Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 179

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

            иргэдийн төлөөлөгч Ууганзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяа,

түүний өмгөөлөгч Г.Батцэцэг /№1664/,

шүүгдэгч Б.Нямбуубаатар, Б.Намхайнямбуу, тэдгээрийн өмгөөлөгч Д.Баттөмөр /¹ 0018/, Н.Энхтөр /№ 2204/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Б.Нямбуубаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар Б.Намхайнямбуу нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201619000273 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, барилга угсралтын "ЦЭЭБ" ХХК-нд барилгын инженер ажилтай, ам бүл 3, эх дүү нарын хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 4-12 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-16 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жүрхэн овогт Барсболдын Нямбуубаатар /РД:УХ89081892/,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 , эхнэр хүүхдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-16 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 4-12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Жүрхэн овогт Барсболдын Намхайнямбуу /РД: ХЕ87100910/,

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Б.Нямбуубаатар нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-16 тоотод төрсөн эцэг Ц.Барсболдыг 5-6 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар алсан ба улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар баг "Булгийн тохой" гэх газарт шатаасан,

Б.Намхайнямбуу нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-16 тоотод дүү Б.Нямбуубаатарын төрсөн эцэг Ц.Барсболдыг 5-6 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун дарагдуулсан             гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Нямбуубаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ээж бид хоёр ажилтай гадуур явж байгаад гэртээ ирэхэд аав согтуу унтаж байсан бөгөөд сэрээд архи нэхэхээр нь ээж 1 шил архи гаргаж өгсөн. Би архийг нь нуухад аав “архи өгөхгүй бол судсаа ханана шүү” гээд хутга барьж байсан. Аав Барсболд архиа уучихаад ээж бид хоёрыг янз бүрээр хэлж байсан. Эхлээд ээж бид хоёр хэлсэн үгийг нь тоолгүй чимээгүй байсан. Тухайн өдөр аав, ээж бид 3 байсан. Тэгтэл аав архиныхаа талыг уучихаад ээжийг гал тогооны өрөөнд байхад ээжийн цээж рүү 2 удаа хүчтэй цохихоор нь дундуур нь орж салгаад “та хоёр өмнөх амьдралаа ярих байсан бол яах гэж нийлсэн юм” гэж хэлээд ээжийг ахын гэр рүү явуулсан. Ээж яваад өгсөн чинь аав над руу дайраад “намайг шоронд явуулаад сайхан байсан уу” гэж хэлсэн. Би хэлсэн үгийг нь тоохгүй байсан. Аав нас барсан өвөөг хүртэл хэрүүлдээ оруулаад байхаар нь ээжийнхээ талыг өмөөрөөд урдаас нь үг хэлсэн. Тэгээд би гал тогооны өрөөнд ороод сууж байтал намайг 2 удаа хүчтэй цохихоор нь аавыг өөрөөсөө холдуулж түлхээд том өрөөнд ороход аав ширээн дээр байсан маслоны хутгыг бариад орж ирэхээр нь “аав та хүүгээ алах гэж байгаа юм уу” гэж хэлэхэд “чамайг төрүүлсэн юм чинь алсан ч яадаг юм, шоронд чам шиг банди нарыг засдаг юм” гэж хэлээд дайрсан. Би тухайн үед маш их айж сандарч цочирдоод хутгыг нь авах гээд ноцолдсон. Тухайн үед үйл явдал хурдан болж өнгөрсөн. Би аавтай ноцолдож байгаад унахдаа хутгатай гар дээр нь унасан. Гэтэл аавын цээжин тус газар хутга зоогдсон байхаар нь сугалж авахад маш их цус гарсан. Би тухайн үед юу хийх ёстойгоо мэдэхгүй шоконд орсон. Тэр хооронд аав Барсболд маань нас барсан. Би аавыг нас барсныг мэдээд айж сандарч тайвшрахын тулд аавын үлдээсэн архинаас 2-3 удаа уусан. Тэгээд тайвшраад цагдаа дуудах талаар бодсон боловч шоронд орохоос айсан. Тэгээд хөдөө гаргаад хаячихвал хэн ч мэдэхгүй юм шиг санагдсан. Тухайн үед машин хэрэг болоод Намхайнямбуу ахыг дуудсан.  Намхайнямбуу ах гэрт орж ирээд бүгдийг ойлгоод намайг загнаж зэмэлсэн. Намхайнямбуу ах цагдаа дуудая гэж хэлэхээр нь “би ганц дүү чинь шүү  дээ, цагдаа дуудвал амиа хорлоно” гэж ятгасан учраас Б.Намхайнямбуу ах машин барьж явахыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд аавыг хөдөө аваачиж шатаасан гэв.

Шүүгдэгч Б.Намхайнямбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охиноо цэцэрлэгээс нь авчихаад гэртээ ирэхэд ээж утсаар “аав чинь агсам тавиад гэртээ хонохооргүй болчихлоо” гэж хэлээд ирсэн. Тэгээд хоолоо идчихээд байж байтал Б.Нямбуубаатар залгаад “миний машиныг аваад ир” гэж хэлэхээр нь 100 айлаас 7 буудалд аваачиж өгсөн. Тэгээд хашаанд ороход Б.Нямбуубаатар гэрээс гарч ирээд “аавын амь насыг хөнөөсөн” гэж хэлэхээр нь гэрт гүйж орсон. Би 7 буудлын гэрт болдог үйл явдлыг дам сонссон болохоос нүдээр харсан зүйл байхгүй. Би тухайн өдөр 7 буудлаас шувуун фабрик, шувуун фабрикаас 7 буудал хүртэл машин жолоодож явсан. Тэрнээс өөрөөр энэ хэрэгт оролцсон зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүн ёсноос гадуур зүйл хийж эцгийгээ хөнөөсөн боловч миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: … 2016 оны 4 дүгээр сарын дундуур анх дүү Энхбат над руу утсаар яриад -Ганчимэг над руу яриад танай ах чинь 2016 оны 3 дугаар сарын 18-нд гэрээс 50.000 төгрөг аваад цэргийн баяр тэмдэглэнэ гэж хэлээд гарсан. Одоо болтол алга гэртээ ирээгүй 20-оод хоночихлоо гэж байна гэсэн. ... Маргааш нь Энхбат, Ганчимэг рүү залгаад асуусан гэсэн тэгсэн Ганчимэг -танай ах чинь хорооллын эцэст Оюу толгойнхоо хэдэн найзуудтайгаа архидаад явж байна гэнэ гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би -яахаараа тэгж гэртээ очилгүй ийм олон хоног алга болдог юм бэ, арай наадуул чинь алаад хаячихсан юм биш биз дээ гэсэн. ...2016 оны 5 дугаар сарын 20-ны орой шиг санаж байна. Зурагтаар хиймэл шүднийх нь зургийг харуулахаар нь л би шууд Барсболдын шүд байна гэж шууд таньсан. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 21-ний шөнө над руу цагдаагаас яриад -Та Ганчимэг, Норов гэдэг хүнийг таних уу гэсэн. Би танина гэдгийг хэлээд тэр шөнөдөө Мөрдөн байцаах газар дээр очиж мэдүүлэг өгсөн. ... Маш их гомдолтой. Анх дүүгээ хайж байхад биднийг маш их төөрөгдүүлж байсан. Оршуулгын зардалыг нэхэмжилж байна. Нийтдээ 9.593.200 төгрөгний зардал гарсан ... гэх мэдүүлэг /1хх-ийн 151-152х/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 20-нд гаргаад ах Ц.Барсболдыг хүүхдүүд нь алаад шатаасан гэж Ж.Энхтуяа эгчээс дуулж мэдсэн. ... Миний төрсөн ах Ц.Барсболд 1963 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Цэрэнпилийн 6 хүүхдийн дээрээсээ 4 дэх хүүхэд болон Улаанбаатар хотод төрсөн. 17 дугаар сургуулийн 10-р ангийг төгсөн.. Автобаазад слесарийн ажил хийж байгаад жолооч мэргэжил эзэмшсэн. Насаараа жолооч хийж байгаа хүн.

Т.Ганчимэгтэй 1985 оны үед танилцан гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. Том хүүг нь Б.Нямбуубаатар, дараагийн хүүг нь Намхайнямбуу, охиныг нь Хулан гэдэг. 2000 оны үед эхнэрээ зодсон гээд салаад, өөрөө хорих ял шийтгүүлж байсан. Шоронд 1 жил гаран сугаад гарч ирээд жолооч хийж байгаад сүүлд Оюу толгойд ажиллаж байгаад 2014 оны үед эргээд салсан эхнэр Ганчимэгтэй гэр бүл болсон... зан байдлын хувьд хүлээцтэй, тэвчээртэй тайван зөөлөн хүн байсан. Эхнэр хүүхдээсээ салсан үедээ ч гэсэн эхнэр хүүхдээ гэсэн зантай хүн байсан. Найз нөхдийн хувьд хүнтэй их нийтэч зантай... Миний ахыг хүүхдүүд нь алчихсан гэхээр "арай ч дээ" гээд одоо болтол итгэхгүй байна.

... 2016 оны 3 дугаар сарын дундуур л огт холбоогүй алга болчихсон юм. Одоо санаж байхад 2016 оны 3 дугаар сарын 14 билүү 15-ны өдөр миний ачааны машиныг авна гэж ярьж байгаад таг алга болчихоор нь би утас руу нь 2-3 хоногийн дараа залгахад холбогдох боломжгүй байсан. Дараа нь 3 дугаар сарын сүүлээр залгахад бас утас нь холбогдох боломжгүй байсан.

Тэгээд ажилтай явж байгаа юм болов уу гэж бодоод явж байтал Т.Ганчимэг над руу 2016 оны 3 дугаар сарын сүүлээр -Ах чинь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр сейфнээс 50.000 төгрөг аваад алга болчихлоо гэхээр нь би -ямар сонин юм бэ тэгж олон хоногоор алга болох хүн биш дээ. Цагдаад хандаж хайлгаарай гэж хэлээд өнгөрсөн... гэрийнхэнтэйгээ эвтэйхэн харьцаатай байсан. Барсболд ах чихрийн шижин өвчтэй гэж ярьж байсан....2012 оны үед авто осолд ороод нуруу билүү гар нь өвддөг байж байгаад зүгээр болсон юм. Би хүүхдүүдийнх нь талаар сайн мэдэхгүй, гэхдээ харж байхад Намхайнямбуу зөөлөн зантай, Нямбуубаатар нь ширүүн догшин зантай хүмүүжсэн юм шиг байсан. Эхнэр Т.Ганчимэг нь дандаа мөнгө ярьсан эдийн шуналтай хүүхэн. 2000 оны үед эхнэрээ зодоод шоронд ороход нь бол эхнэр нь цагдаа хүнтэй явалдаад эхнэрээ зодож байсан юм. Зан байдлын хувьд зальтай...

Миний хувьд гомдолтой байгаа. Хуулийн дагуу үнэн зөвөөр ял шийтгэлийг нь оногдуулж өгөөсэй гэж хүсэж байна. Ер нь эцгийгээ ямар нэгэн байдлаар алсан байлаа ч гэсэн зөөвөрлөж тээвэрлээд шатааж хүн танигдахгүй болтол нь доромжилсонд нь дургүй хүрээд байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 154-157х/

 

Гэрч А.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын сарын 15-наас 16-ны үед өөрийн хашааны хүн Пунцагцэрэнтэй хамт Туул голын эрэг рүү модонд явсан юм. Модоо бэлдээд гэр лүүгээ авч явах гээд баз хүргэн Бямбадорж морин тэрэгтэй ирж ачиж хүргэж өгнө гээд хүлээж байхад ирэхгүй болохоор нь цаашаа модны гүн рүү явж ирж байгаа эсэхийг харах гээд явтал замд модон дунд харалсан юм харагдсан. Би тэр үед мал үхчихсэн юм болов уу гэж бодоод сайн лавшруулаад хартал дээшээ харсан эрэгтэй хүн юм уу гэмээр хүн шатсан байдалтай хэвтэж байсан ... гэх мэдүүлэг /3хх-ийн 2х/

 

Гэрч Б.Цэрэнпунцагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Хосбаярын хамт би хүрэн морьтой Хосбаяр хонгор халзан даагатай 13 цагийн үед гараад гол ороод бургасаа түүж байгаад 14 цагийн орчим малын сэг шиг юм олж хараад ойртоод хартал толгой нь хойд зүгт, бие нь дээшээ харчихсан шатчихсан бараг бүтнээрээ шахуу хүн байсан... тэгээд Хосбаярт хэлсэн чинь харчихаад хүн юм байна гэж байсан ... гэх мэдүүлэг /3хх-ийн 17-18х/

 

Гэрч Х.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 28 -ны өдөр Ганчимэг жижүүрийн 102 дугаарын утас луу залгаж Барсболдыг сураггүй алга болсон гэж эрэн сурвалжилалт зарлуулж байсан. Би 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эрэн сурвалжлалтыг хүлээн авч цагдаагийн байгууллагын нэгдсэн санд зарлаад 4 дүгээр сарын 30-ны өдөр сарын дүн мэдээ таслах өдөр байсан учраас эрэн сурвалжлалтыг зогсоосон. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Барсболдын эхнэр Ганчимэг 18 дугаар хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд хорооны цагдаа ахлах ахлагч Хатанбаатарт эрэн сурвалжлуулах талаар өргөдлөө өгсөн байсан. Тэгээд би 5 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн нэгдсэн сангаар орж Барсболдыг сураггүй алга болсон хүнээр эрэн сурвалжилалт зарлаж эхнэр Ганчимэгээс тайлбар байцаалт авсан. Ганчимэг тайлбартаа "манай нөхөр Барсболд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ ганцаараа гараад сураггүй явж байгаад 3 дугаар сарын 18-ны өдөр гэрт орж ирээд сейфнээсээ 40.000 төгрөг аваад 7-н буудалд найзууд хүлээж байгаа найз нартайгаа хамт цэргийн баяр тэмдэглэнэ гээд гарсан тэрнээс хойш сураггүй байгаа" гэж мэдүүлсэн. Гэртээ орж ирэхдээ хэн нэгэнтэй маргаж муудалцаагүй гэж байсан. Барсболд гаднаас орж ирэхдээ халамцуу байсан гэж мэдүүлсэн ... гэх мэдүүлэг /3хх-ийн 34х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 07 -ны өдрийн 4651 дугаартай: “...1.Б.Намхайнямбуу, Б.Нямбуубаатар нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358. ТН01. D21S11. D18S51. Penta Е. D5S818. D13S317. D7S820. D16S539. CSF1P08 Penta D. Vwa. D8s1179. Трох. FGA гэсэн локусын аллелиар тогтоов. -Ц.Барсболд буюу Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг "Булгийн тохой"-аас шатсан байдалтай олдсон гэх цогцосны ДНХ-ийн тогтоцыг 3900 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтээр гаргасан байна.

2.3.Ц.Барсболд нь аутосомын ДНХ-ийн D3S1358. ТН01. D21S11. D18S51. Penta Е. D5S818. D13S317. D7S820. D16S539. CSF1P08 Penta D. Vwa. D8s1179. ТРОХ. FGA локусын аллелиар Б.Намхайнямбуугийн биологийн эцэг байх боломжтой байна. - Ц.Барсболд нь аутосомын ДНХ-ийн D3S1358. ТН01. D21S11. D18S51. Penta Е. D5S818. D13S317. D7S820. D16S539. CSF1P08 Penta D. Vwa. D8s1179. ТРОХ. FGA локусын аллелиар Б.Нямбуубаатарын биологийн эцэг байх боломжтой байна. ... гэх шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 154х/.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны №750 тоот нэмэлт шинжилгээний акт:

“...1.Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн металл гүүрэн суурьтай үүдэн болон арааны нийт 4ш лавай суурин шүдтэй металл бэхлэгчтэй хиймэл шүд нь уг шатсан цогцосны гавлын ясны доод эрүүнд тохирч байна. 2.Доод эрүүний ясны шүдгүй буйл хэсэгт болон металл холбогч цагираг зэрэг нь бэхлэх хэсэгтээ шүдний хэмжээ хоосон зай зэрэгт таарч байгаа тул уг цогцосны доод эрүүнд байсан хиймэл шүд байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 139х/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаар дүгнэлтэд: Б.Нямбуубаатарын сэтгэцийн талаар шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 905 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэрэг гарах үед Б.Нямбуубаатарын сэтгэцэд амь хохирогчийн үйлдлээс болж өөрчлөлт ороогүй болно. 3.Тухайн хэрэг учрал болоход Б.Нямбуубаатарын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаагүй болно. Сэтгэцийн онош: эрүүл /5хх-ийн 34-39х/

      Яллагдагч Б.Намхайнямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 3 дугаар сарын 16-ны орой 18 цаг өнгөрч байх үед намайг гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал манай ээж Т.Ганчимэг миний 95017771 дугаарын утас руу 99848422 дугаарын утаснаас залгаад "аав чинь 2 хоног архи уугаад чиний цагаан сараар барьж золгосон Болор архийг уугаад сууж байна. Бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж хуучны болсон үйл явдлуудаа дахин сэргээн ярьж агсам тавиад байна. Нямбуубаатар аав хоёр чинь хэрэлдээд байна. Дүү чинь намайг машин аваад танайх руу яв гээд байна. Намайг байхаар аав чинь улам агсраад байна" гэж ярьсан. Тэгэхээр нь -тэгвэл та хүрээд ир би хоол унд хийгээд байж байя гэсэн. Тэгээд ээж манай гэрт манай дүү Нямбуубаатарын эзэмшлийн /дугаарыг нь санахгүй байна/ Тоёота Прадо маркийн автомашиныг унаад 19 цагийн үед манай гэрт ирээд хоол идээд цай уугаад -аав чинь чиний өгсөн архийг уугаад сууж байна. Бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж хуучны болсон үйл явдлуудаа дахин сэргээн ярьж агсам тавиад байна. Ээж нь наашаа гарахдаа гэрт байсан бүх хутгануудаа нуучихаад ирлээ гэсэн. Тэгээд 19 цаг 40 минутын үед манай төрсөн дүү Б.Нямбуубаатар над руу залгахаар нь би бас л хэрүүл ярих гэж байна гэж бодоод утсаа салгаад байсан. Тэгтэл Б.Нямбуубаатар над руу 2-3 удаа залгаад намайг таслахад ээж рүү залгаад надтай яръя гэсэн. Тэгээд би Нямбуубаатартай ярихад -яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Миний машиныг аваад хурдан гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд би Нямбуубаатарыг аавтай зодолдоод толгой тархийг нь хагалчихсан юм байх гэж бодоод дүүгийнхээ машиныг бариад 7 буудалд аавын гэрт очсон. Намайг очих хооронд Нямбуубаатар 2 ч удаа залгаж -хурдан ирээчээ гээд байсан. Би аавын гадаа очиход манай дүү хашааны хаалгаа онгойлгоод намайг -машинаа ухраагаад оруулчих гэсэн. Би машиныг нь ухрааж хашаа руу оруулаад машинаас буухад дүү Нямбуубаатар надад -Би аавыг чинь алчихлаа чи намайг уучилна биз дээ гэсэн. Би дотроо арай үгүй байлгүйдээ гэж бодоод -худлаа яриад бай гэж хэлээд гэр лүү ороход манай аав дээгүүрээ цээж нүцгэн доогуураа дотуур өмдтэй зүрхэн тус газраа хутгалуулсан байдалтай амьсгал хураачихсан байсан. Тэгээд би дүүдээ -чи хэд хутгалсан юм бэ гэхэд манай дүү “-би 6-7 хутгалсан байхаа" гэж хэлсэн. Тэгээд би аавыг харахад амьсгалаад ч байгаа юм шиг байхаар нь би гараараа хамран дээр нь барьж үзэхэд аав амьсгалахгүй байсан. Аав махлаг болохоор цээжнээс нь гарсан цус хүзүү рүүгээ урссан байдалтай байсан. Тэгээд би дүүдээ -чи яаж байгаа юм бэ чи ингэж болохгүй ш дээ. Чи ирээдүйгээ бодсонгүй, үр хүүхдээ бодсонгүй тэнэг юм хийлээ дээ. Давхар намайг бас бодсонгүй. Би одоо яах юм бэ цагдаа дуудах уу? гэхэд манай дүү -би маш их бодож байж хийсэн гээд байсан. Тэр үед надад шууд цагдаа дуудах бодол орж ирээд цагдаа дуудъя гэхэд манай дүү - үгүй ээ тэгж болохгүй. Цагдаа дуудвал хоёулаа баларна. Хоёулаа ойрхон хээр гаргаад шатаачихъя. Амбаарт дизель түлш бэлдчихсэн байгаа гээд 1,5 литрийн хуванцар ундааны савтай түлш амбаараас гаргаж ирж үзүүлсэн. Тэгэхээр нь би дүү - хоёулаа ингэж болохгүй ээ гэхэд манай дүү над руу харж байгаад -чи надтай биз дээ чи миний талд биз дээ? Хоёулаа хорвоо дээр хоёулахнаа ш дээ гэж хэлсэн. Би дүүгээс -тэгээд чи яах гээд байгаа юм бэ гэхэд манай дүү -дизель түлшээ машиныхаа хойно хийгээд аавыг хувцас хунартай нь хамт авч яваад хойшоо Санзайд ч юм уу Шарга морьтод аваачаад шатаачихъя гэсэн. Тэгэхээр нь би -Би чамтай хамт явахгүй би гэртээ харьлаа гэхэд манай дүү -би архи уучихсан байна. Хэрвээ би машин барьж яваад цагдаа зогсоовол шууд баригдана ш дээ гэсэн. Тэгээд манай дүү аавыг гэрээсээ гарсан юм шиг болгоё гээд аавын өмд цамц, гутлыг аваад аавын цогцсыг орны бүтээлэгт ороогоод хашаанд байсан картон цаас, шуудайг авч дүүгийн машины ар талд дэвсээд дээр нь аавын цогцсыг гутал хувцсыг тавиад дүүгийн машиныг би бариад дүү хажууд суугаад бид хоёр 7 буудлаас гараад 32-ын тойрог, Баянбүрдийн уулзвар, 3,4-р хороолол, Гурвалжингийн гүүр, Яармагийн гүүр Яармаг, Нисэх, Биокомбинат, Шувуун фабрик гэсэн маршрутаар яваад Шувуун фабрикийн эцсийн гэр хороолол дуусах үед шороон замаар яваад тахианы аж ахуй өнгөрөөд Туул голын бургасанд очоод хэсэгхэн зурвас газар байхаар нь очиж аавын цогцсыг бүтээлэгтэй нь буулгаж газар тавиад дээрээс нь хувцаснуудыг нь тавиад дээрээс нь түлшээ цацаад дээрээс нь шуудайгаар хучаад дээр нь картон цаасаа үлдсэн түлшээрээ норгож тавиад асаах гэхэд Нямбуубаатарын авч очсон шүдэнзний хайрцагт 2 ширхэг шүдэнз үлдсэн байсан. Тэр 2 ширхэг шүдэнзээрээ Нямбуубаатар гал асааж чадаагүй. Тэгээд бид хоёр аавын цогцсыг тэнд нь үлдээгээд машинтайгаа буцаж яваад Шувуун фабрикийн эцсийн гэр хороолол дуусах үед шороон замд байдаг дэлгүүрт очиж 2 ширхэг шүдэнз, 2 ширхэг асаагуур, 1,5 литрийн ус нэгийг аваад цогцос тавьсан газар луугаа буцаж очих гэхэд жаахан төөрч будилж байгаад цогцос тавьсан газраа олж очсон. Тэгээд Нямбуубаатар түлшээр норгосон байсан картон цаасаа асаахад шууд гал асч дүрэлзэж шатаж эхэлсэн. Тэгээд бид 2 буцаад Шувуун фабрик, Биокомбинат, Нисэх, Яармаг, Богд уулын бэлээр явдаг зам, Маршалын гүүр, ЗЦГ, 13-р хорооллын шинэ замаар ороод 13-р хорооллын хамгийн баруун захын байранд очиж Нямбуубаатар найзаасаа машин угаалгах мөнгө гэж 40.000 орчим төгрөг авсан. Тэгэхэд орой 23 цаг өнгөрч байсан. Тэгээд Нямбуубаатар бид хоёр 13-р хорооллоос шууд төв замаараа ГХЯ, МУИС-ийн 1-р байр, 4-р дэлгүүр, 32-ын тойрог, 7 буудал гэсэн маршрутаар аавын гэрт очиход шөнийн 00 цаг өнгөрч байсан. Тэгээд би дүүгээ машинтай нь үлдээгээд аавын приус 20 маркийн автомашиныг унаж 7 буудлаас гараад 32-ын тойрог, 9-р дэлгүүр, 100 айл гэсэн маршрутаар явж гэртээ харьсан. Намайг гэртээ ирэхэд ээж Ганчимэг, дүү Хулан, эхнэр Наранчимэг нар юм ярьчихсан сууж байсан. Охин унтаж байсан. Ээж, эхнэр, дүү нар яав юу болов гэхээр нь би дүүтэйгээ аавын цогцсыг шатаачихаад буцах замдаа ярьж тохирсноороо -намайг очиход аавыг найз нь дуудаад гараад явсан. Нямбуубаатар бид 2 гэрээ цэвэрлэж байгаад би аавын машиныг авч халтуур хийж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар унтацгаасан. ... маргааш нь 12 цаг өнгөрч байхад дүү Нямбуубаатар намайг гэртээ хүрээд ир гэж дуудахаар нь хашаандаа очиход Нямбуубаатар манай хашаанд ирсэн байсан. Тэгээд Нямбуубаатар манай амбаараас өөрийнхөө хар иштэй сүхийг нүүрс хийдэг шуудайтай хамт аваад цагаан өнгийн торонд хийгээд авч явах гэхээр нь би -чи яах гэж байгаа юм бэ гэхэд Нямбуубаатар -аавын цогцосноос яс үлдсэн байвал жижиглээд шуудайлаад булчихъя гэж байсан. Нямбуубаатар тэр өдрийнхөө орой нь явна гэж байсан ч яваагүй байсан. Маргааш өглөө нь үүрээр эрт 10 литр дизель түлш авч очоод аавын цогцосноос үлдэгдэл үлдсэн байхаар нь 10 литр түлшээ асгаад шатаачихаад ирлээ, аавын ясанд хүрэх гэхээр зүрх хүрэхгүй байсан гэж хэлж байсан. ...Аав ээжийг цохисон гэсэн. Тэгээд ээжийг манайх руу явсны дараа Нямбуубаатар аавын нүүр лүү нь цохиж унагаагаад өшиглөж зодоод дээр нь гарч сууж байгаад маслын хутгаар цээжин хэсэгт нь зүрхэн тус газарт нь 6-7 удаа хутгалсан гэж ярьсан... ямар ч байсан аавын нүүр ам хөхөрч хавдсан, зүрх тус газраас нь цус гарч хүзүү рүүгээ урссан байсан. Аавын хажууд баруун талд нь цус болсон шар өнгийн иштэй маслын хутга байсан. ... дүү Нямбуубаатар тэр хутгыг хаячихсан гэж хэлж байсан. ...Том өрөөний голд байдаг баганы ёроол доод хэсгээрээ цус болсон байсан. Аавын хэвтэж байсан газрын доор мөрний доод хэсэгт шалны дрож 25*40 см орчим хэмжээтэй хэсэгт цус болсон байсан. Гэрийн цусыг манай дүү хэрэг үйлдэгдсэний дараа маргааш хивс цэвэрлэдэг хүмүүс дуудаж цэвэрлүүлсэн гэсэн. ...Манай дүү надад хэлэхдээ -би ээжид аавыг хөнөөсөн гэж ерөнхийд нь хэлсэн гэж хэлж байсан. ... гэх мэдүүлэг /4хх-ийн 72-76х/

 

Яллагдагч Б.Нямбуубаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15-16 цагийн орчим ээж Ганчимэг бид хоёрыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-16 тоотод байх гэртээ ирэхэд аав Барсболд согтуу унтаж байснаа удалгүй сэрээд босч ирсэн. Тэгэхэд архи нь гараагүй байсан ба ээжийг гадуур дотуур тэнэлээ, гэр орноо цэвэрлэсэнгүй хоол унд хийсэнгүй гээд загнаад байсан. Ээж бид хоёр гал тогооны өрөөгөө цэвэрлэж байтал орж ирээд -та нар хэний хүчинд өдий зэрэгт хүрсэн юм, ядуу гуйлгачин, та хоёр намайг 1 жил шоронд явуулаад сэтгэл чинь ханасан уу гээд агсан тавиад архи нэхээд байсан... хутга бариад архи өгөхгүй бол би судсаа ханалаа гэж сүрдүүлсэн. Би архийг нь үүдний амбаартаа нуусан байсныгаа авчирч өгсөн. Тэр нь болор архи байсан. Архиа задлаад ууж байхдаа ээж бид хоёрыг харааж загнаж гуйлгачин түүлгэчин гээд дуудаад байсан... ээж рүү агсраад дайраад ээжийг цээж рүү нь гарынхаа алгаар 2 хүчтэй цохисон. Тэгэхээр нь би салгаад -та хөгширч үхэх гэж байж яах гэж ингэж байдаг юм, одоо болоо юм бишүү гэсэн чинь үгэнд орохгүй дуугүй болохгүй байсан. Тэгэхээр нь би ээжийг яв ахынх руу оч гээд 18 цаг болж байхад явуулсан. Би өөрийнхөө Прадо-95 маркийн 07-29 УБЦ дугаарын машиныг өгөөд явуулсан. Аав бид хоёр үлдсэн чинь над руу бас агсраад л байхаар нь би аавынхаа ууж байсан архийг булааж аваад 3 жижиг стаканаар уусан. Тэгэхэд аав над руу чи хэний хүчинд өдий зэрэгтэй яваа юм гээд хашгираад байхаар нь би өөдөөс нь та өчнөөн жил хол байчихаад хаяж явсан, тэр хооронд ээж маань бид хэдийг өсгөх гэж яаж зүтгэдэг байсныг энэ амьдралаа авч явах гэж яаж зүтгэдэг байсныг та мэдэхгүй шүү дээ өдий зэрэгтэй яваа минь ээжийн минь ач гавъяа гэж аавтай маргалдсан, нилээн ч удаан маргалдсан. Аав намайг чи их том болжээ чацгыг алаад өгье гээд намайг барьж аваад толгой руу гараараа нэг бус удаа цохиод байсан, би ч өөдөөс нь ноцолдож байгаад гал тогооны өрөөнд орхичихоод би том өрөө рүү ороод байтал араас масло дээр тавьчихсан байсан шар өнгийн иштэй, богино хутгыг барьж орж ирээд чамайг алаад өгье л дөө, шоронд чам шиг бацаануудыг засдаг юм гэж хэлээд хутгаа бариад над руу дайрахаар нь би хутгатай гарнаас нь бариад ноцолдож байгаад давхаралдаж унахдаа хутгаа зүрхний доохно талд нь хавирга хавьцаа нь зоочихсон, тэгэхэд аав өөдөөс яаж байнааа гэх шиг болохоор нь айгаад ахиад 2-3 удаа зүрхэн тус газар нь хутгаараа дүрчихсэн чинь амьсгаадаж байгаад үхчихсэн. Би одоо юу хийчихвээ яадаг билээ гэж хэсэг бодож байгаад ах Намхайнямбуу руу утсаар залгаад миний машиныг аваад ир, зөрүүлээд Приус 20 машиныг аваад яв гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ах ирэхээр нь ахыг гэртээ оруулалгүй өөрийнхөө машиныг авч үлдээд Приус 20 машиныг өгч явуулсан. Тэгээд өөрийнхөө машиныг хашаандаа оруулаад арын багажаа онгойлгоод нүүрс хучсан хуучин саатай ногоон шаргал, зүгээр ногоон өнгийн бүтээлэгнүүдийг дэвсээд гэр лүү ороод би муу хувцсаа давхарлаж өмсөөд тэгээд аавыг шар өнгийн саатай бүтээлгэн дээр тавиад чирж гаргаад машины арын хэсэг цээжнээс нь өргөөд бөгснөөс нь түлхэж хийчихээд цус болсон муу хувцаснуудаа тайлж дээр нь шидчихээд тэгээд хашаанаас гараад хөдөлсөн. Шувуун фабрикийн тийшээ явбал цагдаа бага байх гэж бодоод тийшээ явсан. Шувуун фабрик дээр очоод засмал зам дуусаад шороон замаар гол гаръя гэж бодоод явсан. Голоор захалж явж байгаад нэг гарам шиг газар тааралдахаар нь тэр газраар гол гараад багахан газар яваад замаасаа бага зэрэг гараад хэсэг дэрстэй газар очоод аавынхаа цогцсыг буулгасан, би гэрээсээ гарахдаа гэрт байсан шар өнгийн канистртай 10 орчим литр дизел түлшийг авчихсан байсан учир тэрийг цогцосны дээрээс асгаад асаасан, тэгээд өөрийнхөө цус болсон хуучин хувцас, дэвсэж очсон бүтээлэг, аавын хар өнгийн ажлын гутал зэргийг нь тавьж шатаасан. Тойруулж нэлээн шатааж байгаад тэндээс хөдөлсөн. Тэгэхэд шөнийн 00-01 цагийн орчим болж байсан байх. Буцахдаа Шувуун фабрикийн замаар хот руу орж ирээд гэртээ ирээд цус болсон хивсээ хүйтэн ус саван вокоор угааж цусыг арилгасан, дараа нь аавын гэрт үлдсэн саравчтай хар өнгийн малгай, бор өнгийн нэхий богино куртик, хар өнгийн өмдийг, мөн аавыг хутгалсан хутгаа аваад гэрээс гараад 7 буудлаас такси бариад 4 дүгээр дэлгүүрийн арктай байрны хогийн пункер дээр очоод уутнаас гаргаад шидээд хаячихаад гэртээ хариад хивсээ цэвэрлэж байгаад унтсан. Би намайг хутгалж байсан гэж байнга архи уух болгондоо ярьж агсан тавих байх гээд айсандаа болоод ахиад 2-3 удаа хутгалчихсан юм ... гэх мэдүүлэг /4хх-ийн 41-43х/

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 42-44, 45-53х/, /1хх-ийн 106-107х,108-112х/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 54-56х, 57-58х/, Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 71-73х, 74-75х/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 113-114х, зураг 115-117х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /4хх-ийн 44-47х, 48-62х, 77-79х, 80-84х/, ял шалгах хуудсууд /хх-ийн 127х, 139х/ зэрэг болно.

                       

            Шүүхийн дүгнэлт

 

      Улсын яллагчаас Б.Нямбуубаатарыг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-16 тоотод төрсөн эцэг Ц.Барсболдыг 5-6 удаа хутгалж онц харгис хэрцгий аргаар алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд: шүүгдэгч Б.Намхайнямбуу нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Б.Нямбуубаатар надаа хэлэхдээ аав Ц.Барсболдыг 5-6 удаа хутгалсан... ” гэж, Б.Нямбуубаатар нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... амь хохирогч өөрийн төрсөн эцэг Ц.Барсболдыг 2-3 удаа хутгалсан...” гэж тус тус мэдүүлсэн хэдий ч, шүүгдэгч нар нь удаа дараагийнхаа шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээрээ дээрх байдлаа үгүйсгэн, няцааж мэдүүлэг өгсөн. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №813 дугаартай шинжээчийн: “...2.3.4 Цогцос нь шаталт явагдаж амьтанд идэгдэж арьс зөөлөн эд, дотор эрхтэнүүд нь үгүй болсон тул шарх гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 5. Үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт гарсан байна. Иймд Б.Нямбуубаатарыг хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэх үйлдлийг  өөр үзсэн харсан гэрч болон бичгийн нотлох баримт байхгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруу, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, шүүгдэгч нарын дээрхи мөрдөн байцаалтад хэргийн болсон үйл явдлын талаар өгсөн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй, өөрсдөө өгсөн мэдүүлгүүдээ үгүйсгэн удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн зэргийг үндэслэн Б.Нямбуубаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

      Харин шүүгдэгч Б.Нямбуубаатар нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-16 тоотод төрсөн эцэг Ц.Барсболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан ба улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор “Прадо 95” маркийн 07-29 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн ах Б.Намхайнямбууд жолоодуулан, амь хохирогчийн цогцосыг тээврлэн явж Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар баг "Булгийн тохой" гэх газарт шатаасан,

      Шүүгдэгч Б.Намхайнямбуу нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 8-16 тоотод дүү Б.Нямбуубаатарын төрсөн эцэг Ц.Барсболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр “Прадо 95” маркийн 07-29 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, амь хохирогчийн цогцосыг тээврлэн явж нуун дарагдуулсан тус тус гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь

      Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад /4хх-ийн 72-76х/, /4хх-ийн 41-43х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /1хх-ийн 151-152х/ өгсөн мэдүүлгүүд, яллагдагчаар Т.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /4хх-ийн 34-37х, 39-40х/, гэрч А.Хосбаяр /3хх-ийн 2х/, Б.Цэрэнпунцаг /3хх-ийн 17-18х/, Х.Золбаяр /3хх-ийн 34х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4651 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 154х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны №750 тоот нэмэлт шинжилгээний шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 139х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаар дүгнэлт /5хх-ийн 34-39х/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 42-44, 45-53х/, /1хх-ийн 106-107х,108-112х/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 54-56х, 57-58х/, Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 71-73х, 74-75х/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 113-114х, зураг 115-117х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /4хх-ийн 44-47х, 48-62х, 77-79х, 80-84х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

      Иймд Б.Нямбуубаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан, Б.Намхайнямбууг хүнийг санаатай алах гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...ах дүү нараараа зөвлөлдөөд мах цусны тасархай төрсөн дүүгийнхээ хүүхдүүдийн цаашдын амьдралыг бодоод, нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

       Шүүгдэгч Б.Нямбуубаатар, Б.Намхайнямбуу нарын амь хохирогчийн цогцосыг тээвэрлэн явж хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдалах гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн “Прадо95” маркийн 07-29 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг /5-р хх-ийн 173х/, Б.Нямбуубаатараас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, Б.Намхайнямбуугаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулан хураан авч, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Нямбуубаатарын өмсөж явсан хар өнгийн савхин куртик 1 ширхэгийг шүүгдэгч нь өөрөө буцаан авах хүсэлтэй байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Нямбуубаатарт буцаан олгох нь зүйтэй байна.

      Бусад энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гутлын хамгаалалт улавч төмөр 1 хос, хамгаалалтын өлмийн хэсгийн төмөр 1 хос, гутлын үдээсний төмөр 13 ширхэг, МОНТАНА гэсэн бичигтэй товч 1 ширхэг, саарал эрээн өнгийн хувцасны тасархай нэг 1 хэсэг, гялгар саатай даавууны өөдөс 2 хэсэг, Б.Нямбуубаатарын гэрээс хураан авсан орны бүтээлэг 1 ширхэг, хуванцар пивоны сав 1 ширхэг, пивоны лааз 1 ширхэг, архины шил 1 ширхэг, хайлсан зүйлийн дээж 1 ширхэг, Тоёота прадо маркийн автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан дээж 1 ширхэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 8-16 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан дээж 2 ширхэг, 3912 дугаартай цэнхэр өнгийн гялгар ууттай хөрсний дээж, 3975 дугаартай үс мэт зүйлийн дээж, 3913 дугаартай тусгай саванд битүүмжилсэн 6 хэсэг шүлсний дээж, хиймэл шүд, бургас мэт моднууд 2 хэсэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гялгар ууттай шорооны дээж, цус мэт зүйлийн дээж карьерын ажилчдаас авсан хуруу шил мэт зүйлтэй дээж гэх 8 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.

 

      Шүүгдэгч Б.Нямбуубаатарт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, хохихорогчийн хууль ёсны төлөөлөгчийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

      Шүүгдэгч Б.Намхайнямбууг ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг буюу бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Улсын яллагчаас Б.Нямбуубаатарт холбогдуулан хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Б.Нямбуубаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

           

2. Шүүгдэгч Жүрхэн овогт Барсболдын Нямбуубаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Жүрхэн овогт Барсболдын Намхайнямбууг хүнийг санаатай алах гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Б.Нямбуубаатарт 11 /арван нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар Б.Намхайнямбууд 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Нямбуубаатарын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар сарын 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Намхайнямбуугийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг тус тус эдлүүлсүгэй.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Нямбуубаатарын цагдан хоригдсон нийт 358 /гурван зуун тавин найм/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямбуубаатар, Б.Намхайнямбуу нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн “Прадо95” маркийн 07-29 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, Б.Нямбуубаатараас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, Б.Намхайнямбуугаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулан хураан авч, улсын орлого богосугай.  

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Намхайнямбуу нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Нямбуубаатар, Б.Намхайнямбуу нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Нямбуубаатарын өмсөж явсан хар өнгийн савхин куртик 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Нямбуубаатарт буцаан олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гутлын хамгаалалт улавч төмөр 1 хос, хамгаалалтын өлмийн хэсгийн төмөр 1 хос, гутлын үдээсний төмөр 13 ширхэг, МОНТАНА гэсэн бичигтэй товч 1 ширхэг, саарал эрээн өнгийн хувцасны тасархай нэг 1 хэсэг, гялгар саатай даавууны өөдөс 2 хэсэг, Б.Нямбуубаатарын гэрээс хураан авсан орны бүтээлэг 1 ширхэг, хуванцар пивоны сав 1 ширхэг, пивоны лааз 1 ширхэг, архины шил 1 ширхэг,хайлсан зүйлийн дээж 1 ширхэг, Тоёота прадо маркийн автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан дээж 1 ширхэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 8-16 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан дээж 2 ширхэг, 3912 дугаартай цэнхэр өнгийн гялгар ууттай хөрсний дээж, 3975 дугаартай үс мэт зүйлийн дээж, 3913 дугаартай тусгай саванд битүүмжилсэн 6 хэсэг шүлсний дээж, хиймэл шүд, бургас мэт моднууд 2 хэсэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гялгар ууттай шорооны дээж, цус мэт зүйлийн дээж карьерын ажилчдаас авсан хуруу шил мэт зүйлтэй дээж гэх 8 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Намхайнямбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

10. шүүгдэгч Б.Нямбуубаатарын эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нямбуубаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Намхайнямбууд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

 

                                        ШҮҮГЧИД                                     Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                                              Б.ХАЛИУН