Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2019/00013

 

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00835 дугаар шийдвэртэй,  Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, “К” банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, “К банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр 7.683.676.00 төгрөг, алданги 3.841.838.00 төгрөг, нийт 11.525.514.00 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэлд:  “Манай компани нь дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг К банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь 2014, 2015, 2016, 2017 онуудад манай компаниас дулааны эрчим хүч авч ашигласан боловч төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй. 2014 онд зөвхөн 1 дүгээр сард 456.456 төгрөг, 5 дугаар сард 152152 төгрөг, 12 дугаар сард 456456 төгрөг, бүгд 1065064 төгрөг төлж 2282280 төгрөг төлөөгүй. 2015 онд 10 дугаар сард 456456 төгрөг, 12 дугаар сард 456456 төгрөг, бүгд 912912 төгрөг төлж 2662660 төгрөг төлөөгүй. 2016 онд 3 дугаар сард 456456 төгрөг, 5 дугаар сард 1521252 төгрөг, 10 дугаар сард 456456 төгрөг, бүгд 1065064 төгрөг төлж 2282280 төгрөг төлөөгүй. 2017 оны эхний хагас жилд 2, 3, 4 дүгээр саруудад тус бүр 456456 төгрөг, бүгд 1369368 төгрөг төлж 1 дүгээр сарын төлбөр болох 456456 төгрөг төлөөгүй. Одоогийн байдлаар нийтдээ 7.683.676 төгрөгийн өр төлбөртэй байна. Салбар, компани хооронд байгуулсан гэрээний 3 дахь хэсгийн 2-т "Төлөх үүргээ биелүүлээгүй бол төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлд хоног тутамд 0,5 хувь хүртэл алданги хүлээнэ" гэж тодорхой заасан. Гэрээний энэ заалтын дагуу алданги тооцвол 2014 оны төлбөрийн үлдэгдэл 2282280 төгрөгт алданги гэхэд /2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 981 хоног/ 11194583.4 төгрөг гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан тул үндсэн төлбөр болох 7.683.676 /долоон сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийн төлбөрийн 50 хувиар тооцож 3841838/ гурван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин найман/ төгрөгийн алданги нэхэмжлэх хууль зүйн үндэстэй. Иймд К банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 7683676 /долоон сая зургаан зуун наян гурван мянга зургаан зуун далан зургаан/ төгрөг, алданги 3841838 /гурван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин найман төгрөг/ , бүгд 11525514 /арван нэгэн сая таван зуун хорин таван мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Манай байгууллага Баян-Өлгий аймагт 2005 онд анхлан үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тодорхой урт хугацаанд "Э" ХК-тай халаалт дулаанаар хангах тухай гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Гэрээний нийлүүлэгч тал буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж бид зохих ёсоор дулаанаар хангагдаж байсан үед ашигласан дулааны төлбөрийг 10 жилийн туршид тогтмол төлж байсан ба саатуулж байсан тохиолдол байгаагүй. Харин нэхэмжлэгч нь хэрэглэгч байгууллага болох манай байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, дулаанаар хангах цорын ганц монопол байгууллага болох "Э" ХК учир өөр эх үүсвэрээс дулаан халаалт авч чадахгүй бидний эрх зөрчигдөж ирсэн. Манай байгууллага нь нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага учир харилцагч үйлчлүүлэгчид маань хэвийн орчинд үйлчилгээ авч чадахгүй, ажилтнууд маань хүйтэн орчинд ажиллахад хүрч зарим нь эрүүл мэндээр хохирч байсан тул бид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэж ирсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийн төлөөллүүд удаа дараа манай байгууллагад ирж нөхцөл байдалтай танилцаж халаалт ирэхгүй байгаа шалтгааныг тогтоож халаалтыг хэвийн болгох амлалт авч байсны зэрэгцээ тухай бүр шаардахад шалтгааныг тодруулж байна гэдэг боловч тодорхой үр дүн гаргаагүй. Бид халаалт нийлүүлж буй "Э" ХК-ийн төлөөлөл болон удирдлагуудад, тэд халаалтыг хэвийн нийлүүлсэн сард өмнө тооцож байсан тарифын дагуу төлбөр төлөх ба халаалт аваагүй нөхцөлд аваагүй үйлчилгээнийхээ төлөө төлбөр төлөх боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдэж, сүүлийн жилүүдэд дулаан нийлүүлэгч "Э" ХК-тай тэднийг гэрээний үүргээ биелүүлэх эсэхэд эргэлзэж дулаанаар хангуулах тухай гэрээ байгуулахаас татгалзсан ба хэдий тийм боловч зарим нэгэн хэвийн халаалттай байсан саруудад хүнлэг шударга зарчмыг дээдлэн өмнөх тарифаар халаалтын төлбөр төлж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, тэдний нийлүүлээгүй буюу бидний авч ашиглаагүй ажил үйлчилгээний төлбөрийг биднээс нэхэмжилж байгааг шударга бус гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00835 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-т заасныг тус тус баримтлан К банкны Баян-Өлгий салбараас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 7,683,676 төгрөг, алданги 2,700,698 төгрөг, нийт 10,384,374 /арван сая гурван зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Э" ХК-нд олгож, илүү нэхэмжилсэн 1,141,140 төгрөгийг болон хамтран хариуцагч К банк ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00835 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, нэг талыг баримталсан, хариуцагчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргасан тул гомдолтой байна. Анхан шатны шүүх К банкны Баян-Өлгий салбарт төлбөр оногдуулж, К банкийг төлбөрөөс чөлөөлж хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Нэг нь нөгөөг үгүйсгэсэн шийдвэр болсон. Учир нь салбар төлбөр хариуцвал К банк төлбөр хариуцах ба К банк төлбөр хариуцвал салбарын зардлыг хариуцан төлөх асуудал юм. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох ур дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий. тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан ба салбар нь хөрөнгө эзэмшдэггүй, захиран зарцуулах хөрөнгөгүй бөгөөд тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар “Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.” гэж заасан байхад хуулийн этгээдийн эрхгүй, эрх зүйн чадваргүй этгээд болох Баян-Өлгий салбарыг хариуцагчаар тодорхойлж улмаар төлбөр ногдуулж шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж гомдол гаргаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч “К” банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, “К банк” ХХК-ийн төлөөлөгч М.Е нар “1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би 2016 оны төлбөр 2,282,280.00 /Хоёр сая хоёр зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг, 2017 оны 456,456.00 /Дөрвөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин зургаан/ төгрөг, алданги 3,841,838.00 /Гурван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин найман / төгрөг, бүгд 6,580,574.00 /Зургаан сая таван зуун наян мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна; 2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Е би халаалт авахаар гэрээ байгуулсан 2014 оны төлбөр 2,282,280.00 /Хоёр сая хоёр зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг, 2015 оны төлбөр 2,662,660.00 /Хоёр сая зургаан зуун жаран хоёр мянга зургаан зуун жаран/ төгрөг бүгд 4,944,940.00 /Дөрвөн сая есөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөчин/ төгрөгийг К банкны Баян-Өлгий салбар “Э” ХК-нд төлнө” гэж харилцан тохиролцож, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг тус тус баримтлан зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б нь хамтран хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байх тул хэргээс “К банк” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигчийн сайн дураар тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод тайлбарлах нь зүйтэй байна.

 

Хуульд зааснаар “Э” ХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,359.00 төгрөгийг, хариуцагч “К банк” ХХК, “К” банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,359.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2018/00835 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг баримтлан “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч “К” банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, “К банк” ХХК-ийн төлөөлөгч М.Е нарын харилцан тохиролцож байгуулсан “1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б би 2016 оны төлбөр 2,282,280.00 /Хоёр сая хоёр зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг, 2017 оны 456,456.00 /Дөрвөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин зургаан/ төгрөг, алданги 3,841,838.00 /Гурван сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин найман/ төгрөг, бүгд 6,580,574.00 /Зургаан сая таван зуун наян мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна; 2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Е би халаалт авахаар гэрээ байгуулсан 2014 оны төлбөр 2,282,280.00 /Хоёр сая хоёр зуун наян хоёр мянга хоёр зуун наян/ төгрөг, 2015 оны төлбөр 2,662,660.00 /Хоёр сая зургаан зуун жаран хоёр мянга зургаан зуун жаран/ төгрөг бүгд 4,944,940.00 /Дөрвөн сая есөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөчин/ төгрөгийг “К” банкны Баян-Өлгий салбар “Э” ХК-нд төлнө” гэсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргээс хариуцагч  “К” банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь хамтран хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргээс хамтран хариуцагч “К банк” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2.-т заасныг баримтлан “Э” ХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,359.00 төгрөгийг, “К банк” ХХК, “К” банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.359.00 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

С.ӨМИРБЕК