| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ********* овогт С.Н-д холбогдох 2426003580340 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл ***, аав, ээж, эгч *** дүү манай *** хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** овогт С.Н /РД: ***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 22 цагаас 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд хохирогч Ө.О-тэй хэрүүл маргаан үүсгэж, түүний үснээс зулгааж, нүүрэн тус газарт нь 2-оос 3 удаа алгадах, нуруу хэсэгт өшиглөх зэргээр зодсоны улмаас биед “хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, зүүн мөр, бугалга, баруун дал, аюулхай, ахар сүүл, зүүн хонгонд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны орой *** сумын *** дугаар багийн *** тоот гэртээ байж байгаад 22 цаг өнгөрч байхад дэлгүүр орж 2,5 литрийн пиво 2 ширхгийг аваад найз Н болон түүний нөхөр /нэрийг сайн мэдэхгүй байна/-ийн хамт уучихаад цаашаа *** баар орж 2,5 литрийн пиво авч уусан. Тэгээд 1 цаг гаран дуулж байгаад пиво дуусаад ахиад пиво авсан. Тэгээд пивоны мөнгийг төлсөн байсан. Гэтэл Н “чи мөнгийг нь төлөөгүй юм уу” гэхээр нь би “төлсөн” гэж хэлтэл “чи өгөөгүй байсан юм биш үү” гээд миний үснээс зулгаагаад, нүүр хэсэг рүү гараараа 2,3 удаа цохиод, нуруу бөөр хэсэг рүү өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05 дугаар хуудас/,
Хохирогч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад Н, түүний нөхөр болон Б. бид дөрөв *** сумын *** дугаарт багт үйл ажиллагаа явуулдаг “***” гээд бааранд орсон. Тэндээ бид нар 6 ширхэг 2,5 литрийн том пиво уусан. Тэгээд уугаад сууж байсан чинь Н миний үснээс чирээд баарны гадаа гараад “Чи мөнгийг нь төлөөгүй байсан юм биш үү янхан минь” гээд учир зүггүй үснээс дараад толгой руу цохиод байсан. Тэгээд нэлээд олон удаа цохисны дараа яваад өгсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Ү.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр манай найз Н, түүний нөхөр Б гээд залуу, тэгээд О нарын хамт 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 22 цаг өнгөрч байхад *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх бааранд орсон. Тэндээ бид нар 6 ширхэг 2,5 литрийн пиво уусан, тэгээд би нэлээд согтсон, тухайн үйл явдлыг санахгүй байгаа. Маргааш нь ажил дээр байхад О чатаар залгасан, тэгэхэд нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд “намайг Н зодсон” гээд ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр Н-ийн хамт *** сумын *** дугаар багт хадмын гэрт амарч байтал Н-ийн найз О залгаад “найзынх нь сэтгэл санаа тиймхэн байна ганц пиво ууя” гэхээр нь эхнэр бид хоёр гарсан. ...” ***” гээд баар орсон 6 том пиво уусан. О манай эхнэр рүү “танай ээж чинь төрийн байгууллагад ажилладаг нь хамаагүй шүү” гээд агсам тавиад манай эхнэрийг 1 удаа алгадаад, хувцсыг нь урсан. Тэгтэл манай эхнэр уурлаад О-ийг 2-3 удаа алгадсан. О-ийн биед Н-оос өөр хүн халдаагүй. Б. нэлээд согтсон байсан тул түүнийг өргөөд гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,
Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед “***” бааранд ажилладаг байсан. Тус өдөр 21 цагийн орчим гаднаас 3 эмэгтэй, 1 эрэгтэй нэлээд согтуу орж ирсэн. Манайхаас 2 ширхэг 2.5 литрийн пиво, караокед 2 цаг аваад манайх 1 цагийг нэмж өгсөн. Тэгээд би ажлаа хийж байгаад караоке өрөөнийх нь хажуугаар явж байтал 2 эмэгтэй маргалдаад байх шиг байсан. Өрөөнд ортол 1 намхан эмэгтэй, 1 өндөр бор царайтай эмэгтэй 2 маргалдаад байсан. 1 эмэгтэй тасраад унтаад өгсөн. Залуу нь дуулаад сууж байсан. Тэгээд гайгүй болсон. Манайх хаагаад хүмүүсээ гаргаж байтал караоке өрөөнд маргалдаж байсан 2 эмэгтэй манай баарнаас баруун тийш байдаг автобусны зогсоолын ард байсан. Намайг очих үед өндөр бор царайтай эмэгтэй нь жижигхэн биетэй эмэгтэйг үсдээд, өвдөглөөд гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байхаар нь би очиж салгасан. Тэгээд караокед унтаж байсан эмэгтэйг хамт явж байсан залуу авч гарч ирээд нөгөө зодоод байсан өндөр бор царайтай эмэгтэй тэр 3 яваад өгсөн. Зодуулсан гэх эмэгтэйг би бааранд оруулсан. Та гарвал зодуулна гэж хэлээд 5 орчим минутын дараа баарнаас гаргасан. Тэр эмэгтэйг О гэж байсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Иргэн Ө.О нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд тусламж үйлчилгээ үзлэг, эмчилгээ хийлгэсэн нийт 18942 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 639 дугаартай "...1.Ө.О-ийн биед хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, зүүн мөр, бугалга, баруун дал, аюулхай, ахар сүүл, зүүн хонгонд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Гэмт хэргийн талаарх “Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Н-ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргын 39 дугаартай тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч С.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч С.Н нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 22 цагаас 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд хохирогч Ө.О-тэй хэрүүл маргаан үүсгэж, түүний үснээс зулгааж нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадах, нуруу хэсэг рүү өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь хамарт шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамар хацар, зүүн мөр бугалга, баруун дал , аюулхай ахар сүүл, зүүн хонгонд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх шинжгүй хүний биед хөнгөн хохирол учруулсан хэрэг хэрэг үйлдсэн байна. ...Хохирогч Ө.О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээний зардал нийт 189.840 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан дагуу мөнгөн дүнг гэм буруутай этгээдээс гаргуулах саналтай байна. ...Шүүгдэгч С.Н-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Н өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Н-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.Н нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 22 цагаас 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд хохирогч Ө.О-тэй хэрүүл маргаан үүсгэж, түүний үснээс зулгааж, нүүрэн тус газарт нь 2-оос 3 удаа алгадах, нуруу хэсэгт өшиглөх зэргээр зодсоны улмаас биед “хамарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, зүүн мөр, бугалга, баруун дал, аюулхай, ахар сүүл, зүүн хонгонд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ө.О-ийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны орой *** сумын *** дугаар багийн *** тоот гэртээ байж байгаад 22 цаг өнгөрч байхад дэлгүүр орж 2,5 литрийн пиво 2 ширхгийг аваад найз Н болон түүний нөхөр нэрийг сайн мэдэхгүй байна/-ийн хамт уучихаад цаашаа “***” баар орж 2,5 литрийн пиво авч уусан, тэгээд 1 цаг гаран дуулж байгаад пиво дуусаад ахиад пиво авсан, тэгээд пивоны мөнгийг төлсөн байсан, гэтэл Н “чи мөнгийг нь төлөөгүй юм уу” гэхээр нь би “төлсөн” гэж хэлтэл “чи өгөөгүй байсан юм биш үү” гээд миний үснээс зулгаагаад, нүүр хэсэг рүү гараараа 2,3 удаа цохиод, нуруу бөөр хэсэг рүү өшиглөөд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05 дугаар хуудас/, хохирогч Ө.О-ийн дахин өгсөн: “..*** гээд бааранд орсон, тэндээ бид нар 6 ширхэг 2,5 литрийн том пиво уусан. Тэгээд уугаад сууж байсан чинь Н миний үснээс чирээд баарны гадаа гараад “Чи мөнгийг нь төлөөгүй байсан юм биш үү янхан минь” гээд учир зүггүй үснээс дараад толгой руу цохиод байсан. Тэгээд нэлээд олон удаа цохисны дараа яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Ү.Б.ийн “...Тухайн өдөр манай найз Н, түүний нөхөр Б гээд залуу , тэгээд О нарын хамт 2024 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 22 цаг өнгөрч байхад *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *** гэх бааранд орсон,тэндээ бид нар 6 ширхэг 2,5 литрийн пиво уусан, тэгээд би нэлээд согтсон тухайн үйл явдлыг санахгүй байгаа, маргааш нь ажил дээр байхад О чатаар залгасан, тэгэхэд нүд нь хөхөрчихсөн байсан, тэгээд “намайг Н зодсон” гээд ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч М.Б-ын “...О манай эхнэр рүү “танай ээж чинь төрийн байгууллагад ажилладаг нь хамаагүй шүү” гээд агсам тавиад манай эхнэрийг 1 удаа алгадаад хувцсыг нь урсан, тэгтэл манай эхнэр уурлаад О-ийг 2-3 удаа алгадсан, О-ийн биед Н-оос өөр хүн халдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/, гэрч Б.Г-ын “...Би тухайн үед *** бааранд ажилладаг байсан. ....Манайх хаагаад хүмүүсээ гаргаж байтал караоке өрөөнд маргалдаж байсан 2 эмэгтэй манай баарнаас баруун тийш байдаг автобусны зогсоолын ард байсан. Намайг очих үед өндөр бор царайтай эмэгтэй нь жижигхэн биетэй эмэгтэйг үсдээд, өвдөглөөд, гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байхаар нь би очиж салгасан. Тэгээд караокед унтаж байсан эмэгтэйг хамт явж байсан залуу авч гарч ирээд нөгөө зодоод байсан өндөр бор царайтай эмэгтэй тэр 3 яваад өгсөн. Зодуулсан гэх эмэгтэйг би бааранд оруулсан, та гарвал зодуулна гэж хэлээд 5 орчим минутын дараа баарнаас гаргасан тэр эмэгтэйг О гэж байсан санагдаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 4 дүгээр хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/, хохирогч Ө.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 639 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч С.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч С.Н-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ө.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ө.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхэд газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Н-г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь хохирогч Ө.О-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 189,842 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт 189,842 төгрөгийн хохирол Эрүүл мэндийн даатгалын санд учирсан болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Н-оос 189,842 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч С.Н нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч С.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 189.840 төгрөг төлөөгүй тул төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичгийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Н өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Би одоохондоо хөлөө гэмтээсэн. Гэртээ хүүхдээ харж ажил хийхгүй байгаа тул Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.Нгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхой ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа гэсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г нэг сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг С.Н-д мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт С.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *** овогт С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г нэг сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.Н-д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Н-оос хохирогч 189,842 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР