Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2022/00052

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 10-1А тоот, “******* *******” ХХК /РД:6299296, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ын нэхэмжлэлтэй

 

    Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг, задгай 6 дугаар хэсэгт оршин суух ******* ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох

 

   “ Зээлийн гэрээний үүрэгт 57442600 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:… 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.******* нь “******* *******” ХХК-тай 19000114 дугаар “Зээлийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г тус тус байгуулж, 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Ланд круйзер 200 маркийн 45-19 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 26000000 төгрөг, хүү 18442600 төгрөг, алданги 13000000 төгрөг нийт 57442600 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ц.******* үүрэг гүйцэтгэх хугацааг 608 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар “Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх”-ийг ойлгох ба зээлдэгч зээл авсан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч Ц.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд Ц.*******гаас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26000000 төгрөг, хүү 18442600 төгрөг, алданги 13000000 төгрөг нийт 57442600 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч “******* поайм” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хариуцагч Ц.******* зээлийн гэрээ байгуулаад 26000000 төгрөгийг хүлээн авсан. Талууд зээлийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож хүчин төгөлдөр гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 26000000 төгрөг хүү 18442600 төгрөг, алданги 13000000 төгрөг нийт 57042600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харилцагч Ц.******* нь зээл авах үедээ би хамгийн боломжтой нь, миний тээврийн хэрэгсэл, миний машиныг ингэж үнэлээч гэж зээлийн гэрээ байгуулж авсан атлаа өнөөдрийн шүүх хуралдаанд ирэхээрээ би төлбөрийн чадваргүй, хэцүү гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрт: 26000000 төгрөгийг бэлнээр аваад энэ 45-19 УНТ гэсэн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгэх өмчлөлийн гэрээ байгуулж аваад өмнөх зээлээ тэр мөнгөнөөсөө хаасан байдаг ийм л асуудал байгаа. Гуравт: бид нар Ц.*******тай удаа дараа ярьж холбогдож та энэ төлбөрөө төлөөч, тэр даатгалын асуудал байвал та хөөцөлдөөд яваач, та эзэмшигч нь бид нар таны өмнөөс даатгалыг хөөцөлдөх боломж хуулиар ч, бүх зүйлээрээ байхгүй, гэрээний үүргийн дагуу гэж байтал нөхөр Батболд тэгсэн гээд учир битүүлэг юм ярьчхаад 3 сар боллоо ямар ч сураг чимээ байдаггүй. Ингээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаад шүүхэд нэхэмжлэл гаргахад Улаанбаатарт байдаг хаягаасаа байхгүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй ийм байдалтай байсан. Та хаана амьдарч байгаа вэ хаягаа хэлчих гэхэд хэлээгүй бид арга буюу шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулаад Ц.*******г Сэлэнгэ аймагт оршин сууж байгаа нь тогтоогдож энэ хугацаанд Ц.******* зээлийн гэрээний үүргээ хангах талаар тэр Батболдтойгоо уулзах асуудлаа шийдэх бүрэн боломжтой байтал өнөөдрийн байдлаар үүний араас санаа зовоогүй гэрээний үүргээ биелүүлэх нэг ч санаачилга санал гаргаж байгаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү..гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Миний бие нь “******* ******* " ХХК-аас зээл авсан нь үнэн болно. Тухайн үед зээлийн үлдэгдэл 5850000 /таван сая найман зуун тавин мянга/-н төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нэмж 20000000 /хорин сая /төгрөг зээлж 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр авч нийтдээ 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийн зээлтэй болсон. Уг зээлийг авахдаа миний баталгаат нөхөр болох Чулуунбаатарын Батболд бид хоёр хувааж авсан. Тэр үед бага хүү маань Солонгост сурах болсон учир 10000000 /арван сая/ төгрөгийг хүүгийн сургалтад зориулахаар би авч, 10000000 /арван сая/ төгрөгийг Ч.Батболд өөрөө хэрэглэхээр авсан. Иймд би энэ асуудалд ганцаараа хариуцагч биш, Ч.Батболд хамтран хариуцагчаар татагдах ёстой учир миний бие ганцаараа хариуцахгүй гэдгээ мэдэгдэж байна. Мөн “Монре” даатгалд даатгуулсан даатгалын мөнгийг “******* *******" ХХК надад мэдэгдэж асууж зөвшөөрөл авахгүйгээр Ч.Батболдод 11700000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн өгсөнд би гомдолтой байна. Би энэ мөнгийг зээл авсан компани руугаа шилжүүлэхийг удаа дараа сануулж анхааруулсаар байхад Ч.Батболдын данс руу шилжүүлж хувь хүнд илүү боломж олгосон. Энэ нэхэмжилж байгаа 57442000 /тавин долоон сая дөрвөн зуун дөчин хоёр мянга/ төгрөгийн хохирлыг би зөвшөөрөхгүй. Надад одоогоор ямар ч эх үүсвэр байхгүй, би улс орон байтугай, дэлхий даяараа ковидоос болж эдийн засаг хүнд, ямар ч ажил явах боломжгүй байсан учир зээл хойшлуулах тухай асууж байсан “компани боломжгүй" гэж хариулт өгч байсан. Алданги болох 13000000 /арван гурван сая/ төгрөгийг төлөх ямарч боломжгүй зөвшөөрөхгүй болно...гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:...Би 2018 оны 05 сарын 02-ноос эхлээд “Тайгын булаг” гэж барьцаалан зээлдүүлэх газар байхаас эхлээд үйлчлүүлж байгаа. Бараг гурван удаа зээл авсан.  Өмнө нь ямар ч асуудалгүй төлсөн. Сая сүүлд авсан зээлд хамтарч орсон Ч.Батболд бид хоёр тусдаа амьдраад байсан учраас дундаас гарсан хүү Солонгос явах болоод зайлшгүй мөнгөний хэрэг гараад намайг машин нэр дээр чинь байгаа юм чинь чи хэдэн төгрөгийн зээл аваадхаач гээд бид нар 10000000 төгрөг барьцаанд байршуулах байсан юм. Тэгээд нийлж байгаад хоорондоо яриад 20000000 төгрөг  болгож аваад өмнөх зээлийн үлдэгдэл байсан тэгээд бэлнээр 2021 оны 01 дүгээр сарын 27-нд 17000000 төгрөг шилжүүлгээр авсан юм. Хамтран амьдрагч Төгсбаярын данс руу орсон. Шинэбаяр гэж хүнээс над руу шилжүүлсэн. Тэгээд 26000000 төгрөг болчхоод үлдэгдэл зээлтэй байсан учраас түүнийгээ оруулсан. Хамгийн гол нь би өөрөө сүүлийн 4 жил шахуу ямар ч ажил хийж чадахгүй, өөрөө хүнд мөнгөө зээлдүүлээд алдаад авах ямар ч боломжгүй болсон. Мөн нөхөр хоёр тийшээ болсноос хойш энэ өрийг өөрөө хариуцаж авна гэж ярьж надаар авхуулсан байсан. Нэг ч төгрөг төлөөгүй байж байгаад намайг ийм байдалд оруулаад, машин миний нэр дээр байгаа учраас л би өнөөдөр энд зогсож байна. Дарханд энэ машин унасан байна шүү гэж ярихад та манай хуулийн зөвлөхтэй ярь гээд бас нэг 9909 тэй утас өгч байсан. Тэгээд би өөрөө яриад энэ машин 3, 4 хоногийн өмнө Дарханы зам дээр зам тээврийн осол гаргаж унасан байна. Гэхдээ хүн амьтан зүгээр, Ч.Батболд өөрөө уг машиныг унаад явж байгаа гэж би анхааруулсан. Зарах сурагтай байна гээд би анхааруулж өөрөө хэлж байсан. Өөрөө мэдээлэл өгч байсан. Эдний хуулийн зөвлөх нь байс гээд л хүн нь солигдоод байсан. Бас нэг хүнтэй ярьтал за мэдлээ гэсэн. Би хэлж байна шүү. Даатгалаас мөнгө авна гэж байна. Даатгалын мөнгө надаар орж гарах ёстой биз дээ. Эзэмшигч нь би юм чинь гэхэд тэгнэ гэсэн. Тэрийг анхааралдаа аваадхаач тэгвэл зарна гэж байгаа юм чинь тэр мөнгийг ч гэсэн би зээл рүүгээ татуулмаар байна гэж би өөрөө хэлж байсан. Надад нэг ч тодорхой хариу өгөөгүй мөртөө нэг л өдөр намайг Баянгол дүүргээс таныг эрэн сурвалжилж байна гэж ярьсан. Бас нэг удаа би энэ Батнямыг ярьсан болов уу гэж бодож байна. Ковид гээд ажилгүй нэлээн байж байтал зун над руу утасдаад ядахнаа 29000000 төгрөг төлөөд зээлээ хаах арга байна уу. Та Ч.Батболдтой холбогдооч гэхээр нь би холбогдохоор өөдөөс орилж хашхираад загнаад надад ярих хэцүү, би бамбайн асуудалтай өөртэй нь ярьчих өөрөө Баянгол суманд 17 км-т ийм ажил явуулдаг гээд би бүр хэлж өгөөд, хамт амьдарч байгаа хүнийх нь утасны дугаарыг хүртэл өгсөн. Одоо өнөөдөр би бараг өөрөө гудамжинд гарах болсон. Миний хүүхэд намайг зовоодоггүй явж байгаа тулдаа би явж байгаа. Би өөрөө ямар ч орлогын эх үүсвэргүй л байна. Одоо л хил гааль нээгдвэл ажил төрөл олж хийх бодолтой явж байна. Ах, дүү нар, ээж, аавынхаа хүчинд л амьдарч байна. Тэр машиныг очоод булаагаад авчхаж чадахгүй. Миний үгэнд ордог ч хүн биш. Одоо ч Ч.Батболд Баянголд үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Намайг хохь нь чиний нэр дээр байгаа гээд байдаг. Би “Монре” даатгалаас Ч.Батболд 11700000 төгрөг авчихсан байгаа юм. Би “Монре”-гээс асуухад ямар үндэслэлээр авсан юм бэ гэхэд албан тоот ирээд өгсөн гээд байгаа. Хэн өгсөн нь мэдэхгүй байгаа. Тоот гаргасан хүнээ олоод ир гээд надад тэр өгөхгүй шүү дээ. Би зугтаагүй. Утасны дугаар зарагдсан. Ковидын үеийн хууль үйлчлэх юм уу. Бид нарын үйл ажиллагаа зогсоод эко цагдаа гээд хаашаа ч хөдлөхгүй 2, 3 жил болчхоод байна. Би ах дүү нараа л гуйж байгаа. Би ядахнаа 26000000 төгрөгийг төлөх юмсан гэж бодож байна. Би 2020 оны 01 сарын 27-нд Шинэбаяраас гээд 17000000 төгрөг Төгсбаярын данс руу хийлгэж авсан. Би үлдэгдэл зээлтэй байсан. Үлдэгдэл зээлэнд нэмж 17000000 төгрөг л авсан. Гэхдээ би даатгал бүх юмаа шинээр хийлгээд одоо надад Шинэбаяраас авсан баримт нь ч байгаа. 17000000 төгрөг орж ирсэн. Тэгээд би та нарт би өөрөө анхааруулж хэлсэн, машин аваар хийж унасан байсан. Би энэ хүнтэй ойлголцохгүй хэцүү хүн гэж би та нарт өөрөө хэлсэн. Би ганцхан та нартай холбогдох дугаараа алдчихсан байсан юм. Бусдаараа би Баянгол дүүргийн хаягаас шилжээд 3 жил болсон. Би өөрөө хаягаа тэр эрэн сурвалжлахад чинь өгсөн.  Та нар өөрсдөө Баруунхараад байгаа гэж хэлээд байхад өөрсдөө харин хандаагүй шүү. Та нар тэртээ тэргүй энэ хариуцагч юм гэсэн байдлаар хандсан. Та нар жилийн 42 хувийн хүүтэй. Тэсгэн хирнээ бид нарын эд хөрөнгөд өөрсдөө яадаг билээ. Ер нь бол бас яс юманд та нар өөрсдөө маш өндөр хүүтэй байсан. Аргагүй эрхэнд ямар ч гэрээ уншихгүйгээр тэрийг чинь хийдэг шүү. Ч.*******г хариуцагчийг нь мэдсэн юм бол албан тоотыг нь яагаад гаргаж өгсөн юм. 11700000 төгрөг их юм шүү дээ. Татаад ав гэж зөндөө л гуйж байсан шүү дээ та нараас, нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 57442600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 19000114 дугаар бүхий “Зээлийн гэрээ” байгуулж, 26000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээ байгуулж, мөн өдрөө 19000114 дугаар бүхий “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” байгуулж, зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө болох TOYOTA Land Cruiser 200 маркын тээврийн хэрэгслийг барьцаалж, зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, зээлийн барьцаа болох тээврийн хэрэгслийн эзэмших, ашиглах эрх зээлдэгчид үлдсэн байна.

Уг зээлийн гэрээний дагуу Ц.******* нь “******* *******” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 26000000 төгрөгийг, 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдүүлэгчээс 26000000 төгрөг зээлдэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон барьцаат зээлийн тооцооны хуудас,  талуудын тайлбараар нотлогдож байна. Дээрх зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулж, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээнд хамаарах ба фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ”. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”. Мөн хуулийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх ба энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү шаардах эрхээ алдахаар зохицуулсан бөгөөд зээлийн гэрээг бичгээр хийсэн тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй.

       Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа:”... Миний бие нь “******* ******* " ХХК-аас зээл авсан нь үнэн болно. Тухайн үед зээлийн үлдэгдэл 5850000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нэмж 20000000 төгрөг зээлж 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр авч нийтдээ 26000000 төгрөгийн зээлтэй болсон. Уг зээлийг авахдаа миний баталгаат нөхөр болох Ч.Батболд бид хоёр хувааж авсан. Тэр үед бага хүү маань Солонгост сурах болсон учир 10000000 төгрөгийг хүүгийн сургалтад зориулахаар би авч, 10000000 төгрөгийг Ч.Батболд өөрөө хэрэглэхээр авсан. Иймд би энэ асуудалд ганцаараа хариуцагч биш, Ч.Батболд хамтран хариуцагчаар татагдах ёстой учир миний бие ганцаараа хариуцахгүй гэдгээ мэдэгдэж байна. Мөн “Монре” даатгалд даатгуулсан даатгалын мөнгийг “******* *******" ХХК надад мэдэгдэж асууж зөвшөөрөл авахгүйгээр Ч.Батболдод 11700000 төгрөгийг шилжүүлэн өгсөнд би гомдолтой байна. Би энэ мөнгийг зээл авсан компани руугаа шилжүүлэхийг удаа дараа сануулж анхааруулсаар байхад Ч.Батболдын данс руу шилжүүлж хувь хүнд илүү боломж олгосон. Энэ нэхэмжилж байгаа 57442000 төгрөгийн хохирлыг би зөвшөөрөхгүй. Надад одоогоор ямар ч эх үүсвэр байхгүй, би улс орон байтугай, дэлхий даяараа ковидоос болж эдийн засаг хүнд, ямар ч ажил явах боломжгүй байсан учир зээл хойшлуулах тухай асууж байсан “компани боломжгүй" гэж хариулт өгч байсан. Алданги болох 13000000 төгрөгийг төлөх ямарч боломжгүй зөвшөөрөхгүй болно... зээлийн барьцаанд байсан тээврийн хэрэгслийг Ч.Батболд унаж яваад Дарханы зам дээр зам тээврийн осол гаргаж унасан байна. Гэхдээ хүн амьтан зүгээр, Ч.Батболд өөрөө уг машиныг унаад явж байгаа гэж би зээлдүүлэгчид анхааруулсан. Зарах сурагтай байна гээд би анхааруулж өөрөө хэлж, мэдээлэл өгч байсан...” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгчээр зөвхөн Ц.******* оролцсон байх бөгөөд Ч.Батболд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байдал тогтоогдоогүй байна.

Мөн зээлийн гэрээний 2.15-д зээлийн барьцаа болох тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах бүрэн эрх зээлдэгчид үлдэх тул зээлдүүлэгч доорх зөрчлийн улмаас үүсэх хариуцлагыг хүлээхгүй бөгөөд зээлдэгч бүрэн хариуцна. 2.15.4-т гуравдагч этгээдэд жолоо шилжүүлсний улмаас үүсэх зөрчил, маргаан. 3.2-т зээлдэгчийн эрх үүрэг. 3.2.3-д зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги, зээлийн хүү, үндсэн зээл, зээлтэй холбогдон гарсан төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй. 3.2.5-д зээлдэгч фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг зээлийн гэрээний хугацаанд эзэмших бөгөөд энэхүү хугацаанд автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй. Фидуцийн гэрээний 4.14-т үүрэг гүйцэтгэгч нь фидуцийн гэрээний зүйл болох авто машины үзэмж, чанар, үнэлгээ, бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах бөгөөд хулгай, дээрэм, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх хамгаалах үүрэгтэй. 5.7-д зээлийн барьцаа болох тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах бүрэн эрх зээлдэгчид үлдэх тул зээлдүүлэгч доорх зөрчлийн улмаас үүсэх хариуцлагыг хүлээхгүй бөгөөд зээлдэгч бүрэн хариуцна. 5.7.3-т гуравдагч этгээдэд жолоо шилжүүлсний улмаас үүсэх зөрчил...” гэж тус тус заасан тул хариуцагчийн  “...зээлийн барьцаанд байсан тээврийн хэрэгслийг Ч.Батболд унаж яваад Дарханы зам дээр зам тээврийн осол гаргаж унасан...” гэж тайлбарлаж буй барьцааны зүйл болох авто машиныг хариуцагч бусдад шилжүүлсний улмаас учирсан хохиролд нэхэмжлэгч талыг буруутай гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал няцаагдаж байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Ц.*******гаас зээлийн гэрээний гүйцэтгэгдээгүй үүрэг 26000000 төгрөг, хүү 18442600 төгрөг, алданги 13000000 төгрөг, нийт 57442600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасанг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445170 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 445170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар харуицагч Ц.*******гаас нийт 57442600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445170 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 445170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ