Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/005

 

Д.Ж-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор *******

Шүүгдэгч Д.Ж

Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нарыг оролцуулан;  

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/391 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ж ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ж т холбогдох эрүүгийн 2014000000392 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  овогт Д.Ж , 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 03-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 8 сарын 22-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 165 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 10 сарын 29-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэн одоо ял эдэлж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Д.Ж  нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудлын 201 тоот өрөөнд байсан *******ийн эзэмшлийн самсунг эс-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Ж т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  овогт Д.Ж ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Ж т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 11 /арван нэгэн/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурван/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Ж ын эдлэх 3 /гурван/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж ын 2020 оны 11 сарын 02-ний өдрөөс 2020 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл 43 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ж  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие ******* овогтой ******* нь 2020 оны 10 сарын 29-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Миний бие Д.Ж  нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар дахин хоёр жил нэмүүлж дөрвөн жилийн ял авсан. Миний бие энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би ээж *******гийн хамт амьдардаг. ******* нь өндөр настай бөгөөд надаас өөр асран хамгаалах хүн байхгүй тул ар гэрийг минь харгалзан үзэж надад оногдуулсан. Дөрвөн жилийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 391 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж урьд оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан. Тухайн анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Д.Ж т эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул түүний ялыг багасгаж өгнө үү гэсэн гомдол нь үндэслэлгүй байна гэв.

 Шүүгдэгч Д.Ж  тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг мөн би анхан шатны шүүх хуралдаанд хохирлоо барагдуулаагүй байсан. Одоо хохирлоо барагдуулсан тул миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ж ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа болон хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ж  нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудлын 201 тоот өрөөнд нууцаар  нэвтэрч иргэн *******ийн эзэмшлийн самсунг эс-8 маркийн гар утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Д.Намбарнанзад, гэрч Х.Отгондаваа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Ж ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Энх-Нахиа” ХХК-ийн алдагдсан самсунг эс-8 маркийн гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Ж т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ж т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 11 /арван нэгэн/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурван/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Ж ын эдлэх 3 /гурван/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чана==р, гэм буруугийн хэр хэмжээ, өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хорих ялаар шийтгүүлж байсан. Мөн удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа, хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд Д.Ж т 3 /гурван/ жил 11 /арван нэг/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.Ж ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Ж  нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

                         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                             зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/391 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ж ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Д.Ж ын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР, 

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ