Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

 Улсын яллагч: Э.Уламбаяр

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000344 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******игийн *******, регистрийн дугаар*******;

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг WE клубийн гадна*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөлөөрөө өшиглөж, мөн чулуу шидэж хойд багажийн хаалга цөмөрсөн, зүүн урд кралон цөмөрсөн, урд салхины шил хагалан эвдэн гэмтээж 1.450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ....Би 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 4 найзын хамт Накулад рестаронд орж хоол захиалж идэнгээ Соёрхол нэртэй 1 литрийн 2 шил архи уугаад, 20 орчим пиво авч уусан. Тэгээд Накулагаас гарч байснаа санаж байна. Тэгээд “ВИ” орсон гэсэн тэрийгээ бол би санахгүй тасарсан байсан бааранд их удаагүй ороод жаахан байж байгаад гарсан гэсэн. Би гадаа гараад машинтай хүнтэй маргасан гэж  ******* надад хэлэхдээ чи баарны гадна хүнтэй маргаад машин руу нь чулуу аваад шидээд байсан гэсэн. Маргааш нь над руу найз *******утсаар яриад чи урд шөнө хүний машины шил хагалсан байна гэхээр нь би хохирогч залуугийн дугаарыг Буянхишигээс аваад ярихад би цагдаад бүртгүүлсэн байгаа гэхээр нь би өөрөө тухайн хүнтэй очиж уулзаад машиных эвдэрсэн зүйлийг үнэлгээгээр үнэлүүлээд нийт 1450.000 төгрөг болсон. Би хохирлыг нь барагдуулаад хохирогч залуугаас цагдаагийн дугаарыг авч яриад цагдаатай яриад би хүний эд зүйл эвдсэн байна хохирлыг нь барагдуулчихлаа гэж хэлчхээд маргааш нь цагдаагийн газар дээр очиж мэдүүлэг өгсөн ...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  ...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шөнийн  01 цаг 10 минутын үед Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг WE клубийн гадаа машинтайгаа очиход баарнаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гарч ирээд нэг эмэгтэй нь надтай мэндлэхэд тухайн үед танихгүй юу билээ гэж байтал цаанаас пивоны шил машин руу ороод ирэхээр нь машинаас буугаад тухайн эрэгтэйд уурлаад нөгөө хаалгаараа пивоны шилийг авч хаяад нэг эрэгтэйтэй нь барьцалдаж авахад манай дүү баарны хамгаалагч гарч ирээд салгасан. Тэгээд нэг эрэгтэй нь чулуу барьж ирээд машины карлан руу шидэхэд хагараад хэлтэрхий нь салхины шил цуурсан, машин руу өшиглөөд байсан.  Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” надтай мэндэлсэн эмэгтэй хэн болохыг олж мэдээд утасны дугаарыг нь олоод залгахад *******гэх эмэгтэй, нөхөр найзтайгаа явж байсан юм байна дээ. Миний машин руу чулуу шидэж өшиглөсөн залуу нь ******* гэдэг залуу байсан. Тэгээд уулзахад “би уухаараа агсам болчихдог. Өчигдөр шалтгаангүй машин руу чинь чулуу шидсэн байна гээд миний машины цуурсан, хонхойсон газрын хохирлыг төлнө гээд 1,500,000 дансаар шилжүүлж хохиролгүй болгосон. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 16, 17/

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... шөнө 21 цагийн үед манай гэр бүлийн найзууд болох *******, түүний эхнэр нартай эхнэр Буяннэмэхийн хамт уулзсан. Тэгээд Накула караокед ороод тэндээ 2 шил архи хэдэн ширхэг пиво уугаад удаагүй гарсан. Тэгээд гарахад баарны үүдэнд нэг машин байсан. Би түрүүлээд алхаж байхад ******* тухай машины жолоочтой маргалдаад чулуу барьсан байсан. Тэгээд би жолоочтой барьцалдаж аваад салсан. Тэгээд ******* чулуу бариад машин тэрэг рүү шидээд байхаар нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...би нөхөр ******* түүний найз *******, түүний эхнэр нарын хамт уулзсан. Тэгээд шөнийн 00 цагийн үед We баар ороод удаагүй гарсан. Тэгээд ар араасаа гарахад э чулуу барьсан байсныг би чулууг нь хаяулсан. Тэгэхэд машин руу өшиглөж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 25/

Гэрч Э.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.. шөнийн 00 цаг өнгөрч байхад тэндээсээ We баар луу ороод архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч хэлэхдээ пивоны шил, чулуу шидсэн гэж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 29/

Энх нахиа ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 848 дугаартай ...уг автомашины хойд багажийн хаалга цөмөрсөн, зүүн урд крылон цөмөрсөн, урд салхины шил хагарсан байдалтай. Үнэлгээгээр тогтоогдсон 1,450,000 төгрөг...” гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн  36-37/,

 - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-02/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08/,  мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 09-10/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, иргэний оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, депозит дансны хуулгууд /хх-ийн 58-65/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ  2024 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг WE клубийн гадна*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөлөөрөө өшиглөж, мөн чулуу шидэж хойд багажийн хаалга цөмөрсөн, зүүн урд крылон цөмөрсөн, урд салхины шил хагалан эвдэн гэмтээж 1.450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ийн...  тухайн хүнтэй очиж уулзаад машиных эвдэрсэн зүйлийг үнэлгээгээр үнэлүүлээд нийт 1450.000 төгрөг болсон, хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Хохирогч*******ын... нэг эрэгтэй нь чулуу барьж ирээд машины карлан руу шидэхэд хагараад хэлтэрхий нь салхины шил цуурсан,... хохирлыг төлнө гээд 1,500,000 дансаар шилжүүлж хохиролгүй болгосон..гэх мэдүүлэг, /хх-ийн 16, 17/

Гэрч Б.*******гийн.... ******* тухай машины жолоочтой маргалдаад чулуу барьсан байсан,... чулуу бариад машин тэрэг рүү шидээд байхаар нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23/

Гэрч ийн... э чулуу барьсан байсныг би чулууг нь хаяулсан, машин руу өшиглөж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 25/

Гэрч Э.гийн... тухайн тээврийн хэрэгслийн жолооч хэлэхдээ пивоны шил, чулуу шидсэн гэж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 29/

Энх нахиа ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 848 дугаартай ...уг автомашины хойд багажийн хаалга цөмөрсөн, зүүн урд крылон цөмөрсөн, урд салхины шил хагарсан байдалтай. Үнэлгээгээр тогтоогдсон 1,450,000 төгрөг...” гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн  36-37/8 болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 05-наас  06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг WE клубийн гадна*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөлөөрөө өшиглөж, мөн чулуу шидэж хойд багажийн хаалга, зүүн урд крылон, урд салхины шил хагалан эвдэн гэмтээж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн эвдсэн идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг  гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******  нь хохирогч*******ад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,450,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал/ Өмнөговь аймгийн DNH сервист жолооч ажилтай, сарын 1200000 төгрөгийн цалинтай/, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, тогтмол орлоготой, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс  2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150000 төгрөгөөр  тооцож  эдлэх ялаас хасч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Уг  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******игийн *******ийн бусдын эд  хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8  дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийн  цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр  тооцож эдлэх ялаас хассугай. 

5.Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА