Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2017/002112

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 06 өдөр          Дугаар 182/ШШ2017/02112          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б-д холбогдох, 

 

“Гэрээнээс татгалзсантай холбоотой 7,000,000 төгрөг, түүнийг хугацаандаа буцааж өгөөгүй алданги 3,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Огторгуй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Бтэй 7,000,000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойтын 47 дугаар гудамжны 20, 21, 22 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг шилжүүлэн авахаар хэлцэл хийсэн.

Тухайн хэлцлээр тухайн газрыг эрхийн доголдолгүй, гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын маргаангүй байхаар тохиролцсон бөгөөд энэ талын асуудал гарсан тохиолдолд худалдагч тал хариуцахаар хэлцэлд тусгаж өгсөн.

Гэвч тухайн газар  дээр өөр айл байсан ба бид эзэмших эрхээ саадгүй хэрэгжүүлэх боломжгүй болсон ба энэ талаар С.Бд хэлэхэд ямар нэгэн хариу арга хэмжээ авч өгөөгүй.

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С.Бтэй байгуулсан хэлцлээс татгалзах авсан өгснөө буцаахаар тохиролцсон.

Тухайн хэлцлээр хариуцагч нь 7,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор М.Ат өгөхөөр тохиролцож бичгээр хэлцэл хийж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

Хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа өнгөрсөн боловч хариуцагч надаас зугтаж, холбоо барих боломжгүй болсон ба үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд дараах үндэслэлээр шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр надаас авсан 7,000,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө, мөн Иргэний хуулийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алданги авах эрхтэй байгаа бөгөөд үүний дагуу гэрээг бичгээр хийсэн, хуульд заасан хэмжээгээр тогтоосон, гүйцэтгээгүй үүргийн дүн болох 7,000,000 төгрөгийн 50 хувь болох 3,500,000 төгрөгийн алдангийг гаргуулан авах гэсэн шаардлагуудыг гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Б би нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн С.Б би өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойтын 47 дугаар гудамжны 20, 21, 22 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, эрх шилжүүлэх гэрээ болон худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулан холбогдох материалыг М.Ат хүлээлгэн өгсөн.

Энэхүү газар нь хуульд заасны дагуу олгогдсон бөгөөд эрхийн ямар нэгэн доголдолгүй, гуравдагч этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалт байхгүй, хэн нэгэнтэй газар эзэмшлийн талаар маргаангүй байгаа бөгөөд доголдолтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Худалдах-худалдан авах гэрээг байгуулж байх үед уг газарт зөвшөөрөлгүй айл гэрээ барьсан байсан бөгөөд ямар нэг зөвшөөрөлгүй буусан байсан.

Нэгэнт нотариатаар орж холбогдох материалыг худалдан авагчид шилжүүлсэн тул газар чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсгэх боломжгүй байсан болно.

Иймд гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч С.Бд холбогдуулан “Гэрээнээс татгалзсантай холбоотой 7,000,000 төгрөг, түүнийг хугацаандаа буцааж өгөөгүй алданги 3,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч С.Б 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл хийсэн бөгөөд уг хэлцлээр С.Б Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойт 47-20, 47-21, 47-22 тоот газрыг 7,000,000 төгрөг худалдахаар тохиролцож, газар эзэмших эрхийн гэрчилгээ солигдох хүртэл 6 сарын хугацаанд дээрх газартай холбогдсон асуудал үүсгэхгүй байхыг С.Б бүрэн хариуцаж, 47-20, 47-21-ийг А.Батцэцэг, 47-22-ыг М.Энхтуяа нарт бүрэн шилжүүлэх, С.Бд 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2,000,000 төгрөгийг Хаан банкны 5741008273 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцэл болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

Зохигчдын хооронд хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлээр С.Бэс 2016 оны 07 дугаар сарын 01-нд 7,000,000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойт 47-20, 47-21, 47-22 тоот газрыг худалдан авсан боловч дээрх газар дээр Жаргал гэгч айл бууж маргаантай байгаа тул арилжаагаа буцаахаар шийдвэрлэж 7,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор М.Ат өгөхөөр, тохирсон хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцэл болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...7,000,000 төгрөгөөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг шилжүүлэн авахаар хэлцэл хийсэн.

тухайн газар  дээр өөр айл байсан ба бид эзэмших эрхээ саадгүй хэрэгжүүлэх боломжгүй болсон ба энэ талаар С.Бд хэлэхэд ямар нэгэн хариу арга хэмжээ авч өгөөгүй.

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С.Бтэй байгуулсан хэлцлээс татгалзах авсан өгснөө буцаахаар тохиролцсон.

Тухайн хэлцлээр хариуцагч нь 7,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор М.Ат өгөхөөр тохиролцож бичгээр хэлцэл хийж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...С.Б би өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Толгойтын 47 дугаар гудамжны 20, 21, 22 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, эрх шилжүүлэх гэрээ болон худалдах-худалдан авах гэрээг нотариатаар батлуулан холбогдох материалыг М.Ат хүлээлгэн өгсөн.

Энэхүү газар нь хуульд заасны дагуу олгогдсон бөгөөд эрхийн ямар нэгэн доголдолгүй, гуравдагч этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалт байхгүй, хэн нэгэнтэй газар эзэмшлийн талаар маргаангүй байгаа бөгөөд доголдолтой гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Худалдах-худалдан авах гэрээг байгуулж байх үед уг газарт зөвшөөрөлгүй айл гэрээ барьсан байсан бөгөөд ямар нэг зөвшөөрөлгүй буусан байсан.

Нэгэнт нотариатаар орж холбогдох материалыг худалдан авагчид шилжүүлсэн тул газар чөлөөлөхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсгэх боломжгүй байсан болно.

Иймд гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу М.А болон М.Э, А.Батцэцэг нарын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжээгүй, мөн хариуцагч С.Б нэхэмжлэгч М.Аээс газрын үнэ 7,000,000 төгрөгийг хүлээж авсан, С.Бийн худалдсан гэх гэр бүлийн хэрэгцээний газарт Гомбосүрэнгийн Амарзаяа гэх айл зөвшөөрөлгүй байгаа болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 000623432 дугаартай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5411 дугаартай тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаангүй байна.   

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж тус тус заасны дагуу худалдагч тал нь болох хариуцагч С.Б нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагч болон нэхэмжлэгч М.А буюу М.Энхтуяа, А.Батцэцэг нарын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд худалдан авагч тал болох нэхэмжлэгч М.А нь гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд хэлцлийн дагуу төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй юм.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлээр 7,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлөөгүй буюу тохиролцсон хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагч С.Б нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг нэхэмжлэгч М.Ат төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.Бэс 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх хариуцагч С.Бд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу С.Бд өөрт нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч С.Бямба-Эрдэнийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бэс 10,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бэс 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ат олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС