Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/123

 

 

 

 

 

 

   2021            01              27                                         2021/ДШМ/123

                                                       

О.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/2066 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Мт холбогдох 1906007632606 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Оы М, 1965 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гэх, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Дархан хотын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

            Дархан-Уул аймгийн шүүхийн 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 265 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн 309 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 265/А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 194 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, эдгээр ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тэнсэн сулласан 8 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1908 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосон;

            О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 56 дугаар гудамжны 788-3 тоотод оршин суух Б.Сөөс “Мах импекст ажилладаг, мах авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 480.000 төгрөг, мөн “гар аргаар хийсэн 250.000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг ээмэг худалдан авна” гэж хэлээд мөнгийг өгөлгүй хуурч, нийт 730.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Оы Мийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.Мт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Мт оногдуулсан 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар О.Мийн цагдан хорьсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мээс 730.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Сөд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие сүүлийн жилүүдэд өвдөж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 2017 оноос уушгины багтраа оноштойгоор байнга эмчилгээ хийлгэх болсон. Биеийн дархлаа суларч, ясны бүтцэд өөрчлөлт орсноор 2018 онд баруун хөл хугарч хагалгаанд орсон. Одоо байнга янгинаж өвддөг зовиуртай. Мөн даралт ихсэж, толгой өвддөг зэрэг хүндрэл бэрхшээлтэй. 2019 оны 10 дугаар сард хоригдсоноос хойш хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт нийт 4 удаа, хорих 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт нийт 3 удаа хэвтэн эмчлүүлсэн бөгөөд одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр өмнөх хэрэгт оногдуулсан шийтгэлийг нэмж нэгтгэн нийт 4 жил 11 сар 21 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон биеийн байдлыг харгалзан эдлэх ялыг багасгаж, хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Мийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэрэгтээ гэмшин, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, шударгаар хүлээж, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байснаас гадна олон жилийн өмнөөс цагаан гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөж, уг өвчний улмаас амьсгал нь байнга давхцан багтарч унадаг, унахдаа хөл, гараа гэмтээж байснаас эрүүл мэндийн байдал нь их доройтсон. Түүнчлэн, ял эдлэх хугацаандаа удаа дараа эмчид үзүүлж, хэвтэн эмчлүүлдэг болсон нь дээрх ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхэд хүндрэл учирдаг тул түүний энэ байдлыг харгалзан хорих ял эдлэх байгууллагын зэрэглэлийг бууруулж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн хэргийг хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгөөд явсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/2066 дугаартай шийтгэх тогтоол хуульд зүйн үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 56 дугаар гудамжны 788-3 тоотод оршин суух Б.Сөөс “Мах импекст ажилладаг, мах авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан 480.000 төгрөг, мөн “гар аргаар хийсэн 250.000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг ээмэг худалдан авна” гэж хэлээд мөнгийг өгөлгүй хуурч, нийт 730.000 төгрөгийг залилан авсан болох нь:

            хохирогч Б.Сийн “...Нэг эмэгтэй яриад “Та сайхан эд зүйл хийдэг юм байна, таны хийсэн зүйлүүдээс авъя” гэсэн. Тэгээд өдөр 13 цагийн үед манайд намхан, өөрийгөө М гээд нэг хүн ирсэн. Би уг эмэгтэйд нийт 480.000 төгрөг өгсөн. Мөн 130.000 төгрөгийн зүйл аваад явсан. ...” /хх 26-28/,

            гэрч Э.Хын ...М гэх эмэгтэй хамт байсан. Ээж надаар 10 ширхэг ээмэг боолгуулж би өгсөн. Тэрний дараа тэр эгч “мах импекст ажилладаг, ажилчиддаа баярын үеэр махаа хямдралтай үнээр өгдөг, би танд тусалъя, мах хямдхан аваад өгье” гээд ээж хонь, үхрийн мах авахаар болсон. Ээж “бэлнээр өгөхгүй, дансаар өгье” гэсэн. Би ээжийн картыг уншуулж, 480,000 төгрөгийг бэлнээр О.М гэх эгчид өгсөн. ...” /хх 31/,

            О.Мийн яллагдагчаар өгсөн “...Шар хаданд байдаг гар хийцийн ээмэг, зүүлт зардаг гэх эмэгтэйтэй очиж уулзсан. ...Тухайн өдөр өөрийнх нь гар хийцийн ээмэг, зүүлтнээс 7 ширхгийг авсан. ...Хоёр хоногийн дараа надад “хонины мах аваад өг, та махаа зарж байгаа юу” гэхээр нь “зарж байгаа” гэж хэлж байсан. Би гэрт нь очиж 250.000 төгрөг бэлнээр авсан. ...Мах нь тухайн өдөр гараагүй тул мөнгийг нь аваачиж өгөөгүй. ...” /хх 62-63/ гэх мэдүүлгүүд,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Мийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч О.Мийн иргэн Б.Ст “мах импекст ажилладаг, мах авч өгнө” гэж 480.000 төгрөг, мөн “гар аргаар хийсэн 250.000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг ээмэг худалдан авна” гэж хэлээд мөнгийг өгөлгүй хуурч, нийт 730.000 төгрөгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн О.Мийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

            Шүүгдэгч О.М “...Миний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон биеийн байдлыг харгалзан эдлэх ялыг багасгаж, хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч О.Мийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн “...О.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэрэгтээ гэмшин, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, шударгаар хүлээж, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байснаас гадна олон жилийн өмнөөс цагаан гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөж, уг өвчний улмаас амьсгал нь байнга давхцан багтарч унадаг, унахдаа хөл, гараа гэмтээж байснаас эрүүл мэндийн байдал нь их доройтсон. Түүнчлэн, ял эдлэх хугацаандаа удаа дараа эмчид үзүүлж, хэвтэн эмчлүүлдэг болсон нь дээрх ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхэд хүндрэл учирдаг тул түүний энэ байдлыг харгалзан хорих ял эдлэх байгууллагын зэрэглэлийг бууруулж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч О.Мийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндтэй холбоотой хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан 4 жил 11 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

            Харин шүүгдэгч О.М нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт 9 удаа ял шийтгүүлж байсан ба засрал хүмүүжил олоогүй, дахин залилах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан “...эдлэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...хорих ял эдлэх байгууллагын зэрэглэлийг бууруулж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Мт оногдуулсан 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Мт оногдуулсан 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдах гомдлын “эдлэх ялыг багасгаж өгнө үү.” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/2066 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Мт оногдуулсан 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.Мт оногдуулсан 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...хорих ял эдлэх байгууллагын зэрэглэлийг бууруулж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдах гомдлын “эдлэх ялыг багасгаж өгнө үү.” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ