Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2017/00070

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2017/00070

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хнэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багт оршин суух Гэцэл лам овогт Бийн У /Р.............../-д холбогдох,

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 1.490.000 /нэг сая дөрвөн ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, прокурор П.Итгэл, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Их-Уул Дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б овогтой У нь 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 10 сар хүртэлх хугацаанд Их-Уул Дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эд хөрөнгөнөөс хувьдаа завшсан нь Хөвсгөл аймгийн цагдаа, прокурорын дүгнэлтээр буюу бусад нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул Их-Уул Дулаан ОНӨААТҮГ-т /байгууллагад/ учруулсан хохирлыг төлүүлж өгнө үү.

1. 2015 оны 03 сарын няравын тайланд нэмэлт засвар хийж, механик, нярав, бохирын жолоочийн гарын үсгийг дуурайлган зурж 4 шаардах хуудас үйлдэн бохир ус зөөвөрлөх 32 рейсийн 192 литр А-80 бензиний хуурамч баримт бүрдүүлж 303.360 төгрөг хувьдаа завшсан.

2. 2015 оны 4-р сарын няравын тайлан, шаардах хуудсуудыг засварлан 4-р сарын 12, 17-ны өдөр үнс ачсан 10 литр дизель түлшийг 20 литр болгон 2 удаа засварласан, 4-р сарын 28-нд мод тарихад хэрэглэсэн хар шороонд явахад авсан 10 литр дизель түлшийг 35 литр болгон баримт өөрөө бүрдүүлсэн, 4-р сарын 18, 23-ны өдөр няравын гарын үсгийг дуурайлган зурж, механик, бохирын жолоочийн гарын үсэггүй 48 литр А-80 бензины шаардах хуудсыг 2 удаа бичиж дизель түлш 87.750 төгрөг, А-80 бензин 151.680 төгрөгийг,

3. 2015 оны 6-р сарын 24, 30-ны өдөр бүгд 96 литр А-80 бензин авсан боловч нэг шаардах хуудас механик, няравын гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бүрдүүлэн, нэг огт баримтгүй 151.680 төгрөгийг,

4. 2015 оны 03 сарын 10-ны өдрийн Б/2 тоот тушаалаар өөрийн ажил мэргэжлийн зэрэглэлийг ямар ч үндэслэл баримтгүйгээр нэмэгдүүлж ашиг сонирхлын зөрчил гаргаж 168.856 төгрөгийг,

5. Сумын Засаг даргын 2015 оны 07 сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Э.Цогтбаярыг ажлаас чөлөөлсөн байтал Э.Цогтбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж каноны хорны үнэнд 100.000 төгрөгийн баримтыг өөрөө бүрдүүлж, бэлэн мөнгийг банкнаас өөрөө авч ашигласан,

6. 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгууллагын захирлын албан хэрэгцээнд зориулан Д.Ганзамаас гэж баримт бүрдүүлэн 1.100.000 төгрөгийн өртөг бүхий хуучин нөүтбүүкийг нярав Баттулгыг дарамтлан бэлэн мөнгө хүссэн өргөдөл бичүүлж гүйлгээ хийж банкнаас бэлэн мөнгийг өөрөөр авсан.

7. 2015 оны 09 сарын 21-нд Уран өвөр баян ХХК-аас авах цэвэр усны төлбөрийг уг компанийн захирал Л.Гантөмөртэй утсаар ярьж миний дансыг ашиглан залилан мэхэлж 415.000 төгрөгийг хувьдаа завшсан. /Б.У нь хүнээс мөнгө авах гэсэн юм миний данс руу орохоор зээлтэй болохоор зээл рүү татагдах гээд байна гэж надаар дамжуулан байгууллагын мөнгийг авсан/

8. Дахин 2015 оны 10 сарын 21-нд өөрийнхөө хүүхдийн данс руу Уран өвөр баян ХХК-аас манай байгууллагад төлөх ёстой цэвэр усны төлбөр болох 215.000 төгрөгийг хийлгэн авч ашигласан.

9. 2015 оны 02 сарын 09-нд Байна ХК-аас 114075000 төгрөгийн өртөгтэй HOWO маркын автомашиныг 2015 оны төсөвт тусгагдаагүй, зөвшөөрөлгүй үндсэн хөрөнгө хууль зөрчиж бэлдсэнээс байгууллагыг 15.578.684.84 мянган төгрөгийн алдагдалд оруулж, санхүүгийн хүнд байдалд оруулсан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр баталгаажиж байна. Иймд Б овогтой Уаас 1.490.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Их-Уул Дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч өөрөө няравын тайлангаа засаж хуурамч баримт материал гаргасан байдаг. Энэ талаар би нэхэмжлэлдээ бичсэн. Манай байгууллага НИК шатахуун түгээх станцаас түлшээ авдаг. Түлшээ авахдаа нягтлан бодогчоос талон гаргаад санхүүгийн тамгатай бичгээр жолоочоор дамжиж түлшээ авдаг. Санхүүгийн баримт болоод санхүүгийн тамга нягтлан бодогч дээр байдаг. Бид нар нягтлан бодогчоос авсан шаардах хуудсан дээрээ нэг, хоёрдугаар гарын үсэг зуруулаад, авсан талоноороо түлшээ авдаг. Мөнгийг дарга, нягтлан бодогч нар шилжүүлдэг байсан. Санхүүгийн баримт бүгд У дээр байдаг байсан. Энэ баримт бол бүгд өөрөө үйлдэж хийсэн хуурамч баримтууд байгаа юм. 07 дугаар сарын 02-ны өдөр Цогтбаяр ажлаас чөлөөлөгдсөн байхад У хуурамчаар баримт бүрдүүлж 100.000 төгрөгийн гүйлгээ хийж өөрөө мөнгийг нь авсан байдаг. Манайх өнөөдрийг хүртэл самсунг S104 гэсэн принтер хэрэглэдэг. Үүнийг Хонгор хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 60.000 төгрөгөөр авч хэрэглэдэг. Тухайн үед цэнэглэгч хор авсан гэх боловч тухайн хор нь шаардлага хангаагүй учир бид нар шинийг төсвөөсөө авсан байсан. Уран өвөр баян хязгаарлагдмал хариуцлагатай компаниас зээл авсан гэж байгаа. Бид нягтлан бодогч хүн байгууллагын өр авлага санхүүгийн талыг бүрэн хариуцдаг. Би Гантөмөр гэдэг хүнээс мөнгө нэхэмжлэхэд эхлээд миний дансанд хийлгээд, дараа нь өөрийнхөө хүүхдийн данс руу шилжүүлж тус мөнгийг авсан байдаг. Яагаад ингэсэн юм бэ гэж энэ хүнээс асуухад өөрөө надад та цалин өгөхгүй байсан учир би авсан гэдгээ хэлсэн. Цогтбаяр, У 2 төрсөн ах дүүгийн хүүхдүүд учир манай байгууллагад хэн тамга барьж байгаа нь мэдэгддэггүй, замбараагүй, бүх үйл ажиллагаа энэ 2 хүмүүсийн удирдлаганд явдаг байсан. Бид нар 2007 оны Засгийн газрын 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар цалинжиж байна. Суманд ТҮ-8 шатлалаар цалинждаг нь төрийн сангийн төлөөлөгч л байдаг. Бусад төсвийн газрын нягтлан бодогч нар ТҮ-7 шатлалаар цалинждаг. У нь Цогтбаяртай ах дүү учир хоорондоо хуйвалдаж цалингийн сүлжээгээ нэмэгдүүлсэн байдаг юм. Прокурорын тогтоолоор Б.У нь манай байгууллагад 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон, энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийн дүн зөрөөд байгаа учраас Б.Уын манай байгууллагад учруулсан нийт хохирол 1.593.000 төгрөгөөс цалингийн зөрүүд нэхэмжилсэн 168.856 төгрөгийг хасаж үлдэх 1.424.144 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул Дулаан ОНӨААТҮГ-т 2010 оны 10 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл 5 жил ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус байгууллагын захирал Т.Б нь намайг Howo маркийн өөрөө буулгагч машин авсан хэргээр ажлаас халсан ба би ажлаас халагдахдаа 5 сартай жирэмсэн 0-3 хүртэлх насны нэг хүүхэдтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би ажилдаа буцаж орохоор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шийдвэр миний талд гарсан. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалаар мөн миний талд гарсан байдаг юм. Захирал Т.Б нь ялагдаад ирэнгүүтээ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар гомдол гаргаж улмаар Цагдаагийн газар нь эрүү үүсгэн прокурорт шилжүүлсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан юм. Энэхүү маргаан анх үүссэн шалтгаан нь Т.Бгийн нөхөр, миний аав хоёр 2012 оны сонгуулиар сумын ИТХ-д өрсөлдөж миний аавд ялагдсанаар эхэлсэн юм.

Хариу тайлбар 1, 2, 3

Захирал Т.Б тухайн үед механикийн ажил хийж байсан. Өмнө нь няраваар анх тухайн байгууллагад орж байсан. Орсон цагаасаа хойш байгууллагын бүх шаардахыг би бичих ёстой гээд өөрөө бичдэг байсан. Уг нь шаардах хуудсыг эд материал хэрэглэх гэж буй ажилтан бичиж дарга нягтлангаар цохуулах ёстой. Шатахууны хувьд нярав байхдаа хамгийн түрүүнд шатахуун түгээх станцын түгээгчтэй тооцоо нийлдэг байсан. Механик болоод шатахууны тооцоог механик нь хийж байх ёстой юм байна гээд бас л түрүүлээд тооцоо нийлчихдэг байсан. Нийлсэн дүнгээр нь нярав орлого авч нягтлан бодогч тухайн байгууллагын данс руу шилжүүлдэг байсан. Т.Б тухайн үед нь хэлээгүй хирнээ 5 хоосон мөртлөө тамгатай шаардах хуудас өгөөд 3-р сард дутуу шаардах байгаа, нөхөөд хийчих гээд надаар нөхүүлж хийлгүүлсэн. Өөрөө дарга болоод бүх тамга тэмдэг өөрт нь ирчихээр тэгж байгаа юм. Энэ мэтчилэн засваргүй шаардах хуудсыг албан тушаалаараа далайлган засаж өөрчлөлт оруулж зарим баримтыг устгасан гэж бодож байна. Иргэний хэргийн 2016 оны 01 сарын 11-ний 99 дугаартай хэргийн 40-р хуудсанд хоосон тамгатай шаардах хуудас гэсэн нотлох баримт байгаа. Түүнээс татан авч үзэхийг хүсч байна.

Хариу тайлбар 4. Засгийн газрын 2007 оны 12 сарын 26-ны өдрийн тогтоолд байгууллага 2, 3 нягтлантай бол ТҮ-7, ТҮ-8 гэж заагладаг. Харин ерөнхий нэг нягтлантай бол ерөнхий ня-бо гэж гэж үзээд ТҮ-8-аар цалинжина гэж заасны дагуу би ТҮ-8-аар цалин авсан. Бусад сумдын дулааны газруудын нягтлан бодогчид бүгд байгуулагдсан цагаасаа хойш ТҮ-8-аар цалинжиж явдаг юм билээ.

Хариу тайлбар 5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 2-т ажилтан ажил хүлээлгэж өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байдаг. Тухайн үеийн захирал Э.Цогтбаяр нь 2015.07.02-нд тушаал нь гарсан боловч 2015.07.10-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Тиймээс гүйлгээ хийж болно гэсэн үг. Манай байгууллага жилд 2-3 удаа ИТХ-аар орж төсөв төлөвлөгөөгөө батлуулдаг. Мөн харилцагч аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ хийдэг. Нэг гэрээг 2-3 хувь хийдэг. Мөн өдөр тутмын гүйлгээ, тайлан, баланс гаргахад хэрэглэдэг. Иймээс принтерийн хор зайлшгүй шаардагддаг. Тухайн үед принтерээ цэнэглэдэг хороор цэнэглэж байж байгаад дуусаад тайлан тооцоо хэвлэх гэхээр цайвар муу гараад хор авсан. Хор авахдаа аймгийн 4-н замын ойр байдаг Тэвхэн дэлгүүрээс авсан бөгөөд хор авахад нэхэмжлэхээр өгөхгүй, танихгүй болохоор өөрийн мөнгөөр авч ирээд сумын бичиг хэргийн материал зардаг Д.Н гэж хүний дэлгүүрээс авсан гэж мөнгөө гаргуулж авсан. Шинэ хор хийж тайлан балансаа хэвлэж байсныг нярав Д.Баттулга нүдээрээ харсан. Т.Бг нярав байх үед Хаан банкны зарлагын баримтан дээр хүлээн авсан хэсэгт нярав гарын үсэг зурж бэлэн мөнгө авдаг байснаа 2014 оноос хойш 1, 2 дугаар гарын үсэг зурдаг хүмүүс зарлагын баримтан дээр гарын үсэг зурж бэлэн мөнгө авах ёстой гэсэн шаардлагын дагуу хүлээн авах хэсэгт нь гарын үсэг зурж няраваар авахуулдаг. Нярав эзгүй үед өөрөө авдаг байсан. Хаан банкны эрхлэгч Б.Бүжлхамын гаргаж өгсөн тоот байгаа

Хариу тайлбар 6. Тухайн үед байгууллагын захирлын ажил хөнгөн хийх зүйл бараг байхгүй, нягтлан бодогч нь тайлан тооцооноос гадна бусад бичиг баримт, гэрээ, төсөв төлөвлөгөө, тоот, тушаал гэх мэт бүх зүйлийг ганцаараа хийж гүйцэтгэдэг байсан ба тухайн үеийн дарга Э.Цогтбаяр нь нягтлангийн ажлыг бага ч болов хөнгөвчлөх үүднээс өөрөө тоот тушаал гэх мэт ажлаа хийж байхаар 2015 оны төсөвт шинэ нөүтбүүк авахаар ИТХ-аар батлуулж авсан. Захирал Э.Цогтбаяр нь өөрөө Улаанбаатар хотын Нэкст электроникс ХХК-аас Lenovo Paptop маркийн нөүтбүүк өөрийн мөнгөөр авч ирсэн байсан. Түүнийг дагаж урамшуулалд нь Samsung ML2160 маркийн шинэ нэг үйлдэлтэй принтер үнэгүй ирсэн байсан. Ингээд захирал Э.Цогтбаяр нь өөрөө хотод явж байгаад нөүтбүүк урьдчилаад аваад ирлээ мөнгийг нь гаргаад өгөөч гэхээр нь би тухайн байгууллагын данс руу нь мөнгийг нь хийх ёстой гээд гаргаж өгөөгүй. Гэтэл некстээс авсан нөүтбүүкний баталгааны хуудас худалдаж авсан баримтаа авчирч өгсөн. Түүнийг үндэслэн бэлэн мөнгийг нь гаргасан. Принтер нь одоо Т.Бгийн гэрт нь байгаа.

Хариу тайлбар 7. Уран өвөр баян ХХК-нь Их-Уул суманд 24 айлын орон сууц барьсан компани юм. 2015 оны 09 сарын 21-нд тус компаниас цэвэр усны мөнгө болох 462.000 төгрөг манай байгууллагын дансанд орж ирсэн. Ажил эхэлсэн цагаасаа хойш ерөөсөө мөнгөө өгөхгүй байж байгаад хийсэн юм. Энэ компани ашгүй мөнгөө хийсэн байна гэж танилцуултал наад мөнгөө данс андуурсан гүйлгээ буцаав гээд буцаагаад хийчих гэсэн. Наад мөнгө чинь манай байгууллагад төсөвлөгдөөгүй орлого юм чинь буцааж хийгээд авчихъя гэсэн. Тэгээд би уг компанийн цэвэр ус хариуцсан хүн рүү нь ярьж манай дарга буцааж хийгээд миний данс руу хийлгэчих гээд байна гэж ярьсан. Гэтэл тэр хүн манай байгууллагаас данснаас хувь хүний данс руу мөнгө гаргавал заавал 10 хувийг суутгаж авдаг гээд 10 хувийг суутгаад захирал Т.Бгийн данс руу хийсэн гэсэн. 462.000 төгрөгийн 10 хувь 46.200 төгрөг, зөрүү 415.800 төгрөг. Би захирал Т.Бтай бараг 3 жилийн өмнө байхаа зээлээ илүү төлчихөөр банк хэзээ ч хамаагүй хэдэн төгрөг ч хамаагүй татаад аваад явчихдаг юм гэж яриа өрнүүлж байснаа санаж байна. Захирал өөрөө санаачлаагүй бол 2-р гарын үсэг дан ганцаараа хэзээ ч гүйлгээ хийхгүй. 1, 2-р гарын үсгийн зөвшөөрөлгүйгээр банк гүйлгээ хийх ёсгүй байх. Тэр мөнгөөр бодвол намайг халчихаад байгууллагынхаа дотоод хэрэгцээнд зарцуулсан байх гэж бодож байна. Надад нэг ч төгрөг өгөөгүй, өгсөн ч би авахгүй, хууль бус мөнгө.

Хариу тайлбар 8. Би 2010 оноос хойш энэ байгууллагад ажиллахдаа бичиг хэрэг, тайлан тооцоо болон тушаал тоот шивэх хэвлэх бусад бүх ажлыг ганцаар хийж ирсэн. Ганц ч удаа нэмэгдэл авч үзээгүй. Т.Б механик хийж байгаад 2015.07.02-нд захирал болсон. Манай байгууллага улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Шинээр механик 09.01-нд ажилд авсан. Т.Б захирал болонгуутаа 7-р сард механикийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл авсан. Тэр үед манай байгууллагын галч, слесарь гээд бүгд амарсан, хийх ажил огт байгаагүй. Албан тушаалаараа далайлган нэмэгдэл авсан. Би сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт өргөдөл бичиж бичиг хэргийн нэмэгдэл авахыг хүссэн. Тэд намын харъяалал гарган чамд олгохгүй гэсэн. Би уг нь ямар ч намын харъяалалгүй хүн. Би 5 жил бүтэн ажиллахдаа ганц удаа ажил хавсарсны нэмэгдэл аваагүй байхад захирал яагаад юу ч хийгээгүй байж нэмэгдэл авдаг юмр, бид яг адилхан хүмүүс гэж бодоод ажлаас халагдах өдрөө захирал Т.Бд хэлж байгаад тэр усны мөнгийг бичиг хэргийн нэмэгдэл гэж бодоод авлаа гэж хэлээд авсан.

Хариу тайлбар 9. Сумын ИТХ-ын 2014 оны 12 сарын 18-ны өдрийн 43-р тогтоолоор батлагдсан төсвийн дагуу 2015.02.09-нд Байна ХХК-аас Howo маркын өөрөө буулгагч автомашин авсан. ИТХ, сумын Засаг даргын зөвшөөрлөөр авсан. 2015 оны 03 сард авлигатай тэмцэх газар шалгаад Howo машины хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. ИТХ-аас ямар л шийдвэр гарна түүнийг дагаж мөрддөг болохоор хууль бус зүйл хийгээгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Манай байгууллагын ТУЗ нь ИТХ байдаг. Howo машин авснаар жилд 100.000.000 төгрөг тээврийн хөлсөнд өгдөгөө больж 30.000.000 төгрөгөөр шатахуун хийж нүүрсээ зөөдөг болсон билээ гэжээ.

Хариуцагч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирал Т.Б нь намайг ажиллаж байх үед механикийн ажил хийж байсан. Анх 2011 онд няраваар ажилд орж байсан. Орсон цагаасаа хойш шаардах хуудсыг зөвхөн нярав бичих ёстой гэж хэлээд л бүх баримтаа өөрөө бичдэг байсан. Дараа нь механикийн ажил аваад нөгөө хүмүүсээрээ бичүүлэх байх гэсэн чинь мөн ялгаагүй дараа нь орсон няраваараа шаардахаа бичүүлэхгүй өөрөө баримтаа бичиж байсан. Шаардах хуудсыг хэрэгцээтэй зүйл авах гэж байгаа хүн бичих ёстой гэж заасан байдаг боловч энэ хүн нярав, механик байхдаа ч шаардах хуудсаа бичиж байсан. Энэ хүн нярав байхдаа механик байхдаа ч шатахуун түгээх станцуудтай хамгийн анх тооцоо нийлдэг байсан. Тооцоо нийлсэн дүнгээрээ няраваас орлого авсны дараа би гүйлгээ хийдэг байсан. Би 2 хүний гарын үсэг дамжсаны дараа гүйлгээ хийдэг байсан. Би ганцаараа биш даргын гарын үсэгтэй баримтаар гүйлгээ хийдэг. Би банкны гүйлгээний баримтыг нотлох баримтаар хэрэгт өгсөн. Тухайн үед 3, 4, 6 дугаар сард болсон зүйл, энэ хүний захирал болох захирамж нь 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Тэгээд хуучин захирал нь байхгүй байж байгаад 07 дугаар сарын 16-ны өдөр ажил хүлээлцсэн. Дарга болох үедээ Уаа би 3 сард түлш хэрэглэчихээд хэлээгүй юм гээд надад 5 ширхэг өөрийнхөө тамгыг дарсан шаардах хуудас өгсөн. Би 4 ширхэг дээр нь өөрийнх нь амаар нөхөж бичиж өгсөн. Үүнээс нэг баримт авч үлдсэн түүнийгээ нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Байгууллагын дарга болонгуут ийм авир гаргаж дарамталж тийм зүйл хийлгэчихээд одоо ийм зүйл яриад байгаад нь би гайхаж байна. Намайг 10 литр түлшийг 35 литр болгож засварласан гэж хэлсэн. Би өөрөө гарын үсэг зурдаг хүн, засварлах ёсгүй шүү дээ. Өөрийн засварласан баримтаа намайг зассан гэж гүтгэж байгаа юм. Миний оронд орсон нягтлан бодогчийг бас одоо дарамталж ажлаа хийлгэдэг гэж байсан. Намайг цалингийн шатлалаа нэмсэн гэж байгаа юм. 2007 оны Засгийн газрын 354 дүгээр тогтоолын 33 дугаар хавсралтад байгууллага 2-3 нягтлан бодогчтой байх юм бол ТҮ-7, ТҮ-8 гэж зааглагдана, ганц нягтлан бодогчтой байх юм бол ТҮ-8-аар цалинжана гэж заасан байдаг. Би өөрөө өөрийнхөө цалинг нэмээгүй шүү дээ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Принтерийн хорны тухайд миний авсан хорыг шаардлага хангахгүй байсан гэж ярьж байна. Цогтбаяр захирал 07 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байхад яагаад 07 дугаар сарын 02-ны өдөр гүйлгээ хийж болохгүй гэж. Хор аваагүй хорны мөнгийг банкнаас авч завшсан гээд байгаа юм. 1, 2 дугаар гарын үсэггүй бол надад банк мөнгө өгөхгүй шүү дээ. Миний авсан хорыг өөрөө авсан байж дараа нь ийм утгагүй зүйл яриад байгаа юм. Байгууллагадаа нөүтбүүк, хово төсөвлөгдөөгүй байхад авсан гэж байна. Энэ талаар баримтыг би хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Энэ бол төсөвлөгдсөн хөрөнгө юм. Уран өвөр баян хязгаарлагдмал хариуцлагатай компани нь манай байгууллага төсвөө хэлэлцсний дараа манай суманд ирж 24 айлын орон сууц барьсан. Тэгээд байрандаа тоолуур тавиад ус хэрэглээд явж байсан. Хэрэглэсэн цэвэр усныхаа мөнгийг өгөхгүй явж байгаад нэг өдөр 462.000 төгрөг манай байгууллагад 9 сарын 21-ний өдөр орж ирсэн. Үүнийг би захиралдаа хэлэхэд Б захирал төсөв хэлэлцсэнээс хойш орсон орлого, ямар ч төсөвлөгдөөгүй орлого юм чинь энд байлгах шаардлагагүй. Үүнийг данс андуурсан гүйлгээ гээд миний цалингийн дансанд хий гэж надад хэлсэн. Тэгээд Гантөмөрт хэлэхэд үүнийг буцааж хувь хүний дансанд хийхэд 10 хувийг суутгадаг гэсэн. Тэгэхээр нь би захиралд тэгж байнаа гэж хэлсэн чинь яадаг юм, миний дансанд хий хий гэж хэлэхээр нь түүний дансанд хийсэн. Ингээд түүний дансанд хийхэд 462.000 төгрөгөөс 46200 төгрөг суутгаад 415000 төгрөг данс руу нь орсон. Дансанд нь орсон мөнгийг би яаж авах юм бэ? Намайг авсан гэсэн нотлох баримт байхгүй. Би өөрөө яаж авсан гэдгээ ч санахгүй байгаа юм. Нөүтбүүкний баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Шинэ нөүтбүүкийг дагалдаж ирсэн принтерийг нь Б захирал би гэртээ нөүтбүүк байхгүй надад өгчих гэж хэлээд Цогтбаяр захирлаас авч байсныг нь би өөрөө харсан. Намайг 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халсан. Би байгууллагаас гарч байгаа бүх эрх зүйн актыг боловсруулж бүхий л ажлыг нь хийдэг байсан. Тэгээд би ингэж илүү цагаар ажиллаж байхад яагаад надад арай илүү цалин өгч болдоггүй юм бэ гэхэд сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад ханд гэж хэлдэг байсан. Надад байгууллагын дотоод асуудлыг байгууллагадаа шийд гэсэн хариу өгсөн учир даргадаа хэлэхэд чи юу хийж байгаа юм бэ гэж хэлээд миний цалинг нэмж өгөөгүй. Энэ хүн өөрөө ямар ч ажил хийдэггүй хүн байсан. Тэгээд намайг ажлаас халагдах өдөр Уран өвөр баян хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал үлдэгдэл мөнгөө яах юм бэ гэхэд нь би ажлаас гарч байна. Наад мөнгөө миний дансанд хийчих гэж хэлсэн. Ингээд миний дансад 215.000 төгрөг орсон. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Прокурорын дүгнэлтийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн байсан. Түүнээс биш намайг гэм буруутай гэсэн үг өгүүлбэр байгааг хараагүй. Би яагаад тухайн үед нь прокурорын дүгнэлтэд гомдол гаргаагүй юм бэ гэвэл би анхан шатны шүүх хуралдаанаас өмнө прокурорын тогтоолын хуулбар хувийг үзсэн учир дээд шатны байгууллагад нь гомдол гаргаж чадаагүй. Гомдол гаргах хугацаа нь дууссан байсан. Би прокурорын тогтоолыг эх хувиараа надад ирэх байх гэж бодож байсан. Намайг ажлаас гарахын өмнө билүү дараа бил үү, манай К47 гэж мотор шатсан. Тэр моторын үнэ 3.500.000 төгрөгөөр төсөвлөгдсөн байдаг. Ингээд би Бд ком мотор захихад Улаанбаатар хотоос ком мотор биш зүгээр 1.500.000 төгрөгийн мотор авч ирж байсан. Энэ мэт зүйл хийдэг хүн байгаа юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Их-Уул дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Б хариуцагч Б.Уд холбогдуулан 1.490.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд шаардлагаа багасган Б.Уын компанид учруулсан нийт хохирол 1.593.000 төгрөг болсон уг мөнгөн дүнгээс цалингийн зөрүү нэхэмжилсэн 168.856 төгрөгийг хасаж нийт 1.424.144 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Б.У нь нэхэмжлэгчийн байгууллагад учруулсан гэх гэм хорын хохирлоос 2015 оны 10 сарын 21-нд Уран өвөр баян ХХК-аас цэвэр усны төлбөрт шилжүүлсэн 215.000 төгрөгийг авсан, үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин үлдэх төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.У нь Хт 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Их-Уул дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эд хөрөнгөнөөс 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 09 сар хүртэлх хугацаанд 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 201622000235 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Б нь байгууллагад учруулсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс арилгуулахаар шаардах эрхтэй ба хариуцагч Б.Уаас гэм хорын хохирол 1.424.144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тайлбар гаргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Мөн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд Б.Уыг Их-Уул сумын Их-Уул дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.490.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй болохыг дурдаж, уг тогтоолыг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт буюу аймгийн прокурорт 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байх ба хариуцагч Б.У нь дээрх тогтоолд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Уаас 1.424.144 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 37.736 /гучин долоон мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Уаас гэм хорын хохиролд 1.424.144 /нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамж 37.736 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ