| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/01604/И |
| Дугаар | 181/ШШ2018/01793 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2018/01793
| 2018 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2018/01793 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.С холбогдох,
2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Н.Сэлэнгэтэй 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 1 сарын хугацаатай, 1 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэрээгээр сарын хүү 15 хувь байхаар тохирсон. Н.Снь зээлийн гэрээний хүүнд 150 000 төгрөгийг эхний удаа надад төлсөн. Мөн нэг удаа 150 000 төгрөг төлсөн, түүнээс хойш мөнгө өгөөгүй. Харин 2017 оны 2 сард зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр нэмж 500 000 төгрөгийг надаас зээлж авсан. Нэмж 500 000 төгрөгийг зээлж авахаар ирэхдээ нөхрийнхээ хамт ирж авсан. Гэтэл Снь ахуй амьдрал боломж муу гэж туслалцаа хүсч надаас зээлсэн 1 000 000 төгрөг, нэмж зээлсэн 500 000 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй тул арга буюу шүүхэд хандаж байна. Анх бичгээр гэрээ байгуулж зээлдүүлсэн 1 000 000 төгрөгийн алдангийг гэрээний 2.7 дахь хэсэгт заасныг үндэслэж, алдангид 500 000 төгрөгийг нэмж тооцон нийтдээ Н.С 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Снэхэмжлэлийн нэг хувийг шүүхэд ирж, гардан авсан боловч хуульд заасны дагуу хариу тайлбар болон холбогдох нотлох баримтыг гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Н.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 1 850 000 төгрөг болгон багасгасан болно.
Шүүх, хариуцагч Н.С 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг 2018 оны 07 дугаар сарын 04-ний дотор шүүхэд ирүүлэх үүргийг тайлбарлан хугацаа тогтоосон байхад хариуцагч Н.Снь шүүхэд хариу тайлбар гаргах болон холбогдох нотлох баримтыг хавсарган ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
Шүүх, тухайн хэргийн шүүх хуралдааныг товлон зарлаж, хуралдааны товыг хариуцагч Н.С түүний шүүхэд өгсөн 89872223 дугаарын утсаар мэдэгдэх гэтэл утсаа авахгүй байсан тул хуралдааны товыг мессеж бичиж хүргүүлсэн ба 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүйн улмаас тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тухайн шүүх хуралдааны товыг Н.С шүүхэд өгсөн хаягаар нь мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд, мэдэгдэх хуудсыг Н.Сөөрөө гардан авсан талаар бичгийн баримт үйлдэгдэж баталгаажигдсан байхад хариуцагч Н.Стус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хуульд заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд доорх үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Н.Снь нэхэмжлэгч Д.Нтэй 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 1 000 000 /нэг сая/ төгрөгийг, 1 сарын хугацаатайгаар, сарын 15 хувийн хүүтэй зээлдэж авсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээний баримтаар хөдөлбөргүй нотлогдож байна. Нэхэмжлэгч Д.Н нь 2017 оны 2 сард зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр 500 000 төгрөгийг хариуцагч Н.С зээлдүүлсэн ба 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гарган, түүнийхээ үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Хариуцагч Н.Снь нэхэмжлэгч Д.Нд зээлийн гэрээ байгуулан авсан 1 000 000 төгрөгийн 1 сарын хүү болох 150 000 төгрөг болон үндсэн зээлээс 150 000 төгрөгийг тус тус төлсөн, өөр мөнгө төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул шүүх, хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлээс төлөөгүй үлдсэн 850 000 төгрөгийг, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д заасан алдангийг 425 000 төгрөгөөр тооцож, гэрээгээр зээлсэн төлбөрт 1 275 000 төгрөгийг, гэрээ байгуулалгүй зээлдүүлсэн 500 000 төгрөгийн хамт нийт 1 775 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд, хариуцагч Н.С 1 775 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 225 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийгтус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.С 1 775 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 225 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Н.С улсын тэмдэгтийн хураамж 43 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ