Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Уламбаяр

Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн

Шүүгдэгч: М.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч: Э.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.*******, Э.******* нарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000281 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,

2. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай

Үйлдсэн хэргийн талаар

    Шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шижир-Ойл ШТС-ын ар талд байрлах гудамжинд иргэн Э.*******ы биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун чамархайд шарх, зүүн хацарт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ  2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг нутаг дэвсгэрт байрлах Шижир-Ойл ШТС-ын ар талд байрлах гудамжинд иргэн М.*******ыг газарт унасан байхад нь толгой руу нь чулуугаар удаа дараа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөг, уруулд шарх, эрүү, хацар хамар, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний паалан эмтрэл, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, баруун, зүүн хацар, уруул, зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би архи гэдэг зүйлээс болоод ийм гэмт хэрэг үйлдчихлээ. Хоорондоо сайхан ах дүүс шиг явдаг. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,

Шүүгдэгч Э.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би тухайн оройн зодооны үйл явдлыг санахгүй байгаа. Би толгойгоо хагалуулаад ухаан алдсан юм шиг байна лээ. Уг нь хоорондоо маргасан зүйл байгаагүй. Би хоёр утсыг авснаа санахгүй байгаа. Эмнэлэг дээр боолт хийлгэх үедээ архи гарсан гэв.

Шүүгдэгч Э.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг хэлсэн. М.******* миний толгойг архины шилээр цохиод хагалсан. Тэр хооронд ухаан балартсан байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

Хохирогч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр баг Баруун бүс 2 худалдааны төвд ажлаа хийгээд байж байсан чинь ******* ирээд хоол унд идээд сууж байснаа ах нэг юм уух уу гээд хэлэхээр нь “тэгье, аваад ир” гэж хэлсэн чинь ******* гарч яваад 2 шил сөжү, 4 лааз 0.5 граммтай пиво аваад ирэхээр нь уучхаад 18 цагийн орчим Баянхонгор сум 9 сүгээр багт байрлах Наранбулаг караоке ороод нэг өрөө аваад сууж байсан чинь дахиад 0.75 граммтай Агар нэртэй архи авчраад ууж дуусгаад нөгөө газраас гараад явж байсан юм. Тэгээд би *******д хандаж чи миний утсыг өгчих ах эхнэрээ дуудаад явлаа” гээд хэлсэн чинь миний утсыг өгөхгүй болохоор нь би тэр хүний утсаар эхнэрээ дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгээд би явах гэсэн чинь миний утсыг өгөхгүй байсан, тэгээд манай эхнэр яваад өгсөн чинь ******* доошоо тойроод гудамж руу яваад орохоор нь би араас нь явсан, Тэгээд ******* гудамжинд сууж байгаад халааснаасаа нэг шилтэй архи гаргаад ирсэн. Тэгээд нөгөө архийг ууж байгаад нэг мэдэхэд ухаан балартсан байсан. Нэг мэдэхэд ******* миний дээр суучхаад чулуугаар нүдээд байсан. Тэгээд ухаан алдаад сэрсэн чинь явган хүний зам дээр хэвтэж байсан. Бид хоёр л хамт явж архи уусан, өөр хэн нэгэн байгаагүй...” Би огт архины шилээр цохиогүй. Ажил төрлөө алдаад 1 сар гаран хийгээгүй лангууны түрээсээ нөхөн төлүүлмээр байна. Толгой хуйхан хэсэгт нээлт хийлгэж шахуулж цэвэрлүүлсэн 5 өдөр Улаанбаатар хотод, өөр нүүрний гоо сайхан гэх зүйл алдагдсан байна...Би одоогийн байдлаар 1800000 төгрөг гаргасан байгаа тэрийгээ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Ажил төрлөө алдаад 1 сар гаран хийгээгүй лангууны түрээсээ нөхөн төлүүлмээр байна. Толгой хуйхан хэсэгт нээлт хийлгэж шахуулж цэвэрлүүлсэн 5 өдөр Улаанбаатар хотод, өөр нүүрний гоо сайхан гэх зүйл алдагдсан байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28, 42-43, 44-45 /

 Хохирогч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

 Миний  биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн, цаашид хохирол нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Э.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн орчим Баруун бүс 2 худалдааны төвд ******* гэх хүнтэй уулзахаар очсон. Тэгээд лангуу дээр жаахан цэвэрлэгээ хийгээд байж байсан чинь ******* миний толгой өвдөөд байна, чи доошоо дэлгүүр ороод ирээч гэхээр нь би юу авах юм гэсэн чинь нэг жижиг сөжү, нэг пиво аваад ир гэхээр нь дэлгүүр ороод авч ирээд хамт уугаад дууссан.  М.******* дахиад нэгийг ууя гэхээр нь дэлгүүр ороод 2 шил сөжү, 2 ширхэг лаазтай пиво аваад ууж дуусгаад гадагшаа гараад Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах Наранбулаг караоке ороод 0.75 граммтай экс гэх нэртэй архи аваад хоёулаа уугаад сууж байсан чинь ******* ахын дүү ирээд дахиад нэг 0.75 граммтай архи авч өгчхөөд тэр залуу яваад өгсөн. Тэгээд нэлээн хугацааны дараа нөгөө архиа дуусгаагүй аваад гарч байснаа санаж байна. Нэг мэдэхэд хашааны хажуу талд ******* ахтай архи уугаад маргалдаад байх шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр ухаан орсон. Бид хоёр л байсан, өөр хэн нэгэн байгаагүй. Харилцан зодолдсон. Би чулуугаар цохисноо мэдэхгүй байна. Тэр талаар огт санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй шүүх дээр нэхэмжлэх баримтаа гаргаж өгнө... Одоо бодохнээ тухайн караокеноос гарахдаа шилтэй архийг ******* авч гараад хэрэг учрал болсон газар М.******* бариад зогсож байсан. Тэгээд зодоон болсон талаараа сайн санахгүй байгаа юм. Тэгэхлээр ******* эхлээд миний толгой руу архины шилээр цохиод ухаан алдуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 32-33, 36-37, 38-39/,

Хохирогч Э.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

Миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн, цаашид хохирол нэхэмжлэх зүйл бахйгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...М.*******ын талаарх мэдээллийг шүүж үзэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 342,839 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан. Буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Баянхонгор сумын 9 дүгээр баг Шижир ойл шатахуун түгээх станцын хажууд гэр рүүгээ явж байсан чинь ар талд нь үл таних хоёр залуу хоорондоо нэгнийгээ доороо хийчхээд чулуугаар зодоод байхаар нь би  цагдаад дуудлага өгнө шүү гээд хашгирсан чинь дээр нь байсан, дээгүүрээ шалдан байсан залуу “дуудаач” гээд орилоод байсан. Тэгсэн доор нь байсан залуу амь авраарай, эгчээ гээд орилоод байхаар нь цагдаад дуудлага өгөөд яваад өгсөн. Өөр хэн нэгэн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би тухайн өдөр 19 цагийн орчим гэртээ байж байгаад нөхөр болох *******ын дугаар луу залгасан чинь Э.******* гэгч хүн утсыг нь авахаар нь *******той яримаар байна утсыг өгөөд яриулаадах гээд хэлсэн чинь бид 2 манай гэрт архи ууж байна гээд яриулаагүй болохоор нь гэрийн хаяг чинь хаана байдаг юм очоод авъя гээд хэлсэн чинь Шинэ суурьшилд байдаг гээд хэлэхээр нь тийшээ яваад олоогүй болохоор дахиад залгаад ярих гэсэн чинь ******* утсыг нь дахиж аваад бид 2 захын хажууд явж байна гээд хэлсэн. Тэгээд баруун бүс худалдааны төвөөс хойшоо эргээд Шижир ойл шатахуун түгээх станцын ард талд Өгөөмөр гэх нэртэй дэлгүүрийн хажууд алхаж явахаар нь очоод *******ыг юугаа хийж ууж идээд яваад байдаг юм гэр лүүгээ авъя гэсэн чинь би явахгүй байж бай гээд хэлэхээр нь утас чинь хаана байгаа юм гээд хэлсэн чинь *******д байгаа гэхээр нь утсыг нь авъя надад өг гээд *******д олсон чинь надад өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ыг гэр лүү нь хүргээд өгье суучих гэсэн чинь явахгүй гэхээр нь би тэгвэл манайх руу явъя гэхэд явахгүй гэсэн. Тэгээд ярилцаад байж байсан чинь ******* машинд орж ирээд сууснаа би *******аас утсаа авчаад гэр рүүгээ яваад очъё гээд буугаад явахаар нь гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр 09-ний дугаартай 474 дугаартай:

1.Э.*******ы биед баруун чамархайд шарх, зүүн хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх  дүгнэлт /хх-ийн 60-61/,

Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний  473 дугаартай

1.М.*******ын биед баруун, зүүн хөмсөг, уруулд шарх, эрүү, хацар, зүүн өвдөгт, зулгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний паалан эмтрэл, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн нүдний алиманд хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, баруун, зүүн хацар, зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх байх боломжтой.

3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 66-67/,

Шүүхийн шинжилгээний  Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн

1.*******ы биед тухайн үед баруун чамархайд шарх, зүүн хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учирчээ.

2.3. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд цохих, дарах шахах, үрэх, нидрэгдэх механизмаар үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024.05.21-ний өдрийн А/225/А153/А85 дугаар тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Баруун чамархайн шарх гэмтэл дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл дан дангаараа хохирлын зэрэг тогтоогдохгүй.

5. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №477 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт

 - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-04, 05-07/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-88/, шүүгдэгч М.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 90/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91/, шүүгдэгч Э.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 96/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 98/, депозит дансны хуулгууд /хх-ийн 100-105/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шижир-Ойл ШТС-ын ар талд байрлах гудамжинд иргэн Э.*******ы биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун чамархайд шарх, зүүн хацарт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,         

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ  2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг нутаг дэвсгэрт байрлах Шижир-Ойл ШТС-ын ар талд байрлах гудамжинд иргэн М.*******ыг газарт унасан байхад нь толгой руу нь чулуугаар удаа дараа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөг, уруулд шарх, эрүү, хацар хамар, зүүн өвдөгт зулгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний паалан эмтрэл, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, баруун, зүүн хацар, уруул, зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч М.*******ын..Би архи гэдэг зүйлээс болоод ийм гэмт хэрэг үйлдчихлээ, гэмшиж байна...гэх мэдүүлэг  

Шүүгдэгч М.*******ын...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,

Шүүгдэгч Э.*******ы...тухайн оройн зодооны үйл явдлыг санахгүй байгаа, би толгойгоо хагалуулаад ухаан алдсан... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Э.*******ы..М.******* миний толгойг архины шилээр цохиод хагалсан, тэр хооронд ухаан балартсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

Хохирогч М.*******ын...Нэг мэдэхэд ******* миний дээр суучхаад чулуугаар нүдээд байсан, тэгээд ухаан алдаад сэрсэн чинь явган хүний зам дээр хэвтэж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28, 42-43, 44-45 /

Хохирогч Э.*******ы...Нэг мэдэхэд хашааны хажуу талд ******* ахтай архи уугаад маргалдаад байх шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр ухаан орсон, харилцан зодолдсон. Би чулуугаар цохисноо мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 32-33, 36-37, 38-39/,

Иргэний нэхэмжлэгч ын “...М.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 342,839 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч гийн.... үл таних хоёр залуу хоорондоо нэгнийгээ доороо хийчхээд чулуугаар зодоод байхаар нь би “хүүе, болиоч ээ, цагдаад дуудлага өглөө шүү” гээд хашгирсан чинь дээр нь байсан, дээгүүрээ шалдан байсан залуу “дуудаач” гээд орилоод байсан. Тэгсэн доор нь байсан залуу амь авраарай, эгчээ гээд орилоод байхаар нь цагдаад дуудлага өгөөд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

Гэрч гийн…******* машинд орж ирээд сууснаа би *******аас утсаа авчаад гэр рүүгээ яваад очъё гээд буугаад явахаар нь гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр 09-ний дугаартай 474 дугаартай...Э.*******ы биед баруун чамархайд шарх, зүүн хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо…. хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх  дүгнэлт /хх-ийн 60-61/,

Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний  473 дугаартай...М.*******ын биед баруун, зүүн хөмсөг, уруулд шарх, эрүү, хацар, зүүн өвдөгт, зулгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний паалан эмтрэл, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн нүдний алиманд хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, баруун, зүүн хацар. зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо….хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 66-67/,

Шүүхийн шинжилгээний  Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн …*******ы биед тухайн үед баруун чамархайд шарх, зүүн хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учирчээ,…баруун чамархайн шарх гэмтэл дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын зулгаралт, цээжний цус хуралт гэмтэл дан дангаараа хохирлын зэрэг тогтоогдохгүй,… Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №477 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  М.*******, Э.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч М.*******, Э.******* нар нь бие биеийнхээ эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч М.*******, Э.******* нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн шүүгдэгч Э.******* нь хохирогч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч М.******* нь хохирогч Э.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус  учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч М.*******, Э.******* нар нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч М.******* нь хохирогч Э.*******ы биед баруун чамархайд шарх, зүүн хацарт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 60-61/,

Шүүгдэгч Э.******* нь хохирогч М.*******ын биед баруун, зүүн хөмсөг, уруулд шарх, эрүү, хацар, зүүн өвдөгт, зулгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний паалан эмтрэл, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн нүдний алиманд хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, баруун, зүүн хацар. зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 66-67/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.*******, Э.******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүгдэгч  Э.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.*******, Э.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.******* нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч М.*******од эмчилгээний төлбөрт нийт 1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан,

Хохирогч Э.******* нь өөрт учирсан хохиролд шүүгдэгч М.*******оос нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч М.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 342,839 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.*******оос 342,839 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр,

Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000  торгох ял оногдуулах...” дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын... шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн.. шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох шийтгэл оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.*******, Э.******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч  М.*******, Э.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.*******, Э.******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн болон ар гэрийн  байдал буюу шүүгдэгч М.******* нь Баруун Бүс худалдааны төвд гар утас засвар ажиллуулдаг, сарын 6,000,000-7,000,000 төгрөгийн орлоготой/, шүүгдэгч Э.******* нь Эрдэс Таван толгой ХХК-д туслан гүйцэтгэх ажилтан сарын 7,000,000-8,000,000 төгрөгийн цалинтай/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгч нарын дүгнэлт, торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.*******, Э.******* нарыг тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000  төгрөгөөр торгох ял   оногдуулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.*******, Э.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч М.*******, Э.*******  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч М.*******, Э.*******  нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.*******, Э.******* нарыг тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.*******, Э.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э.*******аас 342,839 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5. Шүүгдэгч М.*******, Э.*******  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч М.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******, Э.*******  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА