Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/164

 

төсөл

 

 

 

 

   2021            02              09                                         2021/ДШМ/164

                                                       

Д.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2021 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр Д.Нт холбогдох 2008024881513 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Дгийн Н, 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээвэрт явдаг ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 759-01 тоот хашаанд иргэн Х.Өтай газраас болж хоорондоо маргалдаж, улмаар түүнийг хөл рүү нь өшиглөх, газар унагах, зүүн шанаа хэсэгт гараараа алгадах зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдсон болно.

- Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, түүний биед учирсан гэмтэлтэй холбогдуулан шинжээчээс тодруулах асуулт асуух, ... хохирогч нь “Н нь намайг хэл амаар доромжилж цохиж унагасан, миний зүүн болон баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн, миний 2 талын шанаа, хацар хэсэгт гараа далайж байгаад 2 талаас маш хүчтэй алгадаж цохисон” гэж мэдүүлсэн бол гэрч, шүүгдэгч нар нь “нэг түлхэх үйлдэл хийсэн, хохирогч унаагүй, цохиж зодсон үйлдэл байхгүй. ...” гэж мэдүүлсэн байна.

Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8953 дугаартай дүгнэлтэд “...Зүүн шууны гадна дээд хэсэгт 1x1 см, 2.5x1 см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун шууны дотор дээд хэсэгт 2x0.1см, хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн шилбэний урд дунд хэсэгт 2x2.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун шилбэний урд доод хэсэгт 1.2х0.5см хүрэн улаан өнгийн зулгаралттай.

Биед өөр харагдах гэмтэлгүй, дүгнэлт хэсэгт “...Х.Өы биед тархи доргилт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх 42-43/, Иймээс дараах зүйлүүдийг шинжээч эмчээс асууж тодруулах,

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн харагдах байдал хийгээд гэрч, шүүгдэгч нарын хэлсэнчлэн өндөр, бие томтой Д.Н нь биеэр жижиг хохирогчийг дээрх байдлаар цохиж зодсон бол ямар хэмжээний гэмтэл учрах боломжтой болох, тодруулбал, өшиглөх явцад ямархуу хэмжээтэй гэмтэл учрах боломжтой болох, хэсэг газрын үзлэгт дурдсан хэмжээний гэмтэл учрах боломжтой юу эсхүл илүү том хэмжээтэй гэмтэл учрах эсэх, ер нь хэсэг газрын үзлэгт дурдагдсан гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой болох, түүнчлэн 2 гарын бугуй хэсгүүдэд нь учирсан гэх гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой болох,

-мөн хохирогч нь “Д.Н нь 2 гараа алдалж байгаад ээлжлээд миний 2 талын хацар, шанаа тус газар маш хүчтэй алгадсан” гэж мэдүүлсэн, гэтэл шинжээчийн дүгнэлтэд түүний шанаа болон хацарт ямар нэгэн гэмтэл учирсан талаар тусгагдаагүй, ингэж хүчтэй алгадах үед ямар нэгэн хөхрөлт няцралт үүсэхгүй байх боломжтой эсэх талаар асууж тодруулах,

- гэрч Э.Энхцэцэг нь хэрэгт ач холбогдол бүхий тухайн үеийн байдлыг харуулсан дүрс бичлэг бий гэх тул уг бичлэгийг хууль ёсны дагуу хураан авч, үзлэг хийн, тэмдэглэл үйлдэх,

- дуудлагаар очсон 2 цагдаа, уг асуудал болж дууссаны дараа ирсэн гэх Мөнхцэцэг нараас хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь тухайн үед очиход нь ямар яриа өгүүлэмжтэй байсан, хохирогчид ил харагдах шарх гэмтэл болон бусдад зодуулсан гэх шинж тэмдэг байсан эсэх, тухайн газарт ямар нөхцөл байдал тогтоогдож байсан талаар гэрчийн мэдүүлэг авах,

-дээрх асуудлуудыг тодруулсны үндсэн дээр хохирогч Х.Ө болон гэрч Э.Энхцэцэг, шүүгдэгч Д.Н нарын хэн нь үнэн яриад байгааг олж тогтоон холбогдох зүйлчлэлийн асуудлыг хийх нь зүйтэй байна.” гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Нт холбогдох эрүүгийн 2008024881513 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол Д.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, түүний биед учруулсан гэмтэлтэй холбогдуулан шинжээчээс тодруулах асуулт асуух, Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн харагдах байдал хийгээд гэрч, шүүгдэгч нарын хэлсэнчлэн өндөр, бие томтой Д.Н нь биеэр жижиг хохирогчийг дээрх байдлаар цохиж зодсон бол ямар хэмжээний гэмтэл учрах боломжтой болох, тодруулбал, өшиглөх явцад ямархуу хэмжээтэй гэмтэл учрах боломжтой болох, хэсэг газрын үзлэгт дурдсан хэмжээний гэмтэл учрах боломжтой юу эсхүл илүү том хэмжээтэй гэмтэл учрах эсэх, ер нь хэсэг газрын үзлэгт дурдагдсан гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой болох, түүнчлэн 2 гарын бугуй хэсгүүдэд нь учирсан гэх гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой болох, мөн хохирогч нь “Д.Н нь 2 гараа алгадаж байгаад ээлжлээд миний 2 талын хацар, шанаа тус газар маш хүчтэй алгадсан” гэж мэдүүлсэн, гэтэл шинжээчийн дүгнэлтэд түүний шанаа болон хацарт ямар нэгэн гэмтэл учирсан талаар тусгагдаагүй, ингэж хүчтэй алгадах үед ямар нэгэн хөхрөлт няцралт үүсэхгүй байх боломжтой эсэх талаар асууж тодруулах нь зүйтэй гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд Х.Ө хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, хууль сануулсны дараа хохирогчоор өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хохирогчоор оролцохдоо Д.Н гэгчид зодуулж цохиулан гэмтсэн талаараа тогтвортой мэдүүлдэг. Мөн хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8953 дугаартай дүгнэлтээр Х.Өы биед учирсан хөнгөн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл гэж дүгнэсэн байдаг бөгөөд дээрх шүүгчийн захирамжид дурдсан тусгай мэдлэг шаардсан асуултыг хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаанд тухайн дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулж, асууж тодруулах боломжтой гэж үзэж байна. Гэрч Э.Энхцэцэг нь хэрэгт ач холбогдол бүхий тухайн үеийн байдлыг харуулсан дүрс бичлэг бий гэх тул уг бичлэгийг хууль ёсны дагуу хураан авч, үзлэг хийн, тэмдэглэл үйлдэх гэжээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс гаргасан хүсэлтийн дагуу түүний эхнэр Э.Энхцэцэг шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгсөн ба энэ үед гэрч өөрийнх нь гар утсан дээр тухайн үед болсон үйл баримтыг бэхжүүлсэн бичлэг байгаа талаар мэдүүлсэн ба хуралдаан даргалагчаас “Тухайн камерын бичлэгт ямар үйл баримт авагдсан” талаар тодруулж асуухад гэрч Э.Энхцэцэг: “... тухайн үед хохирогчийн хашхирч орилон өөрийг /гэрчийг/ нь хэл амаар доромжилж байсан байдлыг гар утсан дээрээ бичсэн талаар мэдүүлсэн, мөн түүнчлэн Х.Өы шүүх хуралдаан дээр хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Нт зодуулах үед хэргийн газар /хашаан дотор/ зөвхөн Н бид хоёр л байсан бөгөөд, Нын эхнэр Энхцэцэг нь хашааны гадна байсан, манай хашаа өндөр тул Энхцэцэг намайг зодуулж байгаа байдлыг харах боломжгүй...” талаар мэдүүлсэн байдаг. Гэрч Э.Энхцэцэгийн шүүх хуралдаан дээр ярьсан камерын бичлэг нь хохирогчийн шүүгдэгчид зодуулсан байдлыг гэрчилсэн үйл баримтыг тусгасан камерын бичлэг биш тул шүүгчийн захирамжид дурдсан хэрэгт авагдаагүй, тухайн бичлэг нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж байна. Дуудлагаар очсон 2 цагдаа, уг асуудал болж дууссаны дараа ирсэн гэх Мөнхцэцэг нараас хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь тухайн үед очиход ямар яриа өгүүлэмжтэй байсан, хохирогчид ил харагдах шарх гэмтэл болон бусдад зодуулсан гэх шинж тэмдэг байсан эсэх, тухайн газарт ямар нөхцөл байдал тогтоогдож байсан талаар гэрчийн мэдүүлэг авах гэжээ. Дуудлагаар очсон 2 цагдаа, мөн Мөнхцэцэг гэх хүмүүс хэрэг болсон цаг хугацаанд тухайн газар байгаагүй, хэрэг маргаан болж дууссаны дараа ирсэн талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нар шүүх хуралдаанд мэдүүлдэг. Хохирогч Х.Ө нь Нт зодуулж гэмтсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шатанд мэдүүлгээ тогтвортой өгдөг. Энэ байдал нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 8953 дугаартай дүгнэлтээр Х.Өы биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нь өөрийгөө гэм буруугүй, бусдыг зодож цохиогүй талаар маргаж байгаа нь яллагдагч, шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эрх бүхий субъект биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу шүүгдэгч Д.Нын гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Х.Өы “...Би өөрийн эзэмшлийн газрынхаа талыг нь Н гэх залууд одоогоос 2 жилийн өмнө зарсан юм. ...Би Наас юу болсон талаар асуусан чинь “хашааны хаалгаа онгойлго” гээд цохиод байсан. Би “онгойлгож өгөхгүй” гэсэн чинь тэр залуу хүчээр татаад манай хашаа руу орж ирээд, намайг түлхээд хөл рүү өшиглөсөн. Би газар унаад босоод ирсэн чинь дахиад миний зүүн шанаа хэсэгт гараараа алгадаад газар унагасан. Тэгэхээр нь би “чи яагаад намайг зодож байгаа юм” гэсэн чинь “чиний 200 м газрыг авахгүй, 500 м газар болгож авна авгай минь” гээд хэл амаар доромжлоод байсан...” /хх 12/,

гэрч Э.Энхцэцэгийн “...Н хувцсаа шатаана гээд хашаан дотор орсон чинь Ө гэх хүн бид нарыг оруулахгүй “та нар гар” гэж орилоод хүрз бариад “энэ танай газар биш” гээд орилоод байсан чинь Н түүнийг “цаашаа бай” гээд зүүн мөр хэсэгт нь түлхсэн. ...” /хх 30/,

яллагдагч Д.Нын “...Би хашаа руу орох гэхэд миний урдаас Ө хүрз бариад “зайл” гээд дайраад байхаар нь түүний зүүн мөр рүү баруун гараараа нэг удаа цохисон. ...” /хх 37/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хууль сануулж авсан хохирогч Х.Ө болон гэрч Э.Энхцэцэгийн нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байх ба уг маргаан хэдийд болсон, маргаан болсон буюу хохирогч хэрхэн гэмтэл авсан, шүүгдэгч ямар буруутай үйлдэл хийсэн эсэх зэрэг үйл баримт тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох шаардлагатай.

Мөн маргаан болсоны дараа дуудлагаар ирсэн гэх цагдаагийн ажилтан болон иргэн Мөнхцэцэг нарыг хуульд заасны дагуу эрх үүргийг тайлбарлан мэдүүлэг авах нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Энхцэцэг нь тухайн үед болсон үйл баримтыг дүрс бичлэгээр бэхжүүлэн авсан талаараа дурдсан атал энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй юм.

Эдгээр байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзнэ.

Харин мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, түүний биед учирсан гэмтэлтэй холбогдуулан шинжээчээс асуулт асуух шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ