| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0186/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2017-05-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 190
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Б.Ууганзаяа,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Ц.Ганболд, түүний өмгөөлөгч Ч.Ням /¹0097/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Цэдэнбалжирын Ганболдод холбогдох эрүүгийн 201625032203 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч Б.Оюундэлгэр, дагавар охины хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 25-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1986 оны 8 дугаар сарын 01-нд 177 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86-6 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,
-1992 оны 6 дугаар сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1/35 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
-1998 оны 6 дугаар сарын 02-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 229 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
-1999 оны 5 дугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн 323 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
-2002 оны 6 дугаар сарын 10-нд Баянгол дүүргийн шүүхийн 344 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ял,
-2008 оны 5 дугаар сарын 12-нд Баянзүрх дүүргийн Шүүхийн 237 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
-2008 оны 11 дүгээр сарын 06-нд Налайх дүүргийн шүүхийн 57 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
-2011 оны 4 дүгээр сарын 07-нд Багануур дүүргийн шүүхийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 cap хорих ял,
-2014 оны 12 дугаар сарын 26-нд Төв аймгийн Сум дундын шүүхийн 4 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржин овогт Цэдэнбалжирын Ганболд /РД- УУ61060215/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Ц.Ганболд нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвийн хашаан дотор байсан хохирогч Ч.Цэнгэлмаагийн эзэмшлийн 44-66 УБН улсын дугаартай "LEXUS RX330" дугаартай автомашинаас "Самсунг Жи-5" маркийн гар утас, автомашины чиптэй түлхүүр, монетон ээмэг, бичиг баримттай гар цүнхийг хулгайлж 2.224.000 төгрөг,
-2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, "Мишээл экспо" худалдааны төвийн 16 дугаар лангуунаас хохирогч С.Хаш-Эрдэнийн дунд гарын халтар манан чулуун хөөргийг хулгайлж 6.000.000 төгрөг, бусдад нийт 8.224.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Ч.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 сарын 10-ны өдөр 07 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит Шонхор" зах дээр ирж өөрийн унаж явсан 44-66 УБН улсын дугаартай машиныг төлбөртэй зогсоолд дээр тавьчихаад зах дотор мах сонирхож явж байгаад 09 цаг 30 минутын үед мах авахаар болж, машинаа дотогш оруулаад худалдаж авсан махаа 4 номерын ачигчаар зөөлгүүлээд машиныхаа арын багажийг онгойлгон хийлгүүлээд би өөрөө машины урд суудалд байсан цүнхнээс ачигчид 5,000 төгрөг гаргаж өгчихөөд буцаад машиндаа суугаад машинаа асаах гэтэл машин асахгүй байхаар нь урд суудалд байсан цүнхээ хартал цүнх байхгүй алга болсон юм. Энэ явдал 10 хан секундийн хооронд болсон юм.
...Машинаас миний барьж явсан гар цүнх алдагдсан дотор нь бэлэн 104.000 төгрөг, Lexus RX-350 марктай машины чиптэй түлхүүр, "Самсунг Жи-5" маркийн хоёр сим ордог гар утас, миний өөрийн цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, ...цагаан алтны орцтой бриллиант болон анар шигтгээтэй унждаг 6.7 граммын жинтэй монетон ээмэг зэрэг эд зүйл алга болсон юм.
Үнэлгээний байгууллагын үнэлгээгэй танилцлаа үнэлгээний талаар санал гомдол байхгүй үнэлгээг хүлээн зөвшөөр ч байна. /хх-ийн 28х/
Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна. Мөн машины түлхүүр алдсан учир машинаа 60.000 төгрөгөөр ачуулж явсан. Шинэ түлхүүр хийлгэхэд 450.000 төгрөг болсон. Энэ хохирлуудаа нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 30х/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт: ...автомашины баруун талын хаалганы ирмэг дээрээс нь 1 ширхэг гарын мөр, хаалганы гадна талын бариулан дээрээс 2 ширхэг гарын мөр, баруун хаалганы цонхны раман дээрээс 1 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав. /хх-ийн 11-14х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Криминалисткийн Шинжээчийн 06/580 тоот дүгнэлтэд: Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрийг папилон санд бүртгэлтэй гарын мөр, дардасуудтай тохирох эсэхийг тогтоох зорилгоор 2016-351-ЧД дугаараар кодлон оруулж автомат харьцуулалт хийхэд 1 гэж дугаарласан 45x36 мм хэмжээтэй гарын мөр санд 2707824 дугаараар бүртгэгдсэн Цэрэнбат овогтой Ганбатын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна. /хх-ийн 35х/
Хохирогч С.Хаш-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: "... Манай гэр бүл чулуугаар хөөрөг, даалин урлаж зарж борлуулдаг юм. Бид 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэс эхлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мишээл экспо" худалдааны төвд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 08-ний 14 цагийн үед би ганцаараа лангуун дээрээ зогсч үйлчлүүлэгч нарт цул алтан нуухтай мөнгөн халбагатай, чулуу нь ховор тогтоцтой, гэдсэн дээрээ шар өнгийн шувууны дүрстэй, ар хэсэгтээ цагаан цэцэгтэй, дунд гарын халтар манан хөөргийг тайлбарлаж өгчихөөд шилэн хоргонд уг хөөргөө буцаан хийсэн. Ингээд хоргоноос дахин нэг хөөрөг авч үйлчлүүлэгчид үзүүлж тайлбарлачихаад хөөргөө буцаан хийх гэтэл дунд гарын халтар манан хөөрөг алга болсон байсан. Би тэр даруй тус худалдааны төвийн хамгаалалтын албанд хандан хяналтын камерыг шүүлгэхэд 55-60 орчим насны буурал орсон үстэй, 175 орчим сантиметр өндөртэй, юүдэнтэй малгайтай күртиктэй,туранхай эрэгтэй хүн намайг хүмүүст хөөрөг тайлбарлаж байхад миний хойгуур лангууны дотор талд орж ирснээ шилэн хоргонд байсан ... халтар манан хөөргийг аваад худалдаан төвийн хаалгаар гарч байгаа бичлэг байсан. Ингээд тэр эрэгтэй 53-74 УБЧ улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-20 маркийн машинд суугаад явж байгаа бичлэг байсан. Би хяналтын камерын бичлэгийг үзээд цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан ба тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн бүрэлдэхүүн миний хөөргийг хулгайлан авсан хүнийг олж надад хүлээлгэн өгсөн. Би өөрийн халтар манан хөөргийг 6.000.000 төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 117х/
Гэрч Д.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Өөрийн машинаар таксины үйлчилгээ эрхлэхээр очсон. Би тус худалдааны төвийн хаалгаар ороод явж байхад баруун урд хаалганы орчимд 50 орчим насны буурал үстэй, хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн явах уу гэж асууснаа миний машинд суусан. Тэр эрэгтэй согтуу бололтой түүнээс архи үнэртэж байхаар нь би явахгүй гэж хэлтэл тэр хүн ойрхон явна заводын буудал орно 1000 төгрөг өгье байгаа нь л энэ гээд байхаар нь буулгаж өгөөд явсан. ...Тэр хүнийг "Мишээл экспо" худалдааны төвөөс эд зүйл хулгайлсан болохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн хойноо л мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 119-120х/
Хохирогч С.Хаш-Эрдэнэд дунд гарын халтар манан хөөрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 115х/, Цэдэнбалжир овогтой Ганболдын Папилон санд авагдсан мэдээлэлүүд /хх-ийн 38-45х/, Эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 29, 31х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 118х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-108х/, "Мишээл экспо" худалдааны төвийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол болон үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 112-114х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/ зэрэг болно.
Сэжигтэн Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагийн үед Хүчит шонхор зах дээр зүс таних хүмүүстэй уулзаж архи уух гээд явж байсан юм. Тэгээд Хүчит шонхор зах дундуур явж байхад нэг хар өнгийн машины эзэн нь хойд хаалгаа онгойлгочихсон юм ачаад зогсож байсан. Тэгээд машины цонхоор нь харсан чинь эмэгтэй хүний гар цүнх суудал дээр нь харагдсан. Тэгээд би машины хаалгыг нь онгойлгоод гар цүнхийг нь авсан. /хх-ийн 159х/
...Би тус худалдааны төвийн баруун тийшээ харсан төв хаалгаар ортол хаалганы эсрэг талын павилонд олон тооны хөөрөгийг шилэн хоргонд хийгээд зарж байсан. Уг хоргоны дээд талд нь бор өнгийн хөөргийг сул тавьчихсан, худалдагч болох 40 орчим насны залуу баруун тйишээ харчихсан, хүмүүст хөөргөө тайлбарлаж, үзүүлээд зогсч байсан. Тэгэхээр нь би шилэн хоргон дээр ил байсан бор хөөргийг авч халаасандаа хийгээд, орж ирсэн хаалгаараа гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 161х/
Шүүгдэгч Ц.Ганболд нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвийн хашаан дотор байсан хохирогч Ч.Цэнгэлмаагийн эзэмшлийн 44-66 УБН улсын дугаартай "LEXUS RX330" дугаартай автомашинаас "Самсунг Жи-5" маркийн гар утас, автомашины чиптэй түлхүүр, монетон ээмэг, бичиг баримттай гар цүнхийг хулгайлж 2.224.000 төгрөг,
-2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, "Мишээл экспо" худалдааны төвийн 16 дугаар лангуунаас хохирогч С.Хаш-Эрдэнийн дунд гарын халтар манан чулуун хөөргийг хулгайлж 6.000.000 төгрөг, бусдад нийт 8.224.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 159х, 161х/ хэргээ хүлээсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28х, 30х/, хохирогч С.Хаш-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 117х/, гэрч Д.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 119-120х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Криминалисткийн Шинжээчийн 06/580 тоот дүгнэлт /хх-ийн 35х/, Хохирогч С.Хаш-Эрдэнэд дунд гарын халтар манан хөөрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 115х/, Цэдэнбалжир овогтой Ганболдын Папилон санд авагдсан мэдээлэлүүд /хх-ийн 38-45х/, Эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 29, 31х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 118х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-108х/, "Мишээл экспо" худалдааны төвийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол болон үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 112-114х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Ц.Ганболдыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Хаш-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 116-117х/, хавтас хэрэгт авагдсан эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 115х/ зэрэг бичгийн баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ганболд нь бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохирлоос хохирогч С.Хаш-Эрдэнэд төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Ч.Цэнгэлмаад /хх-ийн 29х/ эд зүйлийн үнэлгээгээр нийт 2.120.000 төгрөгийн, мөн хохирогч Ч.Цэнгэлмаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлтэй холбогдох машины түлхүүр хувилуулсан болон машин ачуулсаны төлбөр 510.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул Ц.Ганболдоос нийт 2.630.000 төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогч Ч.Цэнгэлмаад олгох нь зүйтэй байна.
Ц.Ганболд нь урьд 2014 оны 12 дугаар сарын 26-нд Төв аймгийн Сум дундын шүүхийн 4 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байх ба түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул шүүгдэгчийг тус өршөөлийн хуульд хамруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ганболдод ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд 9 удаа хулгайн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293, 294, 297 298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржин овогт Цэдэнбалжирын Ганболдыг давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганболдод эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Ганболдын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Ганболдын цагдан хоригдсон нийт 98 /ерэн найм/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганболдоос 2.630.000 /хоёр сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Цэнгэлмаа /РД:ФА74113068/-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт нь хавсаргасугай.
8. Ц.Ганболдын эдлэх ялын хугацааг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ганболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ