| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *** овогт Г.Б-т холбогдох 2426003830343 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ//361 дугаартай шийтгэх тогтоолоор 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *** овогт Г.Б /РД: ***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *** баарны гадна 2024 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Ц.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн орчимд Ба найзаараа *** баарны гадаа хүргүүлсэн. Тэгээд би ганцаараа баар луу орж Сэнгүр гэх нэршилтэй пивоноос 3 шилийг уучихаад, баар хаахаас өмнө шөнийн 03 цагийн орчимд баарнаас гарахад үл таних Д, Б гэх 2 залуутай маргалдаж..., ...Бид 2-ын хажуугаар Б нь баруун гараараа зүүн талын шанаа руу цохиж хавсаргаж унагаасан. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж салсан. Хаалгаар гарахдаа шүргэлцсэнээс болоод хэрүүл маргаан болсон байх гэж бодож байна. Яг юунаас болж хэрүүл маргаан, болсон талаар санахгүй байгаа ... биеэ авч явах чадвартай байсан. Сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй, хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй... Д бид 2 хэрүүл маргаан зодоон цохион хийсэн зүйл байхгүй Өмнө өгч байсан мэдүүлэг нь дээр Б-ыг цохьсонг андуураад Д миний гэдэс рүү цохьсон мөн хавирга руу цохьсон гэж согтсон үедээ андуураад хэлсэн байна лээ, энэ миний буруу юм. Б нь баруун гараараа 2 нүд рүү цохиж, хавсарч унагаасан. Би тэгээд газар унаж тэгээд юу болсон талаараа сайн санахгүй байна ...Эмчилгээний зардал гэж 1,000,000 төгрөг өгсөн байгаа, Би Б-ыг цохиж зодсон зүйл байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй Б бид 2 эвлэрсэн байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08, 11 дүгээр хуудас/,
Гэрч Ө.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн шөнө би найз Б-ын хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт байрлах “***” бааранд шөнийн 01 цаг өнгөрч байхад ороод бид 2 тус тусдаа 2 лааз пиво уучихаад баарнаас гарсан. Тэгээд бид 2-ын араас Э гарч ирсэн Би он жав Э дээр очоод яасан онжий гэхэд Э хэрүүл өдөх гээд байсан. Тэгээд баруун гараараа цохих гээд байхаар нь би гарын бариад авсан. Миний араас Б ирээд намайг өмөөрсөн. Тэгээд Б нь Э-ын нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгээд Э бид 3 тамхи татаад салсан юм. Б нь миний найзыг яагаад байгаа юм бэ гээд намайг өмөөрөөд Э-ын нүүр лүү нь баруун гараа цохиж авсан. Өөр хаана нь цохиж авсныг би одоо сайн санахгүй байна...”” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн шөнө би таксинд явж байсан “***” баар хаах үед нь би баарны гадаа зогсож байсан. Б ах баарны гадаанаас такси асууж байхаар Б ах дээр явж очоод мэнд зөрүүлээд дүү нь таксинд явж байгаа гээд хэлэхэд ах нь баар луу орж найзыгаа аваад ирье гээд баар луу орсон. Удалгүй Б ах Г гэх залуутай баарнаас гарч ирсэн. Б, Г хоёрын араас хар гоонжтой өндөр ах гарч ирсэн. Г ах манай он жав байна. Би уулзаад ирье гээд хаалганы үүдэн дээр очсон Г ах өндөр залуутай юм ярьж зогсож байгаад өндөр ах Г ахыг баруун гараараа шанаа руу нь нэг удаа цохиод авсан. Б ах уурлаад манай найзыг цохилоо гээд өндөр ахыг баруун гараараа шанаа руу 1 удаа цохиод авсан. Өндөр ахыг доош тонгойлгосон нуруу руу нь хэд хэдэн гараараа цохиод байсан, Унагаагаад баруун хөлөөрөө нэг удаа элэг рүү нь өшиглөсөн. Тэгээд би зодооныг салгасан Б ах өндөр ахыг эр хүмүүс байна гар бариад салъя гээд өндөр ахтай гар бариад 2 тийш салсан. Тэгээд Б, Г ах нарыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Г ах өндөр залууг цохиж аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 660 дугаартай “ ... 1. Ц.Э-ын биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт зүүн зовхинд хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2, 3. Дээрх гэмтлүүд нь өнгө тогтоц шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн тул тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Э-ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 1,000,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн Засаг даргын 1261 дугаартай тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Г.Б нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *** баарны гадна 2024 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Ц.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, хохирогч Ц.Э-ын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Э-ын биед хүч хэрэглэн халдсаны улмаас шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тодорхойлогдсон хөнгөн хохиролд хамаарч буй үйл баримт, гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага онгодуулахаар заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Б нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *** баарны гадна 2024 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Ц.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.Э-ын “...2024 оны 08 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн орчимд Ба найзаараа “***” баарны гадаа хүргүүлсэн. Тэгээд би ганцаараа баар луу орж Сэнгүр гэх нэршилтэй пивоноос 3 шилийг уучихаад баар хаахаас өмнө шөнийн 03 цагийн орчимд баарнаас гарахад үл таних Д, Б гэх 2 залуутай маргалдаж, ...Бид 2-ын хажуугаар Б нь баруун гараараа зүүн талын шанаа руу цохиж хавсарч унагаасан. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж салсан. Хаалгаар гарахдаа шүргэлцсэнээс болоод хэрүүл маргаан болсон байх гэж бодож байна. Яг юунаас болж хэрүүл маргаан болсон талаар санахгүй байгаа ... биеэ авч явах чадвартай байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-11 дүгээр хуудас/, гэрч Ө.Д-ын “...Тухайн шөнө би найз Б-ын хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** бааранд шөнийг 01 цаг өнгөрч байхад ороод бид 2 тус тусдаа 2 лааз пиво уучихаад баарнаас гарсан. Тэгээд бид 2-ын араас Э гарч ирсэн би тэгээд он жав Э дээр очоод яасан Э хэрүүл өдөх гээд байсан. Тэгээд баруун гараараа цохих гээд байхаар нь би гарыг нь бариад авсан. Миний араас Б ирээд намайг өмөөрсөн. Тэгээд Б нь Э-ын нүүр лүү нь гараараа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч М.Б-ийн “...Тухайн шөнө би таксинд явж байсан “***” баар хаах үед нь би баарны гадаа зогсож байсан. Б ах баарны гадаанаас такси асууж байхаар Б ах дээр явж очоод мэнд зөрүүлээд дүү нь таксинд явж байгаа гээд хэлэхэд ах нь баар луу орж найзыгаа аваад ирье гээд баар луу орсон. Удалгүй Б ах Г гэх залуутай баарнаас гарч ирсэн. Б, Г хоёрын араас хар гоонжтой өндөр ах гарч ирсэн. Г ах манай он жав байна би уулзаад ирье гээд хаалганы үүдэн дээр очсон Г ах өндөр залуутай юм ярьж зогсож байгаад өндөр ах Г ахыг баруун гараараа шанаа руу нь нэг удаа цохиод авсан. Б ах уурлаад манай найзыг цохилоо гээд өндөр ахыг баруун гараараа шанаа руу 1 удаа цохиод авсан. Өндөр ахыг доош тонгойлгосон нуруу руу нь хэд хэдэн гараа цохиод байсан. Унагаагаад баруун хөлөөрөө нэг удаа элэг рүү нь өшиглөсөн. Тэгээд би зодооныг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч Ц.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Ц.Э-ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 1,000,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Г.Б тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Г.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу төлүүлэх саналтай. Шүүгдэгч нь хохирогч Ц.Э-д 1.000.000 төгрөг төлсөн. ...Хохирогч Ц.Э нь сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэх дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б өөрөө өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаараа: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Б-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Г.Б-ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Э-д 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР