Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч У.Гантуяа,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *** овогт Б.Б-д холбогдох 2426004050312 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “***” ХХК-д *** ажилтай, ам бүл ***, эхнэр, *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** овогт Б.Б /РД: ***/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоот болох гэртээ эхнэр Г.Б-тэй хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан зодож тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн

судлав.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Эхнэртэйгээ амьдраад таван жил болж байна. Ажлын шаардлагаар ирж очин амьдардаг.  Эхнэр, 2 хүүхдийн хамт гэртээ байдаг. Би эхнэрээ нэг хүнтэй, мессеж бичсэн байхыг нь харсан. Уусны дараа тэр явдал толгойд орж ирсэн. Би 2 литртэй “Сэрүүн” гэдэг пиво ганцаараа гэртээ уусан. Хардалтын улмаас эхнэртээ тэр өдөр гар хүрсэнгэв.

 

Хохирогч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Энэ үйл явдал 9 дүгээр сарын 8-нд болсон. Одоо бид хоёр эвлэрээд нэг гэрт хамт амьдарч байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөр Б нь гэртээ архи ууж нэлээд согтоод, гэрийн хаалга түгжиж байгаад миний гар утсыг минь хурааж авч намайг хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжлоод “янхан, банзал, гичий, нохой” гээд толгойтой үснээс зулгаагаад чирч байгаад толгой хэсэг рүү баруун гараараа 3 удаа мөн зүүн мөр хэсэг рүү 2 удаа цохихоор нь би уурлаад боль гэж хэлсэн чинь хажууд насанд хүрээгүй 2 хүүхэд уйлаад байхаар нь намайг зодохоо больсон. Бид 2 гэр бүл болоод 5 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй нэг хүүхэд маань одоо тусдаа гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 

 

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Анх 2023 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд гэрийн шал угааж байхад миний гуя хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тухайн үед миний гуя хавдсан байсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын дундуур намайг нэг залуутай хардаад миний баруун хацар хэсэгт 2 удаа гараараа алгадсан, тухайн үед толгой их өвдсөн эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. 2023 оны 09 дүгээр сард цохиулах үед хүнд хэлж байгаагүй. 2023 оны 11 дүгээр сард зодуулсны дараа төрсөн ээж Ц.Б-т хэлсэн. ...Намайг аав, ээжтэйгээ утсаар яриулахгүй, утас хурааж авдаг, хоёр хүүхдийн мөнгийг өөрөө авдаг. Бусадтай харилцахыг хориглодог. Ажил төрөл хийлгэх дургүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, 

 

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймагт эмнэлэгт үзүүлж байхад охин Г.Б ирээд өчигдөр манай нөхөр Б.Б намайг зодсон гээд уйлаад ирсэн. Юу болсон бэ гэж асуухад согтуурсан үедээ намайг зодсон гэж хэлсэн. Манай охин Г.Б нь манай нөхөр их хартай юм гэж хэлсэн. Хардсанаас болж манай охинд гар хүрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 

 

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2023 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт гэрт нь зодож байсан. Тухайн үед гэрт нь очсон чинь манай нөхөр Б.Б нь намайг зодсон гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сард бас зодсон болохоор би цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, 

 

Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоохдоо биеийн бодит үзлэг, өгүүлэмж, эмнэлгийн гавлын рентгэн шинжилгээний хариунд дух, чамархай, дагз хэсэгт хуруу дардасны шинж илэрнэ гэсэн нь доргисон байдлыг нотолж байсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгч Г.Б-ийн зүүн мөр хэсэгт биеийн бодит үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, 

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 689 дугаартай “...Үзүүлэгч Г.Б-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3, Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-62 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            1. Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоот болох гэртээ эхнэр Г.Б-тэй хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогдож байна. Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх, шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед нь халдсаны улмаас шүүх эмнэлгийн шинжээч, эмчийн дүгнэлтээр тодорхойлогдсон хөнгөн хохиролд хамаарч буй үйл баримт, гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоот болох гэртээ эхнэр Г.Б-тэй хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний биед халдан зодож тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч  Г.Б, шүүгдэгч Б.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч  Г.Б, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлэг, *** дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч *** овогт Б.Б нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

                         

Хохирогч Г.Б-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Энэ үйл явдал 9 дүгээр сарын 8-нд болсон одоо бид хоёр эвлэрээд нэг гэрт, хамт амьдарч байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдаж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.Б-ийн “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөр Б нь өөрийн гэртээ архи ууж нэлээд согтоод гэрийн хаалга түгжиж байгаад миний гар утсыг минь хурааж авч байгаад намайг хэлэх хэлэхгүй муухай үгээр доромжлоод “янхан, банзал, гичий, нохой” гээд толгойтой үснээс зулгаагаад чирч байгаад толгой хэсэг рүү баруун гараараа 3 удаа мөн зүүн мөр хэсэг рүү 2 удаа цохихоор нь би уурлаад боль гэж хэлсэн чинь хажууд насанд хүрээгүй 2 хүүхэд уйлаад байхаар нь намайг зодохоо больсон. Бид 2 гэр бүл болоод 5 жил болж байна дундаасаа 3 хүүхэдтэй нэг хүүхэд маань одоо тусдаа гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,  хохирогч Г.Б-ийн дахин өгсөн “...Анх 2023 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд гэрийн шал угааж байхад миний гуя хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тухайн үед миний гуя хавдсан байсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын дундуур намайг нэг залуутай хардаад миний баруун хацар хэсэгт 2 удаа гараараа алгадсан, тухайн үед толгой их өвдсөн эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. 2023 оны 09 дүгээр сард цохиулах үед хүнд хэлж байгаагүй. 2023 оны 11 дүгээр сард зодуулсны дараа төрсөн ээж Ц.Б-т хэлсэн. ...Намайг аав, ээжтэйгээ утсаар яриулахгүй, утас хурааж авдаг, хоёр хүүхдийн мөнгийг өөрөө авдаг. Бусадтай харилцахыг хориглогдог, ажил төрөл хийлгэх дургүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,  Гэрч Ц.Б-ын “...Маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймагт эмнэлэгт үзүүлж байхад охин Г.Б ирээд өчигдөр манай нөхөр Б.Б намайг зодсон гээд уйлаад ирсэн, юу болсон бэ гэж асуухад согтуурсан үедээ намайг зодсон гэж хэлсэн. Манай охин Бадамцэрэн нь манай нөхөр ир хартай юм гэж хэлсэн. Хардсанаас болж манай охинд гар хүрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,  гэрч Ц.Б-ын “...2023 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт гэрт нь зодож байсан. Тухайн үед гэрт нь очсон чинь манай нөхөр Б.Б нь намайг зодсон гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сард бас зодсон болохоор би цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,  Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б-ийн дахин өгсөн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоохдоо биеийн бодит үзлэг, өгүүлэмж, эмнэлгийн гавлын рентгэн шинжилгээний хариунд дух, чамархай, дагз хэсэгт хуруу дардасны шинж илэрнэ гэсэн нь доргисон байдлыг нотолж байсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгч Г.Б-ийн зүүн мөр хэсэгт биеийн бодит үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,  Хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 689 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

  Энэ хэргийн улмаас хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Шүүгдэгч Б.Б тохиолдолын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шадлгах ажиллагааны явцад, тогтвортой мэдүүлэг өгсөнийг  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, ба түүнд урьд авсан. Хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх, арга хэмжээг Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Мөнгөн дүнгээр торгуулъя” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Г.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхийг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *** овгийн Б.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн Б.Б-г нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000  / нэг мянган хоёр зуун/  төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР