| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Г.Ч,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын Ча-д холбогдох 2328001740277 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь 2022 оны 08 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 10 километр газарт, 2022 оны 10 дугаар сар, 2022 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ... тоотод, 2023 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “...” гэх байрны гадаа тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Б-г жирэмсэн байх үед нь 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр зодож гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ч-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 04 дүгээр сард жирэмсэн болоод Ч-ын хүүхдийг тээж эхэлсэн. 2022 оны 08 дугаар сард би 4 сартай жирэмсэн байсан. Тэр үед Ч миний биед халдаж цохиж зодсон байдаг. 2022 оны 08 дугаар сард, 2022 оны 10 дугаар сард, 2022 оны 12 дугаар сард, 2023 оны 01 дүгээр саруудад намайг жирэмсэн байх хугацаанд Ч миний биед халдаж гар хүрч байсан. Би энэ талаар өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. 2022 оны 10 дугаар сард Ч миний биед халдах үед би 6 сартай жирэмсэн байсан. 2022 оны 12 дугаар сард 8 сартай жирэмсэн байсан. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 9 сартай жирэмсэн байсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрж 3200 грамм охинтой болсон. Тухайн үед төрсөн охиныг ... гэж нэрлэсэн. Нөхөр Ч бид хоёрын дунд одоо ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй. Бид хоёр ярилцаад хэн хэнийгээ ойлгоод хэрүүл маргаангүй амьдарч байна. 2023 оны 04 дүгээр сард Ч миний биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд Цагдаагийн байгууллагаар шалгагдсанаас хойш хууль эрх зүй, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэгтэй болж миний биед дахиж халдаагүй. Бид хоёр 2024 оны 04 дүгээр сараас хойш хэрүүл маргаан огт хийгээгүй. Би өөрөө архи уусан хүнд огт дургүй Ч болохоор хааяа архи уучих гээд байдаг энэ асуудлаас болж бид хоёр маргалддаг байсан. Одоо бол Ч архи огт уухгүй байгаа, мөн хэн хэнийгээ их сайн ойлгож амьдарч байна.” (хавтаст хэргийн 92-93 дахь тал)
Насанд хүрээгүй гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Ч ахын гэрт ойролцоогоор 7 хоног хоносон. Тэгэхэд нэг шөнө нь Ч ах согтуу ирээд Б эгчтэй хэрэлдээд байсан. Тэр үед нь би тоглож байсан болохоор юу ярьж хэрэлдэж байсныг нь анзаараагүй. Тэгтэл Ч ах Б эгчийг багалзуурдаад, хацар руу нь нэг удаа алгадсан. Ч ах эгчийн гэдэс дээр нэг удаа чанга дарахад эгч ёолоод байсан. Би гэрээс нь гараад эмээгийн гэр рүү явсан. Маргааш нь буцаад очиход тэр 2 эвлэрсэн байсан. Өөрөө халдаж байсан талаар мэдэхгүй... 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хавьцаа болж байсан. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ... тоотод Б эгчтэй хэрэлдэж байсан. Хэрэлдэж байгаад Ч ах Б эгчийг багалзуурдаж боогоод, үсдэж унагааж байсан. Унагаасны дараа гэдэс дээр нь бас дарж байсан. Өөрөөр Ч ах, эгчийг цохиж байгаагүй. Өөрөөр би сайн санахгүй байна.” (хавтаст хэргийн 59-60, 63 дахь тал)
Шүүгдэгч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2000 онд Өмнөговь аймгийн Номгон суманд айлын ууган хүү болж төрсөн. 2006 онд Өмнөговь аймгийн Номгон сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 2014 онд 9 дүгээр ангиа төгссөн. “...” ХХК-д ковшийн оператороор 2014-2019 онд ажиллаж байсан. 2020 оноос эхлэн “...” ХХК-д ковшийн оператороор ажиллаж байна. Ц.Б-тай 2020 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн, гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо эхнэр Б, 2 хүүхдийн хамт амьдардаг. Би болсон зүйлийн талаар өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан нэмж ярих зүйлгүй. Бид хоёр одоо хэрүүл маргаангүй бусад гэр бүлийн адил амьдарч байна. Бид хоёр одоо хэрүүл маргаан хийхгүй байгаа. Бид хоёр сайн ярилцаж хэн хэнийгээ сайн ойлгож авсан. Тухайн үед манай эхнэр Ц.Б жирэмсэн байсан. Тэгээд би хааяа архи уухаар эхнэр маань уурлаад би гар хүрдэг байсан. Тухайн үед Б жирэмсэн байсан болохоор их муухай ааштай уур уцаартай байдаг байсан. Би тэрийг нь сайн ойлгохгүйгээс болоод бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж байсан. Одоо би архи уухгүй байгаа, мөн Б уур уцааргүй бид хоёр хоорондоо сайн харилцаатай байгаа болохоор бид хоёр хэрүүл маргаангүй сайхан амьдарч байна. Тухайн үед манай эхнэрийн тээж байсан охин 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, одоо 1 нас 11 сартай ... гэдэг.” (хавтаст хэргийн 106-107 дахь тал)
Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ч.... гэх охин төрүүлснийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэжээ. 2022 оны 08 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд Ц.Б нь 16-38 долоо хоногтой жирэмсэн байжээ.” (хавтаст хэргийн 96-97 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ча-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж, дүгнэлт хийж байна. Хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Ч нь 2022 оны 08 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 10 километр газарт, 2022 оны 10 дугаар сар, 2022 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ... тоотод, 2023 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “...” гэх байрны гадаа тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Б-г жирэмсэн байх үед нь 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр зодож гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Ц.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал), насанд хүрээгүй гэрч О.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60, 63 дахь тал), Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 96-97 дахь тал), шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүхийн шатанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.
Шүүгдэгч Г.Ч, хохирогч Ц.Б нар нь 2020 оноос хойш хамт амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна. Шүүгдэгч Г.Ч нь хохирогч Ц.Б-г 2022 оны 08 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 10 километр газарт, 2022 оны 10 дугаар сар, 2022 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ... тоотод, 2023 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “...” гэх байрны гадаа тээврийн хэрэгсэл дотор нийт 4 удаагийн үйлдлээр буюу байнга өшиглөх, гэдсэн дээр нь дарах, хоолойноос нь багалзуурдах, үснээс нь зулгаах, зэргээр зодсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Ч нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байна.
Мөн шүүгдэгч Г.Ч нь хохирогч Ц.Б-г 2022 оны 08 дугаар сар, 2022 оны 10 дугаар сар, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр саруудад байнга зодсон үйлдлүүдэд хохирогч Ц.Б нь 16-38 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 96-97 дахь тал), оролцогчдын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ч нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу нийт 4 удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2023 оны 04 дүгээр сард Ч миний биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд Цагдаагийн байгууллагаар шалгагдсанаас хойш хууль эрх зүй, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэгтэй болж миний биед дахиж халдаагүй. Бид хоёр 2024 оны 04 дүгээр сараас хойш хэрүүл маргаан огт хийгээгүй. Би өөрөө архи уусан хүнд огт дургүй Ч болохоор хааяа архи уучих гээд байдаг энэ асуудлаас болж бид хоёр маргалддаг байсан. Одоо бол Ч архи огт уухгүй байгаа, мөн хэн хэнийгээ их сайн ойлгож амьдарч байна. Надад нэхэмжлэх хохирол байхгүй” (хавтаст хэргийн 53, 92-93 дахь тал) гэж мэдүүлж, шүүгдэгч Г.Ч-аас хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ча-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэрээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг минь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ча-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Ч-ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал болон хохирогчийн “...Г.Ч миний биед дахиж халдаагүй, Ч архи огт уухгүй байгаа, мөн хэн хэнийгээ их сайн ойлгож амьдарч байна...” гэх мэдүүлэг зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Ч-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ча-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар дурдаагүй бөгөөд энэ талаарх оролцогчдын тайлбар, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг гарсан газрыг “2022 оны 08 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 10 километр газарт, 2022 оны 10 дугаар сар, 2022 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ... тоотод, 2023 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “...” гэх байрны гадаа тээврийн хэрэгсэл дотор” үйлдэгдсэн хэмээн зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн улсын яллагчийн “шүүгдэгч Г.Ч нь нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Ц.Б-г жирэмсэн байх үед нь зодож гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Ч-ыг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ча-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ