Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2020/01272

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2020/01272

*******-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00703/и

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сумын * дугаар баг, Залуучуудын * дүгээр гудамж, * тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сумын * дугаар баг, Залуучуудын * дүгээр гудамж, ** тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-т холбогдох,

 

"Хууль бус эзэмшлээс газар, хашааг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Л.Баатарчулуунтай 2017 онд гэрлэсэн. Гэр бүл болохдоо өөрийн охин Б.Саранцэцэгийн хамт ханилж байсан. Гэтэл нөхөр Л.Баатарчулуун охин Б.Саранцэцэгийг хүчирхийлж, эрүүгийн хуулиар шийтгүүлсэн. Гэтэл түүний ах Л.******* нь миний хууль ёсны өмчлөлийн *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг, Залуучуудын 4-р гудамжны 49 тоот, нэгж талбарын дугаартай 802,0 мкв талбайтай, гэр бүлийн зориулалттай, Улсын бүртгэлийн Г- дугаартай, дугаар гэрчилгээтэй газар дээр маань миний зөвшөөрөлгүйгээр 2019 оны 08 сарын сүүлээр нүүж ирчихээд одоо хүртэл хашаанаас гарахгүй, хашаа хороог маань завааруулж, хашаанаас нүү гэхээр хэл амаар доромжилж намайг хашаанд маань оруулахгүй, хөөж туугаад байна. Би ах дүүгээрээ хоёр охиноо дагуулаад явж байгаа. Иймд хуулийн байгууллагад хандахаас аргагүй байгаа тул өөрийн хууль ёсны газар дээрх хашаанаас Л.*******ыг гэр бүлийнх нь хамт албадан гаргуулж, хашаагаа чөлөөлүүлж авмаар байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч С.******* нь тухайн газрын өмчлөгч мөн тул Л.*******ыг албадан гаргуулах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Л.******* нь С.*******гийн нөхөртэй ах дүүгийн холбоотой. Энэ газрыг авахад мөнгийг нь Л.*******ын ээж ******* гэдэг хүн тэтгэврийн зээл авч төлж байсан учир Л.******* энэ хашаанд амьдрах эрхтэй гэж үзэж байгаа юм. Мөн Л.*******ын ээж ******* С.*******гээс тэтгэврийн зээлээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг, Залуучуудын 4 дүгээр гудамж, 49 тоотод байрлах газрыг чөлөөлүүлэх буюу Л.*******ын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн дугаартай гэрчилгээгээр ******* овогт *******ийн ******* нь *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг, Залуучуудын 4 дүгээр гудамж, 49 тоотод нэгж талбарын дугаартай 802,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 25-ны өдөр шүүхээс ирж гардан авсан боловч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нь татгалзлын үндэслэлийг ...Л.*******ын ээж ******* тухайн хашаа, газрын үнийг төлсөн тул хариуцагч Л.******* тус хашааг эзэмших эрхтэй гэж тайлбарладаг болно.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг, Залуучуудын 4 дүгээр гудамж, 49 тоотод нэгж талбарын дугаартай 802,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.

 

Хариуцагч Л.******* нь тус газрыг эзэмшиж, оршин сууж байгаа болох нь зохигчдын өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хариуцагч Л.******* нь шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж авахдаа шүүхэд мэдэгдсэн түүний одоогийн оршин суугаа хаягийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай баримтад тэмдэглэсэн байдал зэргээр тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч С.*******гийн *******-Уул аймгийн ******* сумын 5 дугаар баг, Залуучуудын 4 дүгээр гудамж, 49 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 802,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Л.******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулан, хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Л.*******т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч ...хөл хугарсан учраас босож чадахгүй, гэмтэлтэй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, ээж Ж.*******т итгэмжлэл өгч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2020 оны 12 сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Л.*******ын дээрх хүсэлт нь баримтаар тогтоогдохгүй, итгэмжлэл хэрэгт авагдаагүй байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Л.*******ын 2020 оны 07 сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 07 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд тухайн хүсэлтдээ хөлөө хугалж, хадуулан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан, эмчийн зааврын дагуу 7 хоног хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байгаа талаар дурдаж байсан, 2020 оны 08 сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг дахин товлоход хариуцагч Л.******* нь мөн дээрх шалтгаанаар шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул өмгөөлөгч Л.Оюунсувдыг оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байсан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Л.******* нь 2020 оны 07 сарын 20-ны өдрөөс хойш хөлний гэмтлийн байдал ямар байгаа, 2020 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар хэвтрийн дэглэм сахиж байгаа эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Л.Оюунсувд хариуцагчийг байлцуулах шаардлагатай гэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан *******-Уул аймгийн ******* сумын * дугаар баг, Залуучуудын * дүгээр гудамж, ** тоотод байрлах нэгж талбарын дугаартай 802,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Л.******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ