Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 175

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч С.Энхтуул,

гэрч П.Эрдэнэцогт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж /№0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулин тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогт Мижиддоржийн Адъяасүрэнд холбогдох 201625032259 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах төвд жижүүрийн цагдаа ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж 752 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Тугтан овогт Мижиддоржийн Адъяасүрэн /РД: ОИ90072212/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: М.Адъяасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр таксины жолоочийн мөнгийг нь өгөхгүй маргалдаж танхайрсан шалтгаанаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Түр саатуулах байранд хүргэгдэн ирсэн иргэн Б.Төрмөнхийн зүүн гарыг өчиж хугалан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

­­­­­­­­­            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Адъяасүрэн мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө өөрийн албан байранд албан үүргээ гүйцэтгэж байхад хохирогч Төрмөнх нь согтуугаар танхайрсан гэж эрүүгийн цагдаа гавалсан байдалтай орж ирсэн. Мөн тухайн эргүүлийн цагдаатай маргалдсан байдалтай орж ирсэн. Хохирогчийг торгуулийн арга хэмжээ аваад ар гэрт хүлээлгэн өгөхөөр болсон. Хохирогч тухайн үед эхнэртэйгээ утсаар яриад хэл амаар доромжлоод байсан. Мөн цаг Бауржаныг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаагийн сангаас хохирогчийн хувийн байдлын талаар тодруулахад хохирогч өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл ангиар шалгагдаж байсан. Тэгээд хохирогчийг түр саатуулах байр руу эмч оруул гэж хэлсэн. Би Эрдэнэцогтой хохирогчийг түр саатуулах байр руу оруулах гэтэл саатуулах байрны хаалгыг өшиглөөд, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, хэл амаар доромжлоод байсан. Тэгээд хохирогчийг дайраад байхаар нь биеийн хүч хэрэглэсэн. Тэгтэл хохирогчийн гар гэмтсэнийг мэдээд эмнэлэг дуудсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.Эрдэнэцогт мэдүүлэхдээ:… Хохирогч том биетэй, гаднаас орж ирэхдээ гавтай орж ирсэн. Өөр арга хэрэгсэл хэрэглэх боломжгүй байсан. М.Адъяасүрэн зааврын дагуу өчих мэх хэрэглэх ёстой байсан. Хохирогч эсэргүүцэл үзүүлээд байсан. Хохирогч газарт унасан гэхдээ ухаан алдаагүй гэв. 

Хохирогч Б.Төрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай гэрийн гадаа очоод таксины жолооч 5000 гаран төгрөг нэхээд байхаар нь миний хувьд 3000 төгрөг гарах ёстой гээд маргалдсан. Ингээд манай гэрийн гаднаас хөдөлж явсаар байгаад Тэнгис кино театрын гадаа очоод цагдаа дуудаж намайг өгсөн. Ямар цагдаа нар ирсэнийг анзаараагүй намайг дагуулаад эрүүлжүүлэх байранд оруулсан. Оруулаад нэг туранхайвтар цагдаа миний түрүүвч, тэлээ зэргийг авч гутал куртик зэргийг тайлуулаад камерт ор гэсэн. Ингэхэд нь би орохгүй манай эхнэрийг дуудаад өгчих, эсвэл би торгуулийн арга хэмжээ авагдаад явчий гэсэн. Тэгтэл тэр нэг цагдаа Чи ер нь тэрийг мэддэг юм уу гэж уурлаад араас дагз руу нэлээн хэдэн удаа цохих шиг болоод би манарсан. Тэгээд нэг ухаан орсон чинь би газар доошоо хараад зүүн гараа ардаа өчүүлчихсэн, зүүн гар эвгүй болчихсон өвдөөд байхаар нь тухайн цагдаад нь наад гар чинь эвгүй болчихлоо тавьчихаа гэсэн чинь бүр чангалаад өчөөд байсан. Энэ үед манай эхнэр үүдэнд ирчихсэн хаалганы цаанаас хараад хөөе болиоч та нар хүн аллаа ш дээ хаалгаа онгойлго гэсэн чинь онгойлгохгүй байхаар нь манай эхнэр цаашаа яваад өгсөн. Энэ үед намайг нэг нь босгоод зүүн гарыг маань сойж өгсөн. Хэн нь сойж өгсөнийг анзаараагүй. Ингээд манай эхнэр орж ирээд та нар ёстой нээрээ хүнийг аллаа барилаа гээд орилж чарлаад байсан чинь Чи наад эхнэрээ аваад яв гээд байсан. Манай эхнэр явахгүй эмнэлэг дуудаж үзүүлнэ ар гэрээсээ хүн дуудана гээд дуудаад ГССҮТ очиж гарны зургаа авахуулсан чинь зүүн гарны атгаал чөмөт-нь хугарсан байна гэсэн. Тухайн үед миний гарыг мушгиж байхад намхан бандгар дэд ахлагч цолтой цагдаа байсан. Харин нэрийг нь гар хугалсанаас хойш Адъяасүрэн гэдгийг нь мэдэж авсан " гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/

 

Гэрч Ж.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед манай нөхөр Төрмөнх би ажлынхантайгаа сууж байгаад очно гэсэн. Ингээд 23 цагийн орчим байх утсаар яриад очиж байна гэсэн. Ингээд жоохон байж байгаад залгасан чинь хүнтэй маргалдаад байх шиг байсан. Би цонхоороо харсан чинь гадаа хөхдүү өнгөтэй приус маркийн машин байхаар нь гараад очсон чинь яваад өгсөн. Би буцаж гэртээ ороод утас руу нь залгасан чинь авахгүй байсан. Үүнээс хойш 30-40 минутын дараа Төрмөнхийн дугаараас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ярьж байна танай нөхөр Төрмөнх таксины жолоочтой мөнгө төгрөгөн дээрээ маргалдаад ирсэн байна. та ирж авах уу бид нар торгоод явуулчих уу гэхээр нь би эргээд залгий гэж хэлээд орчихсон. Ингээд би эргэж утас руу нь залгаад Би одоо очиж авлаа гэж хэлээд 20 минут орчимын дараа яваад очсон. Чингэлтэй дүүрэг дэх эрүүлжүүлэх байранд дээр очоод үүдэнд нь очиж төмөр сараалжин хаалганы цаанаас харсан чинь Эрдэнэтэй нэртэй цагдаа нэг төмөр хаалга түшээд зогсчихсон манай нөхөр ширээний хажууд газар сууж байх шиг байсан. Ингээд би хаалгаа онгойлго гэсэн чинь онгойлгохгүй байхаар нь хэлтэс рүү нь гүйж ороод жижүүрт нь ддор чинь хүн амьтан зодоод байгаан биш үү гэж хэлчихээд буцаж эрүүлжүүлэх орсон чинь нөгөө өрөөндөө манай нөхөрийг ширээний ард сандал дээр суулгаад зүүн гарыг нь марлаар сойгоод уяж байсан. Ингээд намайг дотогшоо оруулахаар нь би та нар яаж байгаан бэ гэсэн чинь манай нөхөр эд нар намайг зодчихлоо ш дээ, гар ямар ч хөдөлгөөнгүй болчихлоо гэсэн. Мөн зүүн хацар хэсэгт нь улаан туяа үүссэн байсан. Тэгсэн тэнд байсан эмч нь Та нар эд зүйлээ аваад одоо яв гэхээр нь Ах эгч нарыг нь дуудчихсан явахгүй гэж хэлсэн. Ингээд ах Батсуурь ирээд 103, цагдаагийн ёс журам дуудаж шалгуулсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 39х/

 

Гэрч Л.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд наад нөхөр чинь ер нь их агсан нөхөр байна эхнэрийг нь иртэл түр камерт хийчих гэж хэлээд Эрдэнэцогт Төрмөнхийг камерт хийх гэтэл урдаас нь эсэргүүцэж шаардлагыг нь биелүүлэхгүй камерт орохгүй хч хүрэгдэхгүй байхад нь араас нь Адъяасүрэн очиж Эрдэнэцогто тусалж камерт хийх гэж байгаад өчсөн чинь гар нь эвгүй болчихлоо гэхээр нь очоод үзтэл зүүн гарын дээд булчин хэсгээр хугарсан бололтой байхаар нь түргэн тусламж дуудаж үзүүлээд жижүүрийн ахлах офицерт болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/

 

Гэрч Т.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн үед дүү Төрмөнхийн эхнэр Чимгээ надруу утсаар залгаад уйлаад Төрмөнхийг энд цагдаа нар зодоод байна та хурдан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсний дагуу гэрээсээ гараад Чингэлтэй дүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр явж ороод цагдаагийн хэлтсийн саатуулах байр руу яваад ортол Төрмөнх уйлчихсан зүүн гарыг нь цагаан өнгийн даавуу шиг зүйлээр сойсон цагдаа нар тойроод зогссон, эхнэр Чимгээ нь уйлаад сууж байсан. Тэгээд би 102 дугаарын утас руу залгаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар хүн зодож гэмтээсэн байна гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн ёс журмын эргүүл болон түргэн тусламж ирсэн тэгээд Төрмөнхийг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд зүүн гар нь хугарсан байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №15975 тоот шинжээчийн акт, дүгнэлтэд: Б.Төрмөнхийн биед зүүн агтаал ясны ташуу, зөрөөтэй, мушгирсан, далд хугарал, зүүн шуу, сарвуунууд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 52х/

 

Яллагдагч М.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрдэнэцогт бид хоёр чи шаардлага биелүүл, чамд хууль ёсны шаардлага тавьж байна гэж хэлэхэд Б.Төрмөнх Эрдэнэцогтын цээжний зүүн хэсэг рүү түлхэж цохьсон тэгээд Эрдэнэцогт Төрмөнхийн баруун гарыг нь бариад зүгээр камер руу орчих гэтэл щаардлагыг нь биелүүлэхгүй ноцолдсон энэ үед нь би цагдаагийн албан хаагчШг гэмтээчихвий гэж бодоод зүүн гарыг барьж аваад биеийн хүч хэрэглэж ард өчих мэх хийсэн. Энэ үед Б.Төрмөнх шаардлага биелүүлээгүй ноцолдож байгаад плитан шалан дээр хальтирч нүүрээрээ доош харж газар харж унасан. Тэгээд гар нь эвгүй болчихлоо гэж би мэдээд Эрдэнэцогтыг эмч дуудаад ир гэсний дагуу Эрдэнэцогт эмч Мөнхжаргалыг дуудаж ирж үзүүлтэл гэмтсэн юм шиг байна. Түргэн дуудаж үзүүлэх шаардлагатай юм шиг байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 83-86х/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91х/, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас алба хаагчийн талаар гаргасан гомдол мэдээлэл шалгалтын явц, үр дүн /хх-ийн 8х/, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Илтгэх хуудас /хх-ийн 16х, 23х/, зөрчил гаргсан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /хх-ийн 18х/, гэрч Ж.Батчимэг /хх-ийн 39х/, Л.Мөнхжаргал /хх-ийн 40х/, Д.Лхагвасүрэн /хх-ийн 44-45х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн тэмдэглэлүүд, М.Адъяасүрэнгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 93-110х/ зэрэг болно.

Шүүхийн дүгнэлт

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Адъяасүрэнг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр таксины жолоочийн мөнгийг нь өгөхгүй маргалдаж танхайрсан шалтгаанаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Түр саатуулах байранд хүргэгдэн ирсэн иргэн Б.Төрмөнхийн зүүн гарыг өчиж хугалан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад: Хохирогч Б.Төрмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ такси хөлслөн өөрийн гэрлүүгээ хүргүүлэн таксины жолоочтой төлөх мөнгөө “их гарлаа” гэх шалтганаар хоорондоо маргалдан, такисны жолооч нь цагдаагийн албан хаагчид хандаж, улмаар цагдаагийн албан хаагч нар нь хохирогч Б.Төрмөнхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн түр саатуулах байранд хүргэж өгсөн байна. Энэ үед түр саатуулах байрны цагдаагийн албан хаагч нар нь зохих ёсны үүргээ биелүүлж хохирогч Б.Төрмөнхийн гэр бүлийн хүнтэй холбогдон учир байдлыг тайлбарлан хэлж, ирж авах хооронд хохирогч Б.Төрмөнх нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, маргалдан өөдөс нь биений хүчээр эсэргүүцсэн байна. Дээрх үйл явдал болох явцад тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан  цагдаагийн ажилтан М.Адъяасүрэн нь Хууль зүйн сайдын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/126 дугаар тушаалын хоёрдуугаар хавсралтаар батлагдсан   Цагдаагийн байгууллага, албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааврын 1.3.3, 5.1, 5.4 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу үйл ажиллагаа явуулж хохирогч Б.Төрмөнхийн зүүн гарыг өчиж хугалсан үйл явдал болжээ.

Тиймээс шүүгдэгч М.Адъяасүрэн нь дээрх зааварт заагдсан ажиллагааг хийхдээ хохирогч Б.Төрмөнхийн гаргаж буй зохисгүй зан харьцаа, хоорондын биеийн хэмжээний байдал /хохирогч Б.Төрмөнх нь шүүгдэгч М.Адъяасүрэнгээс илт том биетэй/ зэргийг харгалзан цагдаагин албан хаагч нь өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана гэсний дагуу тухайн үед өөрийн ойлгож үнэлсэн хүчин зүйлс, тухайн нөхцөл байдалд тохируулан биеийн хүчийг хэрэглэн хохирогч Б.Төрмөнхийг хяналтдаа авах зорилгоор хэргэлсэн өчих мэх нь хэтэрч зүүн гарыг нь хугалсан болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Адъяасүрэнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй шүүх дүгнэв. 

 

Хохирогч Б.Төрмөнх нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... М.Адъяасүрэнгээс нийт 7.000.000 /долоон сая/ төгрөг авлаа. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. М.Адъяасүрэнд холбогдох хэргийг хуульд заасны дагуу ашигтайгаар, хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал нь хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.       

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 290 дүгээр зүйлийн 290.4, 297 дугаар зүйлийн 297.6, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Тугтан овогт Мижиддоржийн Адъяасүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. 

 

2. М.Адъяасүрэн цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

3. М.Адъясүрэнгийн урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи, хохирогч Б.Төрмөнхийн гарны хугаралыг харуулсан 1 ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт нь үлдээсүгэй.

 

5. Цагаатгах  тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдаж гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Адъяасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ