Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0072/Э

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга:                         Д.Мөнхцэцэг,

Улсын яллагч:                                         Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                       Г.Баярсайхан                      ,

Шүүгдэгч:                                                 Д.Батжаргал нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батжаргалд холбогдох 201723000116 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1975 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т167-1-1 тоотод оршин суух хаягтай, урьд 1999 онд эрүүгийн хуулийн 90.1, 239.1-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гаьъяа шагналгүй Боржигон овогт Доржжагдагын Батжаргал /РД: СЮ75062733/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Д.Батжаргал нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дулааны 13-03 тоотод оршин суух иргэн Ё.Төмөрийн гэрийн хаалганы цүүг татаж онгойлгон нэвтрэн орж мөнгөн аяга 2, цахилгаан дрилл 1, бэлнээр 50000 төгрөгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 3-4хуу/

Эд зүйл хураан авах тогтоол. /хх-ийн 18хуу/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 20хуу/

Хохирогч Ё.Төмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ... гэртээ ирэхэд манай гэрийн цоожны цүүг мулт татаж хаяад буцаагаад зүгээр сул зүүчихсэн байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод харахад эд зүйлийн маань байрлал өөрчлөгдсөн байсан тул шалгахад гэрийн хойд талд байсан авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, улаан өнгийн түрийвч дотор байсан 50.000 төгрөг, улаан өнгийн цахилгаан дрилл алдагдсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23хуу/

Иргэний нэхэмжлэгч С.Нэргүй: ... 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авто засварын газар байж байхад үдийн хойно танил Батжаргал ирээд надад орчин үеийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг үзүүлээд энийг 40000 төгрөгөнд авчих миний өөрийн эд зүйлс байгаа юм гээд байсан. Тухайн үед надад 30.000 төгрөг байсан учраас би Батжаргалд надад 30.000 төгрөг байна гэхэд тэгвэл 30.000 төгрөгөндөө авчих гэхээр нь би Батжаргалаас уг эд зүйлсийг 30.000 төгрөгөөр худалдаж авсан. Батжаргалаас 30.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 26хуу/

Гэрч Ц.Эрдэнэбилэгийн: ... манай гэрт хулгай орж авдар дотор байсан орчин үеийн мөнгөн аяга 1 ширхэг, хуучны бага гарын мөнгөн аяг 1 ширхэг, бэлнээр 50.000 төгрөг, цахилгаан дрилл алдагдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28хуу/

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 59хуу/

Шүүгдэгч Д.Батжаргалын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... ахиад архи нэмж уумаар санагдаад танидаг ах болох Төмөр гэх айлд очиход гэр нь цоожтой, гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрийнх нь цоожийг суга татаж гэр лүү ороод авчих зүйлс байгаа эсэхийг нь үзэж байгаад гэрийнх нь хойд талд байсан зэрэгцээ хоёр авдарны ертөнцийн зүгээр зүүн талынх нь авдарыг онгойлгож дотор нь байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, улаан өнгийн түрийвчин дотор байсан бэлнээр 50.000 төгрөг зэргийг авсан. Тэгээд өөр авчих эд зүйлс байгаа эсэхийг харахад гэрийнх нь ертөнцийн зүгээр баруун талд хуйлаастай дрож, хивснүүдийн хажууд улаан өнгийн цахилгаан дрилл байхаар нь бас уг цахилгаан дриллыг нь аваад Төмөр ахын гэрээс гарсан юм. Тэгээд би тэндээс гарч яваад шууд Нэргүй гэх хүний авто засварын газарт нь очиж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цахилгаан дрилл хоёроо 30.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд хулгайлсан 50.000 төгрөг, хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулаад олсон 30.000 төгрөг, нийт 80.000 төгрөгөөрөө архи дарс уугаад дуусгачихсан. Харин хулгайлсан бага гарын мөнгөн аягаа өвөртөлж авч явж байгаад хаячихсан байна. Би хулгай хийсэндээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Батжаргал нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дулааны 13-03 тоотод оршин суух иргэн Ё.Төмөрийн гэрийн хаалганы цүүг татаж онгойлгон нэвтрэн орж мөнгөн аяга 2, цахилгаан дрилл 1, бэлнээр 50.000 төгрөгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Батжаргалд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал байна.

 

Хохирлын хувьд шүүгдэгч Д.Батжаргалаас жижиг бага гарын мөнгөн аяганы үнэ болох 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Төмөрт, 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Нэргүйд олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  НЬ :

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржжагдагын Батжаргалыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батжаргалд эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ сар 10 /арав/ хоног баривчлах ял оногдуулсугай.

           3. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.     

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Батжаргалаас жижиг бага гарын мөнгөн аяганы үнэ болох 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Төмөрт, 30000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Нэргүйд тус тус олгосугай.     

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батжаргалд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.МӨНХТУЛГА