| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Н.Нарангарав,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Э-ийн З-т холбогдох 2528000000005 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Баянхошуу хорооллын ... тоотод байх гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэн иргэн Д.Ч-ын баруун гарын шууны хэсэгт 1 удаа, баруун талын дал хэсэгт 2 удаа хутгалж, биед нь цээжний ар хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.З-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө суман дээрээс хөдөө хонь руугаа явчихаад 16 цагийн үед буцаж Өмнөговь аймгийн Булган суманд орж ирсэн, орж ирэх үед Этай гудамд таарсан бөгөөд бид 2 хамт манай гэрт очсон. Манай гэрт очоод Э бид 2 нэг шил 0.5 литр Хараа архи задлаад талд нь оруулж байтал нүүрс ирчихлээ гээд Э-ын гэрт очиж нүүрс буулгаж байсан хүнтэй уулзаад нүүрс худалдан авахаар болж мөн гэртээ нүүрс хүргүүлэн авсан. Нүүрсээ гэртээ буулгаж байх үедээ үлдсэн 0.5 литр Харааг ууж дууссан бөгөөд Э руу З-ий залгаад хүрээд ир гэсэн гээд Э бид 2 З-ийгийн гэр рүү хамт явсан. З-ийгийн гэрт ирэхэд 0.5 литр Хараа архи гаргаж өгсөн бөгөөд тухайн архийг бид 3 хувааж уугаад сууж байсан. Би З-ийг чи ямааны мөнгөө өгөх болоогүй юу гэж хэлсэн тэгтэл З-ий босоод шургуулганаас хутга авч над руу дайрсан. Хутгатай гарыг нь барьж авах гэтэл миний баруун гарын шуу хэсэг дээр хутгалчихсан. Би айсандаа түлхчхээд хаалга руу мөлхсөн, гэтэл араас босож ирээд баруун далны доор 2 удаа хутгалчихсан. Түүний дараагаар би гэрийн гадаа гарсан, түүнээс хойш юу болсныг огт мэдэхгүй байна, миний ухаан балартаад нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан... 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э.З нь 3,000,000 төгрөг эмчилгээндээ хэрэглээрэй гэж өөрөө над руу дансаар шилжүүлсэн... Миний зүгээс гомдол санал байхгүй, миний хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 25, 27-29 дэх тал)
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагийн үед гэртээ ус аваад ажлаа амжуулаад явж байсан. Эхнэр Э үдийн цай болоод гэртээ ирчихсэн байсан ирсэн дараагаар нь зөрж гараад охин Сгийнд орчхоод гэрээсээ баруун тийш гараад явж байтал Ч-тай таарсан бөгөөд Ч-ын гэрт очсон. Ч-ын гэрт очоод Ч нэг шил 0.5 литр Хараа гаргаж ирээд түүнийг нь хувааж ууж байгаад эргэж хамт гараад түлээ нүүрсэнд гараад манай гэрт нүүр буулгачхаад буцаж яваад Ч-ын гэрт мөн нүүрс буулгасан бөгөөд үлдсэн архиа хувааж уусан. Уугаад сууж байх үед З утсаар залган дуудаад хүрээд ир гэж хэлсэн. Би Ч-ын хамт Зын гэрт очсон. Тухайн үед очиход З нь нэг шил 0.5 литр Хараа авчихсан байсан. Бид 3 тухайн архийг хувааж уугаад сууж байсан бөгөөд гэдэс эвгүйрхээд би хүндрэхээр нойл орохоор гарсан. Бие засаж дуусаад З-ын гэрт орж ирэх үед З нь Ч-ыг хутгалчихсан байсан, би сандраад өөрийн охин С рүү залгаад З нь Ч-ыг хутгалчихсан байна яаралтай түргэн дуудаарай гэж хэлсэн... Би харахад гарын шуун дээр нь хутгалчихсан байсан. Би тухайн үед жоохон согтолттой байсан учир баруун зүүн гарын аль нь байсныг сайн санахгүй байна.” (хавтаст хэргийн 36-37 дахь тал)
Шүүгдэгч Э.З мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагийн үед Хгийн дэлгүүрээс 1 шил 0.33 литр Хараа архи уусан. Тухайн үед гэрийн ажлаа хийгээд өдөр дууссан 16 цагийн үед хүргэн ах Э ахыг дуудсан бөгөөд Э ах Ч-ын хамт ирсэн. Би тухайн үед нь ах ирсэн гээд Х-гийн дэлгүүрээс 0.5 литр Хараа архи авч гэртээ ирсэн бөгөөд бид 3 тухайн архийг хувааж уугаад сууж байсан. Би 2021 онд Ч-аас нэг ямаа авч байсан тэр үеийн зүйлийг сэргээн ярьж чи тэр ямааны мөнгө өгдөггүй удаадаг гээд над руу зандарч эхэлсэн. Тухайн үед бид 2 маргалдаж эхэлсэн бөгөөд би босоод гал тогооны шкафны сугалгааг татаж дотор нь байсан хар ногоон иштэй хутгыг авч хамгийн эхэнд баруун гарын шуу хэсэгт нэг удаа дүрэхэд Ч үүд рүү явахаар нь араас нь баруун далан дээр нь хоёр удаа хутгалсан. Түүний дараагаар би шууд эгч рүүгээ залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн бөгөөд тэгэхэд дүү охин хүрч ирээд эмнэлэг дуудаж дуудлага өгөхөд эмнэлэг ирээд аваад явсан.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
Шүүгдэгч Э.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагийн үед Хгийн дэлгүүрээс 1 шил 0.33 литр Хараа архи уусан. Тухайн үед гэрийн ажлаа хийгээд өдөр дууссан 16 цагийн үед хүргэн ах Э ахыг дуудсан бөгөөд Э ах Ч-ын хамт ирсэн. Би тухайн үед нь ах ирсэн гээд Хгийн дэлгүүрээс 0.5 литр Хараа архи авч гэртээ ирсэн бөгөөд бид 3 тухайн архийг хувааж уугаад сууж байсан. Би 2021 онд Ч-аас нэг ямаа авч байсан тэр үеийн зүйлийг сэргээн ярьж чи тэр ямааны мөнгө өгдөггүй удаадаг гээд над руу зандарч эхэлсэн. Тухайн үед бид 2 маргалдаж эхэлсэн бөгөөд би босоод гал тогооны шкафны сугалгааг татаж дотор нь байсан хар ногоон иштэй хутгыг авч хамгийн эхэнд баруун гарын шуу хэсэгт нэг удаа дүрэхэд Ч үүд рүү явахаар нь араас нь баруун далан дээр нь хоёр удаа хутгалсан. Түүний дараагаар би шууд эгч рүүгээ залгаад би хүн хутгалчихлаа гэж хэлсэн бөгөөд тэгэхэд дүү охин хүрч ирээд эмнэлэг дуудаж дуудлага өгөхөд эмнэлэг ирээд аваад явсан. Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн үйлдсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” (хавтаст хэргийн 50-52 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Ч-ын биед цээжний ар хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-16 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох мөрдөгчийн санал, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 19 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 54-55 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал)
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дахь тал)
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал)
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал)
Хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 65 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.З-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, өөрийн гэм буруугаа хүлээж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн ... сумын 4 дүгээр багийн Баянхошуу хорооллын ... тоотод байх гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэн иргэн Д.Ч-ын баруун гарын шууны хэсэгт 1 удаа, баруун талын дал хэсэгт 2 удаа хутгалж, биед нь цээжний ар хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 27-29 дэх тал), гэрч Б.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-16 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хавтаст хэргийн 17-18 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 19 дэх тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-ын эрүүл мэндэд цээжний ар хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Э.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.З-ын хохирогч Д.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.З нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-ын эрүүл мэндэд цээжний ар хэсэг дэх хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун шууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э.З нь 3,000,000 төгрөг эмчилгээндээ хэрэглээрэй гэж өөрөө над руу дансаар шилжүүлсэн... Миний зүгээс гомдол санал байхгүй, миний хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 27-29 дэх тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Мөн хүндрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй. Э.З нь өөрөө өөрийгөө илэрхийлэх чадвар нэлээн муу өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд биш арай чөлөөтэй ярилцаад яагаад гэмт хэрэг үйлдэх болсон бэ гэдэг талаар асууж тодруулахад хохирогч Д.Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ овилгогүй, өмнө нь Э.З-т агсам тавих, ямааны мөнгийг нь төлсөөр байтал төлөөгүй хэзээ өгөх гэж байна гуйлгачин минь гэх зэргээр дарамталдаг зүйл болсон байдаг. Тийм учраас хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж өнөөдрийн гэмт хэрэг гарах нөхцөл байдал болсон. Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хатгагдсан шархыг 1 сантиметр, 1,5 сантиметр, 1 сантиметр гэж тодорхойлсон байгаа. Хэдийгээр харахад ажлын хэсэг нь урт хутга байгаа боловч би хутгалсан үйлдлийг нь зөвтгөж байгаа зүйл биш. Гэхдээ зүсэгдсэн шарх нь өнгөц байсан. Мөн Э.З нь хутгалсан даруйдаа хүмүүс рүү тусламж гуйж эмнэлэг дуудаж яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогддог. Миний үйлчлүүлэгчийн хувьд ам бүл ганцаараа, ажил хөдөлмөр эрхэлдэг, сард 1,300,000 төгрөгийн орлоготой болох нь түүний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогддог. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулж, эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн зорилго зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Э.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн хутга хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-т шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ч-т 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Э-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-т шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Чт 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ