Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2017/00307

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2017/00307

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дугаар багийн 10-19 тоотод оршин суух Тогоруутан овогт Дийн У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дугаар багийн 10-19 тоотод оршин суух Буурал овогт Зн А -д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2016/01255/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.У, хариуцагч З.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У би 1996 онд З.Атэй хурим хийж гэр бүл болон хамт амьдрах болсон. Бид 1997 онд охин Бадамханд /19 настай/, 2006 онд охин А.Л /10 настай, 5-р анги/, 2009 онд хүү А.Даваажаргал /7 настай, 2-р анги/ тус тус төрүүлсэн. Бид гэр бүл болоод мал маллаж байгаад 2002 онд Мөрөн суманд нүүж ирсэн. Хамт амьдарч байх хугацаанд зодож цохиж айлган сүрдүүлж хэл амаар доромжлон, элдвээр харааж зүхдэг зэргээс болж би аймхай болж унаж татах өвчтэй болсон. Мөн 2013 онд өөрийн төрсөн эцэг Дийн аав Нямжавын Банзрагчийн ээжээс дамжин ирсэн удган сахиусыг залган авч явах үүрэг надад тохиолдож үүнээс болж удам дамлуулан надад багшилдаг зайран Пүрэвдоржтой хардаж сэрдэж байдгаас болоод гэр бүл эхнэрийг хараан зүхэж гадуур дотуур хүмүүст элдэв хов жив тараасан. Энэ мэт зохисгүй үйлдэл нь цаашид тэвчих аргагүй болоод хавар 5-р сард шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан ч эвлэрүүлэн зуучлалаар орж тэр хугацаанд А эвлэрүүлэн зуучлагчийн дуудсанаар ирж уулзахгүй байсаар өдийг хүрсэн. Мөн би 2016 оны 07-р сараас хойш хоёр хүүхдийнхээ хамт өөрийн төрсөн аав ээжийнхээ гэрт амьдрах болсон. Энэ хугацаанд нэг ч удааа ирж хүүхдүүдээ эргэж тойроогүй, санаа тавьж холбоо бариагүй тусдаа амьдарч байна.

Алтан гэрэл нь хамт амьдарч байхдаа ажил төрөл хийж гэр бүлээ тэжээн тэтгэх талаар огт санаа тавьдаггүй, намайг хөөж туугаад элдвээр хэлж зодож нүдэж дарамталдаг. Энэ талаар би урьд нь 2015 онд Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасагт хүртэл хандаж байсан.

Иймд би цаашид хамт амьдрах боломжгүй байгаа тул гэр бүл цуцлуулж, хоёр бага хүүхдээ хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хувь хэмжээгээр тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэв.

Хариуцагч З.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1996 онд гэр бүл болоод гурван хүүхэдтэй 20 жил айл болон амьдарсан 2002 онд хөдөөнөөс Мөрөн орж ирсэн. Энэ хугацаанд зодож цохиж байгаагүй. 2006 оноос эхлэн Байгаль ээж зах дээр гурилын бөөний цэг ажиллуулж, мөн хатуурлын ажил хийж бас Тайширын хүлэг ХХК-ны хүлэг мотоциклын албан ёсны гэрээт борлуулагч хийж амьдралдаа зүтгэж байсан. У бөө болно гээд л 2014 оноос өвчин хэлээд эмнэлгээс онош байхгүй явдагаар барахгүй захын ажлаа хийхгүй Пүрэвдорж гэдэг хүнийг дагаад хэдэн өдөр хоногоор яваад өгдөг болсон. Пүрэвдорж нь шөнө 3 цагт ч хамаагүй ирээд аваад явдаг байсан. Би орон гэр хүүхдээ, ажил амьдралаа бол гэж үглэдэг болсон энэ босгосон амьдралаа болоод хоёр жил тэвчсэн. Уыг зодож цохих битгий хэл хүүхдүүдээ ч зодож үзээгүй. У татдаг нь худлаа. Аав ээжтэйгээ нийлээд энэ Пүрэвдоржтой дандаа худлаа ярьдаг байсан. Энэ хоёрыг болиоч гэхээр намайг Пүрэвдорж цариаг чинь өөд нь тэнгэр харуулна шүү гээд занадаг болсноор миний амьдралыг бусниулж үр хүүхдүүдийг минь доромжилж өнчрүүлж байгаад би их харамсалтай байгаа. Хүүхдүүдийг маань надтай уулзуулахгүй байгаа. Юу гэж ойлгуулаад байгааг мэдэж байна. Том охин Бадамханджав оюутан байсан сургалтын төлбөрийг ч хийх боломжгүй болгож ирээдүйг нь бохирдуулж байгаагаа энэ хүмүүс ойлгоосой. Бид хоёр хийх ажлаа хийлгээд хэрүүл маргаангүй дүүрэн амьдарч болоод л байсан. У ухаараад үр хүүхдээ гээд эргээд ирвэл би амьдарч болно. Уг нь 20 жил амьдарсан амьдралыг ингэж нураахыг хүсэхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч З.Ад холбогдох гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргаж байх 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 3880 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдийг эьлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч энэ хугацаанд эвлэрээгүй нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Зохигч нь 1996 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 1997 оны 02 дугаар сарын 03-ны 0042140 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамт амьдрах хугацаандаа 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр охин А.Лыг төрүүлсэн болох нь 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн №0236972/142 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү А.Даваажаргалыг төрүүлсэн болох нь 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн №0282833 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчдийн дундаас төрсөн 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Л, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү А.Даваажаргал нарыг нарын санал, хүүхдүүдэд тавих эцэг, эхийн халамж анхаарал, тэдний ээнэгшин дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эх Д.Уын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.Л, хүү А.Даваажаргал нарыг эх Д.Уын асрамжинд үлдээсэн нь эцэг З.Аийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Д.Уын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Аээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тогоруутан овогт Дийн У, Буурал овогт Зн А, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Л, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү А.Даваажаргал нарыг эх Д.Уын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг З.Ад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Уд тус тус даалгасугай.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Аээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН