| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Ч.Х*******, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Х*******т холбогдох эрүүгийн 2415002400274 дугаартай, 304/2025/0015/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* овогт Ч******* Х*******, ******* аймгийн Х******* суманд 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын ............ багийн тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ч.Х******* нь Булган аймгийн Бугат сумын Х 2 дугаар багийн нутаг “Булган уул” гэх газрын ойгоос 2024 оны 08 дугаар сарын 15-19-ний хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон Хуш модны самар, үр нийт 142.235 кг түүж, Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт улсын дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 25.118.701 төгрөгийн шууд хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу нэмэгдүүлэн тооцоход нийт 125.593.505 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Х******* нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Булган аймгийн Бугат сумын Х 2 дугаар багийн нутаг “Булган уул” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ховор ургамлын жагсаалтад орсон 142 килограмм 235 грамм хуш модны самрын үр түүж, улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 25,118,701 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Иргэний нэхэмжлэгч Ц.О: “...Би болон манай сумын Засаг даргын Тамгын газраас иргэдэд хуш модны самар түүж бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Ч.Х******* нь эрх бүхий албан тушаалтнаас хуш модны самар түүж бэлтгэх зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Би шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ч.Н: “...Манай дүү Ч.Х******* нь тухайн үед самарт явахдаа миний эзэмшлийн улсын дугаартай саарал өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Би тухайн тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймгаас Ү******* гэдэг хүнээс худалдан авч байсан юм. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг дүү Ч.Х*******т зарах гэж унуулж байгаад мөнгөө өгөхгүй байхаар нь буцааж аваад тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээрээ шилжүүлээд 25-86 БУН гэсэн улсын дугаар авсан. Надад гомдол санал байхгүй. Тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
-Гэрч Б.Б: “...Би өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгаас Булган аймагт зорчих чиглэлд Х************** гэх газрын ойролцоо замын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд суудал дээр 2 шуудай цайруулсан самар, тээш хэсэгт 3 шуудай цайруулсан самар байсныг илрүүлж Цагдаагийн газарт авч ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооч болох Ч.Х******* гэх залуу ганцаараа явсан юм. Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын ам гэх газраас самар түүгээд явж байна гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5, 6-8 дахь тал/,
-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15, 16-20 дахь тал/,
-Шуудайтай самарт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийж, жин тогтоосон тэмдэглэлд:
Нэгдүгээр шуудайнд цэвэр жин 28 кг 165 грамм,
Хоёрдугаар шуудайнд 29 кг 295 грамм,
Гуравдугаар шуудайнд 29 кг 15 килограмм,
Дөрөвдүгээр шуудайнд 28 кг 405 грамм
Тавдугаар шуудайнд 27 кг 355 грамм нийт 142 кг 235 грамм байна гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-24, 25-30 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 31-33, 34-37 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 38, 39-40 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2800 дугаартай:
1.“Сибирь Хуш Pinus sibirica-ны үр (Самар) байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр.
2.Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтад Сибирь Хуш -Pinus sibirica нь "Ховор ургамлын жагсаалт"- д орсон байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш Pinus sibirica -ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.
4.Сибирь Хуш- Pinus sibirica нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Шинжилгээнд ирсэн дээжийн таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал аль нь болохыг тогтоох боломжгүй.
5.Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 11.3% байх тул хуурай байна.
6.Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой.
7.Хуш модны самрыг MNS 5786:2007, ММ8 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой.
8.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 176,600 төгрөг байна.
Мөрдөгчийн тогтоод дурдсаны дагуу 142.37 кг цайруулсан самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол:
176.000 төгрөг х 142.37 кг =25.142.542 төгрөг байна гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 66-69, 70-75 дахь тал/,
1.Шинжээчийн 2800 дугаартай дүгнэлтэд хуурай самар гэсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай Хуш модны самрын экологи- эдийн засгийн үнэлгээ нь 176.600 төгрөг байна.
2.Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 142.235 кг цайруулсан самрын экологи- эдийн засгийн үнэлгээг тооцвол: 176.600 төгрөг х 142.235 кг = 25.118.701 төгрөг байна.
3.Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 25.118.701 төгрөг х 5=125.593.505 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 108-109 дэх тал/,
-Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын: “...142.325 кг хуш модны самрын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 25,118,701 төгрөг болох нь тогтоогдсон байна. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3362 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу ургамлын аймагт учруулсан хохирол болох 142.325 кг хуш модны самрын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 25,118,701 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 125,593,505 төгрөгийн нөхөн төлбөр болж байна” гэх хохирлын үнэлгээ тооцсон акт / хавтаст хэргийн 131 дэх тал/,
- “Арвижих-эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн №0015/10 дугаартай улсын дугаартай саарал өнгийн “Тоуоtа.Рrius-11” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 682,240 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт, хавсарсан материалууд /хавтаст хэргийн 90-92, 93-100 дахь тал/,
-“Арвижих-эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн №24/11-28 дугаартай “хуш модны цайруулсан самрын үнэлгээг 1 кг нь 6,000 төгрөг, 142.235 кг самрын зах зээлийн үнэлгээ 853,410 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт, хавсаргасан материалууд / хавтаст хэргийн 141-146 дахь тал/,
-Яллагдагч Ч.Х*******ын “...Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат сумын Х 2 дугаар багийн нутаг Булган уул гэх газарт очиж 4 хоног самар түүгээд түүсэн самраа цайруулаад 5 шуудай цайруулсан самар болгоод манай эгчийн эзэмшлийн “приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад уулнаас буугаад Булган сум руу орох гээд явж байсан чинь цагдаа зогсоогоод зөвшөөрөлгүй самар түүсэн байна гээд цагдаа дээр авч ирсэн. Би ууланд хуш модны самар түүхдээ мод руу авирч дээр нь гарч байгаад мөчрийг нь доргиож боргоцойнуудыг нь унагаагаад, унагаасан боргоцойнуудаа модноос бууж шуудайлах байдлаар түүж цуглуулаад дараа нь цайруулаад шуудайлсан. Би 5 шуудай цайруулсан самар түүж тээвэрлэсэн. Цагдаа дээр ирээд өөр шуудайнд хийж баталгаат хэлээр хэллэж үзэхэд 142 кг 235 грамм болж байсан. Тухайн үед би уулнаас хуш модны самар түүж тээвэрлэхдээ эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн зөвшөөрөл авсан зүйл байхгүй ээ. Би тухайн үед самар түүхдээ гар аргаар хийсэн самар цайруулдаг машин болон мөн гар аргаар хийсэн шигшүүр хоёрыг ашигласан. Тухайн хоёр багажийг цагдаад хураалгасан. Харин тээвэрлэхдээ манай төрсөн эгч Ч.Н нэр дээр байдаг тухайн үед улсын дугаартай байж байгаад одоо манай эгч нэр дээрээ шилжүүлж аваад 25-86 БУН улсын дугаартай болсон саарал өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 159-161 дэх тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ч.Х******* нь улсын өмгөөлөгч Б.Байгалмаагийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Байгаль экологид учруулсан шууд болон шууд бус хохирол болох 125,593,505 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах саналтай байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Монгол Улсын Засгийн газраас хуш модыг ховор ургамлын төрөлд оруулж тооцсон байна. Байгалийн ховор ургамал мөн боловч ойн дагалдах баялаг юм байна. Прокуророос ургамлын аймагт хохирол учруулсан гэж үзээд байна. Тэгэхээр ургамлын аймагт хохирол учраагүй юм. Гагцхүү ойн дагалдах баялгийг зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэж тээвэрлэсэн байна. Тэгэхээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирол тооцож өгнө үү...” гэв.
Байгалын ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тодорхойлсон бөгөөд “Ховор ургамал”-ын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.
Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2015 оны 410 дугаар тогтоолоор Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica нь ховор ургамлын жагсаалтын 355-д орсон байна.
Иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглосон байхад шүүгдэгч Ч.Х******* нь худалдан борлуулах зорилгоор хуш модны самрын үрийг түүж, тээвэрлэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогджээ.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогч тогтоосон байна.
Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд тус хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/723 дугаартай тушаалын хавсралтаар Булган аймгийн нутаг дэвсгэрт хамаарах ойгоос хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй болох нь холбогдох баримтаар тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.Х*******ын ховор ургамлын жагсаалтад орсон “хуш модны самар” ургамлын үрийг ашиг олох зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр түүж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Сибирь хушны самар нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2015 оны 410 дугаар тогтоолоор Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica нь ховор ургамлын жагсаалтын 355-д орсон байна.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, 3.1.2. ойн сан гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хамруулан ойлгохоор заасан.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12 дахь заалтад “ойн дагалт баялаг” гэж “ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” ойлгоно гэж тодорхойлсны дагуу самар нь “ойн дагалт баялагт” хамаарахаар байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3362 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтээр байгаль экологид 25,118,701 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж мөн хэсгийн 42.1.3 дахь заалтад “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэж тус тус заажээ.
Хуш модны самар буюу үр идээ нь ховор ургамалд хамаарахын зэрэгцээ ойн дагалдах баялагт тооцогдож, түүнийг түүх, бэлтгэх, зөвшөөрөл олгох, хохирол нөхөн төлүүлэх зэрэг харилцааг Ойн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан “ойн санд учруулсан хохирол” гэж дүгнэн мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасныг баримтлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож гаргуулах буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Х*******аас ойн санд учруулсан хохирол болох 75,356,103 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал:
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.Х*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн бэлтгэлийг хангах шаардлага гарсны улмаас самар түүж бэлтгэн зарж борлуулахаар самар түүсэн байна. Түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулчихвал тэрээр яаж гэр бүлээ тэжээж, шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг яаж төлөх вэ гэх нэн тэргүүний асуудал яригдана. Тийм учраас шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 167 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 168 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 169 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 170 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 172 дахь тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 173 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 174-181 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Х*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Х******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.Х*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай саналын талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хорих ял оногдуулахгүй тэнсэж болох нөхцөлийг тодорхойлжээ.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэх онцлог зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг шүүх хэрэглэх тохиолдолд уг зохицуулалтыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл, шалгуур, нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой, бодитой дүгнэлт хийх нь тухайн шийдвэр хууль ёсны байх болон Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чухал ач холбогдолтой байдаг.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг шүүх хэрэглэх эсэх зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Шүүгдэгч Ч.Х******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтвортой орлогогүй байхын зэрэгцээ Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай гишүүн-иргэн”-ий болзол, шалгуурыг хангасан болохыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн тодорхойлжээ /хавтаст хэргийн 165 дахь тал/.
Хавтаст хэрэгт цуглуулж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.Х******* нь ойн санд учруулсан хохирол болох 75,356,103 төгрөгийг ямар боломжид үндэслэж нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь тодорхойгүй, түүний “хохирол төлнө” гэсэн мэдүүлэг нь бодитой, хэрэгжих эсэх нь тодорхой бус байна гэж дүгнэн “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Х******* нь ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, тодорхой тогтсон орлогогүй байх тул мөнгөн төлбөр оногдуулах буюу торгох ял оногдуулах боломжгүй, мөн түүний хувийн болон гэр бүлийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлах буюу хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х*******т 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгч Ч.Х*******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 142 килограмм 235 грамм хуш модны самрын үр болон түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 682,240 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, шүүгдэгч Ч.Х******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар хийцийн самар цайруулах зориулалт бүхий төмөр багаж 1 ширхэг, самар шигших зориулалт бүхий 2 ширхэг багажийг устгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт Ч******* Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х*******т 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4. Шүүгдэгч Ч.Х******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 75,356,103 /далан таван сая гурван зуун тавин зургаан мянга нэг зуун гурав/ төгрөгийг шүүгдэгч Ч.Х*******аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х*******ын хэрэг үйлдэж олсон Булган аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2024 оны 8 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 142 килограмм 235 грамм жинтэй хуш модны самрын үр болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 682,240 /зургаан зуун наян хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Ч.Х*******аас гаргуулж тус бүр улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар хийцийн самар цайруулах зориулалт бүхий төмөр багаж 1 ширхэг, самар шигших зориулалт бүхий 2 ширхэг багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
8.Шүүгдэгч Ч.Х*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “дугааргүй” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, улсын дугаартай /одоо 2586 БУН улсын дугаартай/ “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн 12-211 тоотод оршин суух Ч******* Нямхишиг /регистрийн дугаар АС88081701/-т буцаан олгосугай.
9. Шүүгдэгч Ч.Х******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Х*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ