Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414005040329 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг улсын чанартай А0303 чиглэлтэй хатуу хучилттай замд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приүс загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ .... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан "Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж, зогсоох арга хэмжээ аваагүй, замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй миний хувьд урьд өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 119/

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн төвөөс 16 цагт манай хоёр охин болох *******,*******, жолооч ******* нар гарч намайг Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багаас 18 цаг өнгөрч байхад ирж авсан. Намайг авснаас хойш 70 км зайд байх Ховд аймгийн Дарви суманд ирж дэлгүүр орчхоод цааш Өвөрхангай аймгийн Нарийн тээл гэх газар руу хөдөлсөн үүнээс цааш 220 гаруй км яваад Говь-Алтай аймгаас гарах үед байдаг том цагаан хаалганы хажууд очиж цай уучхаад цааш 100 км явж Дэлгэр сумын харалдаа замын хөвөө рүү орж зогсоод унтацгаасан тухайн үед 01 өнгөрөөд 02 цаг болж байсан яг цаг хэд болж байсныг мэдэхгүй байна унтаж байгаад хөдлөх үед 04 өнгөрч байсан хөдлөөд 240 км зайд байрлах Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум өнгөрөөд осол болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19/

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Манай эгч болох ******* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд уулын тахилга хийх ёслолд оролцох ажилтай гээд ээж бид хоёрыг хамт явъя гэсэн.  Тэгээд эгч маань аймгийн төвөөс танил ахыг машинтай гуйгаад явахаар болоод 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Ховд аймгаас эгч бид 2 суугаад явсан замаасаа Ховд аймгийн Зэрэг сумаас ээжг аваад жолоочтой нийлээд бид дөрөв замдаа гарсан. Тухайн үед эгч ******* маань жолоочийн эсрэг талын урд суудал дээр харин ээж бид 2 ар талын суудал дээр хамт суусан.  Тэгээд бид замдаа Дарви сумаар дайрч дэлгүүрээс ус ундаа аваад Говь-Алтай аймаг руу 23-00 цагийн орчимд ороод аймгаас гарах хаалганы зогсоол дээр зогсож байгаад хоол унд идээд цааш замдаа явж байгаад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ойролцоо байх машины зогсоол дээр очиж зогсоод /хэдэн цагийн үед гэдгээ санахгүй байна/ бид нар машиндаа унтсан ба би унтаж байгаад нэг сэрсэн чинь Бөмбөгөр сум ороод ирлээ гэж ярьж байхад би сэрсэн. Тэгээд би нойрноосоо сайн сэрээгүй байж байтал машины гэнэт 2 тийш дайвалзаад замын урд онхолдоод өнхөрсөн. Тэр үед би хэсэг ухаангүй болоод нэг сэрсэн чинь машин гадаа 4-5 метр орчим зайтай хажуу талаараа хэвтэж байсан  босох гэсэн чинь толгой өвдөөд байсан  хүчээр босоод харсан чинь ээж маань машинаас 10 метрийн зайтай нүүр амнаас нь цус гараад орилж байсан. Тэгээд хамт явж байсан эгч жолооч хоёрыг хайсан чинь машин дотор байхаар нь би гадна талаас нь хаалгыг арай хийж байгаад онгойлгож эгчийг гаргасан, харин жолооч өөрөө гарч ирсэн. Тэгээд бид гурав ээж дээр очоод хартал ээж хөдөлж чадахгүй шокын байдалтай байсан ба эгч машин зам дээр гараад замын машин зогсоох гэсэн боловч машинууд зогсохгүй байсан, харин нэг машин зогсоод жолооч ээж эгч бид гурвыг аваад Баянхонгор аймгийн эмнэлэг дээр хүргэж өгсөн.Харин жолооч осол болсон газраа үлдсэн. Тэгээд ээж бид хоёр яаралтай гээд Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авчирсан өөр зүйл болоогүй....гэх мэдүүлэг/хх-ийн 33-34/,

Гэрч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд уулын тахилга үйлдэх зан үйл хийх ажлаар ээж *******, төрсөн дүү нарын хамт явахаар болоод өөрийн тандаг хуурай ах болох *******ыг жолоо бариад яваад өгөөч гэсэн чинь тус ах маань зөвшөөрөөд тухайн өдрийнхөө 16 цагийн үед Ховд аймгаас замдаа гарсан. Бид нар замдаа Дарви сумаар дайрч дэлгүүр ороод ойр зуурын эд зүйлс аваад явсан ба орой 00 цагийн үед Говь-Алтай аймаг руу орж ирээд аймгаас гардаг хаалга дээр зогсож цай унд уусан. Тэгээд дахин замдаа гараад явж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын урд ирсэн чинь жолоо барьж байсан ******* ах маань нойр хүрээд байна гэхээр нь би нойр хүрч байгаа бол унтаж байгаад явъя гээд бид нар Дэлгэр сумын урд талын машины зогсоол дээр 04 цаг хүртэл унтаж сэрээд дахин замдаа гараад Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумууд өнгөрч байгаа талаар ярилцаад ээж дүү бид 3 машин дотор явж байгаад нүүрээ цэвэрлээд будах гэж байтал машин гэнэт 2 тал руугаа дайвалзаж байгаад замын урд тал руу онхолдсон. Тухайн үед би жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж байсан, харин ээж, дүү 2 маань машины ар талын суудал дээр сууж байсан, тэр үед машин онхолдоод дээш харсан байсан ба хажуу харсан чинь жолооч надтай хамт суудал дээрээ байсан хойшоо эргэж хартал ээж ,дүү 2 маань машин дотор байхгүй байсан цонхоор гадагш харсан чинь дүү маань машины хажуу талд хэвтэж байсан.Тэгээд яаж гарах юм бэ гээд орилсон чинь ******* ах миний суудлын бүсийг тайлсан дүү маань гэнэт газраас босож ирээд миний талын хаалгыг онгойлгосон. Тэгээд ******* ах араас гарч ирсэн ээж хаана байна гээд хайгаад орилсон чинь ээж маань машины баруун талд буюу замын хажууд машинаас 10 метрийн орчимд орилоод хэвтэж байсан. Б би зам дээр гараад замд явж байсан нэг машиныг зогсоогоод тэр машинд ээж бид 3 суугаад Баянхонгор аймгийн эмнэлэг дээр ирсэн тухайн үед айж сандарсан байсан болохоор хүргэж өгсөн залуугийн нэр утсыг нь аваагүй.Тэгээд аймгийн эмч нар үзээд ээж дүү хоёрыг маань хот руу яаралтай явах шаардлагатай гээд аваад явсан өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан 5,573,921 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 142/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11077 дугаартай

1.*******гийн биед зүүн сүүжний дэлбээнээс зүүн ацетабулын урд багана, төвийн хэсэг, дээвэр, арын баганыг хамарсан олон тооны ясны хэлтэрхийнүүд бүхий нийлмэл хугарал, зүүн умдаг яс хоёрлосон хугарал, зүүн талын ууц сүүжний үений зай холдсон буюу салсан хугарал, эрүү ясны хоёрлосон хугарал, шулуун синус, тенториумын зүүн хэсгээр бага хэмжээний цус харвалт, зүүн хөмсөг, дээд зовхи хамар шарх, зүүн бугалгад цус хуралт, амны зүүн булан, зүүн тохойд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

З.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18, 4.6.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна..гэх дүгнэлт /хх-ийн 58-60/,

2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаартай мөрдөгчийн

1.Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс Үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох,тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.

2.Хэргийн оролцогч ******* /*******/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусаж эрхээ сунгуулаагүй байсан тогтоогдож байна.

3.Хэргийн оролцогч ******* /*******/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

4. мөн дүрмийн 12.3-д зааснаар...жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна:

5. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирогч *******, гэрч *******, Н.*******, нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.

8.Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жигмэд би магадалгаа гаргаж буй чиглэлээр шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын схем зураглал, хохирогч *******, гэрч *******, Н.*******, нарын мэдүүлэг Шүүх шинжилгээний ерөнхий газар, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дүгнэлтүүд зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн мөрдөгчийн магадалгааг гаргав...гэх магадалгаа /хх-ийн 88-89/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 111-116/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 146/, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 147/,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 150/, дипозит дансны хуулга /хх-ийн 152-156/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг улсын чанартай А0303 чиглэлтэй хатуу хучилттай замд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приүс загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ .... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан "Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж, зогсоох арга хэмжээ аваагүй, замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Шүүгдэгч *******ы...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг/хх-ийн 119/

Хохирогч *******гийн..тухайн үед 01 өнгөрөөд 02 цаг болж байсан яг цаг хэд болж байсныг мэдэхгүй байна унтаж байгаад хөдлөх үед 04 өнгөрч байсан хөдлөөд 240 км зайд байрлах Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум өнгөрөөд осол болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19/

Гэрч ы...тэгээд би нойрноосоо сайн сэрээгүй байж байтал машины гэнэт 2 тийш дайвалзаад замын урд онхолдоод өнхөрсөн, тэр үед би хэсэг ухаангүй болоод нэг сэрсэн чинь машин гадаа 4-5 метр орчим зайтай хажуу талаараа хэвтэж байсан, хүчээр босоод харсан чинь ээж маань машинаас 10 метрийн зайтай нүүр амнаас нь цус гараад орилж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 33-34/,

Гэрч Н.*******гийн... машин гэнэт 2 тал руугаа дайвалзаж байгаад замын урд тал руу онхолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Иргэний нэхэмжлэгч ын...Б.Бадамсурэн нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан 5,573,921 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 142/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11077 дугаартай..*******гийн биед зүүн сүүжний дэлбээнээс зүүн ацетабулын урд багана, төвийн хэсэг, дээвэр, арын баганыг хамарсан олон тооны ясны хэлтэрхийнүүд бүхий нийлмэл хугарал, зүүн умдаг яс хоёрлосон хугарал, зүүн талын ууц сүүжний үений зай холдсон буюу салсан хугарал, эрүү ясны хоёрлосон хугарал, шулуун синус, тенториумын зүүн хэсгээр бага хэмжээний цус харвалт, зүүн хөмсөг, дээд зовхи хамар шарх, зүүн бугалгад цус хуралт, амны зүүн булан, зүүн тохойд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо... хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 58-60/,

2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаартай мөрдөгчийн... Хэргийн оролцогч ******* /*******/ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно,...а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-д зааснаар...жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.....гэх магадалгаа /хх-ийн 88-89/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч *******гийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон .... биед зүүн сүүжний дэлбээнээс зүүн ацетабулын урд багана, төвийн хэсэг, дээвэр, арын баганыг хамарсан олон тооны ясны хэлтэрхийнүүд бүхий нийлмэл хугарал, зүүн умдаг яс хоёрлосон хугарал, зүүн талын ууц сүүжний үений зай холдсон буюу салсан хугарал, эрүү ясны хоёрлосон хугарал, шулуун синус, тенториумын зүүн хэсгээр бага хэмжээний цус харвалт, зүүн хөмсөг, дээд зовхи хамар шарх, зүүн бугалгад цус хуралт, амны зүүн булан, зүүн тохойд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...гэмтлийн хүнд зэрэгт хамаарч...байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч *******ы гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч ******* нь шүүгдэгч *******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч *******гийн... санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... талаар / хх-ийн 25-26/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч *******....4000000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, надад өгөх баримт алга байна, баримтуудаа хадгалаагүй... гэх / хх-ийн 132-133/ мэдүүлсэн тул цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

Мөрдөгч Б.Жигмэд нь хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268,А/278 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Тавдугаар зэрэглэлийг тогтоож шийдвэрлэжээ./ хх-ийн 143-144/

Гэтэл  мөрдөгч Ж.Жигмэд нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварт буюу хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож шийдвэрлэсэн талаар хохирогч *******д танилцуулаагүй, баримтад гарын үсэг зургуулаагүй, уг мөрдөгчийн тогтоосон зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэх талаар тайлбар мэдүүлэг аваагүй байх тул шүүхээс тогтоож шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч ******* сэтгэцэд учирсан хохирлыг  нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 5,573,921 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 5,573,921 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,... дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, тэнсэж өгнө үү гэх ...дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-т заасан... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрэхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс  гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар  хорих ялтай  хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч  ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал,анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал/ насны байдал, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, тэтгэврээс өөр орлогогүй, тэтгэврийн зээл авч машин худалдаж авсан,/ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь эмчилгээний үр дүнгээс хамаарна/, хохирогч *******гийн... санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... талаар / хх-ийн 25-26/ мэдүүлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт  зэргийг  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ы  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх,  албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 -т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******ыг оршин суугаа газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван  жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг  жилийн хугацаагаар тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хохирол болон  цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******аас 5,573,921 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 9. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  10. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай

 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ       Ч.БАЙГАЛМАА