Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 67

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0068/Э

       Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

           Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

    Улсын яллагч:                              Ц.Цэен-Ойдов,

    Хохирогч                                  Б.Баярсайхан,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч:           Г.Бадамгэрэл,

    Шүүгдэгч:                                      З.Энхжаргал нарыг оролцуулан           

 

      Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга би, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Энхжаргалд холбогдох 201523000267 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Батноров суманд 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар бргиад Их бүрд гэх газар оршин суух, улсаас авсан шагналгүй, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Зэрийнаагийн Энхжаргал /РД:СА91110611/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Яллагдагч З.Энхжаргал нь 2015 оны 08 дугаар сарын 26-29-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Хүрэн хоолой” гэх газарт оршин суух Б.Баярсайханы гэрийн хаалганы цоожийг дорцовоор эвдэн нэвтрэн орж дорвинк маркийн буу 1 ширхэг, бэлнээр 250.000 төгрөгий, хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт  болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүлэгт өгсөн: “ ... Би 2015 оны дугаар сарын 08-ны үед Батноров сумын 4 дүгээр баг  “хүрэн хоолой” гэх газраас “Элсний ар” гэх газарт нүүж буухдаа том гэрээ орхисон. 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цүүг мулталчихсан байсан... гэртээ алдсан юм байна уу гэж үзэхэд алга болсон зүйл байхгүй байх шиг байсан. 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр буугаа үзсэн чинь байхгүй болсон байсан. Би буугаа гэрийнхээ зүүн орны гудсан дор хийсэн байсан. Мөн ширдэг дор 250.000 төгрөг байсан алга болсон байсан. Би бууг Б.Алтанхуяг гэдэг хүнээс 2014 оны эхээр даагаар худалдаж авч байсан. Би алдсан дорвинк маркийн буугаа 350.000 төгрөгөөр үнэлж байна.  Шүүгдэгч З.Энхжаргалын төрсөн ах нь надад учирсан хохирол болох 600,000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Баярсайханд 2013 оны 12 дугаар сард нэг даагаар өөрийн дорвинк маркийн буугаа зарсан. Баярсайханд зарсан дорвинк буу нь нэг амтай 12  номерын сумаар бууддаг хуучны буу, хэвийн ажиллагаатай байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

 

Гэрч Д.Баатарсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2015 оны 08 дугаар сарын сүүлээр сумын хойд талд явж байгаад Энхжаргалтай таарсан. Халамцуу архи уучихсан, нэг буу үүрчихсэн явж байсан. Тэгээд хөгшин нь төвөөр жоохон ажилтай байна. Бичиг баримтгүй буу үүрээд явж болохгүй байх. Чи энэ бууг аваад байж бай маргааш нөгөөдрөөс ууланд сууна. Тэр үедээ авъя гэсэн. Би тэр үед сумаас баруун хойшоо чулуунд явж байсан болохоор Энхжаргалд хөгшин нь хойшоо явж байгаад таньж мэддэг айл байвал үлдээе эсвэл замд тэмдэгтэй газар орхиод явъя гэж хэлээд бууг аваад явсан. Замд айл таарахгүй болохоор нь Батноров сумын төвөөс 10 гаран км яваад бууг нь замын хажуугийн тарваганы нүхэнд хийсэн. Би тэр үед давхар өмдтэй явсан болохоор буунд шороо чихчих байх гэж бодоод нэг муу өмдөө тайлж ороогоод нүхэнд хийгээд булж орхисон. Тэгээд үүнээс хойш Энхжаргалтай таараагүй. Энэ явдлаас хойш 2017 оны 04 дүгээр сарын дундуур Батноров сумын цагдаагаас ахмад Баасандорж гэх хүн надаас энэ бууны талаар тайлбар авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 тал/,

 

Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 62, 64 тал/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 63 тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30 тал/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч З.Энхжаргалыг 2015 оны 08 дугаар сарын 26-29-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Хүрэн хоолой” гэх газарт оршин суух Б.Баярсайханы гэрийн хаалганы цоожийг дорцовоор эвдэн нэвтрэн орж дорвинк маркийн буу 1 ширхэг, бэлнээр 250.000 төгрөгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Баярсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Энхжаргал нь хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул шүүх түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Баярсайханы дорвинк маркийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй болно.

 Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Зэрийнаагийн Энхжаргалыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Энхжаргалын эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь  хэсэгт зааснаар ялтан З.Энхжаргалын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дорвинк маркийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Баярсайханд олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Энхжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                             

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Л.УЯНГА