Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2018/02266

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 01 өдөр Дугаар 181/ШШ2018/02266 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ав шүтээн ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Монгол дайвин ХХК/РД: /-д холбогдох,

 

11 949 258 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, өмгөөлөгч Б.Туяажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ав шүтээн ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол дайвин ХХК нь манай компаниас 2015 оны 11-р сарын 11-ний өдөр 4 895 400/дөрвөн сая найман зуун ерөн таван мянга дөрвөн зуу/, 2015 оны 11-р сарын 20-ны өдөр 3 809 160/гурван сая найман зуун есөн мянга нэг зуун жар/ төгрөгийн үнэ бүхий төмрүүдийг 14 хоногийн хугацаанд төлөхөөр зээлээр авсан бөгөөд 2016 оны 12 сард 1 000 000/нэг сая/ төгрөг өгсөн. Бид төлбөрөө барагдуулахыг удаа дараа шаардахад удахгүй төлнө хэд хоног хүлээж байгаач гэдэг байсан ба сүүлийн 1 жил утсаа авахгүй холбоо барих аргагүй болсон. Захирлууд хоорондоо байнга утсаар ярьдаг байсан. Тухайн үед удахгүй өгнө гэж ярьдаг байсан. Энэ цагийг хүртэл бид хүлээцтэй хандсан бөгөөд одоо манай компанид төлөх ёстой.

1. Барааны тооцоо 7 704 560 төгрөг,

2. 2015 оны 11-р сарын 11-ний өдрөөс 2018 оны 9-р сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны алдангийг сарын 1,6 хувиар тооцон 4 244 698 төгрөг,

3. Улсын тэмдэгтийн хураамж 206 140 төгрөг

Нийт 11 949 258 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Монгол дайвин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч тайлбар гаргаж явна. гэв.

 

Хариуцагч Монгол дайвин ХХК-ийн өмгөөлөгч Б.Туяажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотлох баримт эргэлзээтэй байна. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4,895,400 төгрөгийн баримт, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3,809,000 төгрөг гэсэн 2 баримтыг хавтаст хэрэгт өгсөн байна. Алданги 4,244,698 гэж байна. Талууд амаар тохирсон гэж байна. Хэрэв амаар тохирсон байгаа бол яагаад алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хавтаст хэрэгт ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ав шүтээн ХХК хариуцагч Монгол дайвин ХХК-д холбогдуулан барааны буюу төмрийн үнэ 7 704 560/долоон сая долоон зуун дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг, алданги 4 244 698/дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг, бүгд 11 949 258/арван нэгэн сая есөн зуун дөчин есөн мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Монгол дайвин ХХК нь ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нийт 4 895 400/дөрвөн сая найман зуун ерэн таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэ бүхий, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийт 3 809 160/гурван сая найман зуун есөн мянга нэг зуун жар/ төгрөгийн үнэ бүхий төмөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зарлагын баримтын болон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зарлагын баримтын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь гэрээ байгуулаагүй гэж маргаж байх боловч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зарлагын баримтын болон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зарлагын баримтын хуулбараар зохигчид хэлцэл хийж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Тус хэлцэл нь Худалдах, худалдах авах гэрээний шинжтэй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр ... амаар буюу бичгээр хийнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас барааны буюу төмрийн үнэ нийт 7 704 560/долоон сая долоон зуун дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 8 704 560/4895400+3809160=8704560/ /найман сая долоон зуун дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийн үнэтэй төмөр шилжүүлсэн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зарлагын баримтын болон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зарлагын баримтын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь төмрийн үнэд 1 000 000/нэг сая/ төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 7 704 560/8704560-1000000=7704560/ /долоон сая долоон зуун дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зарлагын баримтын болон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зарлагын баримтын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 7 704 560/долоон сая долоон зуун дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 4 244 698/дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т ... анзын гэрээг бичгээр хийнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар зохигчид анзын гэрээг бичгээр хийгээгүй байх тул хариуцагчаас алдангид 4 244 698/дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба өөрийн татгалзалаа баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төмрийн үнэд нийт 7 704 560/долоон сая долоон зуун дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн алданги 4 244 698/11949258-7704560=4244698/ /дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол дайвин ХХК-иас нийт 7 704 560/долоон сая долоон зуун дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан гаргуулан нэхэмжлэгч Ав шүтээн ХХК-д олгон, үлдсэн 4 244 698/дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол дайвин ХХК-иас нийт 7 704 560/долоон сая долоон зуун дөрвөн мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан гаргуулан нэхэмжлэгч Ав шүтээн ХХК-д олгож, үлдсэн 4 244 698/дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ав шүтээн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол дайвин ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 138 222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ав шүтээн ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ