Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч У.Д*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Д*******т холбогдох эрүүгийн 2515000000005 дугаартай, 304/2025/0031/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С******* овогт У******* Д*******, Булган аймгийн Булган суманд 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн “******* ******* *******” байрны.... тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ГЮ94080110.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У.Д******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шалтгаангүйгээр эхнэр Б.Н*******ийг хардаж Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “******* *******” ******* байрны гадаа болон машинд оруулж нүүр, цээж, толгой рүү нь цохиж зодох, үснээс нь зулгааж дагзаар нь савах, хоолойг нь боох зэргээр олон удаагийн давтамжтай үйлдлээр хохирогч Б.Н*******ийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч У.Д******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг нутагт байрлах  “******* ******* *******”  байрны гадна эхнэр Б.Н*******ийг бусадтай “хардаж” хэрүүл маргаан үүсгэн байрны гадаа болон машин дотор түүний нүүр, цээж толгой рүү нь цохиж зодох, үснээс нь зулгааж дагзаар нь савах, хоолойг нь боох зэргээр зодож  “уруулын дотор баруун, зүүн дээд язарсан шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, хохирогч Б.Н*******ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, гэрч Д.Н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч О.Д өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, гэрч Н.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Д******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд өөрийн сонгон авсан  өмгөөлөгч Ж.Ариунжаргалын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт

У.Д*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр эхнэр Б.Н*******ийн биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарна гэж заасан.

Шүүгдэгч У.Д*******, хохирогч Б.Н******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”-аар тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч У.Д*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Н*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч У.Д*******ыг хохирогч Б.Н*******т төлөх төлбөргүйд тооцлоо.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруугийн талаар маргах зүйлгүй байна. Шүүгдэгч, хохирогч нар эхнэр, нөхрийн харилцаатай бөгөөд эрүүл мэндийн хохирол, сэтгэл санааны хохирол зэргийг шаардахгүй, мөн тэд одоо эвлэрч хамт амьдарч байгаа. Хэргийг хялбаршуулсан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа хууль зүйн үр дагаврыг ойлгож ухаарч байгаа. Иймд прокурортой тохиролцсон ялын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч У.Д******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч У.Д*******ын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч У.Д*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Д*******т тусгайлан сануулав.

2.2. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч У.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* овогт У******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д*******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Д*******т сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч У.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Д*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ