Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/003

 

А.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч А.Б

Нарийн бичгийн дарга Х.Золцэцэг нарыг оролцуулан;               

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б ы гаргасан давж заалдах гомдлоор А.Б д холбогдох эрүүгийн 2014004250375 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  овогт А.Б 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Овоо сумын Цагаан цахир гэх нөхөрлөлд ажилладаг, ам бүл 8, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч А.Б  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........ тоотод 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хамтран амьдрагч Н.Ц ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод байх гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар хүүхэд насанд хүрээгүй буюу 14 настай А.Н тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоотод байх гэртээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Ц ыг эрүүл мэндэд гэмтэл учруулахгүйгээр халдаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............ тоотод байх гэртээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй буюу 14 настай А.Н тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  овогт А.Б  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнгын харгис хэрцгий, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  овогт А.Б  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  овогт А.Б  долоон  / 07 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б д эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хоёр зуун дөчин / 240 /  цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийг  нэг хоногоор тооцож нэг сарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан долоон сарын хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг найман /08 / сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б ы энэ хэргийн учир цагдан хоригдсон арван дөрөв / 14 / хоногийн эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Б  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.Б ы гар утас битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Б д хэрэгцээний буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б д тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 

Миний бие А.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 368 дугаар шийтгэх тогтоолоор 8 сарын хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлэхээр ял авсан. Миний хувьд өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би цаашид эхнэр, хүүхдүүд, гэр бүлийн амьдралдаа сайн түшиг тулгуур сайн хань, сайн аав байж, тэндээ бүтэн амьдралаа зориулна. Би 8 сарын хугацаанд ял эдлэхэд гэр бүлийн ахуй амьдрал хүнд байна. Эхнэр Н.Ц  нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хүүхдүүд минь 14, 10, 8, 2, 1 насны хүүхдүүдтэй. Иймээс миний бие нь дахин алдаатай буруу зүйл хийхгүй гэдгээ амлаж байгаа тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудлын 201 тоот өрөөнд нууцаар  нэвтэрч иргэн *******ийн эзэмшлийн самсунг эс-8 маркийн гар утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Энх-Нахиа” ХХК-ийн алдагдсан самсунг эс-8 маркийн гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос  шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасантай нийцсэн, шүүгдэгч А.Б  нь урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 75 дугаар шийтгэврээр 15 хоног баривчлах шийтгэл, мөн сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 239 дүгээр шийтгэврээр 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг тус тус оногдуулж байсан бөгөөд уг шийтгэлээс хойш эхнэр болон дагавар хүүхдийнхээ эсрэг удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд А.Б д анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруугийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ зэрэгт тохирсон байна.

Иймд А.Б д 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, А.Б ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

                               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                             зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/368 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар А.Б ы 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ