Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 335

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 448 дугаар магадлалтай, Б.Т-д холбогдох 180000000078 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулсан З овогт Б-ын Т.

Б.Т- нь С.Н-тай /тусгаарласан/ бүлэглэн, шунахайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цорс” зочид буудлын 204 тоот өрөөнөөс иргэн Ч.М-ийн 1.280.960 төгрөг бүхий “Хаан” банкны картыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Т-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, шүүгдэгч Б.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2,  6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 18 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 33 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 21 хоног хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Т-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай нийцүүлэн 1 жил хорих ял болгон хөнгөрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 33 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Т-гийн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 3 хоног хорих ялаар тогтоосугай” гэж, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 1 жил 1 сар 3 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн давж заалдах гомдлоос “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгөхийг...” хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдолдоо “ ...Б.Т-д анхан шатны шүүхээс нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 21 хоног хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 3 хоног хорих ялаар тогтоож өөрчилсөн. Б.Т- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгана гэснийг тус тус хэрэглэж өгнө үү гэсэн хэсгийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдэхдээ огт тайлбар хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа өмнө эдлээгүй үлдсэн хорих ялтай нэгтгэсэн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөлд нийтэд тустай ажил хийлгэх ял багтсан байхад хорих ялтай нэгтгэсэн нь буруу юм. Нийтэд тустай ажил хийлгэх ялын  хэрэгжилтэд шүүх буруу практик тогтоож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангиар оногдуулсан ял дотор нийтэд тустай ажил хийлгүүлэх ял багтаагүй байсан бол нийтэд тустай ажил хийлгүүлэх ял оногдуулаад хорих ялтай нь нэгтгэж болох байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ялыг тус тусад нь эдлүүлэх өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Т- нь согтуурсан үедээ С.Н /тусгаарласан/ бүлэглэн, шунахайн сэдэлтээр, 2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цорс” зочид буудлын 204 тоот өрөөнд хохирогч Ч.М-ийн 1.280.960 төгрөг бүхий “Хаан” банкны картыг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 хоног хорих ялыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн хасаж, 1 жил хорих ял болгож, уг ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Т- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгээгүй, харин танхайрах гэмт хэрэгт шийтгүүлсэн хорих ялыг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэсэн хуульд заасан үндэслэлээр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 болон 7.6 дугаар зүйлийг тус тус баримтлан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Нөгөөтэйгүүр Б.Т- нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн байх тул өсвөр насны этгээд мэтээр тооцож, түүний эдлэх хорих ялыг хоёр дахин багасган тогтоож, уг ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх үндэслэлгүй болно.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 448 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН