Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2019/00011

 

   С.Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2019/00006 дугаар шийдвэртэй, С.Ж-ийн нэхэмжлэлтэй, А.Х-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч С.Ж, хариуцагч А.Х, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Н сумын 5 дугаар багийн Хавцалын “Х” гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч А.Х-г албадан нүүлгэх тухай.  

 

Нэхэмжлэлд: “Н сумын 7 дугаар багийн газар нутагт байгаа “Х” гэдэг газрын миний эзэмшлийн өвөлжөөнд А.Х-тай 20 жил хамт мал маллаж байсан. Одоо хоёр айлын мал өсөж бэлчээрийн даац хэтэрч хашаа хороонд багтахгүй болсон. Одоогоос 2 жилийн өмнө А.Х-д анхааруулж шаардсан боловч нүүхгүй байгаа атлаа миний хашааны хажууд миний өвсний хашааг буулгаж хаяад шинээр хашаа хороо барьж миний зөвшөөрөлгүй өвөлжихөөр болж байна. Уг байдлыг сумын холбогдох удирдлагуудад танилцуулж сумаас комисс очиж шаардсан боловч А.Х үл тоомсорлож нүүхгүй гэж байна. Иймд бидний шаардлагыг биелүүлэхгүй хууль зөрчиж байгаа А.Х-д хуулийн дагуу арга хэмжээ авч нүүлгэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 1980 оны 8 дугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар томилогдож, Тэжээлийн аж ахуйгаас эзэмшүүлсэн өвөлжөөнд тус байгууллагын малыг маллаж, малчнаар ажиллаж ирсэн. Энэхүү маргаан бүхий Н сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Х” гэх өвөлжөөнд А.Х миний бие 1988 оны 3 сараас эхлэн нүүж ирж суурьшиж, тухайн 1988 оны хавар байшин барьсан бөгөөд түүнээс хойш одоо хүртэл 30 жил уг байшинд амьдарч байна. Намайг Тэжээлийн аж ахуйд малчин байхад 1983 оны үед нэхэмжлэгч С.Ж-ийн эцэг С нь Тэжээлийн аж ахуйд даргаар томилогдон ирээд 1992 онд Тэжээлийн аж ахуйн хувьчлагдах хүртэл даргаар ажилласан. Миний бие 1992 онд Их хувьчлалаар тухайн “Х” өвөлжөөнд байсан Тэжээлийн аж ахуйн малчны орон сууцны зориулалттай байшинг хувьцаанд өмчилж авсан. Тэгээд нэхэмжлэгч С.Ж-ийн эцэг С нь 1998 оны намраас эхлэн өөрийн хувийн малыг надад өгч маллуулсан бөгөөд А.Х би Ж түүний эцэг С нарын малыг 1998 оноос 2018 оны 6 сар хүртэл 20 жилийн турш цалин хөлс авалгүй маллаж ирсэн. Гэтэл С-гийн хүү С.Ж нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 79 тоот захирамж гаргуулан авч, 2017 оны 6  дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн 000683558 тоот гэрчилгээгээр “Х” өвөлжөөнөөс 700 м2 газрыг эзэмшилд авсан болохыг шүүхэд С.Ж нь нэхэмжлэл гаргасан мөчид мэдэж гайхсан. Нэхэмжлэгч С.Ж нь Н сумын төвд ЕБС-д багшаар, эхнэр Са нь тус сургуульд үйлчлэгч ажилтай тул сумын төвөөс 30км газарт байдаг “Х” өвөлжөөнд огт оршин сууж, эзэмшиж байгаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу Эзэмшил газрыг огт ашиглаагүй тул эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэж байна. С.Ж-т Н сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2017 оны 6 сарын 19-ний өдөр 79 тоот захирамжийг үндэслэж Газар эзэмших эрхийн 000683558 тоот гэрчилгээгээр Н сумын Хавцалын “Х” гэх өвөлжөөний газраас 700 м2 0,07 га газар эзэмшүүлсэн нь А.Х миний өвлийн байшин барьж, малын хашаа барьсан газарт ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байгаа учир нэхэмжлэгч Ж-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Иргэний гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,06 га-аас илүүгүй байна гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч С.Ж нь сумын төвд өвлийн хашаа байшинтай байгаа тул дахин 2 дахь өвөлжөөг эзэмших эрхгүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэд хот айлаар дундаа хамран эзэмшиж болно гэж заажээ. “Х” өвөлжөөний газрыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар С.Ж, А.Х бид хот айлаар дундаа хамран эзэмшиж, ашиглаж байх болно. Нэгэнт А.Х миний эзэмшиж байгаа газар С.Ж-ийн эзэмшил газартай давхцаагүй тул албадан нүүлгэх шаардлагагүй ба тухайн газрыг хот айлаар хамран эзэмшиж болно. Нэхэмжлэгч С.Ж-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй, хариуцагч А.Х миний маргаан бүхий “Х” өвөлжөөнд байгаа үл хөдлөх хөрөнгө болох өвлийн байшингийн эзэмшил газар нь С.Ж-т эзэмшүүлсэн 700 м2 /0,07 га/ газар давхцаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2019/00006 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4-ийг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Н сумын 5 дугаар багийн Хавцлын “Х” гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч А.Х-г албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч С.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “А.Х нь мэдүүлэгтээ 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “А” ХК-аас миний 220,000 төгрөгөөр худалдаж авсан өвөлжөө хашааг би өөрөө барьсан, өвөлжөөнд байгаа орон сууцыг хувьцаанд худалдаж авсан, анх худалдаж авснаас хойш Ж эзэнгүй хаясан хашаа өвөлжөөг анх надад мэдэгдэлгүй худалдаж авсан гэж буруу ташаа мэдүүлжээ. Үнэндээ уг өвөлжөөг 1984 оны үед Тэжээлийн аж ахуйн туслах аж ахуйн малыг өвөлжүүлэхээр байгууллагын ажилчдын хүчээр барьсан. Өвөлжөөнд байсан байшинг хувьчлалаар авсан гэж байгаа боловч компанийн ямар ч хөрөнгийг хувьчлалаар өгөөгүй. Харин би А.Х уг сууцыг мал хариулж өгсний хөлсөнд тооцож өгсөн. Миний дүү болох С.Е 2002 оноос өвөлжөөнд очиж А.Х-н хамт 2015 оны 6 дугаар сар хүртэл малаа маллаж өвөлжөөнд эзэн болж байсан. Түүнээс хойш А.Х-д мал маллаж өгсний хөлсийг тогтмол харилцан тохиролцож төлж байсан. 2018 оны 6 дугаар сараас эхлэн 2 айлын мал мянгаас илүү гарч бэлчээрийн даац хэтэрч эхэлсэн тул А.Х-д тусдаа гарах талаар анхааруулж, би шинээр малчин авч ажиллуулсан. Гэвч А.Х нь өвөлжөөний хажууд 30 метрийн зайтай хашаа барьж, өвөлжиж байгаа. Уг хашааг барихдаа сумаас ямар ч зөвшөөрөлгүй, бэлчээрийн төлөвлөлтөд тусгуулахгүйгээр, бэлчээр, Газрын тухай хуулийн дагуу ямар ч хөршийн тодорхойлолт авалгүйгээр барьсан бөгөөд сумын Засаг даргын захирамж гаргуулж, газрын гэрчилгээ, гэрээ хийгээгүй байгаа. Анх кадастрын зураг буулгахад газрын даамлын буруугаас хашааны тал хувь нь орсон байна. Иймд миний уг нэхэмжлэлийг дахин шалгаж, газар бэлчээрийн хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Н сумын 5 дугаар багийн нутаг Хавцалын “Х” гэх газарт орших миний эзэмшил газрын яг хажууд миний хуучин өвсний хашааны суурийг дайруулан хашаа хороо барьсан нь дараах үндэслэлээр буруу гэж үзэж байна. Үүнд:

            А.Х нь байшин, хашаа, хороо зэрэг үл хөдлөх хөрөнгө барихаас өмнө уг газрыг эзэмших талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ хийж, газар эзэмших эрхээ хууль ёсоор баталгаажуулаагүй.

            Мал маллаж амьдралаа залгуулдаг иргэд суурин газарт хашаа хатгаж, байшин барихтай адилгүй малын тоо толгой, бэлчээрийн хүрэлцээнээс шалтгаалан ойр хавьд өвөлжиж хаварждаг малчдаас зохих зөвшөөрөл авсан байх ёстой. С.Ж, А.Х нарын аль алиных нь мал өссөн, бэлчээрийн хүрэлцээ муу, ирээдүйд бэлчээрийн маргаан гарах үндэслэлтэй энэ асуудлыг сумаас томилогдсон комисс газар дээр нь шалган А.Х-гийн үйлдлийг буруу гэж үзээд нүүхийг шаардсан зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн тул холбогдох хэргийг хянуулахаар гомдол гаргав.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч А.Х-д холбогдуулж Баян-Өлгий аймгийн Н сумын 5 дугаар багийн Хавцлын “Х” гэх газар байршилтай өвөлжөөнөөс хариуцагч А.Х-г албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалбал нэхэмжлэгч С.Ж, хариуцагч А.Х нар нь Баян-Өлгий аймгийн Н сумын 5 дугаар багийн нутаг “Х” гэх газарт 20 гаруй жил хамт малаа маллаж ирсэн бөгөөд 2 айлын мал нийлээд мянга гарсан тул бэлчээрийн хэрэгцээнээс үүдэн маргасан үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч С.Ж нь Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 79 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 8310000966 дугаар бүхий 700 (0,07) м2 (га) газрыг 20 жилийн хугацаатай Н сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хавцлын “Х”-д өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг болох нь Баян-Өлгий аймгийн Н сумын газрын албаны даамлаас 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000683558 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №08325-2017/00024 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар, мөн хариуцагч А.Х нь Н сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” хэмээх өвөлжөөг 1988 оноос эхлэн эзэмшиж, ашиглан 30 гаруй жил мал маллаж амьдарч байгаа бөгөөд өөр газарт А.Х хашаа хороогүй, нэхэмжлэгч С.Ж-ийн эцэг С-гийн малыг маллаж байсан гэдэг нь Н сумын “Хос харагай” багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, иргэн Н сумын Тэжээлийн аж ахуйн туслах аж ахуйд 1986-1990 онуудад малын эмч байсан С.С, малчин М болон нэр бүхий 20 хүний нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Н сумын 5 дугаар багт байрлах Хавцалын “Х” өвөлжөөний газарт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр хариуцагчийн ашиглаж, эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгүүд нэхэмжлэгч С.Ж-ийн эзэмшил газарт биш өөр газар байрласан байх тул нэхэмжлэгч С.Ж-ийн нэгж талбарын 8310000966 дугаар бүхий, 20 жилийн хугацаатай Н сумын 5 дугаар баг, Хавцлын “Х”-д өвөлжөөний зориулалтаар 700 (0,07) м2 (га) газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч А.Х саад болсон гэсэн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Ж нь “А.Х нь өвөлжөөний хажууд 30 метрийн зайтай хашаа барьж, өвөлжиж, уг хашааг барихдаа сумаас ямар ч зөвшөөрөлгүй, бэлчээрийн төлөвлөлтөд тусгуулахгүйгээр, бэлчээр, Газрын тухай хуулийн дагуу ямар ч хөршийн тодорхойлолт авалгүйгээр барьсан. Анх кадастрын зураг буулгахад газрын даамлын буруугаас хашааны тал хувь нь орсон байна. Иймд газар бэлчээрийн хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэр гаргаж өгнө үү.” гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй” гэх давж заалдах гомдол гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй байна. Иймээс давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2019/00006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

           

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ