Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/01223

 

 

 

 

 

 

 

 

2020 05 08

181/ШШ2020/01223

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч:Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Хувьсгалчдын зам 3 өөрийн байранд байрлах м.ү-ийн

 

хариуцагч:Т.Ө

 

оршин суугчдын төлсөн 14.940.030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч Т.Ө ХХК-нийн захирал Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮОНРТ нь үйлчилгээний хураамжаа орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо, эсхүл тухайн орон сууцыг хариуцан ажиллаж буй хуулийн этгээдээр дамжуулан оршин суугчдаас хураан авдаг. Орон сууцны байруудыг хариуцдаг хуулийн этгээдтэй телевизийн үйлчилгээний хураамжийг цуглуулах, шилжүүлэхээр гэрээ хийж тохиролцон хамтран ажиллаж ирсэн. Тулга хотхонХХК нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 39, 40, 43, 44, 45 дугаар байруудыг хариуцан ажиллаж байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сараас тус байруудыг Т.Ө ХХК хариуцан ажилласан.

Харилцан тохиролцсоны дагуу Тулга хотхонХХК, Т.ӨХХК нь тус байран дахь өрх бүрээс Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоол болон Радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 403 тоот тушаалын дагуу телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсөнд 1100 төгрөг хураан авч төвлөрүүлдэг, ийнхүү төвлөрүүлсэн хөрөнгийн 10%-ийг ажлын хөлс болгон өөртөө үлдээж үлдсэн хэсгийг МҮОНРТ-д тооцож өгдөг байсан.

Гэвч Тулга хотхонХХК-ийн зүгээс өөрийн хариуцан авсан орон сууцанд оршин суух айл өрхүүдээс телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг хураан авч хуримтлагдсаар 17.034.410 төгрөг болсон хэдий ч энэ мөнгийг МҮОНРТ-д шилжүүлэлгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Энэ дүн нь 1 жилээр тооцоод үзэхэд 1300 айл өрхийн телевизийн үйлчилгээний төлбөр юм.

2012 оны 12 дугаар сараас Т.ӨХХК нь тус орон сууцнуудыг хариуцан ажиллах болсон тул Тулга хотхон ХХК-ийн дээрх өр төлбөрийг Т.Ө ХХК төлөхөөр болсон. Энэ мөнгийг МҮОНРТ-ийн зүгээс удаа дараа шаардсан бөгөөд Т.ӨХХК нь уг мөнгийг 2013 онд багтаан хуваарийн дагуу төлөх тухай 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20 дугаартай өр төлбөрийн тухай албан бичиг хүргүүлсэн. МҮОНРТ-ийн зүгээс тухайн хуваарийг зөвшөөрсөн бөгөөд хуваарийн дагуу Т.Ө ХХК нь нийт 5.311.580 төгрөгийг төлсөн.

Харин 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай өр төлбөр үүссэн тухай албан бичгээр үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

Харин МҮОНРТ-ийн оператор, нягтлан бодогч З.Алтансүх болон Т.ӨХХК-ний нягтлан бодогч Я.Энх-Амгалан 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж 11.722.830 төгрөгийн төлбөр тооцоо үлдсэн тухай тооцооны үлдэгдлийн баталгаа буюу акт үйлдэж баталгаажуулсан. Тус тооцоо нийлэх акт үйлдсэний дараа МҮОНРТ-д үйлчилгээний хөлс хураах байцаагч нар удаа дараа Т.ӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******тэй уулзахад тухайн өр төлбөрийг төлөх боломжгүй гэсэн хариу өгсөөр өдийг хүрлээ.

Тулга хотхонХХК-ийн төлбөрийн үлдэгдэл нь 11,722,834 төгрөг үлдсэн. Энэ мөнгө өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй явж байгаа.

Т.ӨХХК нь телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний 3.217.200 төгрөгийн өртэй гэж санхүүгийн тайлангаас үзэхэд харагдаж байсан боловч манай зүгээс нотлох боломжгүй, мөн тооцоо нийлсэн актыг үндэслэн энэ үнийн дүнгээс татгалзаж байна. 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 57 тоот албан бичигт 5,311,580 төгрөг төлж барагдуулсан гэж байх тул төлж барагдуулсан гэдэгт маргахгүй.

Т.ӨХХК-иас Тулга хотхонХХК-ийн айл өрхүүдээс хураан авсан телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний үлдэгдэл төлбөр 11.722.830 төгрөгийг гаргуулж МҮОНРТ-д олгож шийдвэрлүүлэх шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч сая 1300 өрхийн өр төлбөр гэж ярьж байна. Бид нэхэмжлэлдээ 17,034,410 төгрөг нь тооцож үзвэл 1300 өрхийн сарын хураамжтай тэнцэнэ гэсэн жишээ маягаар бичсэн. Тэрнээс биш 1300 өрхийн төлбөр биш. Тогтмол сар болгон 1100 төгрөг төлдөг. Тухайн үед төлбөрөө дутуу өгч явсаар байгаад үүссэн өр байх гэж бодож байна. Бид 2013 оноос хойш хураамжаа цахилгаан дамжуулах үндэсний сүлжээгээр дамжуулж цахилгааны төлбөрөөс авдаг болсон. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хууль 2005 онд батлагдаж олон нийтийн статустай хуулиар зохицуулагддаг болсон. Тэр үеэс хойш 2005 оноос 2012 оны хооронд үүссэн хуримтлагдсан өр төлбөр.

Т.ӨХХК ажлыг шилжүүлээд авсан тул Тулга хотхонХХК-тай байгуулсан гэрээ энэ хэрэгт шаардлагагүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тулга хотхонХХК-ийн хариуцаж ажиллаж байсан орон сууцны байруудын нэг хэсэг болох Сүхбаатар дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39, 40, 43, 44, 45 дугаар байруудын инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг Т.Ө ХХК нь 2013 онд хариуцаж ажиллаж байсан. Нэхэмжлэлд дурьдагдсанаар МҮОНРТ-д хамаарах төлбөр буюу 14.940.030 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Т.ӨХХК нь МҮОНРТ-тэй 2013 оны 01 дүгээр сарын 54 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 2013 ондоо хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. 2013 онд болон өнөөдрийг хүртэл МҮОНРТ-д телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний өр төлбөрийн тооцоо байхгүй. 3.217.200 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Удаа дараа МҮОНРТ-д аман болон бичгээр өр төлбөрийг төлөх боломжгүй талаар мэдэгдэж байсан. Т.Ө ХХК нь МУ-ын ЗГазрын 2000 оны 28 дугаар тогтоол болон Радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 403 тоот тушаалын дагуу телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс болох 1100 төгрөгийг айл өрх бүрээс хураан авч төвлөрүүлэн төвлөрсөн хөрөнгийн 10%-ийг ажлын хөлсөнд тооцож компанид үлдээж үлдэх хэсгийг МҮОНРТ-д тухай бүр төлж ирсэн, өр төлбөр үүсээгүй, гэрээний үүргийг биелүүлэн ажилласан. МҮОНРТ-ийн ОБХ-ийн дарга С.Амарсанаа нь Т.ӨХХК нь телевизийн үйлчилгээний хөлсийг 100% барагдуулж байгаа явдалд талархаж байгаагаа албан тоотоор илэрхийлж байсан.

Т.Ө ХХК 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз-тэй дээрх 5 байрны нийт 390 өрхийн 348 айлын телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг хураан төвлөрүүлэх, төлбөрөө сар бүрийн 30-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн гэрээ хийсэн.

Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч тооцоо нийлсэн актаар баталгаажиж байгаа гэж хэлж байна. Тооцоо нийлсэн акт өөрөө дан ганц төлнө гэсэн үг биш. Т.Ө ХХК тайлант хугацаанд буюу 2013 он, 2014 онуудад хэдэн төгрөг төлсөн бэ гэдгийг нэг талдаа баталгаажуулж байсан. Тооцоо нийлсэн акт нь Сангийн сайдын тушаалаар батлагдсан заавар, журмын дагуу явдаг. Тооцоо нийлсэн акт нь нэгдүгээрт төлсөн мөнгөний жагсаалт хоёрдугаарт үлдэгдлийн баталгаа гэсэн хэсгээс бүрддэг.

Би 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн албан бичигт дээрх 5 байртай холбоотой 348 айлын өр төлбөр 17,034,410 үүссэн гэж тухайн үед ойлгоод явж байтал сая нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар энэ үүсээд байгаа төлбөр нь 1300 өрхийн тооцоо байсан гэж гарч ирж байна.

Би 2012 оны 12 дугаар сард ажил хүлээж авахад зөвхөн 1 хэсэг болох хамгийн сүүлд үлдсэн Сүхбаатар дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 5 байрыг нь авсан. Тухайн Тулга хотхонХХК-ийн айл өрхийн газар нь нийт 3 хэсэг хуваагдсан. Би 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрийг хариуцъя, гэхдээ дээрх 5 байртай холбоотой үүссэн өрийг гэж заасан байхад нийт 1300 өрхийн үүссэн өрийг төлүүлэх гэж оролдсон байна. Би 2013 онд 5,000,000 төгрөг төлсөн. Түүний дараа нэмж 2014 онд 300,000 төгрөг төлсөн.

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд гэрээ дуусгавар болгох албан тоот өгсөн байсан учраас 2015, 2016 онуудад төлбөр төлөөгүй.

Манай компани анх зөвшөөрөл авахдаа гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлнэ гэж зөвшөөрөл авсан. 2013 оны 01 дүгээр сараас эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дээрх 5 байрны ус, дулаан, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцсан.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз 2013 онд надтай 5 байрны 348 айлын өрхөөс шимтгэл авна гэсэн хирнээ Тулга хотхон ХХК дээр байгаа 1300 өрхийн үүссэн 17,034,410 төгрөгийг төлүүлнэ гэж байсан байна. Тулга хотхон ХХК-тай хийсэн 12 тоот гэрээний дагуу яригдаад байгаа 17,034,410 төгрөг аль аль дүүргүүдийн нийт хэчнээн байр, хэчнээн өрхийн хэдий хугацааны өр юм бэ, тэр дундаас 348 өрхтэй холбоотой хэдэн төгрөгийн тооцоо байх юм бэ гэдэг тооцоог гаргуулах шаардлагатай гэж бодож байна.

17,034,410 төгрөгийг шимтгэлийн 10 хувийг тооцоод үзэхээр 1300 өрх гарч ирж байна. Надтай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн гэрээнд 5 байр 348 өрхөөс шимтгэл авна гэж гэрээ хийсэн. Жишээлбэл 348 айлыг 12 сараар үржүүлээд үзэхээр дундаж нь 1300 гарахгүй. Сүхбаатар дүүргийн 3, 5 дугаар хорооноос хэд хэддүгээр байрны төлбөр гэдгээ тооцох ёстой.

Тооцоо нийлсэн акт Сангийн сайдын Үндэсний статистикийн газрын 2002 оны 171111 тоот тушаалын хавсралтаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагад нийтээр хэрэглэгдэх анхан шатны бүртгэл маягтыг бүртгэх заавар буюу хавсралт маягтууд гэж заасан байгаа. Тооцоо нийлсэн акт нь хавсралт хэсэгтэй. Дан ганц төлнө гэсэн утгаас гадна төлсөн мөнгө 5,300,000 төгрөгийг давхар баталгаажуулсан. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтын хавсралт байгаа. Би энэ дагуу тооцоо нийлээд явж байсан.

17,034,410 төгрөг нь Сүхбаатар дүүргийн хэддүгээр хорооны ямар байр, Баянзүрх дүүргийн хэддүгээр хорооны ямар байр, Сонгинохайрхан дүүргийн хэддүгээр хорооны ямар байрны төлбөр гэдэг задаргааг гаргах нь зүйтэй.

Шууд амаар тааварлан 2005 оноос 2012 он гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл би 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа орон сууцны 10 дугаар контор буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 7000 гаруй өрхийг хариуцаж орлогын байцаагчаар 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Ийм хэмжээний хуримтлал 2005 оноос 2012 он хүртэл үүссэн гэж шууд ярьж болохгүй. Тооцоолол нь тодорхой гарч ирэх ёстой. Би байцаагчаар ажиллаж байхдаа энэ ажлыг гардаж хийдэг байсан.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хураамжаа төлөхгүй хасуулах шаардлага гарахад телевизээс бичиг ирдэг байсан. Орон сууцны үйл ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зогсоосон. 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс телевизийн хураамж цуглуулахаа больсон. Яагаад больсон гэхээр орон сууцны мөнгө хойшоо ухарч явдаг. Тэгэхээр 2013 оны 12 дугаар сарын мөнгө 2014 оны 01 дүгээр сард гарч ирдэг. Би өөрийн ажиллаж байх үеийн тооцоогоо дуусгаад хамгийн сүүлд 300,000 гаруй төгрөг төлөөд 100 хувь тооцоогоо дуусгасан. Өнөөдөр өмнөх байгууллагаас шилжиж ирсэн гээд байгаа өрний үлдэгдлийн асуудал яригдаж байна. Хувийн аж ахуй ч бай улсын аж ахуй ч бай тийм их хэмжээний өр төлбөр үүснэ гэж байдаггүй.Тулга хотхонХХК-тай байгуулсан 14 тоот гэрээг яагаад гаргаж өгөхгүй байгаа вэ. Тэр гэрээнээс 1300 өрх харагдах байсан гэж бодож байна. Мөн тооцооллын задаргаа харах шаардлагатай. Бидэнд орлогыг нь бүрдүүлж өгөхөд хүндрэлтэй зүйл гардаг байсан. Орон сууцны айлууд 1 сар хэрэглээд 2 дахь сар дээрээ хэрэглээгээ 20-ны дотор төлдөг. 20-ны дотор мөнгөө төлдөггүй. Гүйцэтгэл 75, 80 хувьтай гардаг. Гэтэл бид 100 хувь хүртэл төлөх үүрэг хүлээдэг. Тэгэхээр бид ороогүй төлбөрийг урьдчилж төлөөд байдаг.

Надтай утсаар ярьсан хүн байхгүй. Намайг үйл ажиллагаа эрхлэхээ больсныг мэдсэн. Тэр үед Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн орлогын байцаагч гээд нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүн ирсэн. Т.Ө ХХК-тай байгуулсан үндсэн гэрээний 3,200,000 төгрөгийн өр байна гэсэн. Би үндсэн 54 тоот гэрээний дагуу өр төлбөр байхгүй гэсэн, баримтаа харна гээд явсан. 2014 оны 01 дүгээр сараас би тэр ажлаа больсон гэв.

 

Нэхэмжлэл болон зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч м.ү нь хариуцагч Т.ӨХХК-д холбогдуулан оршин суугчдаас телевизийн үйлчилгээний хөлсөнд хураасан 14.940.030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 3.217.200 төгрөгөөс татгалзан, үлдэх Тулга хотхонХХК-ийн өрийн үлдэгдэлд 11,722,834 төгрөгийг Т.ӨХХК-иас гаргуулахаар шаардаж оролцлоо.

Хариуцагч Т.ӨХХК нь нэхэмжилж буй мөнгийг хариуцан төлөх үүрэггүй, өөрийн хариуцсан хугацааны төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаар;

Нэхэмжлэгч м.ү нь нэхэмжлэлд хавсарган Т.ӨХХК-ний 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаартай албан бичиг ирүүлсэн ба энд дурьдсанаар, Т.Ө ХХК нь 2012 оны 12 сараас орон сууцны 39, 40, 43, 45- дугаар 5 байрын инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах болсон, Тулга хотхонХХК-иас 5 байртай холбогдон үүссэн 17 034 410 төгрөгийн өр төлбөр гэнэт үүслээ, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр, 2013 онд эхлэн 5.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, 2014 онд үлдэх төлбөрийг барагдуулах, 2013 оны 1 сарын 2-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр,өөрийн хариуцах хураамжийг цаг тухайд нь шилжүүлэх тухай дурджээ.

Мөн хавсаргаж ирүүлсэн Т.ӨХХК-ний 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай албан бичигт Тулга хотхонХХК-ий төлбөрөөс 2013 онд 5.311.580 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх төлбөрийг төлөх боломжгүй тухай бичиж нэхэмжлэгчид хүргүүлжээ/хэргийн 6-8/.

Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн, МҮОНРТелевиз нь Тулга хотхонХХК-тай 2012 оны 12 сарын 31-ий өдрийг дуустал хугацаанд Тулга хотхонХХК нь 17 034 410 төгрөгийн өртэй болохыг тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн/хэргийн 9/,

Хариуцагч Т.ӨХХК, нэхэмжлэгч нарын санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан санхүүгийн ажилтнуудын үйлдсэн 2013 оны 3 сарын 31, 2013 оны 6 сарын 30, 2013 оны 9 сарын 30, 2013 оны 12 сарын 31, 2014 оны 3 сарын 31, 2014 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл хугацааг хамарсан тооцооны үлдэгдлийн баталгаануудаар Тулга хотхонХХК-ийн өр төлбөрийн үлдэгдэл 11.722.830 төгрөг болох тухай харилцан баталсан/хэргийн 10-15/ байна.

Нэхэмжлэгч м.ү нь Т.Ө ХХК-тай 2013 оны 1 сарын 2-ны өдөр ажил гүйцэтгэх 54 дугаартай гэрээг 2013 оны 4 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатай, нийт 348 айл өрхөөс телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг телевизор бүрд 1100 төгрөгөөр тооцож сар бүрийн 30-ны дотор шилжүүлэхээр тохиролцон байгуулсан/хэргийн 34/,

Т.Ө ХХК-ний 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар албан бичиг/хэргийн 31/-т, гэрээний дагуу телевизийн үйлчилгээний хөлсийг 100 хувь бүрэн барагдуулдаг, оршин суугчдын хөлс төлөлттэй уялдуулан төлбөрийг шилжүүлж байх, үйлчилгээний хураамжаас 20 хувийн ажлын хөлс авах санал хүргүүлсэн,

2014 оны 01 сарын 27-ны өдрийн МҮОНРТелевизийн гэрээ шимтгэлийн тухай албан бичиг/хэрэгт 32/-т,Танай компанитай 2013 онд хамтран ажиллах хугацаанд гэрээний дагуу айл өрхүүдээс хураасан телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг 100 хувь барагдуулсан, мөн Тулга хотхонХХК-иас шилжиж очсон өрийг хуваарийн дагуу төлсөн явдалд талархаж байна гээд, оршин суугчдын хөлс төлөлттэй уялдуулан төлбөрийг шилжүүлж тооцоо нийлсэн акт үйлдэж байх, ..танай компанитай 14 хувийн ажлын хөлс олгож хамтран ажиллах боломжтойгэж дурджээ.

Т.ӨХХК 2009 оны 10 сарын 19-ний өдөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн 9011204133 дугаар гэрчилгээ, мөн тус компанийн 2014 оны 9 сарын 23-ны өдрийн үүсгэн байгуулагчдын 01 тоот шийдвэрээр батласан дүрэмд, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл гадаад худалдаа, 2012 оны 6 сарын 19-ний өдөр нэмэлтээр санхүүгийн тайлан бланс гаргах, хүнд машин механизмийн түрээсийн үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ эрхлэхээр бүртгэгдсэн.

Эндээс үзэхэд, зохигчид гэрээгээр тохирч, 2013 оны 4 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд, хариуцагч 348 айл өрхөөс телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг телевизор бүрд 1100 төгрөгөөр тооцон авч шилжүүлэх үүрэг хүлээж байсан, нэхэмжлэгч талын 2014 оны 01 сарын 27-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизхэвлэл мэдээллийн хэрэгслийн гэрээ шимтгэлийн тухай албан бичигт дурдсанаар Т.ӨХХК нь үүргээ 100 хувь хэрэгжүүлсэн, мөн Тулга хотхонХХК-иас шилжиж очсон өрийг хуваарийн дагуу төлсөн байх ба тус компанитай цаашид хамтран ажиллахдаа ажлын хөлсийг 14 хувь болгохыг санал болгосон байна.

Хариуцагч нэхэмжлэлээр дэмжин шаардаж буй Нэхэмжлэгч талаас ирүүлсэн талуудын санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан санхүүгийн ажилтнуудын үйлдсэн 2013 оны 3 сарын 31, 2013 оны 6 сарын 30, 2013 оны 9 сарын 30, 2013 оны 12 сарын 31, 2014 оны 3 сарын 31, 2014 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл хугацааг хамарсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн бичвэр баримтуудаар Тулга хотхонХХК-ийн өр төлбөрийн үлдэгдлийг 11.722.830 төгрөг болох тухай бичсэн байгаа нь үлдэгдэл 11.722.830 төгрөгийг шууд Т.ӨХХК хариуцан төлөх үүрэг хүлээсэн гэх үндэсгүй, эрх бүхий этгээд байгууллага төлөөлж хийсэн хэлцэл, үүрэг үүсгэсэн гэрээ баримт болохгүй юм.

Энэ тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад бичигдсэнээр Т.ӨХХК нь Тулга хотхонХХК-ийн өрийг хамгийн сүүлд 2014 оны 6 сарын 30-ны өдөр төлөхийг зөвшөөрсөн гэж үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилгэж заасан хугацаа өнгөрсөн, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 5 жил 6 сар 17 хоног өнгөрсөн байна.

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Т.ӨХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаартай албан бичигт Т.ӨХХК нь Тулга хотхонХХК-иас 5 байртай холбогдон үүссэн 17 034 410 төгрөгийн өрийг 2013 онд 5.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, 2014 онд үлдэх төлбөрийг барагдуулахыг зөвшөөрсөн гэж үзвэл 2015 оноос шаардах эрх үүссэнээс нэхэмжлэл ирүүлэх хүртэл 5 жил гаруй хугацаа өнгөрсөн байгаа нь шаардах эрхийн хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэлээр шаардаж буй Тулга хотхонХХК-ийн гэх төлбөр ямар хугацааны, ямар айл өрхийн өр болох, хариуцагчийн маргаж байгаа тайлбараар Т.ӨХХК-ийн хариуцаж байсан 348 айл өрхтэй хамаарах эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар мэтгэлцээний үндэслэлээ нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2., 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй зөрчсөн буруутай гэх үндэслэл болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн дэмжиж байгаа Тулга хотхонХХК-ийн өрийн үлдэгдэлд шаардсан 11,722,834 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээс 3,217,200 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан тул энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.650,15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 106.6., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч м.ү нь хариуцагч Т.ӨХХК-д холбогдуулсан 3.217.200 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.Ө ХХК-иас 11 722 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч м.ү-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.650,15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ