Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/00574

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сумд байрлах Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Конкретбетон хийц ХХК-д холбогдох

30 946 750,14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Конкретбетон хийц ХХК нь бетон хийц чиглэлээр үйл ажиллагаа явуулж 7 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж 2015 оны 11 дүгээр сар хүртэл тайлан ирүүлсэн байна. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 20 631 166,76 төгрөгийн шимтгэл төлж барагдуулаагүй байна. Конкретбетон хийц ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 20 631 166,76 төгрөгийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Конкретбетон хийц ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 20 631 166,76 /хорин сая зургаан зуун гучин нэгэн мянга нэг зуун жаран зургаан төгрөг далан зургаан мөнгө/, алданги 10 315 583,38 /арван сая гурван зуун арван таван мянга таван зуун наян гурван төгрөг гучин найман мөнгө/ нийт 30 946 750,14 /гучин сая есөн зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин төгрөг арван дөрвөн мөнгө/-ийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэхдээ: Конкретбетон хийц ХХК нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нийт 30 946 750,14 төгрөгийг 2017 оны 3 дугаар улирлын байдлаар төлж барагдуулна гэж зөвшөөрөв. Дээрх төлбөрийг

2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг,

2017 оны 07 дугаар сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг,

2017 оны 08 дугаар сарын 31-ний дотор 1 000 000 төгрөг,

2017 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 10 946 750,14 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Конкретбетон хийц ХХК-д холбогдуулан 30 946 750,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр талууд эвлэрч нэхэмжлэлийн шаардлага 30 946 750,14 төгрөгийг хариуцагч, 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 10 946 750,14 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээний үнийн дүн буюу 30 946 750,14 төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон төлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч Конкретбетон хийц ХХК-ийн нэхэмжилсэн 30 946 750,14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, 2017 оны 07 дугаар сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний дотор 1 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 10 946 750,14 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас 312 684 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА