Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00831

 

 

 

 

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00831

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: С.Н-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 155/2021/00668/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Б (цахим), хариуцагч С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр 2006 оны 01 дүгээр сард танилцаж үерхэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.Э гэх охинтой болсон. Охин маань одоо 5 настай. Хариуцагчтай 2016-2019 оныг хүртэл хамтран амьдарч байгаад 2019 оны 7 сараас тусдаа амьдрах болсон. Охиноо бодоод буцаад нийлсэн боловч 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш таарч тохирохгүйн улмаас дахин тусдаа амьдрахаар шийдсэн. Бид тусдаа амьдраад хоёр жил болж байна. Цаашид эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж хадгаламжид нь хадгалж байя гэсэн бодолтойгоор нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагч С.Ноос охин Н.Эд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна....Охин маань цэцэрлэгт явдаг. Одоогоор цар тахалтай холбоотойгоор цэцэрлэг амарсан байгаа....Эрүүл саруул бойжиж байгаа.гэв.

Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2016 оны 2 сард танилцаж үерхэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Н.Э төрсөн. 2016 оноос 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамт амьдарч байгаад таарч тохирохгүй болоод салсан. Охин Н.Э нь миний охин бөгөөд тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Охинтойгоо хүссэн үедээ уулзах эрхтэй ба эрхийнхээ дагуу охинтойгоо уулзаж баймаар байна. Жилд хоёр гуравхан удаа уулздаг. Одоо үед гэр бүл салахад залуучууд нь хохирч үлддэг гэж би бодож явдаг. Хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй, эмэгтэйчүүд хүүхэдтэй нь уулзуулахгүй гэх зэргээр эрхийг хязгаарладаг. Тэр дундаа эрэгтэй хүн ярьж хэлэхгүйгээр дотроо маш их юм бодож явдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь С.Нид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч С.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Н нарын дундаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Н.Э төрсөн болох нь №6701000978 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар тал/

Хариуцагч С.Н нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Н.Э нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг С.Ноос сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Н.Эийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Бын төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.Э нь 4 нас 9 сартай байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 213,800 төгрөгийн тал хувь 106,900 төгрөгийг хүүхдэд сар бүр хариуцагч эцэг С.Н нь төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар С.Нийн сар бүр төлөх тэтгэлэг 106,900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,282,800 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгохоор тогтлоо.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Бт, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч С.Нид тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин С.Нийн Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Ноос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Бт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч С.Нид тус тус мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ноос улсын тэмдэгтийн хураамж 35,337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ