Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

 Улсын яллагч: Э.Уламбаяр

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000370343 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,Гэлэн овогт *******гийн *******, регистрийн дугаар *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг ******* тоотод хохирогч *******той архи нэхлээ гэх шалтгаанаар маргалдаж *******ийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохьсны улмаас *******ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалганы цус хуралт, бүсэлхий зулгаралт, доод уруулын цус хуралт, дээд уруулын цус хуралт, дээд уруулын язрал бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/,  

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орой би гэртээ байсан 0,75 литрийн Хараа нэртэй архийг аваад Баянхонгор сумын 7-******* тоотод байх ******* ахынд очсон. Намайг ороход ******* ах гэртээ байхгүй, гэрт нь 2 эмэгтэй байсан. Би нөгөө авч явсан архиа нөгөө хоёр эмэгтэйтэй уугаад байж байтал гаднаас ******* эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд бөөндөө архиа ууж байтал би нэлээн согтоод *******тэй маргалдаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд гэртээ орж ирээд сэргэсэн. Эхнэртээ ******* ахынд зодуулсан талаараа хэлсэн... гэрийн баруун талын орны урд хэсгээр цус болсон байсан. Миний хамар хугарч мурийсан, нүд хөхөрсөн, уруул язарсан, цээж хэвлий хөхөрсөн байсан... эхнэр бид хоёр цагдаа нартай хамт *******гийн гэрт очиход ******* эхнэртэйгээ, *******, 2 дүүгийн хамт тэр 4 архи уугаад сууж байсан. Гэрийн баруун талын орны урд хэсгээр цус болсон байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...манай нөхөр гэртээ байсан нэг шил архийг аваад ******* гэх айлд оччихоод ирье гээд явсан. Тэгээд орой 23 цагийн үед нүүр, хувцас нь цус болсон хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн. Би хэнд зодуулсан талаар асуухад ******* ахынд байсан *******т зодуулсан гэж хэлэхээр нь цагдаа дуудаад, цагдаа ирсний дараа ******* гэх айлд очиход ******* эхнэртэйгээ цуг, мөн 2 эмэгтэй хүн байсан. Түүний гэрийн баруун талын орны урдуур цус болсон, зарим хэсгийг нь арчих цэвэрлэсэн гэмээр байсан. ******* гэх хүний эхнэр өөрийн гар утсан дээрээ бичлэг хийсэн байсан. Би бичлэгийг үзэхэд “манай нөхөр ******* баруун талын орны доод талд байх шкафыг нуруугаараа налан суугаад унтаж байтал ******* гэх хүн хувцаснаас нь чирээд орны урд аваачиж байгаад зодож байгаа” дүрс бичлэг байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41/

Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..би нөхөр *******тэй хамт ******* гэх айлд очиход *******гийн эгч, дүү болох , хоёр, нар нь архи уугаад сууж байсан. Бид хэд нийлээд дахин 2 шил архи уугаад хүмүүс нэлээн согтоцгоосон. Тэгээд байж байтал манай нөхөр лүү архи аваад өг гээд дахин дахин нэхээд байсан. Тэгсэн ******* нь “би чамд дахин архи авч өгөх шаардлагагүй гээдийн нүүр лүү нь гараараа хоёр, гурван удаа цохиод авсан. Удаа ч гүйийн авгай нь цагдаа дагуулаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-46/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...******* ах үг дуу цөөтэй, даруухан хүн байгаа юм. Шударга зантай, муу муухай зангүй зөв хүн. Хүнтэй маргахгүй, зодоон цохион хийх хүн биш. Жаахан архи уудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/8

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 200.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна. Дээрх мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаартай

1.*******ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж. Зүүн бугалганы цус хуралт, бүсэлхий зулгаралт, доод уруулын цус хуралт, дээд уруулын цус хуралт, дээд уруулын язрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги гэсэн дүгнэлт /хх-ийн 67-69/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10/,шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/, депозит дансны хуулгууд /хх-ийн 87-102/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 127-141/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 01 цаг 10 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух иргэн *******гийн гэрт хохирогч *******той архи нэхлээ гэх шалтгаанаар маргалдаж *******ийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисны улмаас түүний биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалганы цус хуралт, бүсэлхий зулгаралт, доод уруулын цус хуралт, дээд уруулын цус хуралт, дээд уруулын язрал бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн ..Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/,  

Хохирогч *******ийн....Эхнэртээ ******* ахынд зодуулсан талаараа хэлсэн... гэрийн баруун талын орны урд хэсгээр цус болсон байсан, миний хамар хугарч мурийсан, нүд хөхөрсөн, уруул язарсан, цээж хэвлий хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Гэрч гийн...Орой 23 цагийн үед нүүр, хувцас нь цус болсон хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн,  ******* ахынд байсан *******т зодуулсан гэж хэлсэн,.... гэрийн баруун талын орны урдуур цус болсон, зарим хэсгийг нь арчих цэвэрлэсэн гэмээр байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41/,

Гэрчгийн....манай нөхөр ийн нүүр лүү нь гараараа хоёр, гурван удаа цохиод авсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-46/

Иргэний нэхэмжлэгч ын...******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 200.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна....гэх мэдүүлэг /хх-ийн 60-61,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаар...*******ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж. Зүүн бугалганы цус хуралт, бүсэлхий зулгаралт, доод уруулын цус хуралт, дээд уруулын цус хуралт, дээд уруулын язрал гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт /хх-ийн 67-69/,  болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч *******, хохирогч ******* нар  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар эрх бүхий албан тушаалтаны согтуурал шалгах багаж үлээлгэж согтолтын хэмжээ буюу шүүгдэгч *******ийн 2,27, хохирогч *******ийн 0,89 хувийн согтолттой  байсан болох нь гэрэл зургийн үзүүлэлт, хэсгийн байцаагчийн тэмдэглэл / хх-ийн 15-16/ зэргээр тогтоогдож байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******  хохирогч *******ийн  нар нь  хамтран архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж. Зүүн бугалганы цус хуралт, бүсэлхий зулгаралт, доод уруулын цус хуралт, дээд уруулын цус хуралт, дээд уруулын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 67-69/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн нүүрэн тус газарт  цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******т  эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь *******ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн/ эвлэрлийн гэрээ байгуулсан/хх-ийн 124-125/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 200000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 200000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Улсын яллагч шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... дүгнэлтийг

Шүүгдэгч *******ийн....надад торгох шийтгэх оногдуулж өгнө үү, би торгох ялыг төлөх боломжгүй, харин манай хүүхэд торгох шийтгэлийг төлж өгнө гэсэн... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн,/ эвлэрлийн гэрээ байгуулсан/,  шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2024 оны 8,9 дугаар сард Өмнөговь аймагт ажил хийсэн, ....10 сараас хойш ажил хийгээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй/,  түүний ар гэрт, үр хүүхдэд эдийн засгийн дарамт учруулахгүй нь үүднээс, мөн шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй, өмнө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр хэд хэдэн удаа шийтгүүлж байсан, байнга архи согтууруурал ундааны зүйл хэрэглэдэг,  шүүгдэгч *******ийн....надад торгох шийтгэх оногдуулж өгнө үү, би торгох ялыг төлөх боломжгүй, харин манай хүүхэд торгох шийтгэлийг төлж өгнө гэсэн... гэх дүгнэлт,  прокурорын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан гурван цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д  зааснаар шүүгдэгч *******өөс 200000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5.Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА