| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2020/00901/И |
| Дугаар | 135/ШШ2021/00004 |
| Огноо | 2020-12-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2021/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00901/и Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ** дугаар баг, ** дүгээр байрны ** тоотод оршин суух Шазарав овогт Сэвжиддоржийн Давааням /РД:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дүгээр хороолол, ** байрны ** тоотод оршин суух, Боржигон овогт Тэрбишийн Туул /РД:**/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Малчин, хөтөл ** дугаар гудамжны 5 тоотод оршин суух, Хаад боржигон овогт Сүмбэрийн Алтанжолоо /РД:***/ нарт холбогдох,
Гэм хор учруулсны хохиролд нийт 15,425,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Т.Туул, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч С.Алтанжолоо, иргэдийн төлөөлөгч Ц.Буянтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд анх Т.Туул, С.Алтанжолоо нараас 15.425.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийн байдлын хувьд дурдахад 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ТЭЦ-ийн уулзварт Bieben маркийн ** ДАХ улсын дугаартай машиныг С.Алтанжолоо жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дүгээр заалтыг зөрчиж С.Даваанямын жолоодож явсан KIA RHINO маркийн 69-47 АРА улсын дугаартай машиныг мөргөж, 19.950.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 4.970.000 төгрөгийг С.Алтанжолоогийн даатгуулсан даатгалын компаниас авсан. Үлдэгдэл 14.980.000 төгрөг дээр машин ачилтын 200.000 төгрөг, КТГ-т толгой харуулсан 100.000 төгрөг, Архангай аймгаас Дархан-Уул аймагт ирэхэд зарцуулсан бензиний мөнгө 145.000 төгрөг нийт 15.425.000 төгрөг хариуцагч Т.Туулаас нэхэмжилж байгаа. Яагаад Т.Туулаас нэхэмжилж байгаа вэ гэхээр С.Алтанжолоогийн жолоодож явсан 43-65 ДАХ улсын дугаартай машин нь хариуцагч Т.Туулын өмчлөлд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр ногтлогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлыг Т.Туул хариуцах нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Т.Туулаас 15.425.000 төгрөг нэхэмжилж байна. Хамтран хариуцагч С.Алтанжолоогоос татгалзаж байна гэв.
Хариуцагч Т.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.Алтанжолоотой харилцан тохирч Автомашин түрээслэх, зарах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. С.Алтанжолооо осол гаргасан тул гэм хорын хохирлыг С.Алтанжолоо хариуцах ёстой гэж үзэж байна. Түрээсийн гэрээгээр бусдад учруулсан хохирол, хариуцлагыг С.Алтанжолоо хариуцахаар тохирсон. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Т.Туулын өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 30 минутад ТЭЦ-ийн уулзварт 2 машин мөргөлдөж, зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан. Тухайн хэргийн холбогдогч нь С.Алтанжолоо болох нь тогтоогдож, шийтгэл хүлээсэн болох нь хангалттай тогтоогдож байгаа. Гэм хорын хохирлыг С.Алтанжолоо учруулсан болох нь дээрх баримтаар тогтоогдож байгаа. Т.Туул нь зөрчлийн хэрэгт холбогдогч болох нь тогтоогдсон зүйл байхгүй. Хариуцагч С.Алтанжолоо миний буруу байсан тул би хариуцлага хүлээнэ гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа. Мөн 2 удаагийн автомашин түрээслэх гэрээ байгуулагдсан байдаг ба гэрээнүүд хэрэгт байгаа. 2 хариуцагч хоёулаа гэрээний хүчин төгөлдөр гэдэг талаар маргаагүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Эд хөрөнгийн хариуцлага хүлээх талаар тусгасан 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр осол гарахаас өмнө хийгдсэн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч тал гэрээг хуурамч гэж байгаа бол гэрээтэй холбоотой баримтаа нотлох байсан. Нотлох үүргээ биелүүлээгүй. Зүгээр тайлбар хэлсэн. Гэрээний 3.2 дугаар заалтын талаар 2 хариуцагч хоорондоо маргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг барьж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн дээрх заалтыг барихдаа нэхэмжлэгч хариуцагч сонгох эрхээ буруу хэрэглэж байна гэж үзэж байна.Т.Туулыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч С.Алтанжолоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Би төлбөрөө төлнө. Машиныг жолоодож явсан нь үнэн. Би гэрээний дагуу төлнө гэсэн гэрээ хийсэн. Тиймээс би төлнө. Гэхдээ би цалингаасаа төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч С.Даваанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нь хариуцагч Т.Туул, С.Алтанжолоо нарт холбогдуулан, зам тээврийн ослын улмаас С.Даваанямын өмчлөлийн автомашинд учруулсан хохиролд 14,980,000 төгрөг, машин ачилтын зардал 200,000 төгрөг, КТГ-д толгойн зураг авахуулсны төлбөр 100,000 төгрөг, Архангай аймгаас Дархан-Уул аймагт ирэхэд зарцуулсан бензиний зардал 145,000 төгрөг, нийт 15,425,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нь хамтран хариуцагч С.Алтанжолоод холдбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т.Туулаас гэм хор учруулсны хохирол болох нийт 15,425,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан болно. Хариуцагч Т.Туул нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг бөгөөд татгалзлынхаа үндэслэлийг хариуцагч С.Алтанжолоогийн эзэмшилд тухайн автомашиныг гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байсан бөгөөд гэрээнд зам тээврийн осол гаргасан, бусдад хохирол учруулсан тохиолдолд хариуцлагыг жолооч С.Алтанжолоо хариуцахаар заасан тул С.Алтанжолоо бүрэн хариуцах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. Хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 15-2и/302 дугаар албан бичгээр ирүүлсэн 2008001534 дугаартай С.Алтанжолоод холбогдох зөрчлийн хэргийн материалиас үзэхэд хариуцагч С.Алтанжолоо нь 2020 оны 06 сарын 13-ны өдрийн 21.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг 20 дугаар хороо, ТЭЦ 4-н уулзварын замд Bieben ** маркийн ** ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж KIA RHINO маркийн 69-47 АРА улсын дугаартай С.Даваанямын жолоодож явсан автомашинтай мөргөлдөж, гэрлэн дохионы шон мөргөсөн зам тээврийн осол гаргасан нь зөрчлийн шинжтэй байна гэж үзэж С.Алтанжолоод Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, улмаар 2020 оны 06 сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа-аар С.Алтанжолоог Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дүгээр зүйлийн г-д заасан улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсний дагуу 2020 оны 06 сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Мөн дээр дурдсан магадлагаагаар нэхэмжлэгч С.Даваанямыг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. /хх-ийн 66-119 дүгээр тал/ Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.Алтанжолоогийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байх бөгөөд талууд энэ талаар маргаангүй байна. Нэхэмжлэгч С.Даваанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдааны явцад хамтран хариуцагч С.Алтанжолоод холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т.Туулаас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан үндэслэлээр хохирлыг бүхэлд нь гаргуулахаар шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ. Хариуцагч Т.Туул нь хариуцагч С.Алтанжолоог тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж тайлбарлаж байгаа бөгөөд нотлох баримтаар 2020 оны 05 сарын 23-ны өдрийн Авто машин түрээслэх, зарах, ажил гүйцэтгүүлэх гэрээг шүүхэд ирүүлжээ. Тус гэрээгээр Т.Туул, С.Алтанжолоо нар нь Beiben ** маркын **ДАХ улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт нийт 131,745,846 төгрөгөөр үнэлэн түрээсээр зарах, түрээслүүлэгч талын захиалгат ажлыг гүйцэтгэх, түрээслэгч нь дээрхи автомашиныг түрээслэн авч ашиглахаар тохирсон, мөн гэрээний хугацаа 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жил байхаар заасан байна. Мөн хэрэгт Ган хүдэр орд ХХК болон С.Алтанжолоо нарын байгуулсан 2020 оны 01 сарын 01-ний өдрийн 01/20/08 дугаартай Автомашин түрээслэх, зарах, ажил гүйцэтгүүлэх гэрээ авагдсан байх бөгөөд энэхүү гэрээний зүйл нь дээр дурдсан гэрээний зүйл болох Beiben ND1255B маркын 43-65 ДАХ улсын дугаартай автомашин байгааг дурдаж байна. Хариуцагч С.Алтанжолоо нь Ган хүдэр орд ХХК-д жолоочоор ажилладаг болох нь хэрэгт авагдсан Ган хүдэр орд ХХК-ийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 20/01/541 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр тогтоогдож байгаа бөгөөд тус эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр С.Алтанжолоод хариуцуулан олгосон эд хөрөнгө нь Beiben ** маркын ** ДАХ улсын дугаартай автомашин байна. Шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Ган хүдэр орд ХХК-ийн албан бичгээр Ган хүдэр орд ХХК нь тухайн автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн бөгөөд С.Алтанжолоо нь зам тээврийн ослын улмаас өөрийн жолоодож явсан Beiben ND1255B маркын 43-65 ДАХ улсын дугаартай автомашины хохиролд тус компанид сар бүр 500,000 төгрөг төлдөг болох нь тогтоогдож байна. Дээр дурдсан гэрээнүүдийн агуулга болон хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Beiben ND1255B маркын 43-65 ДАХ улсын дугаартай автомашин нь хариуцагч Т.Туулын өмчлөлийн автомашин байгаа бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар өмчлөгч Т.Туул тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд мөн байна. Хариуцагч Т.Туул нь С.Алтанжолоотой байгуулсан гэрээний заалтын дагуу бусдад учруулсан хохирлыг С.Алтанжолоо хариуцахаар тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь зөвхөн гэрээний талуудын бие биедээ тавих шаардлагад хамааралтай бөгөөд харин гэрээний бус үүргийн шаардлагад хамааралгүй юм.
Нөгөө талаас нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаас татгалзаж, учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс бүхэлд нь шаардаж байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарч байх тул шүүх хохирлыг хуваарилан хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч С.Алтанжолоод холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно. Нэхэмжлэгч тал автомашины хохирлын хэмжээг хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан-аар тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч С.Алтанжолоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын үнэлгээ гаргуулах шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч тухайн автомашин байхгүй, сэлбэгэнд борлуулагдсан гэх үндэслэлээр шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан хариуг ирүүлсэн болохыг дурдаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нь зам тээврийн ослын улмаас С.Даваанямын өмчлөлийн автомашинд учирсан хохиролд 14,980,000 төгрөгийг шаардаж байгаа боловч түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч С.Давааням нь автомашинаа засуулаагүй болох нь тогтоогдож байх тул хэрэгт авагдсан автомашины техникийн үнэлгээний дүнгээс хаалга засварлах дүн болох 45,000 төгрөг, будах зардал 750,000 төгрөг, шууд бус зардал болох материалын болон ажлын хөлс 1,080,000 төгрөг, нийт 1,875,000 төгрөгийг хасаж тооцох нь үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч С.Даваанямын КТГ-т толгой харуулахад төлсөн төлбөр болох 100,000 төгрөг, Архангай аймгаас Дархан-Уул аймагт ирэхэд зарцуулсан шатахууны зардал 145,000 төгрөгийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан СТМ Мед ХХК-д толгойн зураг авахуулсны 100,000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн боловч энэхүү үйлчилгээг заавал авах шаардлагатай талаарх эмчийн үзлэгийн баримт хэрэгт авагдаагүй, мөн шатахууны зардлын баримт гэх Хаан банкны 95,000 төгрөгийн худалдан авалтын баримтын гүйлгээний утга тодорхойгүй, 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 50,000 төгрөгийн үнийн дүнтэй Тэспетролиум ХХК-ийн НӨАТ-ын баримт нь Архангай аймгаас Дархан-Уул аймагт ирэхэд зарцуулсан шатахууны зардал гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,120,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Туулаас гэм хорын хохирол нийт 13,305,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Даваанямд олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Буянтөр ...автомашиныг жолоодож явсан хүн буруутай тул С.Алтанжолоо хохирлыг төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Туулаас 13,305,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Даваанямд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2,120,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч С.Алтанжолоод холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч С.Алтанжолоод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,075 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Туулаас улсын тэмдэгтийн хураамжид 224,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Даваанямд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА Д.ОЮУНДАРЬ |