Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2018/00010/И |
Дугаар | 181/ШШ2018/01653 |
Огноо | 2018-07-31 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2018/01653
2018 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2018/01653 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б холбогдох ,
Түрээсийн гэрээний төлбөрт нийт 18 000 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны төлбөрт 2 427 138 төгрөгийг тус тус гаргуулж, түрээсийн гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: ЭХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамжны 48а байр, нэгдүгээр давхарын Ү-2 тоот хаягт байрлах, 256 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий Ү-2206032406 тоот бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Манай компани тус үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээний дагуу иргэн Ж.Бат цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар шилжүүлсэн бөгөөд түрээсийн төлбөрийг сарын 1 500 000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 20-ны өдөр бэлнээр буюу дансаар төлж байхаар тохиролцсон юм. Энэхүү гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Түрээслэгч Ж.Ба нь гэрээний хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 сарын хугацааны түрээсийн төлбөр 10 500 000 төгрөгийг түрээслэгчид төлөөгүй байна. Мөн түрээсийн гэрээний 4.3-т заасны дагуу түрээслэгч нь ашиглалтын зардлыг бүрэн хариуцах үүрэгтэй боловч өнөөдрийн байдлаар 2 427 138 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Тухайлбал 9, 10 дугаар сарын ашиглалтын зардал буюу дулаан, цэвэр бохир усны төлбөрт нийт 2 231 183 төгрөгийг (9 сарын төлбөр 304 000 төгрөгийг аргагүй эрхэнд манай компани төлсөн) цахилгааны төлбөрт 195 955 төгрөгийн өр төлбөр тус тус үүсгээд байна. Иймд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 292 дугаар зүйлийн 292.2, 292.4, Түрээсийн гэрээний 4.2, 4.3, 4.4-т заасны дагуу дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Түрээслэгч Ж.Баээс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 18 000 000 төгрөг,
2. Түрээсийн гэрээний хугацааны үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны төлбөр 2 427 138 төгрөгийг гаргуулж, түрээсийн гэрээг цуцалж өгнө үү.
Хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл хугацааг нэхэмжлэхээр дурьдсаны дагуу 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 7 500 000 төгрөгийг нэмэгдүүлж нийтдээ түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж.Ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Ба нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Эрхэт заяа ХХК-иас Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамжны 48а байр, нэгдүгээр давхарын Ү-2 тоот хаягт байршилтай, 256 м.кв талбайтай \гэрчилгээний ............\ үл хөдлөх хөрөнгийг Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсээр ашиглахаар болж гэрээ байгуулсан байдаг. Гэтэл түрээслүүлэгч тал нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг, мөн түрээсийн гэрээний 4.1-т Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх... гэсэн хууль болон гэрээний зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна. Түрээсийн зүйлийг ашиглах гэхэд шаардлага хангаагүй байсан тул түрээслүүлэгч талаас засварын ажил хийж нилээдгүй хугацааг алдсан байдаг. Энэ Түрээсийн гэрээгээр бол түрээслэгч талын үүрэгт хамаарч байсан боловч ийнхүү гэрээний үүргээ зөрчин доголдолтой зүйл шилжүүлсэн байдаг. Эрхэт заяа ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А тус гэрээг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан боловч А.Ань түлхүүрээ түрээслэгч талд өгөөгүйгээр \түрээсийн зүйлийг ашиглуулахаар шилжүүлээгүй\ барахгүй гэрээ байгуулснаас хойш түрээслэгч тал байнга холбогдон түлхүүрээ авах талаар ярихад хөдөө орон нутагт байна гэх шалтгаанаар гэрээний үүргээ зөрчсөөр 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр түрээслэгч талд түрээсийн зүйл буюу үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг олгосон байдаг. Хэрэгт цахилгааны төлбөрийн нэхэмжлэх байгаа бөгөөд түрээслэгч тал 2017 оны 8 сарын сүүл хүртэл үйл ажиллагаа явуулаагүй болох нь уг баримтаар нотлогдож байна. Хавтаст хэрэгт байгаа Улаанбаатар цахилгаан станцтай байгуулсан гэрээний дагуу УБЦС-ын зурвасууд байх ба хамгийн эхний зурвас 2016 оны 06 сарын 22-нд, 2017 оны 02 сарын 23-нд гэж явсаар 2017 оны 08 сарын 22-ны өдөр анхны нэхэмжлэл ирсэн байгаа нь нэхэмжлэгч талын үүргийн гүйцэтгэлийг зөрчсөн гэдгийг мөн нотолж байна. Энэхүү байдлаас болж түрээслэгч Гэрэлт цэцэг цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллага нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах боломжгүй болжээ. Нэгэнт түрээслүүлэгч талаас хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчин түрээсийн зүйлийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, түрээсийн зүйл нь гэрээнд заасан шаардлагад нийцэхгүй байсан зэргийг үндэслэн, мөн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасны дагуу түрээслэгч талд гэрээгээр ямар нэгэн үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Түрээсийн гэрээний хугацаагаар түрээсийн зүйлийг ашиглаагүй бөгөөд ийнхүү ашиглаагүй бүхий л шалтгаан нь түрээслүүлэгч талын үүргээ зөрчсөнтэй холбоотой байна. Түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан түрээслэгч тал нилээгүй хохирол хүлээсэн бөгөөд харин ч өнөөдрийг хүртэл хохирлоо нэхэмжлээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр буюу түрээсийн төлбөрт 7 500 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл гэрээгээ 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байдаг боловч нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний үүргээ мөн Иргэний хуулийн 318.1-ийг зөрчин хариуцагч талд тодорхой хөрөнгийг шилжүүлээгүй. Тус үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг гардан авч чадахгүй байсаар 2017 оны 8 дугаар сард гардаж авсан. Ийнхүү хариуцагч Ж.Ба нь түрээсийн гэрээгээр түрээслэгч тал болсон бөгөөд засвар үйлчилгээг тус байранд хийж 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр цэцэрлэгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст орон байрны хулгай гэх үндэслэлээр дуудлага өгч шалгуулсан бөгөөд хариуцагчийг өөрийн түрээсийн байр руу нэвтрэх болон үйл ажиллагаа явуулах боломжийг таслан зогсоосон. Үүнээс хойш тус түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон атлаа нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж буй нь утгагүй зүйл гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг баримталсан бус харин мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дугаар зүйл заалтыг тус тус баримталж Түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Энэхүү гэрээгээр түрээслэх үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслэгчийн үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааны зорилгоо биелүүлэхэд шаардлагыг хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй байна гэсэн зүйл заалтыг, мөн 3 дугаар зүйлийн 3.4-т Уг эд хөрөнгөтэй холбоотой ус, дулаан, цахилгаан гэх мэт бусад ашиглалтын зардлын үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй гэх зүйл заалтуудыг нэхэмжлэгч тал зөрчсөн бөгөөд үүнээс үүдэн тус обьектод үйлчилгээ явуулах боломжгүй байсан бөгөөд нэхэмжлэгч тал мэдсээр байж түрээсийн гэрээ байгуулсан мөн хариуцагчийн Гэрэлт цэцэг цэцэрлэгийн үйл ажиллагааг доголдуулсан, үүний дараагаар шүүхэд түрээсийн төлбөр гэх нэхэмжлэлийг гаргаж буй нь мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь учир дутагдалтай зүйл гэж үзэж байна.
Мөн тус түрээсийн гэрээг байгуулаад Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тус байранд үйл ажиллагаа явуулаагүй. Учир нь дээр дурдсан Ч.А нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст орон байрны хулгай гэх үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд үүнээс хойш хариуцагч нь тус түрээсийн байр руу нэвтрэх аргагүй болж Гэрэлт цэцэг цэцэрлэгийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон үйлдэл нь Түрээсийн гэрээний 1.1 дэх зүйл заалт бодит байдал дээр тус үйлдлээр дуусгавар болсон. Түрээсийн гэрээ гэдэг нь түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үйлдлийг ойлгоно гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлээс хасалт хийлгэе гэж хэлээгүй мөн санал тавиагүй. Хэрэв нэхэмжлэгч талаас Улсын бүртгэлээс хасалт хийлгэе гэхэд хариуцагч талд эсэргүүцэх ямар нэгэн шалтгаан байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүсэлт нь үндсэн нэхэмжлэлийн нэгэн адил хуулийн бодит үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрхэт заяа ХХК нь хариуцагч Ж.Бат холбогдуулан, анх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацааны түрээсийн төлбөр 10 500 000 төгрөг, түрээсийн гэрээний хугацааны үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны төлбөрт 2 427 138 төгрөгийг тус тус гаргуулж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцлуулах тухай шаардлагыг гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөр 7 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Ж.Ба нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрөө шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцсан талаар баримт үйлдэгдэж баталгаажигдсан байх бөгөөд хариуцагч Ж.Ба нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр Эрхэт заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаанд хуульд заасан хариуцагчийн эдлэх бүх эрхийг иргэн У.Бт 2 жилийн хугацаагаар олгожээ.
Шүүх, хуульд заасны дагуу хариуцагчийн итгэмжлэл олгосон төлөөлөгч У.Бийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ж.Ба нь өөрөө ирсэн учир итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Бээс татгалзсан тухай хүсэлт бичиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож байсан, гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ж.Ба нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүрэлцэн ирсэн ба төлөөлөгч У.Б нь надаас тухайн үед өөрөө ирсэн учир татгалзсан, түүнээс биш бүр мөсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаагүй гэж тайлбарлан шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан учир түүнийг оролцуулан хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэг: Түрээсийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Эрхэт Заяа ХХК, Ж.Ба нар нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж 48а байр, нэгдүгээр давхарын Ү-2 тоот хаягт байршилтай 256 м.кв талбайтай, үлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар 2017 оны 02 сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэн, түрээсийн төлбөрийг сар бүрийн 20-нд бэлнээр буюу дансаар төлж байхаар харилцан тохиролцжээ.
Зохигч талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчинтэй байна.
Хариуцагч нь тус гэрээний дагуу Гэрэлт цэцэрлэг гэсэн нэртэй цэцэрлэгийг байгуулан тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн засаг даргын 2017 оны 06 сарын 07-ны өдрийн А\410 дугаартай Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, түүний хавсралт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, А.Ариунтуяа, Ж.Ба нарын иргэний үнэмлэхний хуулбар, сургалт эрхлэх нөхцөл шаардлага болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн 0002457 дугаартай гэрчилгээний хуулбарууд зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй бөгөөд түрээсийн гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөхгүй яваар байгаад олон удаа утасдаж шаардуулснаар 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр түлхүүрийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж, цахилгааныг нь засварлуулсан, түрээсийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч нь нэг ч удаа санал болгоогүй, манайх түрээсийн гэрээг цуцлахад татгалзах зүйл огт байхгүй гэж тайлбарлан маргадаг.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан шаардлагыг хангасан байна.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогддог ба тус гэрээ нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 06 сарын 13-ны өдрийн Эрхэт заяа ХХК-д олгосон лавлагаагаар тодорхойлогдож байна.
Тэрээр, хариуцагч тал тухайн түрээсийн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх хуульд заасны дагуу тус гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр: Түрээсийн гэрээний төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Түрээслүүлэгч Эрхэт Заяа ХХК нь түрээсийн гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг буюу түлхүүрийг түрээслэгч Ж.Бат 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж, ашиглалтын зардал буюу цахилгааны төлбөр зэргийг шаардсан талаархи төлбөрийн нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлогын баримт, цахилгааны төлбөр төлөх талаар УБЦТС ХК-аас илгээсэн мессеж \хх-ийн 10, 11, 12-14 дүгээр талд\ зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна гэж дүгнэлээ.
Тус гэрээний дагуу хариуцагч Ж.Ба нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан ба улмаар 2017 оны 11 дүгээр сард үйл ажиллагаа нь зогссон байдал нь хариуцагч талын тайлбар, шүүхэд гэрчээр асуугдсан Т.Чулуунбаярын ...цэцэрлэгийн үйл ажиллагаа 2017 оны 08 сарын 15-ны өдөр эхэлсэн, хүүхдүүдээ 2017 оны 09 сарын 17-ны өдөр хүлээж авсан, Энэ байгууллага контортоо маш их өртэй байсан юм шиг байна лээ. Батцэцэг нь намайг нэг хүүхдийн төлбөрийн мөнгө болох 300 000 төгрөгийг аваарай гэсэн. Батцэцэгийг 2017 оны 10 сар хавьцаа байхгүй хойгуур нь Туяа гэдэг хүн би танай дарга гэж орж ирсэн. Нөгөө хүүхдийн мөнгө орж ирэхээр нь би авчихсан байсан. Гэтэл Туяа нь надад, танай эрхлэгч хамаг хүмүүсийг луйвардаад гадагшаа явчихсан тэр хүнээсээ олж ав гэсэн. Тэгэхээр нь би таньтай гэрээ хийгээгүй энэ мөнгийг авдгаараа авна гэж хэлсэн чинь наад мөнгөө 2-3 хоног надад байлгаж бай гээд байхаар нь би 300 000 төгрөгийг буцаагаад өгчихсөн. Тэгтэл тэр мөнгийг байрны мөнгөнд өгчихсөн гэж байсан. Би Батцэцэгийг ирэхээр нь 300 000 төгрөгөө авсан. Ариунтуяа хүүхдүүдээ ирж аваарай гээд эцэг, эх рүү нь залгаж хэлсэн гэж манай туслах багш хэлж байсан. Үүнээс хойш үйл ажиллагаа явуулахгүй, цэцэрлэг хаалаа гээд Ариунтуяа хүүхдүүдийг тараасан гэсэн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байх тул хуульд заасны дагуу түрээсийн төлбөрийн баримтаар нотлогдож буй хэсгийг гаргуулж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтлана, 320.3-т Газар буюу эрх түрээслэх гэрээний хугацааг талууд тогтоогоогүй бол гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно гэсэн, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Түрээсэлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхийг түрээслэгчээс шаардах, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан заалтад тус тус нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт нэхэмжилсэн хэсгийн 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт \5 сар х 1 500 000 төг\ нийт 7 500 000 төгрөгийг тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж, үлдэх 10 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гурав: Түрээсийн гэрээний хугацааны үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны төлбөрт 2 427 138 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Түрээслэгч нь ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан зэрэг бусад зардлыг төлөх ба төлөөгүйгээс үүдэн гарах хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж тохиролцсон байх тул дээрх тохиролцооны дагуу хариуцагч Ж.Ба нь түрээсийн гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч ашигласан хугацааны ашиглалтын зардлыг 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр саруудад хэрэглэсэн талаар ОСНАА-н газар Смарт план ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхэд 2017 оны 9 дүгээр сарын төлөх төлбөр 303 633,88 төгрөг, мөн оны 10 дугаар сарын төлөх төлбөр 750 034,2 төгрөгийг буюу 1 053 667 төгрөгийг төлөх үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх боловч зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар ОСНАА-н газрын Смарт план ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын хэрэглээний төлбөр болох нэхэмжлэлд бичигдсэн 303 633,88 төгрөгийг хариуцагч Ж.Баийн авах ёстой 304 000 төгрөгөөс тооцон авч энэхүү төлбөрийг нэхэмжлэгч төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь хуульд нийцнэ.
Харин 2017 оны 11 дүгээр сарын ашиглалтын зардалд 1 177 550 төгрөг, мөн цахилгааны төлбөрт 2017 оны 8 дугаар сарын 4 616 төгрөг, 9 дүгээр сарын 34 717 төгрөг, 10 дугаар сарын 91 140 төгрөг, 12 дугаар сарын 65 438 төгрөг нийт 195 955 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч цахилгааны төлбөрийн талаархи мессежийг нотлох баримт болгон хэвлэж хэрэгт хавсаргасан байх ба энэхүү баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бусад баримтаар давхар нотлогдоогүй тул шүүх эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 320 дугаар зүйлийн 320.4, 292 дугаар зүйлийн 292.4, 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг тус тус баримтлан Э ХХК, Ж.Ба нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээг цуцалж, хариуцагч Ж.Баээс түрээсийн төлбөрт 7 500 000 төгрөг, ашиглалтын зардал 749 633 төгрөг буюу нийт 8 249 633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эрхэт Заяа ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх \10 500 000+1 677 505\ 12 177 505 \арван хоёр сая нэг зуун далан долоон мянга таван зуун тав\ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн \221800+134950\ 365 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баээс улсын тэмдэгтийн хураамжид 130 944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг энэ хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ