| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******473 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 90-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******7/.
Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 90-26 тоотод оршин суух иргэн гэрт хохирогч нүүрэн тус газарт алгадах, дэгээдэж унаган баруун хөлөн дээр нь удаа дараа дэвсэлж биед баруун шилбэ ясны хугарал, баруун шилбэ, тавхай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд Хэрлэн сумын 8 дугаар баг Баялагийн 6-11 тоотод эцэг, эх, охин дүү нарын хамт амьдардаг. ... 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчим гэрт байж байхад гаднаас ******* ... нар орж ирсэн. Орж ирээд бид нар архи уусан. Архи ууж байхад ******* уурлаад намайг алгадаад байсан. ... 18 цагийн орчим *******ас холдоод хэвтэх гэж байхад ******* намайг дэгээдэж унагаад баруун хөл дээр маань олон удаа дэвсэж зодсон. ... миний хувьд гомдолтой байна. Өөрт учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэжээ /хх-ийн 6-7 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 14-10 тоотод ганцаараа оршин суудаг. ... Тухайн өдөр бараг архи уугаагүй. Миний хувьд нэлээд согтчихсон байсан. Сэрээд харахад бахираад байж байсан хажууд нь ******* зогсож байгаа харагдсан бөгөөд юу болоод байгааг асуусан чинь ******* үг хэлэлгүй миний хажуугаар шууд зөрөөд гарсан. Түүнийг гарсны дараа ******* намайг зодсон гэж хэлсэн.... миний санаж байгаагаар ийн биед *******ас өөр халдаж зодсон хүн байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/,
Дорнод аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 578 тоот дүгнэлтэд:
1. биед баруун шилбэ ясны хугарал, баруун шилбэ, тавхай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон түүнээс дээш удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 тал/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/
- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 14-10 тоотод оршин суух иргэн гэрт хохирогч нүүрэн тус газарт алгадах, дэгээдэж унаган баруун хөлөн дээр нь удаа дараа дэвслэх зэргээр зодож түүний биед “баруун шилбэ ясны хугарал, баруун шилбэ, тавхай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг нэхэмжилнэ” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж үзэхэд хохирогч нь хэрэгт өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Харин иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаа нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1582,385 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1582,385 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******7 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1582,385 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******7 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ