Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.М******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М*******т холбогдох эрүүгийн 2415002630280 дугаартай, 304/2025/0019/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Д*******гийн М*******, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1966 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Булган аймгийн Б******* сумын Жаргалант 2 дугаар баг, Холбоо толгой гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, 58 настай, эрэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М******* нь 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Б******* сумын 2 дугаар баг “Б*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг 0,4083 м3 мод бэлтгэж, ******* БУЛ улсын дугаартай цагаан өнгийн Киа пронтор загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 196.747 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 196.747 төгрөг хЗ=590.241 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдсон хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000286 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.М******* нь 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Б******* сумын 2 дугаар баг “Б*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг 0,4083 м3 мод бэлтгэж, ******* БУЛ улсын дугаартай цагаан өнгийн Киа пронтор загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 196.747 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 590,241 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Иргэний нэхэмжлэгч Ц.Очирхүүгийн өгсөн: “... Б******* сумын 2 дугаар баг Бургаастын ар гэх газарт ойн тусгаарлалт хийгдээгүй учир мод бэлтгэж болохгүй. Д.М******* нь надад ойгоос мод бэлтгэх талаар хэлээгүй. Тухайн газар нь шинэс, хус төрлийн модтой газар байгаа юм. Ойд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

2. Гэрч О.О*******гийн өгсөн: "... Би 2024 оны хавар Булган аймгийн Б******* сумын Ханжаргалант 2 дугаар баг Бургаастын ар гэх газарт малд явж байхад мод унагааж бэлтгэсэн байсан. Тэгээд би ямар хүн мод унагааж бэлтгэсэн юм бол гээд бодчихоод байж байхад манай ойролцоо байдал М******* гэдэг айл Бургаастын ар гэх газраас мод бэлтгээд Холбоо толгой гэх газарт байрлах зуслан дээрээ адууны хашаа барьсан байхаар нь цагдаад гомдол гаргасан..." гэх мэдүүлэг хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

3. Гэрч Б.Тийн өгсөн: “... Би 2018 онд өөрийн ******* БУЛ улсын дугаартай KIA Fronter маркийн тээврийн хэрэгслийг 2,500,000 төгрөгөөр М******* гэдэг хүнд худалдаж байсан юм... тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

4. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-18 дахь тал/,

5. Адууны хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 9-12 дахь тал/,

6. ******* БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-17, 22-24 дэх тал/,

7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3214 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Шинжүүлсэн мод нь Pinasceae Lind нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. Дээжинд ирүүлсэн модны чийг нь 9.7%-ийн чийгшилтэй байгаа тул хуурай мод байна. Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын сум дундын цагдаагийн тасгийн Б******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Доржсүрэнгийн адууны хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд хэмжилт хийсэн тэмдэглэлд тухайн 8 ширхэг модыг 2-4.28 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. 8 ширхэг иодны м3-ын хэмжээг MNS2379:2010 стандартын арга ашиглан бодоход 0.4083м3 байна.  Булган аймгийн Б******* сумын Ханжаргалант 2 дугаар баг Бургаастын ар гэх нутаг дэвсгэр нь ойн мужлалаараа 3 дугаар мужлалд хамаарна. 8 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцов. Нийт 8 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээ 109.304х1.8=196.747 төгрөг байна. "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 196.747 төгрөг х3=590.241 төгрөг байна.” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 51-54 дэх тал/,

8. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ОРА: 1001920 дугаартай шинжээчийн “******* БУЛ улсын дугаартай цагаан өнгийн Fronter загварын тээврийн хэрэгсэл 2,000,000 төгрөг, бензин хөдөлгүүрт цахилгааны хөрөө 1 ширхэг 80,000 төгрөг”, гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 63-64, 68-70 дахь тал/,

9. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан: “… экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай актад “2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3214 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 0.4083 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 169,747 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 590,241 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх акт /хавтаст хэргийн 76 дахь тал/,

10. Яллагдагч Д.М*******ын өгсөн: “... Би 2024 оны 05 дугаар сарын сүүлчээр адууныхаа хашааг сэлбэх гээд Булган аймгийн Б******* сумын Ханжаргалант 2 дугаар баг Бургаастын ар гэх газраас 3 ширхэг босоо хуурай мод хөрөөдөж унагаагаад өөрийн эзэмшлийн ******* БУЛ улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ачиж зуслан дээрээ аваачаад адууныхаа хашааг сэлбэж барьсан юм. Тухайн үед мод бэлтгэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон хөрөө нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. ******* БУЛ улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг манай хүү Баянмөнх 1 хүнээс 3 жилийн өмнө надад авч өгч байсан юм. Тухайн хүнийг танихгүй бөгөөд нэр дээрээ шилжүүлж аваагүй юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Очирхүү, гэрч О.О*******, Б.Т нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлахад,

 Шүүгдэгч Д.М******* нь 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Б******* сумын 2 дугаар баг “Б*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг 0,4083 м3 мод бэлтгэж, ******* БУЛ улсын дугаартай цагаан өнгийн Киа пронтор загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 196.747 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 590,241 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.М******* зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Д.М******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авахгүйгээр Д.М******* нь 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Булган аймгийн Б******* сумын 2 дугаар баг “Б*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг 0,4083 м3 мод бэлтгэж, ******* БУЛ улсын дугаартай цагаан өнгийн Киа пронтор загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 196.747 /нэг зуун ерин зургаан мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 590,241 / таван зуун ерин мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийн шууд бус хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М*******ын байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 590,241 /таван зуун ерин мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.М*******ын ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 97-105 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолооны үнэмлэхний хуулбар, Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М******* нь Булган аймгийн Б******* сумын Жаргалант 2 дугаар баг, Холбоо толгой гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.М*******ын эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* БУЛ улсын дугаартай цагаан өнгийн Киа пронтор загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 8 ширхэг буюу 0,4083 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого тус тус болгох саналыг,

Шүүгдэгч Д.М******* нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.

Шүүх Д.М*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* БУЛ улсын дугаартай цагаан өнгийн Киа пронтор загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 8 ширхэг буюу 0,4083 м3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80,000 төгрөгийн үнэлгээ цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д*******гийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М*******аас байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 590,241 / таван зуун ерин мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* БУЛ улсын дугаартай цагаан өнгийн Киа пронтор загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 8 ширхэг буюу 0,4083 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн 80,000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДОНЧИМЭГ