| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Э.Уламбаяр
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000190 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******,******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Есөн-Эрдэнэ” зах дотор үйл ажиллагаа явуулах “Өсөх” нэртэй барилгын материалын дэлгүүрийн эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалагдсан агуулахыг онгорхой байхад нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, иргэн *******ийн эзэмшлийн 2 боодол цахилгааны утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч *******д 500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах,
Мөн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд *******ын эзэмшлийн гээсэн гээгдэл хөрөнгө болох Самсунг А54 загварын гар утсыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Арвижих” худалдааны төвийн гадна тээврийн хэрэгслийн зогсоолоос олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, уг гар утсыг өөрийн танил *******д 180,000 төгрөгөөр худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч *******ад бага хэмжээнээс хохирлоос дээш буюу 1,023,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Миний бие тухайн үед хашаандаа барилга барьж байсан бөгөөд тухайн утсыг агуулахын гадна машинтай хүлээж байсан хүнд үзүүлэх гэж нэг боодол утсыг авч гарсан. Намайг очиход агуулахын хаалга онгорхой байсан тул би орсон. Тухайн агуулахын эзний нөхрийг нь таньдаг болохоор хэлэлгүйгээр боодол утас авч гарсан. Түүнээс надад хулгай хийх санаа зорилго байгаагүй. Тухайн утсыг тухайн цаг хугацаанд хохирогчид буцаагаад биет байдлаар өгсөн гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..Ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би урд нь өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөв ярьсан байгаа тул мэдүүлэг өгөхгүй..Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Миний хувьд тухайн хүний гар утсыг авсан үнэн. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна байна... Би тухайн гар утсыг хаанаас олж авснаа санахгүй байгаа. Тухайн үед согтуу байсан нэг мэдсэн миний халаасанд нэг гар утас байсан. Тэрнийгээ халаасандаа хийж явж байгаад Баянхонгор аймгийн Дунд зах дээр цагаан идээ зардаг ******* гэдэг хүнд 180,000 төгрөгөөр зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Өнөөдөр ажил дээрээ 11 цагийн үед манай дэлгүүр рүү хүмүүс орж ирээд бараа худалдаж авч байсан чинь гаднаас нэг халамцуу залуу орж ирээд барилгын нэг зүйл асуусан. Тэгэхээр нь тэр зүйл нь байхгүй гэж хэлээд зогсож байгаад цонхоор харсан чинь манай агуулахаас 2 боодол цахилгааны утас 40 гаран насны цэнхэр цоохор хувцастай саравчтай малгайтай залуу аваад гарч байсан. Тэгэхээр нь би гарч очоод яаж байна гэсэн чинь худалдаж авч байна гэхээр зөвшөөрөлгүй хүний эд зүйл рүү орлоо гэсэн чинь надаас зугтаах гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн гарын шуу хэсэгт цохиж авсан. Тухайн үед манай ажилчин , нар байсан. Манай арын агуулахаас 2 ширхэг боодол цахилгааны утас хулгай хийгээд гарч байсан. Цахилгааны утсаа авсан. Зах зээлийн үнэ 500,000 төгрөгийн үнэтэй байгаа. Тухайн хүн намайг цагдаа дууд гээд миний гарыг тавиулах гэж цохиж аваад гарч ирээд чамайг ална гэж их занал хийлээд байсан гомдолтой байна... Тэгсэн дэлгүүрт байсан залуу гарч ирээд хажуугаар өнгөрөхөөр нь та хоёр хамт явж байна уу гэсэн чинь үгүй байсан байна лээ. Би тухайн үед 2 согтуу хамт явж байгаа байх гэж бодсон. Хулгай хийсэн залуу ганцаараа явсан байсан. Тэр хүн барилгын материалын үнэ асууж байсан. Яг тэр хугацаанд тэр залуу манайхаас цахилгааны утас аваад гарч байсан. Тэгэхээр нь би хамт явж байгаа юм байна гэж бодоод өмнөх мэдүүлэгтэй хамт явсан байх гэж бодоод мэдүүлсэн юм...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25, 28-29/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 20 минутын үед Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлаж байгаа Арвижих худалдааны төвөөс гарахдаа би гар утсаа өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийгээд гарсан. Халаасандаа гараа хийхэд миний гар утас халаасанд байсан. Тэгээд миний суух гэж байсан тээврийн хэрэгсэл Арвижих худалдааны төвийн урд талын авто зогсоол руу орохоор нь би араас нь дагаад зогсоол руу орсон. Тэр үед би гар утсаа халааснаасаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд би хамт явж байсан хүмүүсийнхээ гар утаснаас 10 орчим удаа залгахад миний гар утас дуудаж байснаа дахин нэг удаа залгахад холбогдохгүй болсон. Миний гар утас 85 орчим хувийн цэнэгтэй байсан. Тийм учраас шууд унтрахгүй хэн нэгэн олоод миний гар утсыг унтраасан байх. Би гар утсаа Арвижих худалдааны төвийн авто зогсоол дээр гээсэн байх гэж бодож байна...Би гар утасныхаа хэвийн ажиллагаа болон эвдрэл гэмтэл үүссэн эсэхийг шалгахад ажиллагаа хэвийн, эвдрэл гэмтэл үүсээгүй байна. Надад одоо гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 164-165/,
Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...миний танилын хүн ******* гэх хүн манай ажил дээр халамцуу орж ирээд хар өнгийн гар утас гаргаж ирээд энэ манай ээжийн гар утас байгаа юм. Та энэ гар утсыг худалдаад авчих, ээжийн бие өвдөөд байгаа болохоор мөнгө хэрэгтэй байна гэх мэт зүйл хэлэхээр нь 180,000 төгрөг бэлнээр өгч тухайн гар утсыг худалдаж авсан. Тухайн гар утас намайг авахад унтарчихсан байсан. Түүнээс хойш 7 орчим хоногийн дараа гар утсаа авахгүй байхаар нь би өөрийн дугаарын симийг хийж асаатал кодтой байхаар нь Буянт богд худалдааны төвд байх гар утас засварын газарт орж кодыг нь 40,000 төгрөгөөр тайлуулсан... цаашид 100,000 төгрөгөө нэхэмжилж байна...******* надад 80,000 төгрөг өгөхдөө ээжтэйгээ хамт ирсэн. Надад ******* худалдсан Самсунг А54 загварын гар утсыг хаанаас хэрхэн олж авсан талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй. Мөнгөө өгчхөөд явчихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 167-168/,
Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би ажил дээрээ цэвэрлэгээ хийж байсан чинь гаднаас 11 цагийн үед манай дарга гадаа юун хүн юм аваад явав гэж хэлээд гадаа гарсан чинь ажлын алаг хувцас өмссөн 40 гаран насны эрэгтэй хүн цахилгааны утас аваад гарч байсан. Тэгсэн манай дарга намайг гар утас аваад ир гэхээр нь би гар утсыг авч ирж өгсөн. Манай дарга цагдаад дуудлага өгсөн...Тэр залуу зугтаагаад явах гээд байхаар нь манай дарга гараараа бариад зогсож байсан чинь намайг тавь гээд гар руу нь нэг удаа цохиод авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаар шинжээчийн ...Цахилгааны утас 1 боодолдоо 100 метр, 1 метр нь 2500 төгрөгийн үнэтэй цахилгааны утас.. 2 боодол... нэг бүрийн үнэ 250,000 төгрөг.. шинжилгээний объектын нийт үнэ цэнэ ... 500,000 төгрөг болохыг тодорхойлов..гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаар шинжээчийн
...Самсунг А54 загварын гар утас ...1 ширхэг...1,023,000 төгрөг ... Шинжилгээний обьектын нийт үнэ цэнэ ...1,023,000 төгрөг болохыг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 173-174/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 01/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 57-60, 182-184/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх-ийн 03-04/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 16-20/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 66/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх-ийн 69/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 70/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 71/, депозит дансны хуулгууд /1 хх-ийн 73-76/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Есөн-Эрдэнэ” зах дотор үйл ажиллагаа явуулах “Өсөх” нэртэй барилгын материалын дэлгүүрээс *******ийн эзэмшлийн 2 боодол цахилгааны утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч *******д 500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн
мөн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд *******ын эзэмшлийн гээсэн гээгдэл хөрөнгө болох Самсунг А54 загварын гар утсыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Арвижих” худалдааны төвийн гадна тээврийн хэрэгслийн зогсоолоос олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, уг гар утсыг өөрийн танил *******д 180,000 төгрөгөөр худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч *******ад бага хэмжээнээс хохирлоос дээш буюу 1,023,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...намайг очиход агуулахын хаалга онгорхой байсан тул би орсон… гэх мэдүүлэг
Шүүгдэгч *******ын..Ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би урд нь өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөв ярьсан байгаа тул мэдүүлэг өгөхгүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Хохирогч *******ын... гар утсаа Арвижих худалдааны төвийн авто зогсоол дээр гээсэн байх гэж бодож байна... гар утас шууд унтрахгүй хэн нэгэн олоод миний гар утсыг унтраасан байх,....би гар утасныхаа хэвийн ажиллагаа болон эвдрэл гэмтэл үүссэн эсэхийг шалгахад ажиллагаа хэвийн, эвдрэл гэмтэл үүсээгүй байна. Надад одоо гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг/хх-ийн 164-165/,
Хохирогчийн...цонхоор харсан чинь манай агуулахаас 2 боодол цахилгааны утас 40 гаран насны цэнхэр цоохор хувцастай саравчтай малгайтай залуу аваад гарч байсан..гэх мэдүүлэг/хх-ийн 24-25, 28-29/,
Иргэний нэхэмжлэгч *******гийн...танилын хүн ******* гэх хүн манай ажил дээр халамцуу орж ирээд хар өнгийн гар утас гаргаж ирээд энэ манай ээжийн гар утас байгаа юм, ээжийн бие өвдөөд байгаа болохоор мөнгө хэрэгтэй байна гэх мэт зүйл хэлэхээр нь 180,000 төгрөг бэлнээр өгч тухайн гар утсыг худалдаж авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 167-168/,
Гэрч ы... гадаа гарсан чинь ажлын алаг хувцас өмссөн 40 гаран насны эрэгтэй хүн цахилгааны утас аваад гарч байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаар шинжээчийн...Самсунг А54 загварын гар утас ...1 ширхэг...1,023,000 төгрөг ... Шинжилгээний обьектын нийт үнэ цэнэ ...1,023,000 төгрөг болохыг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 173-174/
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаар шинжээчийн...Цахилгааны утас 1 боодолдоо 100 метр, 1 метр нь 2500 төгрөгийн үнэтэй цахилгааны утас.. 2 боодол... нэг бүрийн үнэ 250,000 төгрөг.. шинжилгээний объектын нийт үнэ цэнэ ... 500,000 төгрөг болохыг тодорхойлов..гэх дүгнэлт /хх-ийн 43-44/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд
Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 20 минутын орчимд *******ын эзэмшлийн гээсэн гээгдэл хөрөнгө болох Самсунг А54 загварын гар утсыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Арвижих” худалдааны төвийн гадна тээврийн хэрэгслийн зогсоолоос олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж, уг гар утсыг өөрийн танил *******д 180,000 төгрөгөөр худалдан борлуулж завшсаны улмаас хохирогч *******ад бага хэмжээнээс хохирлоос дээш буюу 1,023,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж тус тус зааж, хүний өмчлөх эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байдаг.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт ...гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй...гэж хуульчилжээ.
Уг үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авснаар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа эд юмсыг хэлдэг.
Завших гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан байдаг ба насанд хүрээгүй хохирогч *******ын гээгдүүлсэн Самсунг А54 загварын гар утас нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаар шинжээчийн дүгнэлтээр 1023000 төгрөг гэж үнэлэгдсэн байх тул түүнийг бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эзэмшлийн гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж, ашиглаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Есөн-Эрдэнэ” зах дотор үйл ажиллагаа явуулах “Өсөх” нэртэй барилгын материалын дэлгүүрээс *******ийн эзэмшлийн 2 боодол цахилгааны утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч *******д 500,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Прокурорын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн № 155а дугаар яллах дүгнэлтэд …Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Есөн-Эрдэнэ” зах дотор үйл ажиллагаа явуулах “Өсөх” нэртэй барилгын материалын дэлгүүрийн эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалагдсан агуулахыг онгорхой байхад нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, иргэн *******ийн эзэмшлийн 2 боодол цахилгааны утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч *******д 500,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн …..бичигджээ.
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…намайг очиход агуулахын хаалга онгорхой байсан тул би орсон.. гэх мэдүүлэг
Хохирогчийн ...... дэлгүүр рүү гаднаас нэг халамцуу залуу орж ирээд барилгын нэг зүйл асуусан, тэр зүйл нь байхгүй гэж хэлээд зогсож байгаад цонхоор харсан чинь манай агуулахаас 2 боодол цахилгааны утас 40 гаран насны цэнхэр цоохор хувцастай саравчтай малгайтай залуу аваад гарч байсан, ... зөвшөөрөлгүй хүний эд зүйл рүү орлоо гэсэн чинь надаас зугтаах гээд байсан,...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25, 28-29/,
Гэрч ы ... дарга гадаа юун хүн юм аваад явав гэж хэлээд гадаа гарсан чинь ажлын алаг хувцас өмссөн 40 гаран насны эрэгтэй хүн цахилгааны утас аваад гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Хянлатын камерт үзлэг хийсэн...”Өсөх” барилгын материалын агуулах гэмээр граж руу шууд орох,...граж руу орсон эрэгтэй хүн цахилгааны утас гэмээр 2 боодол бүхий зүйлийг авч гарч байв... тэмдэглэл / хх-ийн 03-05/
Хэргийн газрын үзлэг хийсэн ...******* нь цахилгааны утсыг тухайн агуулахаас аваад гарсан гэх хохирогчийн өгүүлэмжтэй, ... уг агуулахаас утсаа аваад гарч байх үед нь би гарч тухайн этгээдийг барьж авсан... тэмдэглэл / хх-ийн 16-18/
Гэрэл зургийн үзүүлэлт ....”Өсөх” барилгын материалын дэлгүүрийн агуулахын хаалга онгорхой... /хх-ийн 19-20/ зэргээс үзэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн үйл ажиллагаа явуулдаг “ Есөн-Эрдэнэ” зах дотор байрлах “Өсөх” нэртэй барилгын материалын дэлгүүрийн эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалагдсан агуулахад буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх үзэх тул тухайн барилгын материалын дэлгүүрийн эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн арга, саад, хамгаалалтыг даван туулсан, түгжээ хаалт, дохиоллыг эвдсэн, салгасан байдал, санаа сэдэлт зэргийг харгалзан үзэхээс гадна, тухайн хохирогчийн барилгын материалын дэлгүүрийн эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахыг онгорхой байхад нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн нь шүүгдэгч, хохирогч , гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, харин тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэх шинжид хамаарах үйл баримтыг мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ ... гэж заасны дагуу дээрх байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч *******ын хохирогчийн 2 боодол цахилгаан утас хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа, шүүгдэгч гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ... шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэхгүй байна,...шүүгдэгчийг өөрийн хэрэгцээнд захиран зарцуулах боломж бүрдээгүй байсан гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан бөгөөд гэмт хэргийг төгсгөж чадаагүй байна гэж үзэж байна. ....хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Хохирогч *******ийн үйл ажиллагаа явуулдаг “ Есөн-Эрдэнэ” зах дотор байрлах “Өсөх” нэртэй барилгын материалын дэлгүүрийн эд зүйл хадгалах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахыг онгорхой байхад хохирогчийн зөвшөөрлөлгүй орж 2 боодол цахилгааны утас аваад агуулахаас гаргаснаар уг гэмт хэрэг төгссөн, харин *******ын хулгайлсан эд зүйлийг захиран зарцуулах боломж бүрдээгүй гэж үзэж гэмт хэргийг завдсан, төгсөөгүй гэж үзэхгүй юм.
Уг гэмт хэргийн хохирогч *******ын Самсунг А54 загварын гар утас, *******ийн 2 боодол цахилгаан утас зэргийн үнэлсэн эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утас болон, цахилгааны утсыг хохирогч нарт биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-ийн 164-165, 24-25/ байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч ******* нь Б.Үүрцайхын Самсунг А54 загварын гар утсыг *******д 180000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******д 80000 төгрөгийг бэлнээр өгсөн байх тул шүүгдэгч *******аас 100000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч *******д олгож,
Мөн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсны төлбөр 50000 төгрөг, гаргасан болох нь нэхэмжлэл, төлбөрийн хүсэлт / 1-р хх-ийн 42-43/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт зэргээр хэрэгт нотлогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т.... хохирогч...., .....шинжээч,......төлөх зардал...гэж, 1.5-д ... тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал...ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч *******аас хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 50000 төгрөгийг гаргуулж, шинжээч Л.Наранцэцэгт олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.
Улсын яллагч шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ... дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бороос .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар буюу хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх... дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь хэд, хэдэн удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө шүүхээр шийтгүүлж / шийтгэх тогтоол, шийтгэвэр/ байсан, дахин гэмт хэргийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд зүйлийг өмчийн зөвшөөрөлгшй авч худалдан борлуулж байнга архи согтууруулах ундааны зүйл авч хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 97 хоногийг ялтны эдлэх оруулан тооцож,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д .*******ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 97 хоногийг ялтны эдлэх оруулан тооцсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 100,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч *******д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 50,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, шинжээч Л.Наранцэцэгт олгосугай.
10. Шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай
11. Шүүгдэгч ******* хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА