Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2017/00308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багт оршин суух, Бөх овогт Пгийн М  -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт оршин суух, Хар дархад овогт Бы Н-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хариуцагч Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.М миний бие нь 2006 онд Б.Нтэй танилцаж, 2007 онд охин М.Даваажаргал төрсөн. Бидний хувьд хамтран амьдарч байгаагүй би охиноо өсгөж хүмүүжүүлсэн. Охин М.Даваажаргалд эцэг Б.Н нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 2011 онд хүүхдийн тэтгэлэгт морь өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүүхдийн тэтгэлэг харилцан тохиролцсоны дагуу төлөхгүй байгаа тул шүүхээр гаргуулах хүсэлтэй байна. Одоо миний бие нь нөхөр, охин, хүүгийн хамт амьдардаг. Охин М.Даваажаргалыг миний асран хамгаалалтанд үлдээж, эцэг Б.Нгээс охин М.Даваажаргалд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Б овогтой Н миний бие П.М гэдэг хүнтэй 2006 онд танилцаж байсан. Түүнээс хойш удаан уулзаагүй байж байгаад П.М нь 2010 оны зун ирж охинтой болсон тухай мэдэгдэж хүүхдийн тэтгэлгийн мөнгө нэхсэн. Энэ үед би гэр бүлтэй болсон байсан тул мэдэгдэхээс айгаад тохиролцож морь өгсөн. Гэвч тэр үед М нь уулздаг хүнтэй, гэр бүлийн хүнтэй байсан. Иймд би хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Мтай 2006 оны 6 дугаар сард танилцаж 1 сар гаруй хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан. 2006 оны зун намайг дахин 10 гаруй хоногийн дараа очиход П.М өөр хүнтэй гэр бүл болчихсон байсан. 2007 оны зун П.М хүүхэд төрүүлсэн байсан. Эцэг тогтоолгох шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу нь эцэг биш гэж гарсан. Өөр хүний хүүхдийг миний хүүхэд гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. П.М намайг эхнэртэй болсны дараа байнга дарамталж, морь мал өг гэхээр нь морь өгсөн удаатай. Одоо л би энэ хэргийг нэг мөр шийдвэрлүүлж авмаар байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Б.Нд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Нгийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар охин М.Даваажаргалын биологийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201оны 01 сарын 16-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Н нь охин М.Даваажаргалын биологийн эцэг байх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т: Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харьцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин М.Даваажаргалын төрсөн эцэг нь Б.Н мөн болох нь тогтоогдохгүй байх тул хүүхдийн тэтгэлэг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч П.Мын хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Мт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч Б.Нд холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай П.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН