| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бичиг хэргийн мэргэжилтэн мэргэжилтэй, Дорнод аймгийн Политехник коллежид бичиг хэргийн ажилтан ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* хотхоны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******5/.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мотив" бааранд иргэн маргалдаж, харилцан зодолдох явцдаа хохирогч гар, цээж хэсэг рүү цохиж, өшиглөж зэргээр зодож биед цээжний цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын 3.4.5-p хуруунуудын зөөлөн эдийн няцрал, баруун алганы цус хуралт, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мотив" бааранд хохирогч маргалдаж, харилцан зодолдох явцдаа хохирогчийн гар, цээж хэсэг рүү цохиж, өшиглөж зэргээр зодож түүний биед цээжний цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын 3.4.5-p хуруунуудын зөөлөн эдийн няцрал, баруун алганы цус хуралт, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “...Би тухайн үед ариун цэврийн өрөөнд байхад араас цагаан куртиктэй эрэгтэй орж ирэхээр нь "чи эмэгтэй ариун цэврийн өрөөнд юу хийж байгаа юм бэ, гар" гээд гаргасан. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд бүжгийн заал руу очиход араас цагаан куртиктэй залуу миний араас цамцнаас татахад нь тухайн үед согтчихсон ч байсан, хөл алдаад унасан. ... босоод тухайн залуу руу дайрахад цаанаас нэг эмэгтэй ирээд намайг үсдэж аваад, барьцалдаж зодолдсон. Тухайн эмэгтэй намайг өшиглөж, цохиж зодсон, энэ үед л дээрх гэмтлүүд учирсан байх гэж үзэж байна. Тухайн үед бужигнаад, ядаж байхад нөхрийг маань тухайн цагаан куртиктэй залуу цохиж унагаан ухаан алдуулаад, нөхөр маань газарт ухаангүй хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14,17 талууд/
гэрч М.З: "...Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар баг Мотив баар руу дүү , түүний эхнэр *******, манай нөхрийн үеэл , түүний нөхөр бид нар орж үйлчлүүлсэн. Тэгээд баар хаах дөхөх үед бид баарнаас гарахаар болсон. Ингээд , , ******* 3 баарнаас түрүүлээд гараад явсан, би бие засаад араас нь гарна гээд ариун цэврийн өрөө орсон. Ингээд ариун цэврийн өрөөнд сууж байхад нь хаалга татаад намайг асуухад нь би "эгч нь одоо гарлаа" гэж хэлэхэд ариун цэврийн өрөөнд нэг эгч рүү "чи эндээс гараач, эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд юу хийж байгаа юм бэ" гэж уурласан. Тэр үед нь юм дуугаралгүй гарсан. Тэгээд би ариун цэврийн өрөөнд 5 минут орчим суусан бөгөөд ариун цэврийн өрөөнөөс гарахад бүжгийн талбайн ойролцоо зодоон болсон байдалтай байсан. Тэгтэл гаднаас ******* орж ирсэн бөгөөд тухайн ариун цэврийн өрөөнд байсан эгч рүү дайраад байхад нь ******* түлхэж холдуулаад тэр эгчтэй зууралдаад ноцолдсон. Би тухайн үед жаахан согтсон байсан болохоор тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан ******* нартай маргаан үүсгээд байсан эгч над руу хүрч ирээд миний куртикийг толгой дээгүүр давуулаад доош дарж байсныг санаж байна. Гэхдээ би өөдөөс нь зодолдоогүй, тухайн эгчтэй хэрүүл маргаан хийж, зодолдоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 тоот дүгнэлтэд: “... биед цээжний цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гарын 3,4,5-р хуруунуудын зөөлөн эдийн няцрал, баруун алганы цус хуралт, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаарай эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.
Иймээс прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ийг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн *******5 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн *******5 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ