| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2025/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн Ц.Ч-д холбогдох 2426003760323 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, ам бүл ***, ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овгийн Ц.Ч /РД: ***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар *** улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 08 дугаар 19-ний өдөр айлд очоод буцаж явсан. Урд шөнө нь Баянхонгор аймаг орсон. Тэгээд үүргэлж явж байгаад зогсож байсан машин мөргөсөн. Хүмүүс бэртэж гэмтээгүй. Хохирол төлбөрөө барагдуулсан. Тухайн үед согтуурлын зэрэг 1,16 хувьтай гарсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 08-нд хасуулсан” гэв.
Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 04:30 цагт цагдаагийн газраас залгаж *** сумаас 10 км зайд осол гарсан байна гэх дуудлагад олон нийтийн цагдаа П.Самдангийн хамт очиход *** улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Улаанбаатар хотоос Ховд аймаг явж байсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсож байхад нь эсрэг урсгалаас нөгөө урсгал руу орж мөргөж зогссон байдалтай байсан. Ц.Ч-ийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 1.16 хувийн согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Ц.Ч нь манай гэрт ирсэн, ойр зуурын юм яриад хоол хийсэн бөгөөд нэрийг нь санахгүй байна, 0.5 литрийн архи задлаад уусан. Хоолоо идчихээд Ц.Ч мал хэцүүдлээ гээд явсан. Өөрөө машинаа бариад манайхаас явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Согтуурлыг багажаар шалгасан Ц.Ч нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө *** улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, драгер багаж ашиглан шалгахад 1.16% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/619 дугаартай шийтгэвэр /хх-ийн 120-125-р хуудас/,
Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс тоологдож эхэлснийг мэдэгдсэн /хх-ийн 113 дугаар хуудас/,
Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан талаарх Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 114 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Ч-ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч Ц.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 8 дугаар сарын 07-ний өдөр шүүхийн шийдвэрээр 1 жилийн хугацаанд хасуулсан үедээ 2024 оны 8 дугаар сарын 19-ны шөнө дахин согтуугаар, эрхээ хасуулсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодсон энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Хэрэгт түүний гэм буруутайг нотлох гэрчийн мэдүүлэг, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, шүүхийн 619 дугаартай шийтгэвэр, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, жолоочийн лавлагаа мэдээлэл зэрэг нотлох баримтууд авагдсан. Энэ нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ц.Ч нь 0.16 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байна. Иймд түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Ч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,
Шүүгдэгч Ц.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Ч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар *** улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ц.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч Д.Д-ийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 04:30 цагт цагдаагийн газраас залгаж Нарийнтээл сумаас км зайд осол гарсан байна гэх дуудлагад очиход Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Улаанбаатар хотоос Ховд аймаг явж байсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсож байхад нь эсрэг урсгалаас нөгөө урсгал руу орж мөргөж зогссон байдалтай байсан. Ч-ийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 1.16 хувийн согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Б.Б-ийн “....Ч нь манай гэрт ирсэн, ойр зуурын юм яриад хоол хийсэн бөгөөд нэрийг нь санахгүй байна, 0.5 литрийн архи задлаад уусан. Хоолоо идчихээд Ч мал хэцүүдлээ гээд явсан. Өөрөө машинаа бариад манайхаас явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Согтуурлыг багажаар шалгасан Ц.Ч нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө *** улсын дугаартай “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон, драгер багаж ашиглан шалгахад 1.16% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/619 дугаартай шийтгэвэр /хх-ийн 120-125-р хуудас/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс тоологдож эхэлснийг мэдэгдсэн/ /хх-ийн 113 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 114 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Иймд шүүгдэгч Ц.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Ц.Ч-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй зэргийн харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. ...хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, согтуурал шалгаж буй үеийн 1 ширхэг “СD” хэрэгт хавсрагдсан түүнийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс гаргуулах зардалгүй зэргийг тус тус дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн шүүгдэгчийн согтуурал шалгаж буй үеийн дүрс бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овгийн Ц.Ч-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн шүүгдэгчийн согтуурал шалгаж буй үеийн дүрс бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР