Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 208

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа,

улсын яллагч О.Баасанхүү,

иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан, Б.Ганцоож,

хохирогч Б.Цэрэндолгор,

шинжээч Б.Баттүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж /№0931/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бэсүд овогт Арсланбаатарын Алтансүхэд холбогдох 201724000157 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 4-13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Арсланбаатарын Алтансүх /РД- ЕП 85090917/

 

Холбогдсон хэргийн талаар: А.Алтансүх нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбүрдийн уулзварт X.Грейс маркийн 73-00 УБК улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын ЗХД-ийн 12.7 Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс Т.Приус маркийн 38-24 УНР улсын дугаартай Б.Ганцоож, Т.Приус маркийн 68-18 УНВ улсын дугаартай Б.Алтангэрэл жолоочтой автомашинуудтай тус тус мөргөлдөж зорчигч Д.Цэрэндолгорын биед хүндэвтэр, Ц.Батсуурь, П.Мөнхбат, Э.Мөнхбаяр, Э.Мөнх-Амгалан, жолооч Б.Ганцоож нарын биед хөнгөн гэмтэл, иргэн Б.Ганцоожийн эд хөрөнгөнд 3.535.000 төгрөгийн шууд 4.205.000 төгрөгийн нийт хохирол, иргэн Б.Цогтбаатарын эд хөрөнгөнд 345.000 төгрөгийн шууд 506.500 төгрөгийн нийт хохирол, иргэн Б.Батсуурийн эд хөрөнгөнд 1.155.000 төгрөгийн шууд 2.170.000 төгрөгийн нийт хохирол тус тус учируулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтансүх мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Гандангийн уулзвар дээрээс баруунаас зүүн тийшээ уруудсан. Тэгээд би 1 дүгээр эгнээгээр явж байгаад ногоон гэрэл асахад зогсолт хийлгүйгээр чигээрээ явсан. Тэгтэл миний урд хар Приус дохио өгөхгүйгээр шууд дарж эргэхэд би дагаж дарж эргэсэн. Тэгээд яг уулзвар руу нэвтэртэл хойноос урагш явж байсан Приустэй мөргөлдсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэрэндолгор мэдүүлэхдээ: Би Дэнжийн 1000-аас Бөмбөгөр рүү орох гэж явсан. Би тухайн үед урд хүүгийнхээ хажууд суугаад явж байсан. Хойно нь манай өвгөн сууж байсан. Улаан гэрэл асах үед зогсоод тэгээд гэрэл асах үед дөнгөж хөдлөх үед их хурдтай Микро ирээд мөргөсөн. Би урд нь сууж байсан болохоор мөлхөөд буусан. Тэгээд түргэн ирээд Гэмтлийн эмнэлг рүү явсан. Миний эгмийн яс хугарсан, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй, дотуур зөндөө бэртэлтэй гэсэн. Шүүгдэгчийн яриад байгаа хар машиныг хараагүй. Манай өвгөн л харсан гэсэн. Би өөрөө хаалгаа онгойлгож байгаад гарсан. Надад хэцүү байгаа, хүний асаргаанд байна. Хувцасаа хүнээр тайлуулна. Хоол ундаа идэж чадахгүй, өөрийнхөө дураар хийж чадахгүй. Хөгшин хүн болохоор эгмийн яс эдгэрч өгөхгүй байна. Тэгээд цаашаагаа 8, 9 сар хүртэл эмчилгээ хийлгэнэ. Эмч надад та 70 нас гарсан хүн болохоор хурдан бороолохгүй байна гэсэн. Манай хүүхэд машинаараа халтуур хийж бид нарыг тэжээдэг хүн. Энэ машиныг зээлээр авсан. Тэгээд зээлээ төлөх хэрэгтэй байгаа. Машинаа засаагүй болохоор халтууранд явж чадахгүй байгаа. Эхний шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн цэвэр буруу гэж гарсан. Энэ хэрэг цэвэр Микрогийн буруу гэж гарсан байсан. Намайг цагдаа дээр очих үед надад баримтгүй 150.000 төгрөг өгүүлнэ гэж байсан ч өгөөгүй. Сая л шүүх хуралдааны өмнө 100.000 төгрөг авсан. Одоогийн байдлаар 800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тэгээд цаашдаа 9 сар хүртэл эмчилгээ хийлгэнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Ганцоож мэдүүлэхдээ: Хар Приусын жолооч Алтангэрэл хэлэхдээ эхлээд намайг мөргөөд дараа нь таныг мөргөөд зогссон гэж хэлсэн. Тэгээд намайг осол гарч байгааг харсан хэрнээ хурдаа сааруулаагүй юм байна гээд намайг уг заалтаар буруутгасан. Анх надад тийм зүйл заалтаар буруутгаагүй. Хар Приусын жолоочийн хэлснийг би байцаалт дээрээ хэлэхэд ийм зүйл заалтаар буруутгасан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан мэдүүлэхдээ: Би эмчилгээнийхээ зардлаа шүүгдэгчээс авмаар байна. Байцаалт дээр хэрэг байхад би 2.300.000 төгрөгийн хохирол учирсан талаар хэлж байсан. Дараа нь 400.000 гаран мянган төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа гэв.

 

Хохирогч Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед хүү Ганцоожийн автомашины жолоочийн хажуугийн суудалд хамгаалах бүсээ бүслээд зорчиж явсан юм. Тэр өдөр цагаан сарынхаа зүйлийг авхаар Дэнжийн 1000-с Бөмбөгөр орхоор Баянбүрдийн уулзварт ирээд зогссон. Ногоон гэрэл асаж уулзвар руу ортол микро автобус машины жолооч талаас гэнэт мөргөсөн. Микро автобус хаанаас ирж мөргөсөнийг сайн мэдэхгүй байна. Машин дотроос би мөлхөөд гарсан. Түргэний машинаар гэмтэлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хамгийн түрүүнд толгой, нуруу, цээжний зураг авхуулсан. Нуруу мурийлттай, эгэм хугарсан байна гэж боолт хийж өгсөн. Манай өвгөн толгойдоо оёдол тавиулсан. Автомашины урд хэсэг маш их эвдэрсэн байсан. Тэндээсээ таксигаар гэртээ харьсан. Одоо гэмтэлийн эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэж эгэмээ хадуул гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Дэнжийн 1000-с Бөмбөгөр орхоор хүүгийнхээ автомашины арын суудалд сууж явсан. Баянбүрдийн уулзварт иртэл улаан гэрэл асаж зогссон. Ногоон гэрэл асаж хөдөлгөөнд орж уулзвар руу ортол 3, 4-р хорооллоос уруудаж ирсэн Микро автобусны жолооч Ганцоожийн машины баруун урд тал руу мөргөөд зогссон. Миний толгойноос цус гарч байсан. Хаалга мөргөсөн юм шиг байгаан. Түргэн тусламжийн автомашинаар гэмтэлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт ирж 2 хөмсөгний дунд хэсэгтээ оёдол тавиулж боолгосон. Баруун талын нүд шанаа хөхөрсөн байсан. Толгой, цээжний зураг авхуулсан. Толгой цээж битүү гэмтэлтэй байна гэсэн. Гэмтэлийн эмнэлэгт микроны жолоочтой уулзтал таныг үхчихлээ гэж бодсон үхээгүй юу гэж хэлсэн. Орой 20 цагийн үед таксигаар гэртээ харьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/

 

Иргэний нэхэмжлэгч П.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 21 дүгээр хороололд дүүгийндээ очсон юм. 21 дүгээр хорооллын автобусны буудлаас Сансар орохоор Микро автобусанд суусан. Тухайн үед микроны голын суудалд суусан. Тэгээд утсаараа оролдоод явж байтал машин мөргөлдөх чимээ гарч толгойгоороо цонх мөргөж суудлаасаа үсэрч ухаан алдаж унасан. Зүүн хөлийн өвдөгөөрөө юм мөргөж өмд урагдсан байсан. Микрод сууж явсан залуу намайг татаж босгосон. 103 ирж гэмтэлийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очиж хүзүүний Томографын зураг авхуулсан. Хугаралт байхгүй битүү гэмтэлтэй байна гэж хүзүүвч зүүлгэсэн. Зүүн өвдөг зөөлөн эд нь гэмтсэн. Тэндээсээ гэртээ харьсан. 3 хоног гэртээ эмчилгээ хийлгэж байгаад Цэргийн төв эмнэлэгийн Мэдрэлийн тасагт 9 хоног хэвтэн эмчилүүлсэн. Одоо зүүн хөлийн өвдөг, толгой, нуруу өвдөж, шилэн хүзүү дагзаар хатгаж өвддөг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 30х/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 сарын 11-ны өдөр 13 цагийн үед Гандангийн автобусны буудлаас Шархад руу явах микроавтобусанд суусан юм. Микроны жолооч Тасганы овооноос уруудаж явах үедээ замын 3-р эгээнд явж байгаад 2-р эгнээ рүү шилжсэн. Уулзвар дээр ирээд 1-р эгнээ рүү шилжиж Баянбүрдийн тойргийн замд Т.Приус машинтай мөргөлдсөн. Би урд салхины шилийг тольтой нь хамт толгойгоороо мөргөсөн. Урд салхины шил нь цөмөрч газар унасан. Би микроавтобуснаас бууж тойрч хартал хар өнгийн Т.Приус машин урд крылоноо шүргүүлсэн байсан. Тэрнээс микроавтобусны жолооч хар машинтай мөргөлдөж шүргэлдээгүй. Би түргэн тусламжийн машинаар гэмтэлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Эмнэлэгт ирж зүүн хөмсөгөндөө 5 оёдол тавиулсан. Өөр бэртэл гэмтэл аваагүй. Тэндээсээ гэртээ харьсан. Толгойны томографын зураг авхуултал хавантай, доргилттой байна гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд Гандангийн автобусны буудлаас гэртээ харихаар Микро автобусаны хойшоо харсан суудалд суусан. Тасганы овоо уруудаж явтал түс тас хийсэн. Зүүн хөлийн шагай хэсэг төмөртэй хавчуулагдсан байхаар нь хаалга онгойлгож буутал хоёр машин мөргөлдсөн байсан. Цагдаа нар ирсэн. Түргэн нилээн удаад байхаар нь таксидаж гэртээ харьсан. Толгой маш их өвдөөд байхаар нь гэмтэлийн эмнэлэгт ирсэн. Толгойны имра зураг авхуултал хэвийн байна гэсэн. Оройдоо хүзүү хөшиж өвдөөд өглөө босход хавдсан байсан. Хүзүүний Томографын зураг авхуултал С2 нь гулссан, шүрмэс нь сунасан байна гэсэн. Хүзүүний бэхэлгээ 1 cap зүүсэн. 1 дэх өдөр нь Толгойны Томографын зураг авхуултал байгаан..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ганцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Дэнжийн 1000-с Бөмөгөр орхоор өөрийн эзэмшилийн Т.Приус-20 маркийн 38-24 УНР дугаартай автомашиныг жолоодож Баянбүрдийн тойрогт иртэл ногоон гэрэл дохио асаж байсан. Гэрэл дохион дээр ямар нэгэн зогсолт хийлгүй зорчих хэсгийн 2-р эгнээгээр дүрмийн дагуу уулзвар руу орсон. Намайг уулзвар руу орох үед баруун гар талд шар өнгөтэй автобус баруун гар тийш эргэж явсан. Миний урд нэг машин уулзвар руу орсон. Тэгтэл Тасганы овооноос Микробус хар хурдаараа уруудаж орж ирээд цагаан зураас давж зүүн гар талдаа гэрэл дохион дээр зогсож байсан хар өнгийн Т. Приус автомашины баруун урд хэсэг рүү мөргөж нааш явж миний машины баруун урд хэсэг рүү мөргөөд зогссон. Микробус автомашины жолооч маш хурдтай явж байсан. Тасганы овооноос урууддаг гэрэл дохион дээр машинууд гэрэл дохио хүлээгээд зогсож байсан. Би шоконд орсон байсан. Нэг мэдхэд цагдаа, түргэн, онцгой байдал ирсэн байсан. Аав ээж хоёрыг түргэн тусламжийн машин аваад явсан. Микроны жолооч бид хоёр Онцгой байдлын машинаар гэмтэлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт ирж хүзүү, цээжний зургийг Рентгенд авхуулсан. Хүзүү зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж 20 гр ус авхуулж хүзүүвч хийлгэсэн. Цээж хэвийн байна гэсэн. Тэндээсээ гэртээ харьсан. 7 хоногийн дараа хүзүүний ус дахин авхуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 53-54х/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...Миний нэр дээр байдаг өөрийн эзэмшилийн автомашин...Тэр өдөр эхнэр охин хоёроо 25-р эмийн сангийн ойрхон айлд хүргүүлэх зорилгоор автомашинаа Алтангэрэлд өгч явуулсан байсан...Баруун урд крылон, буфер хонхойж зурагдсан, баруун талын их гэрэлний шинж тасарч цайрныхаа цаад талд цуурсан, кофут нугасаараа дээш сөхөгдсөн...Ашид билгүүн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. 506.500 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон. Алтангэрэлд гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 49х/

 

Гэрч М.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Гандангийн автобусны буудлаас 100 айл орохоор Микроавтобусны хойшоо харсан суудалд суусан. Жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байгаад Тасганы овооны уулзвар дээр ирж хөдөлгөөнөө удаашруулсан. Жолооч ногоон гэрэл дохио асангуут урдаа зогсож байсан машинуудын баруун талаар гүйцэт түрүүлж хориглосон цагаан шугаман дээгүүр давж ухас хийж хаазаа нэмсэн. Тэгээд Баянбүрдийн цагдаагийн пост талаас Бөмбөгөр чиглэл рүү явж байсан Т.Приус машинтай мөргөлдсөн. Хоромхон зуур тас хийж мөргөлдсөн. Хүмүүс бужигнаж цагдаа нар ирсэн. Удалгүй түргэн тусламжийн машин ирсэн. Би түргэний машинд багтахгүй таксигаар гэмтэлийн эмнэлэг рүү явсан. Намайг таксинд суух үед Онцгой байдлын машин ирж байсан. Эмнэлэгт ирж баруун хөлийн эрээн булчингийн зургийг Рентгенд харуултал зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж эмч эм бичиж өгсөн. Тэндээсээ гэртээ харьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 73-74х/

 

Гэрч Л.Түвшинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Грейс маркийн 73-00 УБК дугаартай автомашинд мөнгө хураагч хийж явсан. Ханын материалаас Шархад руу явхаар 21 дүгээр хорооллоос хүн суулгаад Гандангийн автобусны буудал дээр ирсэн. 7 зорчигчтой Тасганы овоо руу уруудаж явтал гэрэл дохио солигдож ногоон гэрэл ассан. Тэр үед Алтансүх зорчих хэсгийн 1-р эгнээнд, 2-р эгнээнд борлуулалтын Портер автомашин явж байсан. Уулзвар руу зогсолт хийлгүй ортол Дэнжийн мянга талаас Т.Приус машин хурдтай орж ирж манай машины жолоочийн урд тал руу мөргөсөн. Т.Приус машин уулзвар pyy ганцаараа орж ирж мөргөлдсөн. Би нугасанд сууж явсан болхоор хүүе яанаа гээд доошоо суусан. Тухайн үед Алтансүх хурдаа сааруулж жолоогоо баруун гар тийш дарж хариулсан. Тэгтэл 3 цагдаа ирж түргэн, авто дуудсан. Алтансүхийн хөл пидалтайгаа наалдсан 2 хаалга онгойхгүй байсан болхоор цагдаа нар 105 дуудсан. Би түргэний автомашинаар зорчигч нарыг аваад гэмтэлийн эмнэлэг рүү явсан. Араас Алтансүх 105-р ирсэн байсан. Би аарцаг, нурууныхаа зургийг Рентгенд харуултал зөөлөн эдийн гэмтэлтэй хэвтэрийн дэглэм сахь гэж хэлсэн. Тэндээсээ төв замын цагдаад очсон. Би айсандаа машинаас яаж буусанаа мэдэхгүй байгаа. Манай охин жолоочийн хажуугийн суудал дээр дээшээ хараад унтаж явсан юм. Ослоос бэртэл гэмтэл аваагүй. Жаахан айж цожирдсон байсан. Т.Приус машины жолооч Гэмтэлийн эмнэлэг дээр байхдаа би амжина гэж бодоод гишгэсэн юм гэж Алтансүхэд ярьсан. Тэгэхэд нь Алтансүх амжина гэж бодсын бол цаад эгнээ чинь эзэнгүй байхад тийшээ дарж болдоггүй юм уу гэж хэлхэд би сандраад танай машин руу дарсан юм гэж Т.Приусын жолооч хариулж байсан. Энэ яриаг нь бичиж авах гэтэл Алтансүхийн утасны зай суусан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 76-77х/

 

Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед төрсөн ах Цогтбаатарын эзэмшилийн Т.Приус маркийн 68-10 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож Тасганы овооноос 100 айл орхоор зорчих хэсгийн 1-р эгнээгээр уулзвар дээр иртэл улаан өнгийн гэрэл асаж зогссон. Ногоон гэрэл асаж хөдөлтөл Тасганы овооноос уруудаж орж ирсэн Микроавтобус баруун талаар цагаан шугам давж зүүн гар тийш жолоогоо дарж миний машины баруун урд буфер, крылоныг мөргөөд дахин баруун гар тийш жолоогоо дарж Баянбүрд талаас ирж явсан Т.Приус автомашинтай мөргөлдсөн. Би цагаан шугам давж уулзвар руу орсон. Түргэний автомашин ирж Микроавтобусны зорчигч нарыг аваад явсан. Цагдаа нар ирж ослын газарт үзлэг хэмжилт хийж миний бичиг баримтыг хурааж аваад замын цагдаагийн газарт оч гэсэн. Микроавтобус ногоон гэрлээр уулзвар руу хурдтай орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 79-80х/

 

Иргэний хариуцагч Б.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Зүс танина. Сайн мэдэхгүй ...Миний өөрийн эзэмшилийн автомашин мөн... Миний хуурай ах Түвшинбаатар уг автомашиныг хариуцаж жолооч хөлсөлж шугманд явуулдаг юм. Тэр өдөр жолооч нь ажилтай байж таараад найз Алтансүхээрээ жолоодуулж яваад зам тээврийн осол гаргасан байсан... Энэ онд нийтийн тээвэр хийх зөвшөөрөл аваагүй... Урьд онд хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооноос зөвшөөрөл авсан байсан... Он гараад хуучин оны машин гэж хасагдсан...Алтансүх өөрөө хариуцаж хохирлыг барагдуулах байх гэж бодож байна... Машины урд хэсэг нилээн эвдрэлтэй, салхины шил нь хагарч унасан байсан. Ашид билгүүн ХХК-р үнэлгээ тогтоолгосон. 2.170,000 төгрөгийн үнэлгээ гарсан...Аптансүхэд гомдол санал байхгүй. Одоогоор машиныг засварлаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2760 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэнд: 1. Д. Цэрэндолгорын биед зүүн эгэм ясны далд хугарал, цээж, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3.            Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 88х/ 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2759 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэнд: 1.Ц.Батсуурийн биед цохонд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 92х/ 

 

Батлан хамгаалах Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбуларторийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №137 дугаартай дүгнэлт, актад: 1.П.Мөнхбатад тархины доргилт, духны өнгөц шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн өвдөгний няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.            Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. 3.Уг гэмтэлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. С.Наранцэцэг гэжээ. /хх-ийн 95х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2833 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэнд: 1. Э.Мөнхбаярын биед тархи доргилт, зүүн хөмсөгөнд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.       Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Энхбаатар гэжээ. /хх-ийн 99х/ 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2763 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэнд: 1.Э.Мөнх-Амгалан-н биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой 3.Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Ханхүү гэжээ /хх-ийн 103х/ 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2758 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэнд: 1.Б.Ганцоожийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Ханхүү гэжээ /хх-ийн 107х/

Сэжигтэн А.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд Грейс маркийн 73-00 УБК улсын дугаартай автомашиныг жолоодож Тасганы овоо руу дээрээс доош уруудаж явсан. Синчи ойл шатхуун түгээх станцын харалдаа зорчих хэсгийн 1-р эгнээнд явж байхад уулзвар дээр ногоон өнгийн гэрэл асаж байсан. Хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал замын 2-р эгнээнд явж байсан хар өнгийн Т.Приус машины жолооч баруун гар тийш миний урдуур жолоогоо огцом дарсан. Би сигналь өгөөд тэр машины баруун талаар тойрч гарахдаа замын бордюр дээгүүр давж тэр машины баруун урд хэсгийг шүргээд жолоогоо зайлуулж зүүн гар тийш дараад хойноос урагш чиглэлтэй гэрлэн дохион дээр зогсож байгаад хөдөлсөн саарал өнгийн Т.Приус автомашинтай мөргөлдсөн. Би ногоон гэрлээр уулзвар руу орсон. Намайг уулзвар руу орох үед Тасганы овооны уулзварт зогсож байсан машинууд бүгд хөдлөж уулзвар руу орсон. Саарал өнгийн Т.Приус машины жолоочтой уулзахад гэрлээр амжиж орох гэж гишгэсэн гэж ярьсан. Саарал өнгийн Т.Приус машины жолооч маш их хурдтай явсан. Ямар ч зогсоох арга хэмжээ аваагүй. 103-ын 2 автомашин, Онцгой байдлын автомашин ирсэн байсан. Зорчигч нар түргэний машинаар эмнэлэг рүү явцгаасан. Би Онцгой байдлын машинаар гэмтэлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Эхлээд баруун хөлийн зураг авхуулсан. Зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Тэндээсээ Замын цагдаагийн газарт очиж мэдүүлэг бичиж өгөөд гэртээ харьсан. 30 км/цагийн хурдтай явсан. Урд талын суудалд 2 зорчигч, голын суудалд 2 зорчигч, арын суудалд зорчигч сууж явсан. Мөнгө хураагч нугасанд, бусад зорчигч нарыг анзаараагүй. Нийт 8 зорчигч явсан. Мөнгө хураагчийг танина. Бусад зорчигч нарыг танихгүй. Манай машины 4 зорчигч гэмтсэн, мөргөлдсөн машины жолооч, 2 зорчигч гэмтсэн байсан. 2009 онд Биндэр цагаан авто курсыг төгсөж ВС ангилал, 2011 оны ангилалын үнэмлэх авсан. X.Грейс маркийн 73-00 УБК дугаартай автомашин нь Батсуурийн эзэмшилийнх. Батсуурийг танихгүй. Тэр өдөр мөнгө хураагч Түвшээ жолоочгүй болчихлоо 2 өдөр шугаманд яваад өгөөч гэж намайг гуйсан. Зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй. Хаанаас хаашаа явдагийг ч мэдэхгүй. Тэр өдөр Ханын материалаас Шар хадны чиглэлд явж байсан. Машины урд хэсэг бүхэлдээ эвдрэлтэй, салхины шил хагарч унасан. Машины эзэн Батсуурь эвдрэлийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй гээд үнэлгээ тогтоолгоогүй. Бусдад учирсан хохирлыг даатгалаар барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 141х/   

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Алтансүх нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг 10 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбүрдийн уулзварт X.Грейс маркийн 73-00 УБК улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Т.Приус маркийн 38-24 УНР улсын дугаартай Б.Ганцоож, Т.Приус маркийн 68-18 УНВ улсын дугаартай Б.Алтангэрэл жолоочтой автомашинуудтай тус тус мөргөлдөж зорчигч Д.Цэрэндолгорын биед хүндэвтэр, Ц.Батсуурь, П.Мөнхбат, Э.Мөнхбаяр, Э.Мөнх-Амгалан, жолооч Б.Ганцоож нарын биед хөнгөн гэмтэл, иргэн Б.Ганцоожийн эд хөрөнгөнд 3.535.000 төгрөгийн шууд 4.205.000 төгрөгийн нийт хохирол, иргэн Б.Цогтбаатарын эд хөрөнгөнд 345.000 төгрөгийн шууд 506.500 төгрөгийн нийт хохирол, иргэн Б.Батсуурийн эд хөрөнгөнд 1.155.000 төгрөгийн шууд 2.170.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон, мөрдөн байцаалтад /хх-ийн 141х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Цэрэндолгорын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22х/, иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан /хх-ийн 41-42х/, Б.Ганцоож /хх-ийн 53-54х/ нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Ц.Батсуурь /хх-ийн 26-27х/, П.Мөнхбат /хх-ийн 30х/, Э.Мөнхбаяр /хх-ийн 37-38х/, Б.Цогтбаатар /хх-ийн 49х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч М.Батмөнх /хх-ийн 73-74х/, Л.Түвшинбаатар /хх-ийн 76-77х/, Б.Алтангэрэл /хх-ийн 79-80х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, иргэний хариуцагч Б.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 69х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн хохирогч Д.Цэрэндолгорын биед үзлэг хийсэн №2760 тоот дүгнэлт /хх-ийн 88х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн хохирогч Ц.Батсуурийн биед үзлэг хийсэн №2759 тоот дүгнэлт /хх-ийн 92х/, Батлан хамаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №137 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн хохирогч Э.Мөнхбаярын биед үзлэг хийсэн №2833 тоот дүгнэлт /хх-ийн 99х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн хохирогч Э.Мөнх-Амгалангийн биед үзлэг хийсэн №2763 тоот дүгнэлт /хх-ийн 103х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн иргэний нэхэмжлэгч Б.Ганцоожийн биед үзлэг хийсэн №2768 тоот дүгнэлт /хх-ийн 107х/, Техникийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №110 тоот дүгнэлт /хх-ийн 117х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

А.Алтансүх нь автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүйн улмаас тус дүрмийн 12.7 дахь заалтыг зөрчиж, Т.Приус маркийн 38-24 УНР улсын дугаартай Б.Ганцоож, Т.Приус маркийн 68-18 УНВ улсын дугаартай Б.Алтангэрэл жолоочтой автомашинуудтай тус тус мөргөлдөж зорчигч Д.Цэрэндолгорын биед хүндэвтэр, Ц.Батсуурь, П.Мөнхбат, Э.Мөнхбаяр, Э.Мөнх-Амгалан, жолооч Б.Ганцоож нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь зүйлчилэл тохирсон гэж үзэв.

 

Гэм хорын талаар хийсэн дүгнэлт:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу иргэний хариуцагч Б.Батсууриас гэм хорын хохиролыг шүүгдэгч А.Алтансүхтэй хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч Д.Цэрэндолгор, иргэний нэхэмжлэгч Ц.Батсуурь нар нь гэм хорын хохиролд нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдаж, заримыг нь шүүхэд ирүүлж эдгээр нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байна. Үүнээс А.Алтансүх нь 100.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1.400.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Б.Ганцоожид 4.205.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Мөнхбатад 500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаярт 206.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Амгаланд 300.000 төгрөгийг шүүх худалдааны хэлэлцүүлэгт “төлж барагдуулна” гэж мэдүүлж байх тул гэм хорын хохирол болох нийт 6.611.000 төгрөгийг шүүгдэгч А.Алтансүхээс 3.305.500 төгрөг, иргэний хариуцагч Б.Батсууриас 3.305.500 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах нь зүйтэй байна.

 

А.Алтансүхэд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Батсуурийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 73-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, хохиролд тооцуулах нь зүйтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигийн шинж чанарыг харгалзан үзээд шүүгдэгч А.Алтансүхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бэсүд овогт Арсланбаатарын Алтансүхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар А.Алтансүхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасч, 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Алтансүхэд оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтансүх, иргэний хариуцагч Б.Батсуурь нараас хувь тэнцүүлэн нийт 6.611.000 /зургаан сая зургаан зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан

хохирогч Д.Цэрэндолгор /РД: ЧЙ46070244/-т 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Ганцоож /РД:ЧЙ77112515/-д 4.205.000 /дөрвөн сая хоёр зуун таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Мөнхбат /РД:ЦЗ70091271/-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбаяр /РД:ДЮ83111972/-д 206.000 /хоёр зуун зургаан мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан /РД:ГД93051709/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардал зэргийг Иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. А.Алтансүх нь хохирогч Д.Цэрэндолгорт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. А.Алтансүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, түүний эдлэх ялын хугацааг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Алтансүхэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн 1 /нэг/ сар баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцуулж хяналт тавиулахаар тогтоолын хувийг Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар Б.Батсуурийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 73-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол төлбөрт тооцуулсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Алтансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ