ханш 1 300 000 төгрөг байсныг мэдэлгүй И....ХХК-с 1 дахин үнэтэй буюу 2 310 000 төгрөгөөр худалдан авснаа дараа нь мэдсэн. Тухайн үеийн зах зээл дээрх борлуулагдаж байгаа нэмэлтийн үнэ 1 300 000-1 500 000 төгрөгийн хооронд байсан байна лээ. Иймд нэхэмжлэлд заасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй. Үндсэн үнэ болох 4 620 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна, алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч И....ХХК нь хариуцагч К- ХХК-д холбогдуулан нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлсэний төлбөр 4 620 000 төгрөг, алданги 2 310 000 төгрөг нийт 6 930 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч К- ХХК нь нэхэмжлэгч И....ХХК нь зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бүтээгдэхүүн нийлүүлсэн тул үндсэн төлбөр 4 620 000 төгрөгийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч И....ХХК, хариуцагч К- ХХК нь харилцан тохиролцож, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15/03 тоот Бараа нийлүүлэх гэрээ байгуулан HPS 400 нэмэлт бүтээгдэхүүнийг 2 тонн-г 4 620 000 төгрөгөөр нийлүүлсэн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Бараа нийлүүлэх гэрээ, зарлагын баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 15-18, 25-26 дугаар хуудас/

 

Талууд нь 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийл 4 620 000 төгрөгийг 1 сарын 20-нд мөнгө ирж ирэхээр тохиролцож гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Хариуцагч К- ХХК нь нэхэмжлэгч И....ХХК-ыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж маргаж нотлох баримтаар Алслал трейд ХХК-ны бүтээгдэхүүн нийлүүлсэн нэхэмжлэх ирүүлсэн боловч энэ нь бүтээгдэхүүнийг хэзээ хүлээж авсан талаар он сар өдөр байхгүй, цаг хугацаа нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан Бараа нийлүүлэх гэрээний 4.4-д “Худалдан авагч тал нь бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгч талд төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, Гэрээний 7.2-т “Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алдангийг нийлүүлэгч талд үл маргах журмаар төлнө” Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”  гэж зааснаар хариуцагч К- ХХК-аас үндсэн төлбөр 4 620 000 төгрөг, алданги 2310 000 төгрөг нийт  6 930 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И....ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч И....ХХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-, М.Ц- өмгөөлөгч Ж.Б- нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар тэднийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                     

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч К- ХХК-аас 6.930.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И....ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 125.830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА